Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 33

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 154/ШШ2020/00179 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, РД:ПА79090800, *******ийн нэхэмжлэлтэй, *******ын сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: *******ын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай 

 

Нэхэмжлэлийн агуулга: ******* би *******ын сургуульд 2002 оноос хойш математикийн багшаар, сургуулийн захирлаар, 2013 оноос хойш сургалтын менежерээр 2017 оны 05 сараас ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралтын хугацаа 2017 оны 12 сард дууссан тул буцаж ажилдаа орохоор тус сургуулийн захирал Т.Цэцэгбадамд удаа дараа хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг шийдвэрлэлгүй намайг ажилд оруулалгүй удаан хугацаанд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тус сургуулийн захирал Т.Цэцэгбадам нь надад ...шүүхээс нэхэмжлэлээ буцаагаад авчих эвлэрье гэдэг санал тавьсны дагуу Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154/ШШ2019/00076 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар ******* намайг *******ын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд үргэлжлүүлэн 2019 оны 05 арын 01-ний өдрөөс эхлэн ажиллах, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр эвлэрэн хэлэлцсэн. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаартай тус сургуулийн захирлын тушаалаар ******* би *******ын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд томилогдсон. Гэтэл Ховд аймгийн Аптай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Цэцэгбадам өмнөх Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154/ШШ2019/00076 дугаартай захирамжаа бүрэн биелүүлж миний эрүүл мэндийн болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгээгүй байж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн намайг улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх үүргээ удаа дараа зөрчсөн гэж тус сургуулийн сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ямар ч хууль бус үйлдэл гаргаагүй.Тус сургуулийн захирал нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж сахилгын арга хэмжээ удаа дараа гаргасан гэж ажлаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. ******* би ажилд томилогдсон өдрөөс хойш ямар ч улс төрийн үйл ажиллагаанд оролцоогүй байхад үндэслэлгүйгээр иргэн миний хөдөлмөрлөх эрхэд халдаж, удаа дараа миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж хууль ёсыг уландаа гишгэж байгаад маш их гомдолтой байна. Цаашид энэ тухай хуулийн дагуу зохих байгууллагад хандаж гомдол гаргах болно. Иймд ******* намайг *******ын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургууль нь *******ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргалаа. Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар *******ийг сургалтын менежерээр томилсон.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасны дагуу Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх тусгай зарчмыг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заажээ. ******* нь төрийн үйлчилгээний албан хаагчийн тухайд улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүргээ удаа дараа зөрчсөн. Тухайлбал ******* нь Ховд аймгийн Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшин өрсөлдөх, гишүүнээр сонгогдох, үйл ажиллагаанд хамрагдах зэргээр улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон байдаг. Үүнийг нотлох баримт нь Ховд аймгийн Ардчилсан намд хадгалагдаж байгаа тул шүүхээс үзлэг хийж, *******ийн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон материалыг гаргуулахыг хүсье.

*******ийг сургалтын менежерийн ажлаас чөлөөлөгдсөн даруйд нь эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу математикийн багшаар томилсон тул цаашид математикийн багшаар ажиллуулах бүрэн боломжтой. Иймд *******ийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 154/ШШ2020/00179 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг *******ын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14.380.275 /арван дөрвөн сая гурван зуун наян мянга хоёр зуун далан таван/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ээлжийн амралттай байгаа, 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн сургалтын менежерийн ажлын байрыг хэвээр хадгалж байсан. Ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлдэг. Сургалтын менежерийн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байсан учраас хүсэлт гаргавал үргэлжлүүлэн ажиллах эрхтэй тул үргэлжлүүлэн ажиллуулах эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* нь ажлаас халагдсаны дараагаар Улаанбаатар хотод очиж өөр ажил олгогчид ажиллаж цалин хөлс авсан  байгаа үйл баримт нь хариуцагч Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахгүй байх үндэслэл болохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлс, олговор гэдгийг ялгаатай утгаар заасан байх бөгөөд тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилтны 36.1.2-т зааснаар ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг заасан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Цэцэгбадам нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “******* нь төрийн үйлчилгээний албан хаагч атлаа Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшин өрсөлдөх, гишүүнээр сонгогдох, үйл ажиллагаанд нь хамрагдах зэргээр улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул түүнийг ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбарласан байна.

 

            Шүүх “нэхэмжлэгч ******* нь намын дотоод сонгуулийн үйл ажиллагаанд нэр дэвшиж оролцсон үйл баримт хэрэгт авагдсан боловч энэ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг тус сургуулийн  Байгалийн ухааны сургалтын менежерийн ажил, албан тушаалд томилогдохоос өмнө болсон байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон нь үндэслэлтэй, Төрийн албан тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн байна.

 

            Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” гэх зарчмын зохицуулалт нь төрийн бүх албан хаагчид хамаарахаар байгаа боловч  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтад “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх” гэх хориглосон зохицуулалт нь “төрийн жинхэнэ албан хаагчид” хамааралтай байна.

 

Иймд төрийн үйлчилгээний албан хаагчийг намын дотоод сонгуульд нэр дэвшин өрсөлдөх, гишүүнээр сонгогдох, үйл ажиллагаанд нь хамрагдах зэргээр улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй болно.

 

 

            Мөн ажил олгогч нь *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан үндэслэлийг хариуцагчийн өмгөөлөгч  “******* нь улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон тул хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг үйл баримтыг ажилтан, ажил олгогч нар нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд *******ийн эрхэлж байсан “Байгалийн ухааны сургалтын менежерийн ажил, албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаардаг” гэж тайлбарласан боловч энэ нь маргааны үйл баримтад ач холбогдолгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ ажлаасаа чөлөөлөгдсөн байна гэх Сонгуулийн хуулийн зохицуулалт нь намын дотоод сонгуульд оролцсон үйл ажиллагаанд хамааралгүй юм. Мөн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журамд зааснаар орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд хамаарахаар заажээ. Иймд нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “******* нь 2019 оны 9 дүгээр сараас Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа нь баримтаар тогтоогдсон” гэх дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж,  хэрэглэсэн бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сараас Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд математикийн багшаар ажиллаж цалин авч байгаа үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан “буруу халсан үеийн олговор гаргуулахад” саад болохгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний олговрыг олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тооцвол, нэхэмжлэгч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 9 сар, 8 хоног ажилгүй байжээ. ******* нь 2017 оны 7 дугаар сараас хойш Байгалийн ухааны сургалтын менежерээр ажиллаагүй тул түүний урьд авч байсан дундаж цалин хөлсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаар тушаалд заасан “сарын цалинг 820,631 төгрөгөөр” тооцов.

 

Ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд олгох олговорт 9 сарын цалин 9х820,631=7,385,679 төгрөг, нэг өдрийн цалин 820,631/21,5=38,169 төгрөг, 8 хоногийн цалин 8х38,169=305,352 төгрөг нийт  7,385,679+305,352=7,691,031 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,689,244 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 7,691,031 төгрөгөөс түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 154/ШШ2020/00179 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийг Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 7,691,031 /долоон сая зургаан зуун ерэн нэгэн мянга гучин нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,689,244 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олговор 7,691,031 төгрөгөөс ажилтан *******ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулиас тэмдэгтийн хураамжид 138,006 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                           С.ӨМИРБЕК

М.НЯМБАЯР