Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00502

 

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00502

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн .. байрны .. тоотод оршин суух, Бөх боржигон овогт Ч гийн Б //-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдоржийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Монгол банкны Ховд салбарын К-ид холбогдох, барьцааны эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай 153/2020/00456/и индекстэй иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Г.Эрдэнэхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2014 онд Ч.Бат-Эрдэнийн өмчлөлийн газрыг Аюушийн Сайнбаяр итгэмжлэлээр авч Капитал банканд 3 жилийн хугацаатай барьцаанд тавьж зээл авсан. Банкны барьцаанд тавьсан 3 жилийн хугацаа дууссан учир Ч.Бат-Эрдэнийн эд хөрөнгийг банкнаас чөлөөлж авах нь зүйтэй гэж үзэж байна. Капитал банкны зээлийн барьцаанд байгаа Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 8414100430 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-1617001635 дугаартай, газар өмчлөх эрхийн 000205391 дугаарын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560,1 метр квадрат талбай бүхий газрыг Капитал банкны барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлттэй байна....3 жилийн хугацаанд барьцаанд тавьсан. Чгийн Бэс Аюушийн Сайнбаярт олгосон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлийн хугацаа нь дууссан. Мөн шүүхийн шийдвэрээр барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэр гараагүй гэх үндэслэлээр Ч.Бат-Эрдэний газрыг чөлөөлүүлэх хүсэлттэй байна....Шүүхийн шийдвэрийн дагуу К барьцаа хөрөнгийг чөлөөлөх байх....гэв.

Хариуцагч Г.Эрдэнэхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Аюуш овогтой Сайнбаяр нь Капитал банктай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ 2015/529 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3 жилийн хугацаатай 36,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зориулалтай зээлийг авсан. Уг зээлийг авахдаа Чинхүү овогтой Бат-Эрдэнийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 8414100430 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560,1 метр квадрат талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-141617001635 дугаартай, газар өмчлөх эрхийн 000205391 дугаарын гэрчилгээтэй газрыг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр А.Сайнбаярт олгосон байсан. Үүнийг Капитал банк нь зээлийн барьцаанд барьцаалж авсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан нь барьцаа хөрөнгө чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ2015/529 дугаартай зээлийн гэрээгээр жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй 36,000,000 төгрөгийг зээлдэгч Аюушийн Сайнбаяр нь хамтран зээлдэгч Энхсайхан овогтой Ундармаагийн хамт зээлж авсан....Капитал банк 2015 онд 38,995,974 төгрөгийн нэхэмжлэлийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Үүнээс 8 сарын хүү буюу 4,089,804 төгрөгийг хасаад 34,906,169 төгрөгөөр Капитал ХХК банк нь Аюуш овогтой Сайнбаяртай эвлэрч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 86 дугаартай эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан....Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн арван мянгатын 7 дугаар гудамжны 10 тоотод байрлах А.Сайнбаярын өөрийн өмчлөлийн 885,2 метр квадрат өмчлөх эрхтэй газар, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн арван мянгатын 7-10 тоотод байрлах 52,2 метр квадрат хувийн орон сууц мөн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 8414100430 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй Ч.Бат-Эрдэнийн өмчлөлийн 560,1 метр квадрат газар, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14-25 тоотод байрлах Цогт овогтой Цэдэвээгийн 752,6 560,1 метр квадрат талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаанд тавьж зээл авсан....2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн БГ2015/529 дугаартай Барьцааны гэрээгээр дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан....Ч.Бат-Эрдэнийн газар дээр барьцаалбар үйлдэгдээгүй. Харин барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа....2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А96 дугаар тоот тушаалаар Капитал банк ХХК-ийг татан буулгах тушаал гарсан. 1 жилийн хугацаатайгаар Адилбиш гэдэг хүнийг эрх хүлээн авагчаар томилсон. 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгчийн А-111 дугаартай тушаалаар Капитал банк ХХК-ийн татан буулгах ажиллагаа болон Кийг 6 сарын хугацаагаар сунгасан. Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчаар М.Адилбишийг улируулан томилсон байгаа....М.Адилбиш буюу К нь барьцаанд байгаа эд хөрөнгийг чөлөөлөх эрхтэй....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдорж нь Монгол банкны Ховд салбарын Кид холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 8414100430 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-1617001635 дугаартай, газар өмчлөх эрхийн 000205391 дугаарын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560,1 метр квадрат талбай бүхий газрыг Капитал банкны барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдоржийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч Г.Эрдэнэхишиг нь шүүх хуралдаанд ....2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ2015/529 дугаартай зээлийн гэрээгээр жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй 36,000,000 төгрөгийг зээлдэгч Аюушийн Сайнбаяр нь хамтран зээлдэгч Энхсайхан овогтой Ундармаагийн хамт зээлж авсан....Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 8414100430 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй Ч.Бат-Эрдэнийн өмчлөлийн 560,1 метр квадрат газрыг барьцаанд тавьж зээл авсан....Зээлийн үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....М.Адилбиш буюу К нь барьцаанд байгаа эд хөрөнгийг чөлөөлөх эрхтэй.... гэж маргав.

