Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00638

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 03 001/ХТ2021/00638

 

 

 

З.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2020/00416 дугаар шийдвэр,

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

 

З.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

 

2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, замын зардал 907,200 /есэн зуун долоон мянга хоёр зуу/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч З.Энхцэцэг болон түүний өмгөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх, мөн Улаанбаатар хот руу 2 удаа шүүх хуралдаанд явсан тээврийн зардал, өмгөөлөгчийн хөлсийг тус тус хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хууль бус актын дагуу хохирсон хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн шийдвэр гарсан. Түүнээс хойш хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан. 2020.02.10-ны өдөр миний бие гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орсон. 2020.02.10-ны өдрөөс өмнөх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон өөрт учирсан хохирлоо хариуцагч талаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие боловсролын байгууллагад 33 жил ажилласан. ТҮБД-5-5 дахь шатлалаар цалинждаг. Иймд төрийн албанд ажилласан нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, ур чадвар, үр дүнгийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл зэргийг тооцож хариуцагч талаас нийт 22,166,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгчийн хөлс, унааны зардал гээд 1,900,000 төгрөгийг би өөрийн зүгээс гаргасан. Ажилгүй байх хугацаанд би эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон. Би нийт 13 сарын хугацаанд ажилгүй байсан. Дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан... Анх намайг 2019 оны 01 дүгээр сард ажлаас халагдаж байхад төрийн албан хаагчийн үндсэн цалин нэмэгдэж 893,425 төгрөг болсон. Үүний нэг сарын цалингийн зөрүү нь 182,195  төгрөг, орон нутгийн нэмэгдэл буюу үндсэн цалингийн 10 хувиар бодоод 89,342 төгрөг, мөн мэргэшлийн зэргийн нэмэгдэл буюу би тэргүүлэх зэрэгтэй багш учир үндсэн цалингийн 15 хувь буюу 134,014 төгрөг,  ур чадварын нэмэгдэл буюу үндсэн цалингийн 25 хувиар бодоод 223,360 төгрөг, мөнгөн урамшуулал буюу үндсэн цалингийн 15 хувиар бодоод 134,014 төгрөг... 2019.01.04-ний өдрөөс 2020.05.02-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 728,780 төгрөг, нэмэгдэл хөлс 2,903,650 төгрөг, нийт цалин хөлсний зөрүү 3,632,430 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргаас гаргуулна. ...Энэ хугацааны цалин хөлсийг бодохдоо хоёр салгаж бодно. Учир нь 2020.01.01-ний өдрөөс үндсэн цалин нэмэгдсэн, мөн удаан жил ажилласны нэмэгдэл авдаг болсон. Иймд 1 сард үндсэн цалин 893,425 төгрөг, орон нутгийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувиар бодоод 89,342 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 15 хувиар бодоод 134,014 төгрөг, ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувиар бодоод 223,360 төгрөг, мөнгөн урамшуулал үндсэн цалингийн 15 хувиар бодоод 134,014 төгрөг бөгөөд 1 сарын нэмэгдэл нь 580,730 төгрөг болж байгаа. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацаа буюу 6 сарын цалин 5,360,550 төгрөг, 6 сарын нэмэгдэл хөлс 3,484,380 төгрөг, нийт 8,844,930 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Мөн 2020 оны 1 дүгээр сараас үндсэн цалин нэмэгдэж 964,899 төгрөг болсон. 2020.01.01-ний өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацааны авах ёстой байсан нэмэгдэл нь орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувиар бодоод 96,490 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар бодоод 144,736 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар бодоод 241,225 төгрөг, ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар бодоод 241,225 төгрөг, мөнгөн урамшууллын нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар бодоод 144,735 төгрөг. 1 сард нийт авах ёстой байсан нэмэгдлүүд нь 864,411 төгрөг болж байна. Нийт 1 сарын цалин хөлс 1,833,310 төгрөг болж байгаа. 2019.05.03-ны өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,136,570 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Мөн 2019 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын цалин хөлсний зөрүүнд ногдох болон 2019.05.03-ны өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. ...