Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 37

 

 

Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00502 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 1/60 байрны 46 тоотод оршин суух, Бөх боржигон овогт *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй, Монгол банкны Ховд салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Барьцааны эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “2014 онд Ч.Бат-Эрдэнийн өмчлөлийн газрыг Аюушийн Сайнбаяр итгэмжлэлээр авч Капитал банканд 3 жилийн хугацаатай барьцаанд тавьж зээл авсан. Банкны барьцаанд тавьсан 3 жилийн хугацаа дууссан учир Ч.Бат-Эрдэнийн эд хөрөнгийг банкнаас чөлөөлж авах нь зүйтэй гэж үзэж байна. Капитал банкны зээлийн барьцаанд байгаа Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 8414100430 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-1617001635 дугаартай, газар өмчлөх эрхийн 000205391 дугаарын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560,1 метр квадрат талбай бүхий газрыг Капитал банкны барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлттэй байна....3 жилийн хугацаанд барьцаанд тавьсан. Чимхүүгийн Бат-Эрдэнээс ******* олгосон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлийн хугацаа нь дууссан. Мөн шүүхийн шийдвэрээр барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэр гараагүй гэх үндэслэлээр Ч.Бат-Эрдэний газрыг чөлөөлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Аюуш овогтой Сайнбаяр нь Капитал банктай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ 2015/529 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3 жилийн хугацаатай 36,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зориулалтай зээлийг авсан. Уг зээлийг авахдаа Чинхүү овогтой Бат-Эрдэнийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 8414100430 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560,1 метр квадрат талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-141617001635 дугаартай, газар өмчлөх эрхийн 000205391 дугаарын гэрчилгээтэй газрыг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр А.Сайнбаярт олгосон байсан. Үүнийг Капитал банк нь зээлийн барьцаанд барьцаалж авсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан нь барьцаа хөрөнгө чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ2015/529 дугаартай зээлийн гэрээгээр жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй 36,000,000 төгрөгийг зээлдэгч Аюушийн Сайнбаяр нь хамтран зээлдэгч ******* хамт зээлж авсан....Капитал банк 2015 онд 38,995,974 төгрөгийн нэхэмжлэлийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Үүнээс 8 сарын хүү буюу 4,089,804 төгрөгийг хасаад 34,906,169 төгрөгөөр Капитал ХХК банк нь Аюуш овогтой Сайнбаяртай эвлэрч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 86 дугаартай эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан....Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн арван мянгатын 7 дугаар гудамжны 10 тоотод байрлах А.Сайнбаярын өөрийн өмчлөлийн 885,2 метр квадрат өмчлөх эрхтэй газар, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн арван мянгатын 7-10 тоотод байрлах 52,2 метр квадрат хувийн орон сууц мөн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 8414100430 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй Ч.Бат-Эрдэнийн өмчлөлийн 560,1 метр квадрат газар, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14-25 тоотод байрлах Цогт овогтой Цэдэвээгийн 752,6 560,1 метр квадрат талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаанд тавьж зээл авсан....2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн БГ2015/529 дугаартай Барьцааны гэрээгээр дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан....Ч.Бат-Эрдэнийн газар дээр барьцаалбар үйлдэгдээгүй. Харин барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа....2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А96 дугаар тоот тушаалаар Капитал банк ХХК-ийг татан буулгах тушаал гарсан. 1 жилийн хугацаатайгаар Адилбиш гэдэг хүнийг эрх хүлээн авагчаар томилсон. 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгчийн А-111 дугаартай тушаалаар Капитал банк ХХК-ийн татан буулгах ажиллагаа болон Капитал банкны эрх хүлээн авагчийг 6 сарын хугацаагаар сунгасан. Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчаар М.Адилбишийг улируулан томилсон байгаа М.Адилбиш буюу Капитал банкны эрх хүлээн авагч нь барьцаанд байгаа эд хөрөнгийг чөлөөлөх эрхтэй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00502 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол банкны Ховд салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдох, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай, 8414100430 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-1617001635 дугаартай, газар өмчлөх эрхийн 000205391 дугаарын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560,1 метр квадрат талбай бүхий газрыг Капитал банкны барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* нь Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн орон нутгийн ажилтан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймээс Капитал банк ХХК дахь банкны хүлээн авагч М.Адилбиш нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар шүүхэд төлөөлөх эрхтэй байна. Харин ******* нь Капитал банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийн орон нутгийн ажилтан болохоос тухайн Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бөгөөд тус иргэний хэргийн хариуцагч биш гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон. Монгол банкны Ховд салбарын Капитал банкны эрх хүлээн авагч гэх албан тушаал байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг  хангаагүй байна.

Тухайлбал, хэргийн 20 дугаар хуудаст авагдсан баримтаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Мягмарын Адилбиш байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахгүйгээр тухайн хэргийн жинхэнэ хариуцагч биш *******т нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

Хэргийн 21-23 дугаар хуудаст авагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байхад шүүх баримтыг авч хэрэгт хавсаргасан бөгөөд энэ нь хэргийн жинхэнэ хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгосон баримт бичиг биш юм.

Мөн шүүх уг баримтыг хэрхэн үнэлсэн, эсхүл үнэлээгүй болох нь тодорхойгүйгээр “*******ийг Капитал банкны эрх хүлээн авагчийн орон нутгийн ажилтан” болох нь түүний тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, Д.Эрдэнэдоржид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                                            С.ӨМИРБЕК

 

                                                                                                М.НЯМБАЯР