Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/02426

 

 

 

 

 

 

 

 

 

    2020       09          28                                         181/ШШ2020/02426

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө,

Хариуцагч: П,

Хариуцагч: Г нарт холбогдох

 

Өтай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3338 тоот “арилжааны гэрээ”, Ө болон П нарын хооронд байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 017 тоот “автозогсоол бэлэглэлийн гэрээ”, П болон Г нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “орон сууц арилжааны гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 803 дугаар байр, 3-74б тоот хаягт байршилтай 14.58 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч Өын өмгөөлөгч П.Алтанчимэг, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс дэмжиж буй нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Өтай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3338 тоот “арилжааны гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, автозогсоолын үнэ 20,000,000 төгрөгөөс авсан зээл 5,000,000 төгрөгийг суутгуулж, үлдэх 15,000,000 төгрөгийг Өаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд энэхүү шаардлагаа дэмжиж байна. Харин шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан Г, П нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан байгаа.

Б, Ө нар урд нэг байгууллагад хамт ажилладаг байсан учир түүнээс мөнгө зээлэхийг хүсэж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний газарт зээлийн гэрээ байгуулахаар уулзсан. Гэтэл Ө нь зээлийн бус арилжааны гэрээ байгуулна, зээлийн гэрээ байгуулахаар бичиг цаас их шаардагддаг гэсэн. Бидэнд мөнгө яаралтай хэрэг болсон бас Өыг таних учир саналыг хүлээн авахаас аргагүй байсан. Арилжааны гэрээгээр гурил нийлүүлж байгаа мэт тохирсон. Мөн өдрөө 5,000,000 төгрөгийн зээлийг Өаас авсан бөгөөд буцаан өгөх хугацааг нарийн тохироогүй, хүү тооцох талаар харилцан тохиролцоогүй. Түүнээс авсан мөнгөө буцаан төлөх боломжгүй байдлаасаа болж өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь үнэн.

Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр харуулаар дуудуулж ирж уулзсан. Зогсоолыг хүнд зарсан, хэл ам гараад байна гэсэн. Б гараад очиход Ө нэг хүнтэй ирчихсэн байсан. Ө хэлэхдээ би өглөг, авлага ихтэй байгаа тул танай зогсоолыг зарсан гэсэн тул зээлийг буцаан төлөөгүй бид зээлээ хүүтэй нь төлж, зогсоолын гэрчилгээгээ авъя гэхэд зогсоолыг зарсан, цаад хүн хэдэн төгрөг шаардах бол түүнийг л та төлөөд юмаа ав гэсэн.

Бидэнд зогсоолоо зарах сонирхол байгаагүй. Зогсоолыг анх авсан өдрөөс өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Зогсоолоо зарвал машинаа тавих газаргүй болно.

Арилжааны гэрээ байгуулсан өдөр Өаас 5,000,000 төгрөгийг зээлсэн байхад өнөөдөр 10,000,000 төгрөг өгсөн гэж байгааг зөвшөөрөхгүй, ер нь хэдэн төгрөг ч байсан зээлийн л гэрээний харилцаа үүссэн. Зах зээлийн ханшаар 15,000,000-20,000,000 төгрөгийн үнэтэй байгаа зогсоолыг 5,000,000 төгрөгөөр зарна гэж байхгүй шүү дээ.

Иймд Өтай байгуулсан арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

Өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Өаас зогсоолыг шилжүүлж авсан П нь 18 дугаар зууны үеийн хөөргөөр цааш нь Гд зарж, одоо уг хөөрөг байхгүй болох нь тогтоогдсон учир тэдгээрийн хооронд хийгдсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан.

Учир нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар биет байдлаар харилцан буцаах боломжгүй гэж үзсэн. 

Иймд хуулийн дээрх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 803 байрны 3-74б тоотод байрлах 14,58 м.кв зогсоолын үнийг 20,000,000 төгрөг гэж тооцож, үүнээс зээлсэн 5,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 15,000,000 төгрөгийг Өаас гаргуулахаар шаардаж байна.

Зах зээлийн ханш ийм байгааг П, Г нарын гэрээнд заасан үнийн дүн болоод гэрч Л.Эрдэнэсанаагийн мэдүүлгээр нотолж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч Өын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өмнөх шүүх хуралдаан хойшлогдсон бөгөөд энэ үндэслэлийг эс зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдааны төгсгөлд хариуцагч Ө өөрөө гаргасан тул өөрчилсөн шаардлагыг гардан авах болоод бичгээр хариу тайлбар гаргах шаардлагагүй гэж үзсэн. Энэ шаардлагатай холбогдуулан Өын өмнө гаргасан тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул шүүх уг тайлбарыг нотлох баримтаар үнэлж өгнө үү. Тэрээр хөдөө орон нутагт явсан үндэслэлээр энэ хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул түүнийг оролцуулах шаардлагагүй гэж үзэж хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн.

