Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2237

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02839 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч Д.Л, Б.Д нарт холбогдуулан гаргасан 19 553 304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Бямбажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Түвшинбаяр, хариуцагч Б.Д-ын өмгөөлөгч: Б.Чинбат, С.Ялалт, хариуцагч Д.Л ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Шинэзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Унгар улсад амьдарч байхдаа хадам аав, ээж хоёртоо 200 еврог хүүхэд харж байсан гээд өгсөн. Тэр оройдоо авч ирсэн еврогоо солиулахаар валют арилжааны төв орсон боловч эхнэр бидний хооронд маргаан үүсэж еврогоо солиулж чадаагүй буцсан. Маргааш нь 8 000 еврогоо солиулж орон сууц авах зорилготой гарах гэтэл эхнэр Б.Д би бүх мөнгөө өөрийн дансанд хийнэ гэж булаалдаж, миний бичиг баримтыг авдартаа хийж цоожлоод цагдаагаар асуудлаа шийдүүлнэ гэж дуудлага өгсөн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс 2019 оны 12 дүгээр сарын 16-ны өдөр өргөдлийг хүлээн аваад шалгасан боловч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 2019 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 36-р тогтоолоор “хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих асуудал байх ба эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй” гэж хариу өгсөн. Нийт 8 450 еврогийн 6 000 евро нь Б.Б миний Унгар улсад ажилласны цалин, 2000 евро нь Б.Д-ын тус улсад 2019 оны 8 дугаар сараас хойш 4-н сар ажилласан цалин байсан. Мөн Унгар улсаас н.Авгаанжамц гэх хүн дүүдээ өгч явуулсан 452 евро хамт байсан, үүнийг эхнэр Б.Д ч мэдэж байгаа. Би Унгар улсад гэр бүлээрээ ажиллаж олж ирсэн 8 000 еврогоор орон сууц худалдан авах зорилготой байсан. Гэвч хадам ээж Д.Л уг мөнгийг авдартаа хийж цоожилчхоод өгөхгүй хохироож байна, булааж авсан цүнхэнд байсан 8 450 евроноос эх Л  нь өөрийн охин Б.Даваадуламдаа 5 000 евро өгсөн байна. Монгол төгрөгөөр тооцоход 15 157 000 төгрөг болж байна. Харин хариуцагч Д.Л д 8 450 евроноос 3 450 евро буюу 10 458 744 төгрөг үлдсэн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Л аас 10 458 744 төгрөг, хариуцагч Б.Д-ын авсан 5 000 евроноос түүний цалин болох 2 000 еврог хасаад 3000 евро буюу 9 094 560 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Л , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Дээрх асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, шийдвэрлэсэн бөгөөд миний хувьд Б.Б-ын мөнгийг аваагүй, авах ч үндэслэлгүй бөгөөд тэрээр гэр бүлийн маргаантай, эд хөрөнгийн асуудлаа хөгшин настай надад халдааж, надад мөнгөө булаалгаж, дээрэмдүүлсэн мэтээр надаас мөнгө нэхэж байгаад харамсаж бас гомдож байна. Тухайн үед Б.Б, Б.Д нарын хооронд мөнгөний маргаан болоод охин маань намайг “...ээж та манай нөхрийн уурыг гартал энэ мөнгийг хадгалж бай ...” гээд цүнх өгөхөөр нь авдартаа хийж хадгалж байсан. Тухайн үед би цүнхтэй мөнгийг тоолоогүй, хэдэн төгрөг байсныг мэдэхгүй бөгөөд асуудал намжихаар нь тухайн цүнхтэй мөнгийг охиндоо буцааж өгсөн. Тиймээс би Б.Баярцогтоос нэг ч төгрөг аваагүй, түүнээс мөнгө авах ч шаардлагагүй бөгөөд миний хувьд хүний шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгийг зүгээр авах, тэр тусмаа булааж, дээрэмдэж авах тийм ёс суртахуун, ёс зүй байхгүй болно. Миний бие хэргийн хариуцагч биш бөгөөд миний хувьд нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй ба тэрээр нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8 450 евро байсан гэдэг нь үндэслэлгүй. Б.Б нь 2019 оны 01 дүгээр сард Унгар улс руу ажиллахаар явахдаа байраа зараад уг мөнгөнөөс 40 гаруй сая төгрөгийг өөрийн Төрийн банкны данс руу хийгээд үлдсэн мөнгөөр нь өөрийн зардалдаа зарцуулсан. 2019 оны 8 дугаар сард нөхөр маань намайг хүрээд ир, хамт ажиллая гэхээр нь би тус улсад очиж нөхөртэйгөө хамт ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад хамт ирсэн. Бид 2 тухайн үед ажиллаж олсон мөнгөө еврогоор авчирсан, гэхдээ еврогоор яг хэдэн евро байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд бид 2 найман шарга валют арилжааны газарт очиж мөнгөө солиулаад нөхрийн дансанд байгаа мөнгийг нийлүүлээд байр худалдаж авъя гэсэн бодолтой гарсан. Гэтэл мөнгө сольдог ченж нь бидэнд ... мөнгийг чинь солиод данс руу чинь хийе ... гэхэд манай нөхөр ...миний данс болохгүй байгаа... гэхээр нь би ...тэгвэл миний данс руу хийчих... гэхэд ... үгүй чиний данс руу хийхгүй... гээд шууд гараад явсан. Тэгээд бид хоёр муудалцаж байгаад манай аавын гэрт ирээд хоносон маргааш өглөө нь буюу 15-ны өдөр өглөөний 09 цагийн үед бид 2 мөнгөнөөс болж дахин муудалцаж, дахин мөнгөө солиулна гэж бид хоёр гарах гэж цүнхтэй мөнгийг хоорондоо булаацалдаж, маргасан. Тэгсэн манай ах Б.Ганзориг гаднаас орж ирээд намайг өмөөрч ах хүний хувьд М.Баярцогтыг загнасан. Тэгээд би ээж Д.Л “... ээж манай нөхрийн уурыг гартал энэ мөнгийг хадгалж бай, би нөхөртэйгөө учраа олоод танаас мөнгөө буцааж авъя ... гэхэд ээж уурлаад ... наад мөнгийг чинь та хоёрт хоёуланд нь өгөхгүй” гээд цүнхтэй мөнгийг авдартаа хийсэн. Дараа нь миний хувьд ээжээсээ уг цүнхтэй мөнгийг буцааж аваад тоолоход 5 000 евро байсан бөгөөд уг еврог солиулахад Монгол мөнгөөр 15 155 000 төгрөг болсон. Уг мөнгийг би өөрийн Хаан банкны 5166170502 тоот дансанд хийсэн. Миний хувьд хүүхдүүдээ хараад ажил хийх боломжгүй байгаа, мөн нөхөр Б.Б нь биднийг орхиж явсан, тусдаа амьдарч байгаатай холбоотой юм. Б.Б нь надаас мөнгө нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шаардах эрхийн үндэслэл нь тодорхой бус, тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Д, Д.Л нарт холбогдох 19 553 304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Д, Д.Л нарын хооронд үүссэн 8 450 евроноос 6 450 евро буюу 19 553 304 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ тухайн үед 8 450 байсан эсэх, цаашид Д.Л д хэдэн төгрөг шилжүүлсэн нь нотлогдон тогтоогдоогүй , нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Д хэн аль нь мөнгөний хэмжээг гаалийн байгууллагад мэдүүлээгүйгээс гадна хариуцагч Д.Л д өгсөн цүнхэнд ямар хэмжээний валют байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хавтас хэрэгт авагдсан гэрч Н.Баасансүрэн, И.Энхтуяа нар нь хариуцагч Д.Л , Б.Д нар нь Б.Б-оос мөнгийг нь хүч хэрэглэн авсан болох талаар мэдүүлсэн боловч эдгээр гэрчүүд нь тухайн цаг хугацаанд өөр газарт байсан бөгөөд мөнгө шилжүүлсэн үйл баримтыг харсан гэрч биш. Мөн н.