Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2206

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/02552 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Х.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 313 816 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК нь “Шүрэн капитал ББСБ ХХК” нэртэй байхдаа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Х.Отгонсүхтэй зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг сарын 4,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлсэн. Зээлдэгч Х.О нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 7 306 845 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна. Хариуцагч Х.О нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7 200 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2 880 000 төгрөг төлсөн, мөн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 608 000 төгрөгийг төлсөн. Мөн хариуцагч Х.О нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 470 хоногоор зээлийн хугацааг хэтрүүлсэн тул тэрээр энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Х.О -ээс үндсэн зээл 10 688 958 төгрөг, хүү 8 055 339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 569 518 төгрөг, нийт 19 313 816 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.О -ээс 17 376 006 төгрөгийг гаргуулан З ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 937 810 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О -ээс 244 830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зээл Эм Эн платформ ХХК”-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 17 376 006 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, 1 937 810 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тул 1 937 810 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэсэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д заасныг үндэслэл болгож, зээлдэгчээс төлсөн зээлийн төлбөрөөс тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг дараа нь хүүгийн төлбөрийг суутгаж, эцэст нь зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь буруу байна. Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, зээлийн гэрээний 2.6-д тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүүг, дараа нь үндсэн хүүг, эцэст нь зээлийг төлүүлэхээр заасан нь хуулийн эдгээр зохицуулалттай нийцэхгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлж, зээлийн гэрээний 2.6-т зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллыг гэрээгээрээ тохиролцсон байх тул зээлдүүлэгч нь зээлдэгчийн төлсөн төлбөрийг энэхүү дарааллын дагуу зээлийн төлбөрт тооцсон үндэслэлтэй. Түүнчлэн, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь заавал биелүүлэх хэм хэмжээ бус диспозитив хэм хэмжээний хүрээнд хэрэглэгдэхээс гадна талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар гэрээгээр тохиролцоогүй тохиолдолд уг зохицуулалтыг хэрэглэх зүйтэй. Нөгөө талаас Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан бусад зохицуулалтаас харахад үүрэг гүйцэтгэгч нэг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хэд хэдэн үүрэг гүйцэтгэх ёстой мөн хэд хэдэн өөр үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн байх тохиолдолд үүргийн гүйцэтгэл хэд хэдэн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд ямар дарааллыг баримтлах талаар зохицуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс талуудын гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх дарааллыг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцээгүй байна гэж дүгнэсэн боловч зээлийн төлөлтийг энэ зүйлд заасан дарааллаар тооцох болсон үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн шаардлагыг хангаж чадаагүй.

Нэхэмжлэгч З ХХК нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаас өөрөөр үүрэг гүйцэтгэх дарааллыг зээлийн гэрээний 2.6-т тусгасан бөгөөд хариуцагч Х.О нь гэрээний бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тул уг заалт нь хүчин төгөлдөр юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, Зээлийн гэрээний 2.6-т заасны дагуу нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Х.О -ийн төлсөн төлбөрийг энэхүү дарааллын дагуу зээлийн төлбөрт тооцсон нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 1 937 810 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Х.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 313 816 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар тогтоолоор “Шүрэн капитал ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч 1/273 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байхаас гадна “Шүрэн капитал ББСБ” ХХК нь нэрээ өөрчилж, З ХХК болгон өөрчилж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 6/7125 тоот албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 7, 43-44/

 

“Шүрэн капитал ББСБ” ХХК, Х.О нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ1310001781 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 20 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4.6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох нөхцлөөр талууд харилцан тохиролцжээ. /хх11-12/

 

Дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараар талууд сар бүр зээл, зээлийн хүүд 7 306 845.51 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчид хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 7 200 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 880 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 1 608 000 төгрөг нийт 11 688 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй байна. /хх-37, 40/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч нь гэрээний 2.6-т зааснаар зээлдэгчээс төлсөн зээлийн төлбөрөөс тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг дараа нь хүүгийн төлбөрийг суутгаж, эцэст нь зээлийн төлбөрөөс хасаж тооцохоор гэрээнд заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль бус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй  болсныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааны хүрээнд өөрт нь хандсан иргэдэд санал болгодог гэрээ байх тул  талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

 

Дээрх стандарт нөхцөл бүхий гэрээний нөгөө тал нь аж ахуй эрхлэдэггүй иргэн байгаа тохиолдолд Иргэний хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих ёсгүй. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар “аж ахуйн үйл ажиллагаа эрхлэдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах эсхүл үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан” нөхцөлийг тусгасан бол хүчин төгөлдөр бус байна. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-т заасан дараалал нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ.” гэж заасан.  Уг зохицуулалтыг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд чөлөөтэй өөрчилж болох шинжтэй хэм хэмжээ юм. Гэвч стандарт нөхцөл бүхий гэрээг хэрэглэгч буюу аж ахуй эрхэлдэггүй иргэнтэй байгуулсан тохиолдолд хуульд заасны дагуу олгогдсон эрхээ эдлэх боломж үүрэг гүйцэтгэх дарааллыг хязгаарлахыг хуулиар хориглосон. Иймээс нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үүргийн аль хүнд нөхцөл бүхий үүрэг буюу төлбөрийн хугацаа болсон байгаа үүрэгт гүйцэтгэсэн төлбөрөө тооцуулах эрхийг нь хязгаарласан агуулгатай гэрээ байгаа учраас гэрээний 2.6 дахь заалт, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний 2.6-т заасны дагуу төлсөн төлбөрийг энэхүү дарааллын дагуу зээлийн төлбөрт тооцсон. Уг дараалал нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцээгүй гэж дүгнэсэн боловч дээрх үндэслэл дүгнэлтийг тодорхой тайлбарлаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/02552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 45 955 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