Зохигчид харилцан тохиролцож, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэн автозогсоолын үнийг 10,000,000 төгрөгөөр тохирсон байдаг. Энэхүү тохиролцоог бусад гэрээнд заасан үнэлгээгээр үгүйсгэх боломжгүй. Автозогсоол өнөөдөр хэдэн төгрөгөөр ч зарагдаж болно. Гэрч Л.Эрдэнэсанаагийн мэдүүлгээр ч энэ байдал нотлогдоно. Хамааралгүй зогсоол 15,000,000 төгрөгөөр зарагдсан талаар гэрч мэдүүлсэн. Тиймээс автозогсоолын үнийг 20,000,000 төгрөг байх ёстой гэж үзэх боломжгүй. Гэрээний зүйлийн үнийг талууд өөрсдөө тодорхойлдог зарчмын дагуу 10,000,000 төгрөгөөр тохирсон байдаг.

Арилжааны гэрээний доод өнцөгт гараар бичсэн бичилтийг талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй. Хэн ч гараар бичээд нотариатаар батлуулах боломжтой. Үүнийг Ө бичээгүй.

Арилжааны гэрээн дээр талууд төлбөр тооцоог бүрэн төлөгдсөн гэж бичсэн байдаг тул 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

Анхнаасаа автозогсоолыг худалдан борлуулах хүсэл зориг Бөд байсан, өөрөө удаа дараа Өт энэ тухайгаа хэлж гэрээ байгуулсан байгаа. Тэгээд ч талууд хүсэл зоригоо бодитоор илэрхийлж, бичгээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байдаг тул дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Арилжааны гэрээний дагуу Өт автозогсоолын өмчлөх эрх шилжсэний дараа Б буцаан худалдан авах талаар санал гаргаж байсан нь үнэн боловч аваагүй л байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл арилжааны гэрээгээр автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлсэн гэдэг үйл баримтаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Гэрээ байгуулагдсаны дараа Бөөс ах нь гурил аваад борлуулж чадахгүй, чи гурил зарж байгаа юм чинь мөнгийг нь өгчих гэсэн тул Ө ахынхаа гурилыг зарж олсон бэлэн 6,000,000 төгрөг байсны дээр Худалдаа хөгжлийн банкнаас 5,000,000 төгрөг нэмж аваад нийт 10,000,000 төгрөгийг Бөд өөрт нь бэлнээр өгсөн байдаг. Харин мөнгө шилжүүлэхдээ баримт үйлдээгүй тул баримттай мөнгө болох Худалдаа хөгжлийн банкны хуулгыг гаргаж өгсөн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Паас урьд гаргасан хариу тайлбартаа:

Ө бид 2 олон жил нэгнээ мэднэ. Тэрээр 2019 оны 1 дүгээр сарын эхээр надаас мөнгө зээлсэн. Мөнгө надаас гуйсан тул би найзаасаа мөнгө авч өөрөөсөө нэмээд 22,000 ам.доллар зээлсэн. 5 хувийн хүүтэй байхаар 3 сарын хугацаагаар зээлсэн боловч хугацааг 3х3 сараар сунгаад 1 жил болсон. Аргагүйн эрхэнд би мөнгөө нэхсэн. Гэтэл өөрт нь бэлэн мөнгө байхгүй байна гээд зогсоол болон автомашинаа шилжүүлж өгье гэсэн.

Би гэрчилгээг нь үзье бас зогсоолыг очиж үзье гээд Кристалл таун орсон. Очиход зогсоолын харуул байсан. Тэрээр энэ зогсоол хүнийх гэхээр нь тэр хүнийг нь дуудаад ир гэхэд Б ирсэн. Б хэлэхдээ Өын өгөх мөнгийг би өгөөд зогсоолоо авч болох уу гэхээр нь ямар хугацаанд гэсэн чинь 14 хоног гэж хэлсэн. Тэгэхээр нь жил төлөгдөөгүй мөнгийг 14 хоногт төлөөд авч чадах уу л гэж би хэлсэн. Тэгээд би зогсоол чөлөөлж өгөөрэй гэдгээ хэлээд гарсан. Тэр 2 ярилцаад үлдсэн, буцааж худалдаж авъя, хугацаа өгөөч гэж ярилцах үед нь хэн мөнгө өгөх нь хамаагүй хоорондоо асуудлаа ярилцаад шийд гээд би ярианд нь ороогүй гараад явсан.

Гэхдээ Б зогсоолыг буцаан авах талаар надтай дахиж яриагүй, аваагүй. Ар гэрт минь хүнд байдал тулгарсан учир зогсоолыг зарж мөнгийг гаргах хэрэгцээ гарсан. Ингээд зарах тухай таньдаг Г гэх дүүд хэлэхэд бэлэн мөнгө байхгүй, хөөрөг байна та сонирхох уу? гэхэд нь би хөөргийг нь авч зогсоолын өмчлөлийг шилжүүлж өгсөн.

