Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2020/00586

 

 

2020 оны 08 сарын 24 өдөр

  Дугаар 153/ШШ2020/00586

                  Жаргалант сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар .............аймгийн ..........сум .......ХХК -ийн нэхэмжлэлтэй, .................... тоотод оршин суух, ............овогт С-ын Д-д холбогдох 6,449,080 /зургаан саян дөрвөн зуун дөчин есэн мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  06 дугаар 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00550/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...С.Д нь Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Иргэний С.Д нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Г ХХК-ийн зам зуур шатахуун түгээх салбараас 100,000 төгрөгийн шатахууныг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 350,624 төгрөгийн шатахууныг, 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 690,900 төгрөгийн шатахууныг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 359,530 төгрөгийн шатахууныг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 391,452 төгрөгийн шатахууныг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 640,300 төгрөгийн шатахууныг, мөн өдөр 360,300 төгрөгийн шатахууныг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 293,506 төгрөгийн шатахууныг, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 704,330 төгрөгийн шатахууныг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 361,645 төгрөгийн шатахууныг тус тус зээлээр аваад нэг ч төгрөг төлөөгүй болно. Зээлийн гэрээний 2.2-д худалдан авагч энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд авсан өдрөөс хойш 15 хоногт буцаан төлөх ёстой. Гэрээний зорилго нь шатахууны төлбөрийг хугацаанд нь төлөхөд оршино. Мөн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлвэд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 05 хувиар алданги төлөхөөр заасан. Иймд С.Д-аас шатахууны үнэ 4,252,587 төгрөг, алданги 2,126,293 төгрөг, шүүхээр С.Д-ыг эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нийт 6,449,080 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...гэв.

Хариуцагч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г ХХК-ний шатахуун түгээх салбараас бензин зээлээр аваад явж байсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдсөн мөнгөө хасаад үлдэгдлийг нь төлөхийг зөвшөөрч байна. Алданги 2,126,293 төгрөгийн 50 хувийг төлнө...гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.Д гэдэг иргэнээс төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч ямар учиртай төгрөг гаргуулах тухайгаа тодорхой дурдаагүй. Мөн 1468 ГАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 9904ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С.Д-ын өөрийн эзэмшлийн нэг тээврийн хэрэгсэл бөгөөд дугаараа сольсон асуудал байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ ямар дугаартай тээврийн хэрэгсэл дээр авсан шатахууны үнэ нэхэмжлээд байгаагаа тодорхой тусгаагүй учраас хариуцагч талаас маргаад байгаа. 1468ГАҮ, улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 9904ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэг л тээврийн хэрэгсэл яваад шатахуун худалдаж авсан асуудал байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 560000 төгрөгийн төлөлтийг 1468ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр төлөгдсөн талаар тайлбарлаад байна. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь нэг л тээврийн хэрэгсэл тул төлөгдсөн гэсэн ойлголт юм. Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Д-аас 4.252.587 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтаар 161000 төгрөг, 150000 төгрөг, 560000 төгрөг, 160000 төгрөг, 380000 төгрөг нийт 1562000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2690587 төгрөгийг төлөх үнэслэлтэй. Түүнчлэн хариуцагч С.Д-ын зүгээс 2690587 төгрөг төлөхөөр байтал алданги 2126293 төгрөгийг төлөхөөр нэхэмжилсэнийг ойлгохгүй байна. Хэдийгээр гэрээ дээрээ алданги төлөхөөр заасан боловч 2126293 төгрөгийн алданги төлөхөөр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан заалт зөрчигдөж байна... Бид нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдсөн үнийн дүн болон алдангийг хуульд зааснаар хасуулаад үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГХХК нь С.Д-д холбогдуулан 6,449,080 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч өөрийн төлсөн төлбөрийг хасч үлдэгдэл мөнгийг төлнө гэх ба төлбөрийн хэмжээн дээр талууд маргана.

Хавтаст хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс шинжлэн судалж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч С.Д нарын хооронд 2019 оны 1 сарын 21-ний өдрийн №19-132 тоот гэрээ, мөн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн №19-187 тоот Зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээ байгуулджээ. Дээрх гэрээний дагуу хариуцагч С.Д нь 1468 ГАҮ болон 9904 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 2019.01.21-ний өдөр 695500 төгрөгийн, 2019.01.22-ны өдөр 380140 төгрөгийн, 2019.01.31-ний өдөр 636000 төгрөгийн, 2019.02.01-ний өдөр 387010 төгрөгийн, 2019.02.09-ний өдөр 448500 төгрөгийн, 2019.02.10-ны өдөр 100000 төгрөгийн,2019.02.15-ны өдөр 602700 төгрөгийн, 2019.02.16-ны өдөр 416780 төгрөгийн, 2019.02.19-ний өдөр 582500 төгрөгийн, 2019.02.28-ний өдөр 715300 төгрөгийн, 2019.03.01-ний өдөр 100000 төгрөгийн, 2019.03.03-ний өдөр 690900 төгрөгийн, 2019.03.04-ний өдөр 359530 төгрөгийн, 2019.03.18-ны өдөр 391452 төгрөгийн, 2019.09.06-ны өдөр 640300 төгрөгийн, мөн 2019.09.06-ны өдөр 360300 төгрөгийн, 2019.09.12-ны өдөр 293506 төгрөгийн, 2019.09.19-ний өдөр 704330 төгрөгийн, 2019.09.20-ны өдөр 361645 төгрөгийн буюу нийт 8866393 төгрөгийн шатахууныг нэхэмжлэгч Г ХХК-иас зээлээр авсан болох нь баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч С.Д нь шатахууны төлбөрт 2019.02.09-ний өдөр 161000 төгрөг, 2019.02.10-ны өдөр 100000 төгрөг, 2019.02.15-ны өдөр 602700 төгрөг, 2019.02.16-ны өдөр 391800 төгрөг, 2019.02.28-ны өдөр 300000 төгрөг / картаар 150000, бэлнээр 150000/, 2019.03.01-ний өдөр 100000 төгрөг, 2019.03.03-ны өдөр 560000 төгрөг нийт 2215500 төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн тайлбар болон 19-187 дугаартай гэрээний хавсралт 1-ээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь шатахууны үнэ болох 4252587 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч С.Д-ын авсан нийт шатахууны үнэ нь 8866393 төгрөг ба үүнээс хариуцагчийн төлсөн 2215500 төгрөгийг хасахад 6650893 төгрөг болж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын шатахууны үнэ болох 4252587 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь алданги болох 2126293 төгрөгийг нэхэмжилсэн ба талуудын хооронд байгуулагдсан Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний 2.2, 2.3-д зааснаар алданги төлөхөөр талууд тохиролцсон байна. Хариуцагч нь хамгийн сүүлийн төлбөрийг 2019 оны 3 сарын 3-ны өдөр хийсэн ба 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл гэрээ үйлчлэх хугацааг талууд харилцан тохиролцжээ. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 4252587 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 2126293 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч СД-ыг шүүхээр эрэн сурвалжилсан 70200 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсэний төлөө төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэж тодорхойлсон. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талын санаачилгаар хийдэг ба энэхүү зардлыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч С.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 117010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д   олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118,119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, зааснаар хариуцагч ............ овогт .......... Д -аас шатахууны үнэ 4,252,587 /дөрвөн сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуун ная долоо/ төгрөг, алданги 2,126,293 /хоёр сая нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөг, нийт 6.378.880 / зургаан сая гурван зуун далан найман төгрөг найман зуун наян/ төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас шүүхээр С.Д-ыг эрэн сурвалжилсэн 70,200 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч С.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 117010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ОТГОНЖАРГАЛ