Нэхэмжлэгч Ч.Б нь өөрийн өмчлөлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617001635 дугаартай Ховд аймгийн Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 560,1 м.кв талбай бүхий газрыг банкны барьцаанд тавих, мэдүүлэг гаргах, хүсэлт бичих, барьцаалбар бүртгүүлэх бүрэн эрхийг иргэн А.Сайнбаярт 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр олгожээ. Уг итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон байх ба итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 7 дугаар тал/

Иргэн А.Сайнбаяр, Э.Ундармаа нар нь Капитал банк ХХК-ийн Ховд салбарын Хишигт тооцооны төвтэй 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ЗГ2015/529 дугаартай зээлийн гэрээ байгуулан жижиг дунд бизнесийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, 36,000,000 төгрөгийг зээлсэн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Улмаар Капитал банк ХХК нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617001635 дугаартай Ховд аймгийн Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 560,1 м.кв талбай бүхий газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь хариуцагч Г.Эрдэнэхишигийн тайлбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасныг зөрчөөгүй байна.

Мөн дээрх гэрээг улсын бүртгэлд бүргүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж, маргаагүй болно.

Түүнчлэн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцон зээлдэгч А.Сайнбаяр нь зээл, зээлийн хүү, улсын тэмдэгтийн хураамж нийт 34,906,169 төгрөгийг Капитал банк ХХК-д төлөхөөр эвлэрсэн болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 86 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн хуулбараар нотлогдож байна. Уг шүүгчийн захирамжид тусгагдсан төлбөрөөс төлөлт хийгдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Д.Эрдэнэдорж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...итгэмжлэлийн хугацаа дууссан, ....барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэр гараагүй.... гэж тайлбарлах боловч үүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Монгол банкны Ховд салбарын К гэж тодорхойлжээ.

Г.Эрдэнэхишиг нь Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн орон нутгийн ажилтан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Капитал банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах арга хэмжээ, Капитал банкан дахь Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны хугацааг сунгаж, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 6 /зургаан/ сараар тогтоож, М.Адилбишийг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 6 /зургаан/ сарын хугацаатай улируулан томилсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 20 дугаар тал/

Иймээс Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар шүүхэд төлөөлөх эрхтэй байна.

Харин Г.Эрдэнэхишиг нь Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн орон нутгийн ажилтан болохоос тухайн Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бөгөөд тус иргэний хэргийн хариуцагч биш юм.

Түүнчлэн Монгол банкны Ховд салбарын К гэх албан тушаал байхгүй болно.

Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол банкны Ховд салбарын Кид холбогдох, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 8414100430 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-1617001635 дугаартай, газар өмчлөх эрхийн 000205391 дугаарын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560,1 метр квадрат талбай бүхий газрыг Капитал банкны барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцааны эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргах боломжтойг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэдоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол банкны Ховд салбарын Кид холбогдох, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай, 8414100430 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн Г-1617001635 дугаартай, газар өмчлөх эрхийн 000205391 дугаарын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 560,1 метр квадрат талбай бүхий газрыг Капитал банкны барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