Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 142/шш2024/01667

 

 

 

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******, Чандмань төвийн 210 тоотод байрлах *******-ийн дампуурсанд тооцож, татах буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: ******-ийн Татварын өр төлбөр 66,310,688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хэрэг гүйцэтгэгч *******д /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь дампуурсанд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Улсын бүртгэлийн 2011004046 дугаар, 43688789 регистрийн дугаартай ******* нь 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хүнсний бөөний худалдаа, барилгын засвар, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1,000,00 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай компани 2013 оноос эхэлж барилгын засвар, нийтийн хоолны чиглэлийн үйл ажиллагаа явуулж ирсэн. *******-ийн үйл ажиллагаа 2016 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул *******-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл: Компани хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тэдгээрээс хамгийн их сөрөг үр нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэхэд гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж үйлчилгээ үзүүлэх гэрээний үнийг бага тогтоож алдагдал хүлээж ашиггүй ажилласан. Дээрх хүчин зүйл нь компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байхгүй байснаас бий болсон, мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон. Компанийн хөрөнгийн хэмжээ: 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар ******* нь 0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 0 төгрөгийн эргэлтийн хөрөнгө, нийт 0 төгрөгийн хөрөнгөтэй байна. Компанийн өр төлбөр, авлагын хэмжээ: Орхон аймгийн Татварын хэлтэст 2012-2019 оны хооронд үүссэн татварын өр хуримтлагдаж нийт 66,310,688.840 төгрөгийн татварын өртэй байна. Компанийн хөрөнгө болон өр төлбөрийг харьцуулан үзэхэд ******* нь өөрийн хөрөнгөгүй мөртлөө дээрх хэмжээний өр төлбөртэй байна. ******* нь бусдаас авах авлагагүй болно. ******* нь алдагдалтай ажилласантай холбогдуулан гэрээт байгууллагууд манай компаниас үйлчилгээ авахаа зогсоож гэрээгээ цуцалсан тул компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тул дахин хөрөнгөжүүлэхгүй байх саналтай байна. Мөн компани нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байгаа буюу компани өөрийн хөрөнгөгүй тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өсөх-Очир компанийг дампуурсанд тооцуулах татан буулгах тухай хүсэлтийг Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Өсөх-Очир компани нь 2006 оны 02 сард хүнсний бөөний худалдаа, барилгын засвар, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх чиглэлтэйгээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай нэг гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулж байсан. 2013 оноос эхлэн барилгын засвар нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 2016 оноос үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн гэж гүйцэтгэх удирдлагын зүгээс тайлбарладаг. Бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч хүнсний бараа болон тээвэр зуучлалын үнэ Дэлхий нийтийг хамарсан цар тахал зэрэг барилгын материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Компани хэд хэдэн хүчин зүйлээс буюу төлбөрийн чадваргүй болсон гэж үздэг, эдгээрээс хамгийн сөрөг нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон бараа үйлчилгээнд хүнсний бүтээгдэхүүний чанар хадгалалтад тооцоолол хийж чадаагүйгээс болж алдагдал хүлээсэн, үйлчилгээ үзүүлэх түүнээс гарах зардлын тооцооллыг огт хийгээгүй бичгээр гэрээ байгуулдаггүй, амаар үнийн дүн болон эдийн засгийн эргэлтийнхээ дүнг тооцоолдог. Удирдлагын арга барил буруу санхүүгийн сахилга батгүй хангалтгүй зэрэг энэ байдлаас болж төлбөрийн чадваргүй болсон гэж өөрсдийгөө тодорхойлж байгаа. 2021 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өнөөдрийн байдлаар Өсөх-Очир компани 0 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 0 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй мөн өөрийн хөрөнгөгүй Дампуурлын тухай хуульд заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар төлбөрийн чадваргүй болохыг тогтоолгож ажилласан. Мөн хөрөнгийн лавлагаа болон банканд харилцах данснаас мэдээллээр төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдож төлбөрийн чадваргүй болохыг нь зарлаж шүүхээс шийдвэрлэсэн. Ингэхэд Орхон аймгийн Татварын хэлтсээс 66,300,000 төгрөгийн өр төлбөртэй гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хуулийн дагуу хэрэг гүйцэтгэгч томилж зохих дүгнэлтүүдийг гаргасан. Нэхэмжлэгч болон хэрэг гүйцэтгэгчээс компанийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө болон хүсэлт ирүүлээгүй. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар хариуцагчийг татан буулгуулах хүсэлтийг хэрэг гүйцэтгэгч мөн шүүхэд ирүүлсэн. Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Өсөх-Очир компанийг дампуурсанд тооцож татан буулгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй. Итгэмжлэл 2021, 2023 онд Иргэний хуульд заасны дагуу төлөөлөх итгэмжлэл олгогдсон. Итгэмжлэл олгогдсон Өсөх-Очир компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нас барснаар энэ итгэмжлэл хүчингүй болно гэсэн ойлголт бол байхгүй. Энэ өртэй компанийг өв залгамжилж хүлээж авах өв залгамжлагч байхгүй. Тийм учраас энэ хүсэлт хэвээрээ үргэлжилнэ гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь *******-д холбогдуулан татварын өр төлбөр 66,310,688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: 4368789 тоот регистрийн дугаартай Өсөх очир ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийтдээ 20,431,414.6 төгрөгийн албан татвар төлсөн байна. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Өсөх очир" ХХК нь өнөөдрийн байдлаар 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 343,518.64 төгрөгийн, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 28,100 төгрөгийн, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 13,645,032.57 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 788,705.5 төгрөг, ахуйн нэгжийн орлогын албан татвараар 900,094.36 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 3,695,054.54 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 1,751,841.00 төгрөг, 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 21,109,091 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 193,490.91 төгрөг, 2016 оны хяналт шалгалтын актаар 17,318,181.8 төгрөг, 2018 оны ахуйн нэгжийн орлогын албан татвараар 398,400 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 5,923,845.18 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 83,467 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 125,199.67 төгрөг, 2019 оны цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвараар 6,666.67 төгрөгийн нийт 66,310,688.840 төгрөгийн албан татварын өртэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн хүсэлттэй холбоотой хүсэлт гарч ирж байна. Бид энэ хэрэгт нэхэмжлэгч байгууллагаар оролцож байгаа. Тэгэхээр Татварын ерөнхий хууль болон Иргэний хууль бусад энэ хуулиудад тодорхой зааснаар хариуцагч болох этгээд өнөөдөр нас барсан асуудал яригдах нь байна. Тэгэхээр нэхэмжлэлийн асуудал яаж шийдэгдэх вэ гэдэг асуудал байна. Үндэслэл бүхий асуудал гарч ирж байна. Хүсэлт гаргаж байгаа төлөөлөгч нас барсан буюу хуучин захирлынх нь хүсэлтийн дагуу итгэмжлэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ итгэмжлэл ямар түвшинд үнэлэгдэх вэ гэдгийг бид хэд бид анхаарах ёстой байх. Өв залгамжлалын асуудал хуулийн этгээдэд яригдана. Энэ шүүх хуралдааны процесс ажиллагаа маань цаашаа үргэлжлээд явахад хууль зүйн дагуу байж чадахааргүй үндэслэл байна. Өөрөөр хэлбэл дараагийн хууль ёсны өв залгамжлагч дараагийн хууль ёсны компанийг удирдан хариуцах албан хаагч бол хуулийн дагуу томилогдох эрх үүрэг нь эрх үүргийн талаасаа нээлттэй байгаа. Тэгэхээр анх хүсэлт гаргасан дампууръя гэсэн хүсэлт гаргаж байсан дарга захирал нь нас барсантай холбогдуулаад энэ дампууруулах хүсэлт нь цаашаагаа хэвийн үлдэх үү эдгээрийг эхлээд тодруулах нь зүйтэй байх гэж үзэж байна. Сая шууд баримт өгөөд надаас хүсэлттэй холбоотой тайлбар байна уу гэж асуугаагүй учраас би ийм тохиолдол хэлж байна. 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан юм байна. Тэгэхээр Татварын газрын зүгээс нэхэмжлэл гаргаад оролцоход компани татан буулгах, татвар төлөгч нас барснаараа татвар төлөх үүрэг дуусгавар болгох тухай хуульд тодорхой заалтууд байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ямар байдлаар шийдэгдэхэд тодорхой алдаа гарах уу гэдгийг тодруулъя. Өв залгамжлагч байхгүй гэдгийг нь хууль тогтоомжийн дагуу тогтоох хэрэгтэй. Шууд итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй гэдгээр байхгүй гэж шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэлгүй, энэ компани 66,300,000 төгрөгийн өртэй байгаа. Дараагийн үндсэн өв залгамжлагч дараагийн компанийг хэвийн үйл ажиллагаанд нь оруулаад явуулах боломжтой нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр өв залгамжлах хүртэл энэ ажиллагаа хойшлох шаардлагатай байх гэж үзээд байгаа. Хэрэг гүйцэтгэгчийн хэлснээр шийдвэрээ өөрчлүүлэх боломжгүй. Гэхдээ аливаа нэгэн шийдвэр гарснаар тэрний шийдвэрийн биелэлт хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг шийдвэрийг биелүүлэх эзэн этгээд байх ёстой. Тэгэхээр бид нар цаасан дээр дампуурсан гэдэг шийдвэртэй үлдээд Татварын тал дээр цааш явахаар энэ улсын бүртгэл дээр хэн хааж төлүүлэх вэ хэрвээ энэ акт дүгнэлтийг харах юм бол үндсэн хөрөнгө авлага гээд юмнууд харагдаж байдаг. Тэгэхээр энэ үүргийг хэн гүйцэтгэх юм бэ. Хэрэг гүйцэтгэгчийн хэл хэлсэн дээр тодруулаад энэ асуудал яригдаж байгаа. Хэрвээ энэ компанийг өв залгамжлуулах эрхээр хангахгүй тохиолдолд процессын алдаа гарах гээд байна. Мөн өв залгамжлах хугацаа нь яригдаад өв залгамжилбал зохих нэг жилийн хугацаандаа өв залгамжлагдаагүй бол хэрэг гүйцэтгэгчийн хэлсэн шүүхийн журмаар албадан татан буулгах үндэслэл нь бий болно. Өөрөөр хэлбэл бид нар шүүхэд эргээд хүсэлтээ өгнө, энэ компани өртэй байна, өв залгамжлагч тогтоогдохгүй байна, өв залгамжлах талийгаач ямар нэгэн байж хууль ёсны харилцан хамааралгүй этгээдүүд байж таарна, эд нар нь татгалзсан байна гэдгийг бид бүхэн нотлоод одоо өр цаашаагаа төлөгдөхгүй нь байна, компани цаашаа явахгүй нь байна. Ийм учраас шүүхийн журмаар татан буулгах үндэслэл нь яг хууль зүйн утгаараа бий болно гэв.

 

Хэрэг гүйцэтгэгч *******дын дүгнэлтэд: Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт: Санал байхгүй, тайлбар байна. Өнөөдөр энэ шүүх хуралдаанд хэлэлцэж байгаа үйл баримтаас компанийн үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нас барсан энийг тодорхойлсон дүгнэлтийг танилцуулж байна гэж ойлголоо. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маань өөрөө талийгаач Эрдэнэтунгалаг гэдэг хүнтэй холбоотойгоор биш Өсөх-Очир хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлбөрийн чадваргүй болсныг тогтоож бас дампуурсан тул татан буулгах хүсэлтэй агуулга байгаа. Өөрөөр хэлбэл бид өнөөдрийн шүүх хуралдаанд Өсөх-Очир хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх зүйн байдлыг шүүх хуралдаанаар тогтоогоод эрх зүйн чадварыг дуусгавар болгох эсэх асуудлыг хэлэлцэхээр байгаа. Тэгэхлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийг үүсгэн байгуулагч гишүүн нас барсан нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хойшлуулах, хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар дампууруулах эсвэл татан буулгах явцад нэг гишүүн үлдээгүй тохиолдолд шүүхийн журмаар албадан татан буулгадаг ийм зохицуулалт байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн төлбөрийн чадваргүйгээр тогтоогдсон, төлбөрийн чадваргүйг тогтоогоод нийтэд мэдээлсний дагуу татварын байгууллагад нэхэмжлэлээ гаргаад явуулсан, өнөөдөр компани өөрөө итгэмжлэл хугацаандаа байгаа бүрэн эрхт шүүх төлөөлөх эрхтэйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилоод явж байгаа энэ маргаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашаагаа үргэлжлээд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар *******-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлангуудад Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг танилцуулж байна. Өсөх очир ХХК нь Улсын бүртгэлийн 2011004046 дугаартай, 4368789 тоот регистртэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг, Уурхайчин, 3-р хороолол, Чандмань төвийн 210 тоотод байрлаж ажиллахаар 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1 гишүүнтэйгээр хүнсний бөөний худалдаа, нийтийн хоол, барилгын засвар эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. Өсөх очир ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2020 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2022 онуудын тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66,310,688.84 төгрөг болж өөрийн хөрөнгийн 176.4%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээгээр тус Өсөх очир ХХК нь 2018 оноос өөрийн хөрөнгийн 110.03%-тай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/Ш32022/01076 дугаар захирамжаар Өсөх очир ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Дүгнэлтийн 4-д нь хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөлийн үйл ажиллагааны талаар дүгнэлтүүдээ дурдсан байгаа. Дүгнэлтийн 6-д нь Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/Ш32022/00236 дугаартай захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар Өсөх очир ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банк дахь 407172559 тоот харилцах дансны үлдэгдэл 28,903.82 төгрөг байх бөгөөд өөр хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/Ш32022/01076 дугаар захирамжаар Өсөх очир ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны дотор буюу Дампуурлын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд ихэнх үзүүлэлтүүд онолын түвшингийн үзүүлэлтээс бага утгатай гарч байгаа нь Өсөх очир ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэсэн. Өсөх очир ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлтийг оруулсан байгаа. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Хүсэлт гаргагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Өсөх очир ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж хууль буюу гэрээнд заасан хугацаанд өр төлбөрөө төлөх боломжгүй болсон байх ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Өсөх очир" ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй түл мөн хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй байгаа. Уг саналаа дэмжиж байна гэв.

