Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 171

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн   тоотод оршин суух, Б   овогт Б  оогийн Ж  ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: М К ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны олговорт 15.633.701 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Ж  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж   шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ж   миний бие 2016 оны 07 сарын 31-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М К ХХК -д хөдөлмөрийн гэрээ байгуулж Хөшөөтийн уурхайн агуулахын няраваар ажиллаж байсан. М К ХХК-ны захиралын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 220/17 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх миний нэхэмжлэлийг хянан үзэж намайг М К ХХК-ийн Хөшөөтийн уурхайн няравын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртлэх үеийн ажилгүй байсан хугацааны цалин 5,805,360 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж М К" ХХК-ны захиралын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 440/19 дугаартай тушаалаар би ажилдаа орсон. Одоо ажлаа хэвийн гүйцэтгэж байна. М К ХХК нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орсон үе хүртлэх хугацааны цалинг гаргаж өгөлгүй намайг хохироож байгаа тул шүүхэд хандан гомдол гаргаж байна. Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 15,633,701 төгрөгийг М К ХХК-иас гаргуулан надад олгохоор шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Ж  ын М К ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. М К ХХК нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж   хариуцагч М К ХХК-д холбогдуулан 2018 оны 07 сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15633701 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Ж  ыг М К ХХК-ний Хөшөөтийн уурхайн агуулахын няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар М К ХХК-иас 5805360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж  д олгож, Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг М К ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаар магадлалаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж  ын хариуцагч М К ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2019/00287 дугаар тогтоолоор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч М К ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 440/19 дугаартай тушаалаар 2019 оны 10 сарын 19-ний өдрөөс ажилд томилж биелүүлсэн учир ажилтан 2018 оны 07 сарын 02-ны өдрөөс ажилд томилогдох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор шаардаж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандсан байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Хариуцагч шүүхийн шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 440/19 дугаартай тушаалаар биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 440/19 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2018/00238 дугаар шийдвэрээр Б.Ж  ыг М К ХХК-ний Хөшөөтийн уурхайн агуулахын няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг сард 959619 төгрөгөөр тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

Иймд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 959619 төгрөг, өдөрт 43619 төгрөг х 15 сар 16 өдөр/ 15092189 төгрөгийг хариуцагч М К ХХК-ниас гаргуулж нэхэмжлэгч Б.Ж  д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 541512 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   ТОГТООХ нь:

                  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч М К ХХК-ниас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15092189 /арван таван сая ерэн хоёр мянга нэг зуун наян ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж  д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 541512 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 236484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М К ХХК-ниас улсын тэмдэгтийн хураамжид 233412 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж  д олгосугай.

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.