Бид нар 30 хоногийн ээлжийн амралттай. 2019 оны ээлжийн амралтын олговор 2,151,021 төгрөг авах ёстой байсан. Үүнээс 665,560 төгрөгийг авсан. Одоо 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,485,461 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. ...Улаанбаатар хот руу Давж заалдах болон Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан өмгөөлөгчийн замын зардлыг нэхэмжилж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Ховд аймгаас Улаанбаатар хот руу явсан өмгөөлөгчийн ирж, очих замын зардал 500,600 төгрөг, Хяналтын шатны шүүх хуралдаанд орсон өмгөөлөгчийн ирж, очих замын зардал 406,600 төгрөг, нийт замын зардал 907,200 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг тус тус Ховд аймгийн Засаг даргаас гаргуулахаар шаардаж байна... 2018.07.01-ний өдрөөс 2018.08.16-ны өдөр ажилдаа орсон. ...Нийтдээ хууль бус захиргааны хэргийн актаас гарсан хохирол болох цалин хөлсний зөрүү, цалин хөлс, амралтын олговрын зөрүү 22,166,240 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс, замын зардал 1,907,200 төгрөгийг нэмээд 24,073,440 төгрөг болж байгаа. Үүнийг Ховд аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн З.Энхцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг өгч байна. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.02-ны өдрийн 08 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгээс гаргахаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн 2020.03.27-ны өдөр Ховд аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн Засаг даргаас гаргуулахаар нэхэмжилжээ. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00416 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалингийн зөрүү 545,865 төгрөг,  2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 8,510,476.8 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 1,560,865.7 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,420,528.4 төгрөг, замын зардал 907,200 төгрөг, нийт 12,944,935.9 /арван хоёр сая есэн зуун дөчин дөрвөн мянга есэн зуун гучин таван төгрөг есэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,128,504.1 /арван нэгэн сая нэг зуун хорин найман мянга таван зуун дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлснөөс тус тус нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,518 /гурван зуун дөчин найман мянга таван зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 222,069 /хоёр зуун хорин хоёр мянга жаран ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 206/МА2020/00032 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2020/00416 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговорт 9.414.715 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.658.725 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтад ...2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал З.Энхцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай... гэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2. дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,518 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 165,585 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Энхцэцэг болон түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,007 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч З.Энхцэцэг болон түүнийн өмгөөлөгч Б.Мөнхбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Засгийн газрын 2007.12.26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл-ээр Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Энхцэцэг нь ТҮБД-6 дахь ангилал, зэрэглэлд, төрийн албанд 33 жил ажилласан тул ТҮБД-6-5 дахь шатлалд тус тус хамаардаг. Монгол Улсын Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл-ээр Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Энхцэцэг нь ТҮБД-5 дахь ангилал, зэрэглэлд төрийн албанд 33 жил ажилласан тул ТҮБД-5-5 дахь шатлалд тус тус хамаардаг. Дээрх Засгийн газрын шийдвэрээр нэхэмжлэгч З.Энхцэцэгийн албан тушаалын ангилал, зэрэг нь 2008.01.01-ний өдрөөс эхлэн ТҮБД-6-5, 2019.01.01-ний өдрөөс эхлэн ТҮБД-5-5 болно. 2. Нэхэмжлэгч З.Энхцэцэгийн албан тушаал/үндсэн/-ын цалин, нэмэгдэл, урамшууллын талаар: Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4-т төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд цалин хөлс нь албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ гэжээ. 2.1. Албан тушаал/үндсэн/-ын цалин: Монгол Улсын Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээгээр 2018.09.01-ний өдрөөс эхлэн ТҮБД-6-5 дахь шатлал нь 711,230 төгрөг, Монгол Улсын Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээгээр 2019.01.01-ний өдрөөс эхлэн ТҮБД-5-5 дахь шатлал нь 893,425 төгрөг, Монгол Улсын Засгийн газрын 2019.12.25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээгээр 2020.01.01-ний өдрөөс эхлэн ТҮБД-5-5 дахь шатлал 964,899 төгрөг, Дээрх Засгийн газрын шийдвэрээр нэхэмжлэгч З.Энхцэцэгийн үндсэн цалингийн хэмжээ нь 2018.09.01-ний өдрөөс эхлэн 711,230 төгрөг, 2019.01.01-ний өдрөөс эхлэн 893,425 төгрөг, 2020.01.01-ний өдрөөс эхлэн 964,899 төгрөг юм. 2.2. Нэмэгдэл: 2.2.1. Монгол Улсын Засгийн газрын 2018.12.19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ыг баталж, 2020.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Уг журмын 2 дахь заалтаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн төрийн албан хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас тооцсон хувиар бодож олгодог. Нэхэмжлэгч З.Энхцэцэг нь төрийн албанд 33 жил ажилласан буюу журмын дээрх заалтад дурдсан 26 буюу түүнээс дээш ажилласан байх шаардлагыг хангасан тул 2020.01.01-ний өдрөөс эхлэн албан тушаалын сарын үндсэн цалингаас 25 хувиар тооцон сар бүр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл авах эрхтэй. 2.2.2. Монгол Улсын Засгийн газрын 2018.12.19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ыг баталж, 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Уг журмын 3 дахь заалтаар орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл олгох сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчийн жагсаалтад сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын менежер буюу Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Энхцэцэг багтсан байна. Аймгийн төвийн суманд ажиллаж буй сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын менежер буюу цэцэрлэгийн эрхлэгчид орон нутгийн ажилласны нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингаас 10 хувиар бодож сар бүр олгоно гэж мөн журмын 3-ын 1-ийн 2-т тодорхой заажээ. 2.2.3. МУ-ын ЗГ-ын 2018.12.19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам-ыг баталж, 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Уг журмын 2-т зааснаар сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын менежер буюу нэхэмжпэгч З.Энхцэцэг нь мэргэшлийн зэргийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хувиар тооцон сар бүр авах эрхтэй. Учир нь нэхэмжлэгч З.Энхцэцэгийн тэргүүлэх зэргийн мэргэшлийн зэргийн үнэмлэхтэй, иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. 2.2.4. МУ-ын ЗГ-ын 2018.12.19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-ыг баталж, 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Уг журмын 3-т Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байх хугацаанд нь ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг энэ журмын 4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож сар бүр олгоно гэжээ. Нэхэмжлэгч З.Энхцэцэг нь хууль бусаар ажлаасаа халагдсаны улмаас 2019.01.04-ний өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл авалгүйгээр хохирсон. Энэ нь цэцэрлэгийн эрхлэгч нарт ур чадварын нэмэгдэл олгогдсон Ховд аймгийн Засаг даргын 2019.06.26-ны өдрийн А/407 дугаар, 2019.12.19-ний өдрийн А/862 дугаар захирамжуудад нэхэмжлэгч нэр дурдагдаагүй үйл баримтаар нотлогдоно. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч З.Энхцэцэг нь 2019.01.04-ний өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл авалгүйгээр хохирсон үйл баримт нь хоорондоо шалтгаант холбоотой. Нэхэмжлэгч З.Энхцэцэг нь Ховд аймгийн 33 цэцэрлэгийн эрхлэгч нараас хамгийн олон жил сургуулийн өмнөх сургалтын боловсролын байгууллагад багшаас эхлэн цэцэрлэгийн эрхлэгч хүртэл ажиллаж, ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцон авсаар ирсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. 2.3. Урамшууллын талаар: МУ-ын ЗГ-ын 2019.01.09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ыг баталж, 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Уг журмын 4.5-т Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно гэжээ. Нэхэмжлэгч З.Энхцэцэг нь хууль бусаар ажлаасаа халагдсаны улмаас 2019.01.04-ний өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацааны мөнгөн урамшуулал авалгүйгээр хохирсон. Энэ нь цэцэрлэгийн эрхлэгч нарт мөнгөн урамшуулал олгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019.03.25-ны өдрийн А/59 дүгээр, 2019.06.14-ний өдрийн А/133 дугаар, 2019.09.26-ны өдрийн А/242 дугаар, 2019.12.19-ний өдрийн А/336 дугаар захирамжуудад нэхэмжлэгчийн нэр дурдагдаагүй үйл баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч З.