 

Хэрэгт хүсэлт гаргагчаас: *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2018 оны 04 дүгээр улирлын цахим тайлан, *******-ийн 2019 оны 04 дүгээр улирлын цахим тайлан, *******-ийн 2020 оны 04 дүгээр улирлын цахим тайланг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн 2011004046 дугаартай, 4368789 тоот регистрийн дугаартай Монгол банк, Ариг банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банкны Орхон салбар, Хас банкны Орхон салбар, Худалдаа хөгжлийн банкны Орхон салбар, Голомт банкны Орхон салбар, Капитал банкны Орхон салбар, Капитрон банкны Орхон салбар, Төрийн банкны Орхон салбаруудаас Өсөх очир ХХК-ийн харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, дансны үлдэгдлийн талаарх тодорхойлолт, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тус компанийн өмчлөлд газар болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, Авто тээврийн үндэсний төв болон Орхон аймгийн Авто тээврийн төвөөс компанийн өмчлөлд тээврийн хэрэгсэл байсан, байгаа эсэх талаарх лавлагааг, Орхон аймгийн Татварын хэлтсээс Өсөх очир ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, татварын улсын байцаагчийн акт тавигдсан эсэх талаарх лавлагаа, Гаалийн ерөнхий газраас Өсөх очир ХХК-ийн гаалийн бүрдүүлэлт авагдсан эсэх талаарх холбогдох баримт, Ашигт малтмал, газрын тосны газраас Өсөх очир ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаарх лавлагаа, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Өсөх очир ХХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх Өсөх-очир ХХК-ийн бусдаас авах авлагатай эсэх талаарх лавлагаа, Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс Өсөх очир ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан байна.

 

Нэхэмжлэгчээс: Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/05052 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2017/00210 дугаартай шүүгчийн захирамжийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч ******* нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд: *******-ийн үйл ажиллагаа 2016 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул *******-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Компани хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тэдгээрээс хамгийн их сөрөг үр нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэхэд гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж үйлчилгээ үзүүлэх гэрээний үнийг бага тогтоож алдагдал хүлээж ашиггүй ажилласан. Дээрх хүчин зүйл нь компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байхгүй байснаас бий болсон, мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон гэсэн.

 

3.Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 4368789 тоот регистрийн дугаартай Өсөх очир ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн, нийт 66,310,688.840 төгрөгийн албан татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

 

******* нь 1 үүсгэн байгуулагчтай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь хүнсний бөөний худалдаа, нийтийн хоол, барилгын засвар эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдан 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 2011004046 дугаар, 4368789 тоот регистерт бүртгүүлж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Баатарын Эрдэнэтунгалаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Баатарын Эрдэнэтунгалаг2024 оны 11 сарын 26-ны өдөр нас барсан болох нь нас барсаны бүртгэлйн 2024 оны 12-р сарын 12-ны өдрийн лавлагаагаар батлагдаж байна.