Би Бийг гайхаад байна. Банкны аудитор байсан гэх атлаа яагаад мөнгө санхүүгийн асуудал ойлгохгүй байгаа юм бэ. Би 20,000,000 төгрөгийн өрөндөө тооцож авсан зогсоолоо хэдэн төгрөгөөр хэнд зарах нь миний л асуудал шүү дээ. Эцэг эх өвчтэй байсан учир мөнгө хэрэгтэй болсон, яаралтай мөнгө болгож байвал өөрийн өмчлөлийн зүйлээ хэдэн төгрөгөөр зарах нь миний эрх шүү дээ. Энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяраас урьд гаргасан тайлбартаа:

Г нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үзэж, хөөргөө өгөөд л худалдаж авсан байгаа. Хэнээс хэнд хэрхэн шилжиж ирснийг Г мэдэхгүй, шударга өмчлөгч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч ч болох үндэслэлгүй.

Б 5,000,000 төгрөгийг зээлсэн юм бол зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх, зогсоолын өмчлөл өөр хүнд шилжих үед буцааж худалдаж авах талаар яриа гаргахгүй байсан. Банканд ажилладаг байсан хүн атлаа зээлийн гэрээ ямар зарчмаар байгуулагддаг, хүүг хэрхэн төлөх ёстой талаар мэдэхгүй байх боломжгүй шүү дээ.

Иймд Гд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх зохигчдоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б нь Өтай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3338 тоот “арилжааны гэрээ”, Ө болон П нарын хооронд байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 017 тоот “автозогсоол бэлэглэлийн гэрээ”, П болон Г нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “орон сууц арилжааны гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 803 дугаар байр, 3-74б тоот хаягт байршилтай 14.58 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн шаардлагыг хариуцагч Ө, П, Г нарт холбогдуулан гаргасан бөгөөд уг шаардлагаа дараах байдлаар өөрчилж, хариуцагч П, Г нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

 

Өөрчилсөн шаардлагаар нэхэмжлэгч Б нь хариуцагч Өтай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3338 тоот “арилжааны гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, уг хэлцлээр шилжүүлсэн автозогсоолын үнийн зөрүү 15,000,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Ө нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа гэрээ хүчин төгөлдөр, 10 тонн гурилын оронд өөрийнх нь хүсэлтээр бэлнээр 10,000,000 төгрөгийг өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул үүрэг дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч П, Г нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан татгалзлыг баталж,  П, Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Харин хариуцагч Өт холбогдох нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

Б, Ө нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан “Арилжааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Б нь 10,000,000 төгрөгөөр үнэлсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 803 дугаар байр, 3-74б тоот хаягт байршилтай 14.58 м.кв талбайтай автозогсоолыг Өт шилжүүлэх, Ө нь 10 тонн Алтантариа 1 дүгээр гурилыг Бийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн бөгөөд уг гэрээний дагуу автозогсоолын өмчлөх эрх мөн өдөр Өт шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон байна.

 

Харин Өаас 10 тонн Алтантариа 1 дүгээр гурилыг Бийн өмчлөлд шилжүүлээгүй бөгөөд энэ үйл баримтын талаар талуудын маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь уг гэрээний үндсэн дээр 5,000,000 төгрөгийг зээлж авсан гэдэг тайлбар гаргасан бол хариуцагч нь гурил худалдан борлуулж чадахгүй гэсэн учраас өөрийнх нь гуйлтаар гурилын оронд 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан.

 

Арилжааны гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан автозогсоолыг Ө нь 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 017 тоот “автозогсоол бэлэглэлийн гэрээ”-ээр Пд, П нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “орон сууц арилжааны гэрээ”-ээр Гд тус тус шилжүүлсэн бөгөөд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 803 дугаар байр, 3-74б тоот хаягт байршилтай 14.58 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр одоо Г бүртгэлтэй байгаа болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 7/3981 тоот лавлагаа болон түүнд хавсаргасан бичгийн баримтуудаар тогтоогдсон.

 

Автозогсоолын өмчлөх эрх ийнхүү шилжсэн болохыг нэхэмжлэгч Б мэдэж байсан болох нь гэрч Л.Эрдэнэсанаагийн “...Бийн эзэмшиж байсан 74б зогсоол нь 803, 804 гэсэн хоёр байрны дунд газар доор баригдсан объектод байрладаг бөгөөд 74а зогсоолоос хамааралтай зогсоол юм. Уг зогсоолд Бийнх машинаа тавьдаг байсан. Гэтэл 2020 оны 5 дугаар сараас харуулууд уг зогсоол дээр өөр хүн машинаа тавина гээд байна гэдэг асуудал гарсан. Тэр үед нь би Бтэй яриад наад асуудлаа шийдвэрлэ, түүнээс хэн дуртай нь зогсоно гэж болохгүй гэсэн. 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Г гэх залуу зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг авсан гээд гэрчилгээгээ үзүүлсэн. Хэнээс авсан юм бэ? Бөөс авсан уу? гэхэд үгүй өөр хүнээс авсан гэсэн. Тухайн үед нь Бийг дуудаад зогсоол чинь өөр хүнийх болчихсон юм байна, чи хүрээд ир гэсэн. Хүрээд ирэхээр нь би Бөд зогсоол чинийх биш болсон байна, гэрчилгээ нь гарсан байна, чи эзэмших эрхгүй болсон учир эзэн нь цаашид машинаа тавих ёстой гэж хэлээд тухайн өдрийн харуулыг дуудаж өмчлөгч нь өөрчлөгдсөн байна, энэ хүн цаашид зогсоно гэдгийг хэлсэн. Тухайн үед Б өөрөө энэ асуудлыг мэдэж байгаа шинжтэй л байсан. Ийм асуудал болчхоод байгаа юм, гэхдээ заргалдана ч гэнэ үү нэг юм хэлсэн. Тэгэхэд нь наад асуудлыг чинь би мэдэхгүй, ямар ч байсан гэрчилгээтэй нь эзэмших ёстой гэдгийг мэдэж байгаа тухайгаа хэлсэн. Энэ асуудал болохоос өмнө 2020 оны 3, 4 дүгээр сараас Бийн зогсоол дээр өөр хүн зогсох гээд байна гэдэг асуудал үүссэн. Би Бөд энэ тухай хэлж харуулуудад хэлж учраа олоорой л гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийн үндэслэл болон арилжааны гэрээний дагуу 10 тонн Алтантариа 1 дүгээр гурил бус харин 10,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн гэх хариуцагч Өын тайлбар тус тус баримтаар нотлогдохгүй байна.

 

Талуудын хэн аль нь шаардлага, татгалзлаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх дээрх дүгнэлтэд хүрсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Зохигчид гэрээ байгуулах газрыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд тэр дор нь бүртгүүлэх боломжтой нэг цэгийн үйлчилгээ бүхий газар байхаар сонгосон, бичгээр байгуулсан гэрээнийхээ үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн, автозогсоолыг өмчлөх эрхийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өт шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзвэл зохигчдын хэн алинд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн арилжааны гэрээг байгуулах, уг гэрээний үндсэн дээр тодорхой үр дагавар үүсгэх хүсэл зориг байсан болох нь тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд энэхүү арилжааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан арилжааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг шүүх үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Ө нь арилжааны гэрээгээр хүлээсэн 10 тонн Алтантариа 1 дүгээр гурилыг нэхэмжлэгч Бийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон боловч энэ үүргийг бэлэн мөнгө шилжүүлэх замаар гүйцэтгэхээр талууд харилцан тохирсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-т зааснаар арилжааны гэрээний үүргийг дуусгавар болгож, өөр үүргийг үүсгэсэн буюу талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Энэ үндэслэл нь арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, харин үүргийг талууд харилцан тохиролцож сольсон гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

Талуудын харилцан тохиролцож сольсон үүрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул шүүх талуудыг арилжааны гэрээний үүргийг худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж үзнэ.

 

Иймд шүүх хариуцагч Өаас 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Бийн шаардлагыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах бус, харин худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх замаар шийдвэрлэх нь хууль ёсны гэж үзлээ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий автозогсоолыг шилжүүлэх үүргээ биелүүлсэн учир хариуцагч Өаас уг автозогсоолын үнэ болох 10,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд талуудын энэ гэрээгээр хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болохоор байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Өаас 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдоогүй, түүнээс 5,000,000 төгрөг шилжүүлэн авсан гэх нэхэмжлэгч Бийн тайлбар үндэслэлтэй болох нь хариуцагч Өаас гаргасан Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зарлагын маягтаар тогтоогдож байх тул шүүх хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

Иймд шүүх хариуцагч Өаас 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бөд олгож шийдвэрлэх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцнэ.

 

Харин Бийн нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Өаас 5,000,000 төгрөгийг гаргуулж Бөд олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасан үндэслэлгүй тул 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3338 тоот “арилжааны гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Өаас 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Бийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан П, Г нарт холбогдох Ө болон П нарын хооронд байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 017 тоот “автозогсоол бэлэглэлийн гэрээ”, П болон Г нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “орон сууц арилжааны гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, одоо Гын өмчлөлд бүртгэлтэй байгаа Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 803 дугаар байр, 3-74б тоот хаягт байршилтай 14.58 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа Б татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөгөөс 547,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 50 төгрөгийг, хариуцагч Өаас 94,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА