Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 36

 

 

Гүнзэгэстэй ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2020/00586 дугаар шийдвэртэй, Өвөрхангай аймгийн Өлзийт сум ******* нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 12-19 тоотод оршин суух, ******* холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очибат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 6,449,080 /зургаан сая дөрвөн зуун дөчин есэн мянга ная/ төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: “С.Доржпалам нь Гүнзэгэстэй ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Иргэний С.Доржпалам нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Гүнзэгэстэй ХХК-ийн зам зуур шатахуун түгээх салбараас 100,000 төгрөгийн шатахууныг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 350,624 төгрөгийн шатахууныг, 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 690,900 төгрөгийн шатахууныг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 359,530 төгрөгийн шатахууныг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 391,452 төгрөгийн шатахууныг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 640,300 төгрөгийн шатахууныг, мөн өдөр 360,300 төгрөгийн шатахууныг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 293,506 төгрөгийн шатахууныг, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 704,330 төгрөгийн шатахууныг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 361,645 төгрөгийн шатахууныг тус тус зээлээр аваад нэг ч төгрөг төлөөгүй болно. Зээлийн гэрээний 2.2-д худалдан авагч энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд авсан өдрөөс хойш 15 хоногт буцаан төлөх ёстой. Гэрээний зорилго нь шатахууны төлбөрийг хугацаанд нь төлөхөд оршино. Мөн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 05 хувиар алданги төлөхөөр заасан. Иймд С.Доржпаламаас шатахууны үнэ 4,252,587 төгрөг, алданги 2,126,293 төгрөг, шүүхээр С.Доржпаламыг эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нийт 6,449,080 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: С.Доржпалам гэдэг иргэнээс төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч ямар учиртай төгрөг гаргуулах тухайгаа тодорхой дурдаагүй. Мөн 1468 ГАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 9904ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С.Доржпаламын өөрийн эзэмшлийн нэг тээврийн хэрэгсэл бөгөөд дугаараа сольсон асуудал байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ ямар дугаартай тээврийн хэрэгсэл дээр авсан шатахууны үнэ нэхэмжлээд байгаагаа тодорхой тусгаагүй учраас хариуцагч талаас маргаад байгаа. 1468ГАҮ, улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 9904ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэг л тээврийн хэрэгсэл яваад шатахуун худалдаж авсан асуудал байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 560000 төгрөгийн төлөлтийг 1468ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр төлөгдсөн талаар тайлбарлаад байна. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь нэг л тээврийн хэрэгсэл тул төлөгдсөн гэсэн ойлголт юм. Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Доржпаламаас 4.252.587 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтаар 161000 төгрөг, 150000 төгрөг, 560000 төгрөг, 160000 төгрөг, 380000 төгрөг нийт 1562000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2690587 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Түүнчлэн хариуцагч С.Доржпаламын зүгээс 2690587 төгрөг төлөхөөр байтал алданги 2126293 төгрөгийг төлөхөөр нэхэмжилснийг ойлгохгүй байна. Хэдийгээр гэрээ дээрээ алданги төлөхөөр заасан боловч 2126293 төгрөгийн алданги төлөхөөр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан заалт зөрчигдөж байна... Бид нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдсөн үнийн дүн болон алдангийг хуульд зааснаар хасуулаад үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2020/00586 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, зааснаар хариуцагч Пүнлүүч овогт Санжмятавын Доржпалам /ПЖ73093012/-аас шатахууны үнэ 4,252,587 /дөрвөн сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуун ная долоо/ төгрөг, алданги 2,126,293 /хоёр сая нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөг, нийт 6.378.880 / зургаан сая гурван зуун далан найман төгрөг найман зуун наян/ төгрөгийг гаргуулан Гүнзэгэстэй ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас шүүхээр С.Доржпаламыг эрэн сурвалжилсан 70,200 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Доржпаламаас улсын тэмдэгтийн хураамж 117010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-д  олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-ны гаргаж өгсөн баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнэсэн атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