Энхцэцэг нь Ховд аймгийн 33 цэцэрлэгийн эрхлэгч нарын дундаас хамгийн олон жил сургуулийн өмнөх сургалтын боловсролын байгууллагад багшаас эхлэн цэцэрлэгийн эрхлэгч хүртэл ажиллаж, мөнгөн урамшууллыг 15 хувиар тооцон авсаар ирсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. 3. Ээлжийн амралтын олговрын талаар: Сургуулийн өмнөх сургалтын байгууллага нь жил бүрийн 7 дугаар сард сургалтын үйл ажиллагаа явуулдаггүйгээс шалтгаалан уг байгууллагын албан хаагч нар нь уг хугацаанд ээлжийн амралттай байдаг. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна, 55 дугаар зүйлийн 55.1-д Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно, 55.2-т Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Энхцэцэг нь 2019 оны ээлжийн амралт 30 хоногт ногдох олговрыг тооцуулан авах эрхтэй. Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговрын тооцооллын талаар: 1. 2019 оны 1, 2, 3, 4 саруудын цалин хөлс 3,105,685 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 1.1. 2019 оны 1, 2, 3, 4 саруудын үндсэн цалингийн зөрүү 728,780 төгрөг. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019.01.04-ний өдрөөс 2020.05.02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо 2018 оны 10, 11, 12 саруудын цалин хөлсний дүнгээр тооцжээ. Гэтэл нэхэмжлэгч З.Энхцэцэгийн үндсэн цалин 711,230 төгрөг нь Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 2019.01.01-ний өдрөөс эхлэн 893,425 төгрөг болж нэмэгдсэнээр нэг сард 182,195 төгрөгийн зөрүү үүссэн. Уг нэг сарын үндсэн цалингийн зөрүү зөрүү 182,195 төгрөгийн 2019 оны 1, 2, 3, 4 сараар үржүүлэхэд 728,780 төгрөг болно. Уг үндсэн цалингийн зөрүү 728,780 төгрөг нь Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.02-ны өдрийн 08 дугаар шийдвэрт заагдсан нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019.01.04-ний өдрөөс 2020.05.02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцоонд ороогүй. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4, Монгол Улсын Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хэрэглэхгүйгээр 2019 оны 1, 2, 3, 4 саруудын үндсэн цалингийн зөрүү 728,780 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 1.2. 2019 оны 1, 2, 3, 4 саруудын нэмэгдэл, урамшуулал 2,376,905 төгрөг: Монгол Улсын Засгийн газрын 2018.12.19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор батлагдсан орон нутгийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, улирлын ажлын мөнгөн урамшуулал нь 2019.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн учраас Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.02-ны өдрийн 08 дугаар шийдвэрт заагдсан нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019.01.04-ний өдрөөс 2020.05.02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцоонд ороогүй. Учир нь Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019.01.04-ний өдрөөс 2020.05.02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо 2018 оны 10, 11, 12 саруудын цалин хөлсний дүнгээр тооцсон байдаг. Иймээс нэхэмжлэгч З.Энхцэцэг нь 2019.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн орон нутгийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, улирлын ажлын мөнгөн урамшууллыг Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 24 дүгээр тогтоолд заасан үндсэн цалинг 893,425 төгрөгөөс тооцуулах авах эрхтэй. Тодруулбал 2019 оны 1, 2, 3, 4 саруудын орон нутгийн нэмэгдэл 10 хувиар тооцоход 357,370 төгрөг, зэргийн нэмэгдэл 15 хувиар тооцоход 536,055 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувиар тооцоход 893,425 төгрөг, улирлын ажлын мөнгөн урамшуулал 536,055 төгрөг, нийт 2,376,905 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт нэмэгдэл, урамшуулал нь тухайн цаг хугацаанд хөдөлмөр эрхэлж байсан ажилтанд хамааралтай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн 2019 оны 1, 2, 3, 4 саруудын нэмэгдэл, урамшуулал 2,376,905 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 2019 оны 5, 6, 8, 9, 10, 11, 12 саруудын цалин хөлс 10,319,058.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 2.1. 2019 оны 5, 6, 8, 9, 10, 11, 12 саруудын үндсэн цалин 6,253,975 төгрөг. Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 2019.01.01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч З.Энхцэцэгийн нэг сарын үндсэн цалин 893,425 төгрөгийг 2019 оны 5, 6, 8, 9, 10, 11, 12 саруудаар үржүүлэхэд 6,253,975 төгрөг. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд нь Засгийн газрын шийдвэрээр нэхэмжлэгч З.Энхцэцэгийн үндсэн цалингийн хэмжээ нь 2019.01.01-ний өдрөөс эхлэн 893,425 төгрөг болж нэмэгдсэн үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буруу тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2.2. 2019 оны 5, 6, 8, 9, 10, 11, 12 саруудын нэмэгдэл урамшуулал 4,068,053.75 төгрөг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор батлагдсан орон нутгийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, улирлын ажлын мөнгөн урамшуулал нь 2019.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Нэхэмжлэгч З.Энхцэцэгийн нэг сарын үндсэн цалин 893,425 төгрөгөөс 2019 оны 5, 6, 8, 9, 10, 11, 12 саруудын орон нутгийн нэмэгдлийг 10 хувиар тооцоход 625,397.5 төгрөг, зэргийн нэмэгдэл 15 хувиар тооцоход 938,096.25 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувиар тооцоход 1,563,493.75 төгрөг, улирлын ажлын мөнгөн урамшуулал 938,096.25 төгрөг. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч З.Энхцэцэг нь 2019.01.04-ний өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацаанд нэмэгдэл, урамшуулал аваагүй хохирсон үйл баримт, шалтгаант холбооны асуудалд дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. 3. 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,485,461 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгээс нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019 оны ээлжийн амралт олговор 2,151,021 төгрөгөөс 665,560 төгрөгийг 2019 оны 07 дугаар сард олгосон тул үлдэх 1,485,461 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Ийм байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг хэрэглэхгүйгээр ээлжийн амралтын олговрын зөрүү 1,485,461 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 4. 2020.01.01-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 2.291,635.125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: МУ-ын ЗГ-ын 2019.12.25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээгээр нэхэмжлэгч З.Энхцэцэгийн үндсэн цалин 2020.01.01-ний өдрөөс эхлэн ТҮБД-5-5 дахь шатлалаар 964,899 төгрөг болж нэмэгдсэн. Мөн түүнчлэн МУ-ын ЗГ-ын 2018.12.19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ыг баталж, 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Уг журмаар төрийн захиргааны албан хаагчаас гадна төрийн үйлчилгээний албан хаагч буюу нэхэмжлэгч З.Энхцэцэг төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл авах эрх үүссэн. Нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2020.01.01-ний өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацааны 1 сар 5 хоногийн үндсэн цалин нь 1,206,123.75 төгрөг, мөн хугацааны нэмэгдэл, урамшуулал нь 1,085,511.5 төгрөг болно. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд Засгийн газрын шийдвэрээр нэхэмжлэгч З.Энхцэцэгийн үндсэн цалин болон нэмэгдэл, урамшууллын хэмжээ өссөн үйл баримтыг анхаарч үзэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, 2020.01.01-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 2.291,635.125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 5. Өмгөөлөгчийг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцуулсан зардал 907,200 төгрөг, хууль зүйн үйлчилгээний зардал 1,000,000 төгрөг, нийт 1,907,200 төгрөг гаргуулах шаардлагын талаар: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэжээ. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын хууль бус захиргааны актаар ажлаасаа халагдсаны улмаас нэхэмжлэгч З.Энхцэцэг нь захиргааны хэргийн шүүхээр маргаан шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч ажиллуулж, захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах зэргээр зардал гарган хохирсон. Хэрэв хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг ажлаас халсан хууль бус захиргааны актыг гаргаагүй бол нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч, хууль зүйн үйлчилгээний зардал төлж, захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулж, нисэх онгоцны зардал гарган хохирохгүй байсан шалтгаант холбоог тодорхойлно. Анхан, давж заалдах шатны шүүхүүд өмгөөлөгчийн захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон замын зардлыг хариуцагчийн хууль бус захиргааны акттай шалтгаант холбоотой гэж үзсэн атлаа хууль зүйн үйлчилгээний зардлыг хууль бус захиргааны акттай шалтгаант холбоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 19,109,040 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгосон тогтоол гаргаж өгнө үү. Гомдолд цалин хөлс, ээлжийн амралтын олговрын тооцоо, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-3 хуудсыг хавсаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч З.Энхцэцэг нь Ховд аймгийн засаг даргад холбогдуулан 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү, 2019.5.03-ны өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү нийт 22,166,240 төгрөг гаргуулах, мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болох хууль зүйн үйлчилгээний зардал, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулсаны тээврийн зардалд нийт 1,907,200 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн ...нэхэмжлэгч 2019.01.04-ний өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацаанд цалингийн нэмэгдэл, урамшуулал, мөн 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүүг аваагүй хохирсон байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, цалин хөлсний зөрүү, ээлжийн амралтын олговрын зөрүү гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Ховд аймгийн Засаг даргын 2019.01.04-ний өдрийн Б/03 дугаартай захирамжаар Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан З.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.5.02-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, Засаг даргын 2020.02.10-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгч З.Энхцэцэг нь ажилгүй байсан хугацааны, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй, тодруулбал нэхэмжлэгч 2019.5.03-ны өдрөөс 2020.02.07-ны өдөр хүртэл 9 сар 4 хоног ажилгүй байсан нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан энэ хугацааны олговорт 9,414,715 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжилсэн 2019 оны 01-05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү 545,865 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,420,528 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн ...Ховд аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг ажлаас халсан хууль бус захиргааны актыг гаргаагүй бол нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч, ... нисэх онгоцны зардал гарган хохирохгүй байсан. ...шүүхүүд өмгөөлөгчид төлсөн ...замын зардлыг хариуцагчийн хууль бус захиргааны акттай шалтгаант холбоотой гэж үзсэн атлаа хууль зүйн үйлчилгээний зардлыг ...холбоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна... гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй, харин гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч З.Энхцэцэг нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын хууль бус захиргааны актын улмаас ажлаасаа халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүний улмаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, түүнд өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг, мөн шүүх хуралдаанд оролцуулахаар замын зардалд 907,200 төгрөгийг төлж хохирсон нь тогтоогдсон, иймээс нэхэмжилсэн уг хохирлыг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн төлбөрийг хохирол гэж үзэхгүй гэж, давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгч өөрийн эрх ашгаа хамгаалуулах зорилгоор өөрөө хүсэж зардал гарган өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны зардал /өмгөөлөгчийн ажлын хөлс, замын зардал/-ыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч З.Энхцэцэгийн 2019.5.03-ны өдрөөс 2020.02.07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.414.715 төгрөг болон өмгөөллийн хөлс болон замын зардалд төлсөн 1,907,200 төгрөг, нийт 11,321,925 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,751,525 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар магадлалын 1 дэх заалт, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2020/00416 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргаас 11,321,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,751,525 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар З.Энхцэцэгт олгох 2019.5.03-ны өдрөөс 2020.02.07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын 9.414.715 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 196101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ Г.ЦАГААНЦООЖ