Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

Б.Жавзандуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 154/ШШ2020/00171 дугаар шийдвэртэй,

            Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 9-11 тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *******холбогдох иргэний хэргийг харицагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Жавзандулам түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа /онлайнаар/, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговорт 15.633.701 төгрөгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга:Б.Жавзандулам миний бие 2016 оны 07 сарын 31-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МоЭнКо ХХК -д хөдөлмөрийн гэрээ байгуулж Хөшөөтийн уурхайн агуулахын няраваар ажиллаж байсан. МоЭнКО ХХК-ны захиралын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 220/17 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх миний нэхэмжлэлийг хянан үзэж намайг МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхайн няравын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртлэх үеийн ажилгүй байсан хугацааны цалин 5,805,360 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж МоЭнКо" ХХК-ны захиралын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 440/19 дугаартай тушаалаар би ажилдаа орсон. Одоо ажлаа хэвийн гүйцэтгэж байна. МоЭнКо ХХК нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орсон үе хүртлэх хугацааны цалинг гаргаж өгөлгүй намайг хохироож байгаа тул шүүхэд хандан гомдол гаргаж байна. Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 15,633,701 төгрөгийг МоЭнКо ХХК-иас гаргуулан надад олгохоор шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Иргэн Б.Жавзандуламын МоЭнКо ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. МоЭнКо ХХК нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2020/00171 дугаар шийдвэрээр:” 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч МоЭнКо ХХК-ниас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15092189 /арван таван сая ерэн хоёр мянга нэг зуун наян ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Жавзандуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 541512 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 236484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МоЭнКо ХХК-ниас улсын тэмдэгтийн хураамжид 233412 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Жавзандуламд олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх нь иргэн Б.Жавзандуламын нэхэмжлэл гаргасан талаар МоЭнко ХХК-д мэдэгдэж, дуудаагүй, түүний нэхэмжлэлийг МоЭнко ХХК-д гардуулан өгөөгүй, тус хэрэгт манай компани өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу томилрн оролцуулаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

      

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Жавзандулам нь хариуцагч *******холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15,633,701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа нь “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Жавзандуламын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15,092,189 төгрөгийг хариуцагч МоЭнКо ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 541,512 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёс бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч Б.Жавзандулам нь хариуцагч МоЭнКо ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, Ж.Түвшинзаяад эрх бүхий этгээдээс уг маргаанд оролцуулахаар итгэмжлэл хийж өгөөгүй байхад түүний хаягаар нэхэмжлэлийн хувийг явуулсан, хариуцагч талд эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Б.Жавзандуламыг агуулахын нярвын ажилд эгүүлэн томилсон” 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 440/19 дугаартай захирлын тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй хуулбар хувь байхад шүүх нотлох баримтаар  үнэлсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 154/ШШ2020/00171 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 233,420 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                             Б.ДАМБА

 

                                                                                                    М.НЯМБАЯР