Агваантөмрийн мэдүүлэг болон фэйсфүүк хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нь Унгар улсаас нэхэмжлэгчид дайж явуулсан 450 евро нь хэрэгт ач холбогдол бүхий зүйл эдгээр нотлох баримтууд нь шууд нотлох баримт болж чадахгүй байна гэж дүгнээд Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагаас хүлээн авч шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нотлох баримтуудаар, мөн нэхэмжлэгч. хохирогчийн зүгээс өгсөн мэдүүлгүүд. мөн гэрч Н.Баасансүрэн, И.Энхтуяа. Б.Ганзориг нарын мэдүүлгүүд, энэ хэргийн хариуцагч болох Б.Д нарын мэдуүлгээр Б.Б-ын цүнхэнд 20 000 000 төгрөг байсан гэх, мөн Б.Б-ын цүнхийг тухайн маргааны үед түүний ах Б.Ганзориг, Б.Д нар нь багалзуурдан унагаж хүч хэрэглэн авч улмаар эх Л д өгсөн болох нь нотлогддог. Мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №51 тоот гомдол шийдвэрлэсэн тухай мэдэгдэх хуудсанд тодорхой дүгнэсэн. Эдгээр нотлох баримтууд нь тухайн үед мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтууд юм. Эдгээр нотлох баримтууд байсаар байтал Д.Л д өгсөн цүнхэнд ямар хэмжээний мөнгө валют байсан нь нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дугнэсэн нь буруу юм. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс цүнхэнд байсан мөнгөний үнийн дүнгийн талаар тогтвортой үнэн зөв мэдүүлж ирсэн. Хариуцагч Б.Д нь 5 000 евро буюу монгол мөнгөөр 15 000 000 төгрөг авсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хууль сануулж гэрчээр асуусан мэдүүлэгтээ “20 000 000 төгрөг байсан, хүний дайвар 450 евро байсан эсэх мэдэхгүй” гэж зөрүүтэй мэдүүлсэн зэргээс харахад өөр мэдүүлж байгаа нь өөрийнхөө хийсэн хууль бус үйлдлийг хайцаалаж нууж байгаа үндэслэл харагдаж байна. Нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс Б.Б-ын цүнхтэй мөнгийг авсан. ээждээ өгсөн талаар маргадаггүй, цүнхэн дотор байсан 8 450 еврогийн 450 евро нь Г.Агваанжамц гэх хүний Б.Баярцогтоор дайж явуулсан мөнгө болох нь н.Агваантөмрийн мэдүүлэг, фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна дүгнэсэн атлаа эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотлох баримт болж чадахгүй байна гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгч Б.Б нь өөрөө гадаадад хүний нутагт хөлсөө туслуулан байж олсон өөрийн хэдэн төгрөгөө бусдын хүч хэрэглэсэн үйлдлийн дор бусдад алдчихаад байхад анхан шатны шүүх нь хууль зөрчиж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан үйлдлийг зөв, мөн гэр бүлийн хоорондын хөрөнгө гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Б Б.Д нарын аль нэг нь шүүх дээр өөрийн гэр бүлийн дундын хөрөнгийн талаар маргаагүй. Харин Б.Б-ын цүнхэнд 8 450 евро байсан түүний 2 000 евро нь Б.Даваадуламынх, үлдсэн 6 000 евро нь миний цалин, 450 евро нь хүний дайвар байсан юм гэж маргасан. Иймд өөрийн өмчлөлийн 6 450 еврог бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй шийдвэр юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Л, Б.Д нарт холбогдуулан 19 553 304 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Орон сууц худалдан авах зорилготой байсан мөнгийг эхнэр Б.Д болон хадам эх Д.Л булаан аваад өгөөгүй тул өөрийнхөө мөнгийг буцаан гаргуулан авна” гэж тайлбарлажээ.

 

Харин, хариуцагч Б.Д нь татгалзлаа “...Б.Баярцогттой маргалдаж цүнхтэй мөнгөө ээж Д.Л д өгч хадгалуулаад буцаан авсан, 5 000 евро буюу 15 155 000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Учир нь би өөрөө ажилгүй хүүхдүүдээ хардаг, Б.Б нь биднийг орхиж явсан учраас өгөх боломжгүй” гэх, хариуцагч Д.Л нь “...манай охин Б.Д цүнхтэй мөнгөө хадгуулахаар өгсөн, цүнхэнд хэдэн төгрөг байсныг мэдэхгүй, охиндоо буцааж өгсөн, Б.Баярцогтоос ямар нэгэн мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Д нар нь 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, гэрлэгчдийн дундаас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Хонгорзул, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Намсрайноров нар төрсөн үйл баримтыг анхан шатны шүүх гэрлэгчдийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээг үндэслэн зөв тогтоосон байна./хх-61/

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Д нар нь Унгар улсад хамт ажиллаж, амьдарч байгаад хуримтлуулсан мөнгөөр Монгол Улсад ирээд орон сууц худалдан авах зорилготой байсан боловч мөнгөн хөрөнгийг хэний дансанд байршуулахаас болж маргалдаж улмаар уг мөнгийг Б.Д Д.Л д хадгалуулж дараа нь Б.Д буцаан авсан үйл баримтын талаар талуудын хэн аль маргаагүй.

 

Харин, хариуцагч Д.Л д өгсөн цүнхэнд ямар хэмжээний мөнгө буюу валют байсан эсэх талаар талууд маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Л д шилжүүлэн өгсөн мөнгөний хэмжээгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад “...өөрийн биед Б.Д, Д.Л , Б.Ганзориг нар нь халдаж, 8 450 еврог булааж авсан” гэх агуулгаар гомдол гарган шалгуулсан боловч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №36 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-5, 11-12/

 

Талуудын тайлбараас үзэхэд уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Л д шилжүүлсэн болох хариуцагч Б.Д нь өөртөө дангаар эзэмшихийг нэхэмжлэгч Б.Б зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж заасан.

 

Иргэний хуульд зааснаар гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх хөрөнгөө аль нэг нь дур мэдэн захиран зарцуулж авсан тохиолдолд бусад гишүүд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2, 130.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлт хүчинтэй байх хугацаанд гэр бүлийн гишүүн өөрт ногдох хөрөнгийн хэмжээг харилцан тохиролцож хуваах, маргаан гарсан бол ногдох хэсгээ шүүхээр тогтоолгох эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар “5 000 еврогоос хариуцагч Б.Д-ын цалинд 2 000 евро ногдож, үлдэх 3 000 еврог өөрт ногдох ёстой” гэсэн агуулгаар тайлбарласан.  

 

Хэргийн 38-39 дүгээр талд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Б.Даваадуламаас гэрчээр мэдүүлэг авахдаа “...цүнхэнд хэдэн төгрөг байсан уг мөнгө хэнд байсан мөнгийг хэн яаж авсан бэ” гэж асуухад “20 орчим сая төгрөг байсан мөнгөн манай нөхөрт байсан бид 2 булаалцалдаж байгаад би гараас нь булааж авсан чинь ээж уурлаад би та хоёрт өгөхгүй та 2 мөнгөнөөс болж нэг нэгнийгээ алчихвал яахын уураа гарахаараа энэ мөнгөө аваарай гээд манай ээж авдартаа хийсэн” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ. Гэвч хариуцагч Б.Д-ын Цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн уг мэдүүлгийг иргэний хэргийн нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цуглуулсан нэг талын баримт нь дангаараа иргэний хэрэгт эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Харин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь 5 000 еврог солиулахад 15 155 034 төгрөг болсон бөгөөд уг мөнгөн хөрөнгийг өөрийнхөө дансанд хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дэх хэсэгт зааснаар дээрх мөнгөн хөрөнгийн тал хувь болох 7 577 517 төгрөгийг хариуцагч Б.Даваадуламаас гаргуулан нэхэмжлэгч Б.Баярцогтод олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б нь “хариуцагч Д.Л д 8 450 евро өгсөн гэж мөн тайлбарласан боловч 3 450 еврог өгсөн гэх нөхцөл байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч Д.Л аас 3 450 евро буюу 10 458 744 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан тайлбар өөрөө нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02839 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 130 дугаар зүйлийн 130.3, 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Даваадуламаас 7 577 517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярцогтод олгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Б.Даваадуламаас улсын тэмдэгтийн хураамжид 136 190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярцогтод олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 717 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