Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 32

 

З.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 154/ШШ2020/00416 дугаар шийдвэртэй,

            Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 5-2 тоотод оршин суух, Цагаандай овогт *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 1.2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү нийт 22166240 /хорин хоёр сая нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун дөчин/ төгрөг гаргуулах,

2. 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүүнд ногдох, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах,

3. Хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол буюу хууль зүйн үйлчилгээний зардал, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулсан тээврийн зардал нийт 1907200/нэг сая есөн зуун долоон мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0407 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 347 дугаар тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, З.Энхцэцэг намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар З.Энхцэцэг намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон.

Хууль, журмын зохицуулалтын дагуу нэхэмжлэгч З.Энхцэцэг би хууль бус захиргааны актын улмаас хохирсон хугацааны буюу 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү нийт '32526300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч З.Энхцэцэг би 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүүнд ногдох, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хуулийн дагуу нэхэмжлэгч З.Энхэцэцэг би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч *******ыг оролцуулсан 2 талын нисэх онгоцны зардал 500600 төгрөг, Монгол Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимы хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч *******ыг оролцуулсан 2 талын нисэх онгоцны зардал 406600 төгрөг, өмгөөлөгч *******ад төлсөн хууль зүйн үйлчилгээний зардал 1000000 төгрөг, нийт 1907200 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэгч З.Энхцэцэгийн Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгээс гаргахаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн Засаг даргаас гаргуулахаар нэхэмжилжээ. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2020/00416 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалингийн зөрүү 545,865 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 8,510,476.8 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 1,560,865.7 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,420,528.4 төгрөг, замын зардал 907,200 төгрөг, нийт 12,944,935.9 /арван хоёр сая есэн зуун дөчин дөрвөн мянга есэн зуун гучин таван төгрөг есэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,128,504.1 /арван нэгэн сая нэг зуун хорин найман мянга таван зуун дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлснөөс тус тус нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,518 /гурван зуун дөчин найман мянга таван зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 222,069 /хоёр зуун хорин хоёр мянга жаран ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгосугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 1 сард ногдох үндсэн цалингийн зөрүүг 182195 төгрөг гэж зөв тооцсон атлаа 2019 оны 1,2,3,4 саруудын үндсэн цалингийн зөрүүг 545865 төгрөг гэж буруу тооцсон алдааг 728780 төгрөг гэж зөвтгөхийг хүсье. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр З.Энхцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 04- ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо 2018 оны 10,11,12 саруудын цалин хөлсөөс тооцжээ. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоол 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж, нэхэмжлэгч З.Энхцэцэгийн үндсэн цалингийн хэмжээ өссөн тул 2019 оны 1,2,3,4 саруудад үндсэн цалингийн зөрүү үүссэн. Уг үндсэн цалингийн зөрүүг захиргааны хэргийн шүүх шийдвэрлээгүй учраас нэхэмжилсэн. Мөн орон нутагт ажилласан нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал, өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлснөөс тус тус тооцож нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргад даалгасугай” гэжээ.

Аймгийн Засаг даргын зүгээс З.Энхцэцэгийг ажлаас чөлөөлж оронд нь эрхлэгч томилоогүй, түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байсан бөгөөд эрхлэгчийн цалин тус 15 дугаар цэцэрлэгийн төсөвт хэмнэгдсэн. Мөн цар тахалтай холбогдуулан цэцэрлэг ажиллаагүй учир хүүхдүүдийн хоолны мөнгө болон байрны халаалтыг хугацаанаас нь эрт зогсоосон тул халаалтын мөнгө хэмнэгдсэн байгаа. Эдгээр хэмнэгдсэн төсвөөс анхан шатны шүүхийн тогтоосон 12.944.935.9 төгрөгийг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгээс гаргах боломжтой байх тул дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2020/00416 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож 12.944.935.9 төгрөгийг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгээс гаргах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч хууль хэрэглээний болон ажилтаны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг тооцохдоо алдаа гаргасныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй байна.

 

 Нэхэмжлэгч З.Энхцэцэг нь 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 22.166.240 төгрөг гаргуулах, мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах,  хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол буюу хууль зүйн үйлчилгээний зардал,давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулсан тээврийн  зардал нийт 1907,200 /нэг сая есэн зуун долоон мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн засаг даргад  холбогдуулан   гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 Нэхэмжлэгч  З.Энхцэцэг шаардлагын үндэслэлээ “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү 3,632,430 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,136,570 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,485,461 төгрөг, Захиргаан хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчийн   очсон,буцсан замын зардал 907,200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 24,073,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүүнд ногдох болон 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах...” тухай шаардлага гаргасан гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр  нэхэмжлэгч З.Энхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг  Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгээс гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд  нэхэмжлэгчийн 2020оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан шаардлагаа аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? Гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх ажилтаны 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү 545865 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1.420.528 төгрөг, замын зардал 907200 төгрөгийг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зйлийн 69.1.-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил ,албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.”гэх заалтад  нийцээгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан   З.Энхцэцэгийн 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү (1),  2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны орон нутагт ажилласны нэмэгдэл (2), албан тушаалын сарын цалингийн 15 хувиар тооцож олгох мэргэжлийн зэргийн нэмэгдэл (3), мэргэжлийн ур чадварын нэмэгдэл (4),  улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал (5), өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс (6) зэрэг шаардлагыг бүхэлд хангуулах тухай  гомдолнь хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

 

  Хуульд зааснаар ажилтныг урьд эрхэлж байсан ажил,албан тушаалд нь эгүүэлэн  тогтоосон бол  түүнд    ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор бөгөөд анхан шатны шүүх ажилтанд нөхөх олговрыг олгохдоо тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.     

   З.Энхцэцэг нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 9 сар 4 хоног ажилгүй байжээ. Ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөх олговорын хэмжээг түүний нийгмийн даатгалын дэвтрийн 2018 оны 10,11,12  дугаар саруудын бичилтийг үндэслэн тооцож үзвэл нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 1024893 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 47669 төгрөг байх бөгөөд түүнд олгох нөхөх олговрын нийт хэмжээ (1.024893х9=9.224.037+47699х4=190.678)=9.414.715 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  З.Энхцэцэгт олгох нь үндэслэлтэй байна. Шүүх нэхэмжлэгчийн 24.073.440 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасс (24.073.440-9.414.715)=14.658.725 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар  зүйлийн 46.1,46.2-т заасны дагуу нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгох 9.414.715 төгрөгөөс нийгмйин болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид / Ховд аймгийн засаг даргад/ даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг   баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 9.414.715 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 165585 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193007 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2020/00416 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч З.Энхцэцэгийн  2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговорт 9.414.715  төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  14.658.725 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” Гэж,

2 дахь заалтад “...2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал З.Энхцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмйин болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай...”гэж

3 дахь заалтыг  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2. дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  348518 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 165.585 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгосугай. Гэж өөрчилж шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч З.Энхцэцэг болон түүний өмгөөлөгч ******* нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  193007 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                                          ШҮҮГЧИД                                     С.ӨМИРБЕК

                                                                                               Н.ТУЯА