Мөн нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-нд иргэн С.Доржпалам нь нотлох баримтаар 2,215,500 төгрөгийн шатахууны үнэ гэж төлж барагдуулсан. Үүнийг шүүх тодорхойлох хэсэгт төлөгдсөн  байна гэж дүгнэсэн атлаа хасаж тооцохгүйгээр нэхэмжлэлийн шаардлага болох 4,252,587 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК нэхэмжлэлдээ шатахууны үнэ болох 4,252,587 төгрөг, алданги 2,126,293 төгрөг нийт 6,378,880 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч С.Доржпалам нь 2,215,500 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн нийт үнэ 8,866,393 төгрөг үүнээс хариуцагчийн төлж барагдуулсан 2,215,500 төгрөгийг хасаж нийт хариуцагчийн төлөх үнийн дүнг 6,650,893 төгрөг гэж нэхэмжлэлд дурдаагүй нэхэмжлэлийн шавардлагыг ихэсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК нь хариуцагч С.Доржпаламд холбогдуулан шатахууны үнэ 4,252,587 төгрөг, алданги 2,126,293 төгрөг, шүүхээр эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг нийт 6,449,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Доржпалам нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “авсан шатахууны үнэ 4,252,587 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 1,703,500 төгрөгийг төлсөн байгаа, үлдэгдэл 2,549,087 төгрөгийг төлнө, алданги 2,126,293 төгрөгийг Гүнзэгэстэй ХХК-тай харилцан ярилцаж байгаад төлнө” гэжээ. 

Шүүх хуралдаанд хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь авсан шатахууны үнэ 4,252,587 төгрөгийн үлдэгдэл байгаа, мөн гэрээгээр алданги төлөхөөр талууд тохиролцсон талаар тус тус маргаагүй бөгөөд харин “хэргийн 58 дугаар хуудаст авагдсан баримтаар нийт 1,562,000 төгрөгийг хариуцагч С.Доржпалам нь төлсөн тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдах ёстой” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК нь хариуцагч С.Доржпаламтай 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 14-68 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10 сарын хугацаатай 99-04 ХОА  улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр тус тус шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч С.Доржпаламын 99-04 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 10 удаа шатахуун зээлээр авсан 4,252,587 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь хэргийн 11-15 дугаар хуудаст авагдсан зарлагын падаан болон 58 дугаар хуудаст авагдсан гэрээний хавсралт буюу тооцоотой литр болон мөнгөн дүнгээрээ тохирч байна. Өөрөөр хэлбэл “4,252,587 төгрөгийн шатахууны үнэ төлөгдөөгүй, үлдэгдэлтэй байгаа” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар тогтоогдож байна.

Мөн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч С.Доржпалам нь Гүнзэгэстэй ХХК-ийн “Ээв ШТС”-аас 307 литр шатахууныг нэг литрийг нь 2,330 төгрөгөөр буюу 715,300 төгрөгөөр авахдаа 364,676 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөгдсөн дүнг хасаж тооцон үлдэгдэл 350,624 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Харин хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын “хэргийн 58 дугаар хуудаст авагдсан баримтаар нийт 1,562,000 төгрөгийг хариуцагч С.Доржпалам нь төлсөн” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Тухайлбал хэргийн 58 дугаар хуудаст авагдсан гэрээний хавсралт буюу тооцоо бодсон баримтын дээрээсээ эхний 4 мөрөнд төлөгдсөн мөнгө болон 7 дугаар мөрөнд “14-68ГАҮ 560,000 өгөв, үлдэгдэл 149,300”  гэх бичвэрүүд нь нэхэмжлэгчийн шаардлага гаргаагүй буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 14-68ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр авсан шатахууны үнэ, төлөгдсөн зээл, үлдэгдэл зэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн “99-04 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр авсан  шатахууны  үнээс 1,562,000 төгрөг төлсөн” гэх татгалзал нь баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд хариуцагч нь татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч С.Доржпаламын нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-иас 99-04 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр авсан шатахууны үнэ 4,252,587 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 2,126,293 төгрөг нийт 6,378,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хариуцагчийн эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байхад шүүх мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Тухайлбал талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2 дахь хэсэгт “... авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө. Тухайн хугацаанд зээлээр шатахуун авсны хүү тооцохгүй ба бэлэнгийн үнээр олгоно. Зээлээр шатахуун авснаар бусад хөнгөлөлт, урамшууллаас хасагдахгүй. Гэрээний гол зорилго нь авсан шатахууныхаа тооцоог хугацаанд нь төлүүлэхэд оршино” гэж заасан байх тул дараа үнийг нь төлөхөөр шатахуун худалдан авсан байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч С.Доржпаламын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,012 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2020/00586 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д  зааснаар” гэснийг ”Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч С.Доржпаламын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,012 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Н.ТУЯА

 

                               ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                  

                                                                                                      М.НЯМБАЯР