Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2020/02552

 

2020 08   19

184/ШШ2020/02552

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Бага тойруу .4, ... тоот хаягт байрлах, З ББСБ ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр гудамж, 2 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт Х.О /регистрийн дугаар: .../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.313.816 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Төгөлдөрмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ББСБ ХХК нь Ш ББСБ ХХКнэртэй байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Х.Отэй зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг сарын 4.6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлсэн. Зээлдэгч Х.О нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 7.306.845 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна. Хариуцагч Х.О нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7.200.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2.880.000 төгрөг төлсөн, мөн 2019 оны 01 сарын 23-ны өдөр 1.608.000 төгрөгийг төлсөн. Мөн хариуцагч Х.О нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 470 хоногоор зээлийн хугацааг хэтрүүлсэн тул тэрээр энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Х.Оээс үндсэн зээл 10.688.958 төгрөг, хүү 8.055.339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 569.518 төгрөг, нийт 19.313.816 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.О нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З ББСБ ХХК нь хариуцагч Х.Оэд холбогдуулан зээлийн төлбөрт 10.688.958 төгрөг, хүүгийн төлбөрт 8.055.339 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 569.518 төгрөг, нийт 19.313.816 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Х.Оэд нэхэмжлэлийн хувийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн байна. /хх 17 дугаар тал/

Хариуцагч Х.О нь нэхэмжлэлийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргаагүй, түүний бичиж тэмдэглүүлсэн хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ.

Мөн хариуцагч Х.О нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суудаг талаар мэдэгджээ. Хожим энэ хаягт оршин суудаггүй тухай Сонгинохайрхан дүүргийн ..дугаар хорооны Засаг дарга тодорхойлолт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд тэмдэглүүлсэн хаягаа өөрчилбөл энэ талаараа мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв мэдэгдээгүй бол өмнөх хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхээр хуульчилсан тул түүний бичиж тэмдэглүүлсэн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. тоот шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн болно. /хх 17, 21, 26, 48 дугаар тал/

Нэхэмжлэгч З ББСБ ХХК нь Ш ББСБ ХХКнэртэй байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Х.Отэй зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 30 хоногийн 4.6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 11-12 дугаар тал/

Талууд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт 30 хоногийн 4.6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон боловч уг гэрээний хавсралтаар, зээлдэгч нь зээлийн төлбөрийг 3 хувааж, сар бүр 7.306.845 төгрөг, нийт 21.920.536 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн байна. /хх 11, 13 дугаар тал/

Дээрх төлбөрөөс хариуцагч Х.О нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар буюу зээлийн гэрээний хугацаа дуусахад нийт 10.080.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.608.000 төгрөгийг, нийт 11.688.000 төгрөгийг З ББСБ ХХК-д буцаан төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг хариуцагч Х.Оээс шаардах эрхтэй юм.

Тухайлбал, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох З ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээл болон хүүгийн төлбөрийг, гэрээний 2.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зааснаар нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүгийн төлбөрийг тус тус зээлдэгч Х.Оээс шаардах эрхтэй байна.

Харин зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч З ББСБ ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д заасныг үндэслэл болгож, зээлдэгчээс төлсөн зээлийн төлбөрөөс тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг дараа нь хүүгийн төлбөрийг суутгаж, эцэст нь зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь буруу байна.

Учир нь, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д: Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ. гэж, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т: Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж тус тус заажээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүүг, дараа нь үндсэн хүүг, эцэст нь зээлийг төлүүлэхээр заасан нь хуулийн эдгээр зохицуулалттай нийцээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6 дахь заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х.Оийн төлөх ёстой төлбөрийг тооцож үзвэл:

- 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 9.920.000 төгрөгийн зээл, 1.920.536 төгрөгийн хүү төлөх байжээ.

/2018 оны 12 сарын 29-ний өдрийн байдлаар төлсөн 10.080.000 төгрөгийг үндсэн зээл 20.000.000 төгрөгөөс хасаж тооцно. Үндсэн зээлийн үлдэгдэл 9.920.000 төгрөг болно. Хүүгийн төлбөр 1.920.536 төгрөг/

- 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8.312.000 төгрөг, хүү 2.376.856 төгрөг болсон байна.

/ Хариуцагч нь 2019 оны 01 сарын 23-ны өдөр 1.608.000 төгрөгийг төлсөн учир уг төлбөрийг үндсэн зээл 9.920.000 төгрөгөөс хасна. Мөн 1 сарын хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөр болох 9.920.000 төгрөгөөс тооцон нэмж төлнө. 1 сарын хүүгийн төлбөр 456.320 төгрөг болно. Үндсэн зээл 8.312.000 төгрөг, 1 сарын хүүгийн төлбөр 456.320 төгрөгийг өмнөх хүүгийн төлбөр 1.920.536 төгрөг дээр нэмбэл нийт 2.376.856 төгрөг болно /

- 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээл 8.312.000 төгрөг, хүү 8.494.488 төгрөг, нийт 17.376.006 төгрөг төлөхөөр байна.

/ Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр болох 8.312.000 төгрөгөөс 4.6 хувиар тооцож, нийт нэхэмжлэл гаргах хүртэл 16 сарын хүүгийн төлбөрт 6.117.632 төгрөг төлөх үүрэгтэй. Өмнөх хүүгийн төлбөр 2.376.856 төгрөг дээр 6.117.632 төгрөгийг нэмбэл 8.494.488 төгрөг болно. Үндсэн зээл 8.312.000, хүү 8.494.488 төгрөг/

Түүнчлэн, хариуцагч Х.О нь зээл болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй 17 сар хугацаа хэтрүүлсэн байх тул энэ хугацаанд гэрээний 2.4-т заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардсан 596.518 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Х.Оээс гаргуулна.

Дээр дурдсанаар хариуцагч Х.Оээс нийт 17.376.006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан Х.Оээс 17.376.006 төгрөгийг гаргуулан З ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1.937.810 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254.419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Оээс 244.830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зээл Эм Эн платформ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР