Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2279

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй                                                                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр       даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02426 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ө-, Д.П-, Ц.Г- нарт холбогдох

 

Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3338 тоот арилжааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, автозогсоолын үнэ 20 000 000 төгрөгөөс авсан зээл 5 000 000 төгрөгийг суутгуулж, үлдэх 15 000 000 төгрөгийг Б.Ө-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд энэхүү шаардлагаа дэмжиж байна. Харин шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан Ц.Гүрбадам, Д.П- нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан байгаа.

С.Б-, Б.Ө- нар урд нэг байгууллагад хамт ажилладаг байсан учир түүнээс мөнгө зээлэхийг хүсэж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний газарт зээлийн гэрээ байгуулахаар уулзсан. Гэтэл Б.Ө- нь зээлийн бус арилжааны гэрээ байгуулна, зээлийн гэрээ байгуулахаар бичиг цаас их шаардагддаг гэсэн. Бидэнд мөнгө яаралтай хэрэг болсон бас Б.Ө-ыг таних учир саналыг хүлээн авахаас аргагүй байсан. Арилжааны гэрээгээр гурил нийлүүлж байгаа мэт тохирсон. Мөн өдрөө 5 000 000 төгрөгийн зээлийг Б.Ө-аас авсан бөгөөд буцаан өгөх хугацааг нарийн тохироогүй, хүү тооцох талаар харилцан тохиролцоогүй. Түүнээс авсан мөнгөө буцаан төлөх боломжгүй байдлаасаа болж өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь үнэн. Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр харуулаар дуудуулж ирж уулзсан. Зогсоолыг хүнд зарсан, хэл ам гараад байна гэсэн. С.Б- гараад очиход Б.Ө- нэг хүнтэй ирчихсэн байсан. Б.Ө- хэлэхдээ би өглөг, авлага ихтэй байгаа тул танай зогсоолыг зарсан гэсэн тул зээлийг буцаан төлөөгүй бид зээлээ хүүтэй нь төлж, зогсоолын гэрчилгээгээ авъя гэхэд зогсоолыг зарсан, цаад хүн хэдэн төгрөг шаардах бол түүнийг л та төлөөд юмаа ав гэсэн. Бидэнд зогсоолоо зарах сонирхол байгаагүй. Зогсоолыг анх авсан өдрөөс өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Зогсоолоо зарвал машинаа тавих газаргүй болно. Зах зээлийн ханшаар 15 000 000-20 000 000 төгрөгийн үнэтэй байгаа зогсоолыг 5 000 000 төгрөгөөр зарна гэж байхгүй. Иймд Б.Ө-тай байгуулсан арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,  56.5-д зааснаар биет байдлаар харилцан буцаах боломжгүй тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 803 байрны 3-74б тоотод байрлах 14.58 м.кв зогсоолын үнийг 20 000 000 төгрөг гэж тооцож, үүнээс зээлсэн 5 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 15 000 000 төгрөгийг Б.Ө-аас гаргуулахаар шаардаж байна. Зах зээлийн ханш ийм байгааг Д.П-, Ц.Г- нарын гэрээнд заасан үнийн дүн болоод гэрч Л.Эрдэнэсанаагийн мэдүүлгээр нотолж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Б.Ө-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид харилцан тохиролцож, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэн автозогсоолын үнийг 10 000 000 төгрөгөөр тохирсон байдаг. Энэхүү тохиролцоог бусад гэрээнд заасан үнэлгээгээр үгүйсгэх боломжгүй. Автозогсоол өнөөдөр хэдэн төгрөгөөр ч зарагдаж болно. Гэрч Л.Эрдэнэсанаагийн мэдүүлгээр ч энэ байдал нотлогдоно. Хамааралгүй зогсоол 15 000 000 төгрөгөөр зарагдсан талаар гэрч мэдүүлсэн. Тиймээс автозогсоолын үнийг 20 000 000 төгрөг байх ёстой гэж үзэх боломжгүй. Гэрээний зүйлийн үнийг талууд өөрсдөө тодорхойлдог зарчмын дагуу 10 000 000 төгрөгөөр тохирсон байдаг. Арилжааны гэрээний доод өнцөгт гараар бичсэн бичилтийг талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй. Арилжааны гэрээн дээр талууд төлбөр тооцоог бүрэн төлөгдсөн гэж бичсэн байдаг тул 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. Анхнаасаа автозогсоолыг худалдан борлуулах хүсэл зориг С.Б-өд байсан, өөрөө удаа дараа Б.Ө-т энэ тухайгаа хэлж гэрээ байгуулсан байгаа. Тэгээд ч талууд хүсэл зоригоо бодитоор илэрхийлж, бичгээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байдаг тул дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй юм. Арилжааны гэрээний дагуу Б.Ө-т автозогсоолын өмчлөх эрх шилжсэний дараа С.Б- буцаан худалдан авах талаар санал гаргаж байсан нь үнэн боловч аваагүй л байдаг. Гэрээ байгуулагдсаны дараа С.Б-өөс ах нь гурил аваад борлуулж чадахгүй, чи гурил зарж байгаа юм чинь мөнгийг нь өгчих гэсэн тул Б.Ө- ахынхаа гурилыг зарж олсон бэлэн 6 000 000 төгрөг байсны дээр Худалдаа хөгжлийн банкнаас 5 000 000 төгрөг нэмж аваад нийт 10 000 000 төгрөгийг С.Б-өд өөрт нь бэлнээр өгсөн байдаг. Харин мөнгө шилжүүлэхдээ баримт үйлдээгүй тул баримттай мөнгө болох Худалдаа хөгжлийн банкны хуулгыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.П- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ө- 2019 оны 1 дүгээр сарын эхээр надаас мөнгө зээлсэн, би найзаасаа мөнгө авч өөрөөсөө нэмээд 22 000 ам.доллар зээлсэн. 5 хувийн хүүтэй байхаар 3 сарын хугацаагаар зээлсэн боловч хугацааг тус бүр 3 сараар сунгаад 1 жил болсон. Аргагүйн эрхэнд би мөнгөө нэхсэн. Гэтэл өөрт нь бэлэн мөнгө байхгүй байна гээд зогсоол болон автомашинаа шилжүүлж өгье гэсэн. Би гэрчилгээг нь үзье бас зогсоолыг очиж үзье гээд Кристалл таун орсон. Очиход зогсоолын харуул байсан. Тэрээр энэ зогсоол хүнийх гэхээр нь тэр хүнийг нь дуудаад ир гэхэд С.Б- ирсэн. ... С.Б- зогсоолыг буцаан авах талаар надтай дахиж яриагүй, аваагүй. Ц.Г- гэх хүнд бэлэн мөнгө байхгүй, хөөрөг байна гэхээр нь би хөөргийг нь авч зогсоолын өмчлөлийг шилжүүлж өгсөн. Энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ц.Гүрбадамын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Г- нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үзэж, хөөргөө өгөөд л худалдаж авсан байгаа. Хэнээс хэнд хэрхэн шилжиж ирснийг Ц.Г- мэдэхгүй, шударга өмчлөгч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч ч болох үндэслэлгүй. С.Б- 5 000 000 төгрөгийг зээлсэн юм бол зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх, зогсоолын өмчлөл өөр хүнд шилжих үед буцааж худалдаж авах талаар яриа гаргахгүй байсан. Иймд Ц.Гүрбадамд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Ө-аас 5,000,000 төгрөгийг гаргуулж С.Б-өд олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасан үндэслэлгүй тул 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3338 тоот арилжааны гэрээ-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Б.Ө-аас 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Б-ийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Д.П-, Ц.Г- нарт холбогдох Б.Ө- болон Д.П- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 017 тоот автозогсоол бэлэглэлийн гэрээ, Д.П- болон Ц.Г- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууц арилжааны гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, одоо Ц.Гүрбадамын өмчлөлд бүртгэлтэй байгаа Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 803 дугаар байр, 3-74б тоот хаягт байршилтай 14.58 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа С.Б- татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 950 төгрөгөөс 547 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 50 төгрөгийг, хариуцагч Б.Ө-аас 94 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч маргаан бүхий зогсоолыг арилжих, худалдах ямар ч хүсэл сонирхолгүй байсан. Зогсоолын үнэ 20 000 000 төгрөг гэдгийг гэрч болон хариуцагч Б.Ө-, Д.П- гэх хүнд шилжүүлэн өгсөн Бэлэглэлийн гэрээнүүдээс харагдана. Иймд хариуцагч Б.Ө-аас зогсоолын үнэ 10 000 000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Д.П-, Ц.Г- нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Ө-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3338 тоот арилжааны гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар 15 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Ө- нь эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Арилжааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 803 дугаар байр, 3-74б тоот хаягт байршилтай 14.58 м.кв талбайтай автозогсоолыг 10 000 000 төгрөгөөр үнэлж Б.Ө-ын өмчлөлд  шилжүүлэх, Б.Ө- нь 10 тонн Алтантариа 1 дүгээр гурилыг С.Б-ийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож, автозогсоолын өмчлөх эрх Б.Ө-т шилжсэн үйл баримт тогтоогдож, харин  Б.Ө-аас 10 тонн Алтантариа 1 дүгээр гурилыг С.Б-ийн өмчлөлд шилжүүлээгүй байна. /хх-ийн 6/

Нэхэмжлэгчийн  “....арилжааны гэрээг дүр үзүүлэн хийсэн,  5 000 000 төгрөгийг зээлж авсан...” гэсэн  тайлбар, хариуцагчийн “...гурилын оронд 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн тайлбар аль аль нь нотлогдоогүй тул шүүх арилжааны гэрээний агуулга, гүйцэтгэлд нь илүү ач холбогдол өгч уг арилжааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзээгүй нь үндэслэлтэй.

 

Шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэх учир арилжааны гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг хариуцагч гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тохиолдолд анхан шатны шүүх хариуцагчаас 5 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байна. Хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээний үүргийг дуусгавар болгож, арилжааны гэрээний үүргийг худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж үзсэн нь буруу биш байна.

 

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчмын дагуу үнийг тодорхойлсон тул  дараа нь хийгдсэн  гэрээний үнийг баримтлах үндэслэлгүй байхаас гадна хожим өгсөн гэрчийн мэдүүлгээр 2018 оны гэрээний нөхцөлийг тодорхойлох боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                              ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                      Н.БАТЗОРИГ