 

Шүүх *******-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2022/01076 дугаартай шүүгчийн захирамжаар *******-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар нэхэмжлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, үүний дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс татварын өр төлбөр 66,310,688.840 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүхээс Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоолгохоор хэрэг гүйцэтгэгчээр *******дыг томилсон ба хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргаж шүүхэд ирүүлж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар танилцсан байна. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 001/ХТ2023/00001 тогтоолоор Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-07-05-ны өдрийн 142/ШШ2022/00942 дугаартай шийдвэр,2022-09-29-ний өдрийн 207/МА 2022/00096 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. Дээрх тогтоолд Татварын өрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр Татварын ерөнхий хуулиар зохицуулсан бөгөөд ******* нь санхүүгийн чадамжтай,үйл ажиллагаа нь хэвийн явагдах хугацаанд татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй,улмаар үйл ажиллагаа нь зогссон гэх 2020 оны байдлаар мөнгөн хөрөнгө нь 97,178,000 төгрөг байсан нь Санхүүгийн тайлан шинжилгээ,хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдсон,энэ нь татварын өрийг барагдуулах боломжтой байтал төлөөгүй үндэслэл шалтгаан тодорхойгүй байхад 2022 оны байдлаар дансанд 28,903.82 төгрөг байгаа гэх үндэслэлээр компанийг төлбөрийн чадваргүй гэж дүгнэсэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт учир дутагдалтай,үндэслэл муутай байх ба шүүх энэ талаар тодруулаагүй байна гэжээ. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсний дараа Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023-03-21-ний өдрийн захирамжаар энэхүү дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр *******дыг томилсон байх бөгөөд Хэрэг гүйцэтгэгч 2024 оны 11 сарын 08-ны өдөр 05 дугаартай Дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2022 онуудын тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66,310,688.84 төгрөг болж өөрийн хөрөнгийн 176.4-тэй тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Төлбөрийн чадварын шинжилгээгээр ******* нь 2018 оноос өөрийн хөрөнгийн 110.03 %-тай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэж байна гэжээ. Түүнчлэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2022/01076 дугаар захирамжаар *******-г төлбөрийн чадваргүйд тооцсон ба шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. *******-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2022 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 оноос өмнө үүссэн байх ба 2017 онд 36,998,800 төгрөгийн 2018 онд 43,534,200 төгрөгийн,2019 онд 49,061,600 төгрөгийн,2020-2022 онд 66,310,688.84 төгрөгийн тус тус өр төлбөртэй ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон. Тус компанийн эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2017 оноос бүрэн алдагдсан, зохистой харьцаанаас 66.7 дахин бага үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь үүнийг нотолсон байна. Нөгөө талаар компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, 2020 оноос үйл ажллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 142/ШЗ2022/01076 дугаар захирамжаар *******-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны дотор буюу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дахь хэсэгт заасан хугацаанд Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд хандаж 66,310,688.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Хэрэг гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд ******* нь шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтдээ дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурлын хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж хууль буюу гэрээнд заасан хугацаанд өр төлбөрөө төлөх боломжгүй болсон байх ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс *******-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

6.Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу *******, хэрэг гүйцэтгэгчийн хэн алин нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө гэж зааснаар зохигчдын хэн аль нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш *******-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

7.Улмаар Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* нь 2018-2020 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна.

 

8.Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу хариуцагч *******-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

9.Хариуцагчийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.

 

10.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Орхон аймгийн татварын хэлтэс нь хариуцагч *******-д холбогдуулан татварын өр төлбөрт 66,310,688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба өмнө нь уг нэхэмжлэлийн шаардлагад орсон татварын өр төлбөр 59.875.036,8 төгрөг гаргуулах тухай Орхон аймгийн Татварын хэлтсийн *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д ...нэхэмжлэлд дурдсан үйл баримт...-ын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр,...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу...шүүгчийн захирамж байгаа... гэсэн үндэслэл тогтоогдож байх тул Орхон аймгийн Татварын хэлтсийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 59.875.036,8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д Татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй; гэснээр хуулиар тогтоосон татварыг төлөх үүрэгтэй байна. гэж заасан тул хариуцагч *******-с татварын өр төлбөр 6.435.652 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Татварын хэлтэст олгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Баатарын Эрдэнэтунгалаг 2024 оны 11 сарын 26-ны өдөр нас барсантай холбоотойгоор хуулийн этгээдийн эрх залгамжлагчыг тодорхой болгосны дараагаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн боловч Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц *******-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч *******дод шилжих тул хариуцагч *******-ийн захирал Б.Эрдэнэтунгалаг нас барснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болохгүй юм.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хүсэлт гаргагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан *******-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2.Татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар татварын өр төлбөр 6,435,652 төгрөгийг *******-аас гаргуулж Орхон аймгийн Татварын хэлтэст олгосугай.

 

3.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц *******-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч *******дод шилжүүлсүгэй.

 

4.Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч *******дын зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч *******дод хариуцуулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн *******-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 59875036,8 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН