Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

иргэдийн төлөөлөгч Б.Билгүүн,

улсын яллагч Н.Энхтуяа,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

хохирогч, иргэний хариуцагч П.Гантөмөр, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

хохирогч Д.Эрдэнэцэцэг,

хохирогч Ж.Болдбаатар, Д.Эрдэнэцэцэг нарын өмгөөлөгч Д.Алтантуяа

хохирогч П.Батдэлгэр, С.Батсүх, Д.Даваасүрэн, Г.Батсайхан, Д.Өнөрдорж, Г.Пүрэвдорж, О.Алтанбат, Б.Пүрэвсүрэн нарын өмгөөлөгч П.Батжаргал

шинжээч Л.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганхуягийн Баянжаргалд холбогдох эрүүгийн 201401050152 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Булгадар овгийн Ганхуягийн Баянжаргал, 1991 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үед “ФФФ” ХХК-д борлуулагч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 7 дугаар гудамжны 109 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй, регистрийн дугаар УХ91032399.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

  Шүүгдэгч Г.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны хугацаанд “ФФФ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа бараа бүтээгдэхүүн борлуулсны үнэ болох 101.686.400 төгрөгийг завшсан,

-Мөн компанид борлуулагчаар ажиллаж байхдаа компаниас дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх зорилгоор “ФФФ” ХХК-ний нэрийг ашиглаж, өмнө нь харилцаж байсан бараа захиалагч нарт бараа ховор байгаа, захиалгыг урьдчилан авч байгаа гэж, хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр болон Содон бөмбөгөр худалдааны төв, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв, Баянгол дүүргийн 6, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс зах, Орхон худалдааны төв, Хар хорин захын бараа захиалагч нар болох:

-Б.Сумъяагаас 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 3-ны хооронд 15.250.000 төгрөгийг,

-Д.Өнөрдоржоос 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр шоко нэртэй үрэл болон Паприка чипсний үнэ гэх 8.800.000 төгрөгийг,

-О.Алтанбатаас 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шоко нэртэй үрэл болон Паприка чипсний үнэ гэх 3.250.000 төгрөгийг,

-С.Батсүхээс 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шоко нэртэй үрэлний үнэ гэх 2.900.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Паприка чипсний үнэ гэх 771.500 төгрөг, нийт 2 удаагийн үйлдлээр 3.671.000 төгрөгийг,

-Д.Эрдэнэцэцэгээс 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шоко нэртэй үрэл болон Паприка чипсний үнэ гэх 2.650.000 төгрөгийг,

-А.Ганзоригоос 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шоко үрэл, оюутны хоолны үнэ гэх 3.430.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Паприка чипсний үнэ гэх 3.000.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шоко үрэлний үнэ 1.000.000 төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр 10.330.000 төгрөгийг,

-Д.Отгонбаяраас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шоко үрэлний үнэ гэх 2.900.000 төгрөгийг,

-Г.Эрдэнэбаатараас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шоко үрэлний үнэ гэх 1.450.000 төгрөгийг,

-Д.Даваасүрэнгээс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шоко үрэлний үнэ гэх 1.450.000 төгрөгийг, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Паприка чипсний үнэ гэх 1.800.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 2.743.000 төгрөгийг, нийт 3 удаагийн үйлдлээр 5.999.300 төгрөгийг,

-О.Мөнхбаяраас 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2.820.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.160.000 төгрөгийг, нийт 2 удаагийн үйлдлээр 3.980.000 төгрөгийг,

-П.Батдэлгэрээс 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шоко үрэл, оюутны хоолны үнэ гэх 8.160.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Паприка чипсний үнэ гэх 1.800.000 төгрөгийг, нийт 2 удаагийн үйлдлээр 9.960.000 төгрөгийг,

-Г.Батсайханаас 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шоко үрэл, Паприка чипс болон оюутны хоолны үнэ гэх 2.736.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр оюутны хоолны үнэ гэх 686.000 төгрөгийг, нийт 2 удаагийн үйлдлээр 3.422.000 төгрөгийг,

-Г.Пүрэвдоржоос 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шоко үрэл, Паприка чипс болон оюутны хоолны үнэ гэх 3.636.000 төгрөгийг,

-Э.Лхагваас 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 857.500 төгрөгийг,

-Б.Наранбаатараас 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1.715.000 төгрөгийг,

-Ж.Болдбаатараас 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шоко үрэлний үнэ гэх 3.000.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.250.000 төгрөгийг, нийт 3 удаагийн үйлдлээр 7.250.000 төгрөгийг,

-Б.Пүрэвсүрэнгээс 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шоко үрэл болон чипсний үнэ гэх 2.070.000 төгрөгийг,

-Г.Болдбаатараас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг, нийт 18 хохирогчоос 29 удаагийн үйлдлээр 90.190.800 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гэм буруугийн тал дээр маргахгүй. Хөрөнгө завшсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсгээр яллаж байгаа зүйл ангийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээр яллаж байгаа бусдаас авсан мөнгөнөөсөө компаний дансанд тушаасан, баримтууд нь хэрэгт авагдсан. Нийт хохирлоос хасч тооцож өгнө үү. Хохирогч нараас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байгаа…” гэв.

Хохирогч Д.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “ФФФ” ХХК-ний борлуулагч Г.Бд паприка чипс, шоко үрлэн чихэр захиалж 2.650.000 төгрөг өгсөн. Өмнө нь Г.Баас хоёр ч удаа мөнгөө түрүүлж өгч бараагаа захиалж авч байсан. Г.Б нь өмнө “Сийлк рөүд” ХХК-д ажилдаг байсан. Г.Б нь найдвартай сайн борлуулагч байсан. Тийм ч учраас би Г.Бд итгэдэг байсан. “ФФФ” ХХК-ний борлуулагч болсон гэж барааг нь бариад ирж байгаа болохоор Г.Быг тухайн компаний борлуулагч мөн гэж шууд итгэсэн. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай захын амардаг өдөр байсан. Тухайн өдөр би 1199 дугаартай лавлах утаснаас “ФФФ” ХХК-ний нягтлангийн дугаарыг асуухад надад суурин утасны дугаарыг өгсөн. Тэгээд тухайн дугаар руу залгаж нягтлантай нь ярьсан. Танай компаний борлуулагч Г.Б барааны захиалга гэж урьдчилж мөнгө авч байна. Та нар энэ талаараа мэдэж байгаа биздээ гэж асуухад надад тиймээ, Г.Б бүгдийг мэдэж байгаа, та санаа зоволтгүй, барааг тань ирэхээр өгнө гэж хэлсэн. Би “ФФФ” ХХК-наас хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч, иргэний хариуцагч П.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нийт 25.693.200 төгрөгийн хохирол компанид учруулсан. Харилцагч нарт бараа өгсөн гэж хуурамч падаан бичиж өгсөн. Дээрх мөнгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Уг мөнгийг авсан гэдгээ шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед надад шүүгдэгч нь “би 25.000.000 төгрөгийг авч завшсан. Манай ах халуун усны газар барих гээд би энэ мөнгийг хэрэглэсэн. Би эргээд төлнө” гэж  хэлсэн. Тэгээд ахтайгаа хамт ирээд гурвалсан  гэрээ хийсэн. Анх энэ мөнгийг би нэхэмжлээгүй байсан. Харин мөрдөн байцаалтын шатанд энэ бүгдийг шалгаж, хохирогчоор тогтоосон учраас одоо энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

Шинжээч Л.Алтанцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нь 3 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 342.000.000 төгрөгийн бараа зарж 316.000.000 төгрөгийг компанид төлж 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар компанид 25.693.200 төгрөг төлөхөөр байна... Бүгд бичиг баримттай. Шинжээчийн дүгнэлтийн хавсралт 1 дээр хураангуй, дэлгэрэнгүй гэж 2 байна. Хураангуй дээр нь барааны нэр, төрлөөр гаргасан. Дэлгэрэнгүй дээр баримтын дугаар, он сар, барааны тоо ширхэг, нэгжийн үнэ нь дэлгэрэнгүйгээр гарсан байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэн, яллагдагчаар: “...би ФФФ ХХК-д дансны өглөг авлагын зөрүү үлдэгдэлтэй байсан тэр дансны үлдэгдлээ тааруулахын тулд бөмбөгөр, содон худалдааны төвүүдийн лангуу түрээслэгч нараас урьдчилгаа мөнгө авсан юм...би өөртөө ашигласан...би Бөмбөгөр, Содон нарын лангуу түрээслэгч нараас авсан урьдчилгаа мөнгөний 80 орчим хувийг ФФФ ХХК-ий данс болон захирал Гантөмөрийн данс руу хийдэг байсан...би Баянаа орлого гээд шилжүүлдэг байсан...1хх-89-д ...зарим хүмүүст падан бичиж өгөөд зарим хүнд нь бичиж өгөлгүй хар дэвтэр дээр нь гарын үсэг зурж өгсөн.../яллагдагчаар Зхх-187/...Хичнээн бараа авснаа санахгүй байна. Нярав Цэрэндулам дээр байдаг болохоор нярвын дэвтэр дээр гарын үсэг зурж авдаг.Тэр дэвтэр нь нярав Цэрэндулам дээр ганц хувь байдаг...2013 оны 11, 12 дугаар саруудад шоко рошен бараа байгаагүй...харилцагч нар зээлээр бараа авдаггүй. Би харин урьдчилгаа мөнгийг нь авчихдаг .../Зхх-188/, би данс тооцоогоо тааруулахын тулд харилцагч нар зээл авсан гэж хуурамч баримт бичиг бүрдүүлдэг байсан. Компаний хувьд татварын шалгалтанд зориулаад хуурамч баримт үйлдсэн.../5хх-62-д/...өөрийн өрхийн хэрэглээний зардалд зарцуулсан байдаг, тухайн үедээ түрээсийн такси авсан байсан ба сүүлдээ хураалгасан. Ээжийн эмчилгээнд 45 хоногт нэг хагалгаанд ордог байсан 1 орохдоо 1 сая гаран төгрөг болдог байсан зэрэгт зарцуулсан. Яг одоо хэдэн төгрөг зарцуулсан талаар тодорхой мэдэхгүй байна.../5хх-119/, би 18 хүнээс авсан мөнгөний 20-30 хувийн мөнгийг өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан бусдыг нь тушаасан... Хохирогч нарт бараа нийлүүлээд мөнгөө аваагүй тохиолдол байхгүй.../5хх-164/. ...лангуу түрээслэгч нарт бараа борлуулж мөнгөө аваагүй тохиолдол байхгүй...” гэжээ /1-р хх-86/.

Хохирогч Б.Сумъяа мэдүүлэхдээ:  “...Би Сонгинохайрхан дүүргийн нутагт байдаг "ФФФ" ХХК-иас үрлэн чихэр авч борлуулдаг бөгөөд тэдний компаний борлуулагч Г.Б гэж хүн надад уг чихрийг авчирч нийлүүлдэг бөгөөд тэдний бараа цөөхөн тоогоор ирдэг болохоор борлуулагч нар нь эхэлж бид нараас өгөх барааныхаа үнийг урьдчилж аваад дараа нь бараагаа нийлүүлдэг байсан. Ингээд 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 3-ны өдөр хүртэл тус компанийн борлуулагч Баянжаргал 2013 оны 12 сарын сүүлээр бараа ирнэ тэгэхээр танайд бараа нийлүүлнэ гэж надад хэлээд 15.250.000 төгрөгийг авч явсан юм...Би Баянжаргалд 15.250.000 төгрөгийг хэд хэд хоногийн зайтай тасалж өгсөн бөгөөд Баянжаргалд мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй бэлнээр нь өгчихсөн, урьд нь баримт авъя гэхээр баримт дууссан гээд Баянжаргал өгдөггүй байсан. Тэгээд бараагаа авчраад өгчихдөг болохоор тэгж баримт үйлдэхгүй авчихдаг байсан. Нийт Баянжаргалаас урьд өмнө нь 5-аас дээш удаа бараа захиалж авч байсан бөгөөд хамгийн сүүлийнх нь мөнгийг ингээд өгөөд алга болчихлоо...энэ явдлаас хойш уг компани болон Баянжаргалаас авсан бараа болон мөнгө төгрөг гэж юу ч байхгүй..." гэжээ /1хх-220/.

Хохирогч Д.Өнөрдорж мэдүүлэхдээ:  “...ФФФ ХХК-ний борлуулагч Баянжаргал 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ирээд барааны мөнгө урьдчилан авч байгаа бараа 1 сар болоод ирнэ гэж хэлсэн тэгэхээр нь 100 граммтай шоко үрэл 200 хайрцаг, нэг хайрцган дотроо 20 ширхэг, 1 бүрийн үнэ 1450 төгрөг, Паприка чипс 50 хайрцаг, 1 хайрцагандаа 20 ширхэгтэй, 1 бүрийн үнэ 3000 төгрөгийн бараа захиалж, урьдчилгаа мөнгө нийт 8.800.000 төгрөг өгсөн. Надад падаан бичиж өгсөн...урьд нь урьдчилгаа мөнгө өгч захиалж байсан...удлаа гэхэд 1 сар болоод ирдэг байсан...” гэжээ /1хх-39/.

Хохирогч О.Алтанбат мэдүүлэхдээ:  “... 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ФФФ ХХК-ний борлуулагч Баянжаргал ирээд барааны захиалга авч байнаа урьдчилгаа мөнгө өгөх үү бараа 1 сарын дараа ирнэ гэхээр нь Паприка чипс 30 хайрцаг, 1 хайрцагтаа 20 ширхэг, 1 бүрийн үнэ 3.000 төгрөг, шоко үрэл 50 хайрцаг, 1 хайрцагтаа 20 ширхэг, 1 бүрийн үнэ 1450 төгрөгөөр захиалж, урьдчилгаа мөнгө 3.250.000 төгрөгийг өгсөн. Падан өгөөгүй дууссан гэж хэлсэн тэгэхээр нь дэвтэр дээрээ гарын үсэг зуруулж авсан...Би ФФФ ХХК-ний захирлаас мөнгөө нэхэмжилж байна..." гэжээ /1-р хх-45/.

Хохирогч С.Батсүх мэдүүлэхдээ: “... 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ФФФ ХХК-ний борлуулагч Баянжаргал удахгүй бараа ирэх гэж байна та бараа захиалах уу цөөхөн бараа ирэх тул урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүст л бараагаа тараана гэж хэлсэн. Тэгэхээр нь шоко үрэл 100 граммтайг 100 хайрцгийг 1 хайрцагтаа 20 ширхэг...2.900.000 төгрөг өгсөн... 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянжаргал дахин ирээд өөр бараа дахин ирж байгаа захиалах уу захиална гэвэл урьдчилгаа мөнгөө гэхээр нь "Паприка" чипс 10 хайрцаг, дотроо 20 ширхэг байдаг 1 ширхэгийн үнэ 3.000 төгрөгөөр, оюутны хоол 10 хайрцаг 1 хайрцаг дотроо 12 ширхэг, 1 ширхэгийн үнэ 2.450 төгрөгөөр бодож 771.500 төгрөг өгсөн...падаан бичиж өгөөч гэсэн чинь падаан дууссан гэж хэлэхээр нь хар дансны дэвтэр дээрээ мөнгө авсан тухай гарын үсгийг зуруулсан...би нийт 3.671.000 төгрөгийн хохиролтой. Энэ хохирлоо ФФФ ХХК-ний захирал Гантөмөрөөс нэхэмжилж байна...” гэжээ /1-р хх-23/.

Хохирогч Д.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: “...2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ФФФ ХХК-ны борлуулагч Баянжаргал ирээд барааны захиалга авч байна урьдчилгаа мөнгө өгөх үү гэхээр нь Шоко үрэл-1000 ширхэгийг нэг бүрийн үнэ 1450, паприка чипс-400 ширхэгийг нэг бүрийн үнэ 3000 төгрөгөөр бодож бараагаа захиалан нийт урьдчилгаа мөнгө 2 650 000 төгрөг өгсөн. Эдгээр барааг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирнэ гэж хэлсэн би бараа захиалсны дараагаар 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр лавлахаас ФФФ ХХК-ны утасны дугаарыг аваад /70181894/ утсаар яриад тэгтэл энэ утсыг эмэгтэй хүн авсан тэгэхээр нь би нягтлантай чинь ярья гэж хэлээд Баянжаргалд урьдчилгаа мөнгө авсан танайх барааны урьдчилгаа мөнгө авч байгаа юм уу гэж асуусан чинь Баянжаргал миний хажууд байна та өөрөө ярь гээд Баянжаргалд утсаа өгсөн. Тэгтэл Баянжаргал зүгээрээ та санаа зоволтгүй бараа ирэхээр өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш бараа, мөнгөө авч чадаагүй юм...падаан дууссан гэж хэлсэн тэгэхээр нь өөрийнхөө дэвтэр дээр Баянжаргалаар гарын үсгийг зуруулсан юм...Би хохирлоо ФФФ ХХК-ны захирал Гантөмөрөөс нэхэмжилж байна...” гэжээ /1-р хх-62/.

Хохирогч А.Ганзориг мэдүүлэхдээ:  “...Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Саруул худалдааны төвд 14 дугаартай павилоныг түрээслэж хүнсний бараа зардаг юм....Тэгсэн 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ажил дээр эдний компаний борлуулагч Баянжаргал ирээд манай компанийн бараа 2013 оны 12 сарын дундуур манайд ирнэ цөөхөн бараа ирж байгаа учраас урьдчилгаа мөнгө авч байна гээд 100 хайрцаг герман үрэлний 2.900.000 төгрөг, 100 хайрцаг оюутны хоолны 3.430.000 төгрөг аваад явсан. 2013 оны 12 сарын 10-ны өдөр дахиж ирээд 50 хайрцаг Паприка чипсний мөнгө 3.000.000 төгрөг, 2013 оны 12 сарын 12-ны өдөр 40 хайрцаг герман үрэлний мөнгө гэж 1.000.000 төгрөгийг тус тус аваад явсан. Гэтэл бараагаа нийлэхгүй удаад байхаар нь би борлуулагч руу утсаар асуухад байнга шалтаг хэлээд байсан...Тэгсэн бөмбөгөр худалдааны төвийн 10 гаруй лангуунд бас ийм асуудал үүсээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл өгсөн байгаа юм байна лээ...Би баримт аваагүй, зүгээр л мөнгийг итгээд өгөөд явуулсан. Угаасаа л гурван жил хамтран ажиллахдаа баримт үйлддэггүй байсан...” гэжээ /1-р хх-201/.

Хохирогч Д.Отгонбаяр мэдүүлэхдээ: “... 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ФФФ ХХК-ийн борлуулагч Баянжаргал ирээд захиалга авч байна урьдчилгаа мөнгө өгөх үү бараа 1 сар болоод ирнэ гэж хэлсэн тэгэхээр нь 100 хайрцаг шоко үрэл...2.900.000 төгрөгийг өгсөн юм. Падаан нэхсэн чинь падаан дууссан хэд хоногоос өгье гэж хэлээд алга болсон...урьд өмнө нь ФФФ ХХК-иас урьдчилгаа мөнгө авч бараа захиалж авдаг байсан...” гэжээ /1р хх-42/.

Хохирогч Г.Эрдэнэбаатар  мэдүүлэхдээ: “... 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ФФФ ХХК-ийн борлуулагч Баянжаргал ирээд бараа захиалга авч байна урьдчилгаа мөнгө гэхээр нь 50 хайрцаг шоко үрэл, нэг бүрийг нь 1450 төгрөгөөр бодож 1.450.000 төгрөгийг өгсөн...Баянжаргал надаас 50 хайрцаг үрэлний мөнгө авахдаа 50 хайрцаг үрэлнийхээ падааныг надад бичээд өгсөн байсан юм...урьд өмнө урьдчилгаа мөнгө өгөөд бараа захиалж авч байсан... гэжээ /1-р хх-54/.

Хохирогч Д.Даваасүрэн мэдүүлэхдээ: "... 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ...би өөрөө 50 хайрцаг шоко үрэл авахаар урьдчилгаа мөнгө 1.450.000 төгрөг Баянжаргалд өгсөн падаан нэхсэн чинь Баатараа та хоёр нийлж авч байгаа юм чинь 100 ширхэгийн падаан Баатараад бичээд өгчихье гэж хэлсэн... 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр чипс ирээд байгаа авах уу авна гэвэл урьдчилгаа мөнгө өг гэж хэлсэн ...урьдчилгаа мөнгө 1.800.000 төгрөгийг өгсөн чипсэн дээр падаан бичиж өгсөн, үүний дараа 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр оюутны хоол ирж байгаа гэхээр нь...10 хайрцгийг захиалж 343 000 төгрөг, дахин нэмж паприка чипс захиалж 2.400.000 төгрөг өгсөн...өмнө захиалсан барааны үнэтэй нийлээд 5.999.300 төгрөгийн хохирол учраад байна. Оюутны хоол чипс хоёр дээр падаан бичиж өгсөн...” гэжээ /1-р хх-30/.

Хохирогч О.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дээр 1-30 тоот хүнсний павилонд худалдаа эрхэлдэг юм... “ФФФ” ХХК-аас Герман улсад үйлдвэрлэсэн үзэмтэй үрлэн чихэр авч борлуулдаг бөгөөд уг компаний борлуулагч Г.Б гэж хүнтэй харьцаж түүнээс бараа бүтээгдэхүүнийг нь авч борлуулдаг байсан... 2013 оны 11 сарын 23-ны өдөр ирээд манай бараа 2013 оны 12 сарын 20-нд ирнэ тэгээд манайх хүмүүсээс урьдчилгаа захиалга авч мөнгийг нь авч явна та хичнээн төгрөгийн бараа авах юм гэсэн. Би Баянжаргалаас ер нь урьд өмнө байнга ингэж бараа авдаг байсан... бөгөөд надаас нийт 4 удаа урьдчилгаа гэж мөнгө аваад бараагаа сүүлд нь нийлүүлж байсан болохоор би түүнд нь итгээд тэр өдөр 2.820.000 төгрөгийг өгсөн... 2013 оны 12 сарын 20-ны өдөр байхаа Баянжаргал нь ирээд манай бараа 2 хоногийн дараа ирнэ та нэмээд захиалга хийх бол мөнгөө одоо урьдчилаад өг гэхээр нь би урьд өгсөн мөнгөн дээрээ нэмж 1.160.000 төгрөгийг өгөөд нийт 3.980.000 төгрөгийг Баянжаргалд бэлнээр нь тоолж өгсөн. Баянжаргалд би мөнгө өгөхдөө өгсөн авсан ямар нэг баримт үйлдээгүй урьд нь бас баримт авъя гэхээр баримт дууссан гээд өгдөггүй байсан бөгөөд ер нь баримт үйлдэхгүй өгөөд аваад сурчихсан болохоор нэг их юм бодоогүй өгчихсөн...” гэжээ /1-р хх-218/.

Хохирогч П.Батдэлгэр мэдүүлэхдээ:  “... 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ФФФ ХХК-ийн борлуулагч Баянжаргал гэх хүн ирээд бараагаа захиалах уу гэсэн тэгэхээр нь шоко үрэл 240 хайрцаг...оюутны хоол 50 хайрцаг...эдгээр барааны урьдчилгаа мөнгө 8.160.000 төгрөгийг өгсөн... 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирээд паприка чипсний урьдчилгаа мөнгө гэж 1.800.000 төгрөг аваад явсан... шоко үрэл, оюутны хоол дээр падаан бичиж өгсөн, чипсэн дээр падаан бичүүлж аваагүй учир нь би лангуун дээрээ олон хүнтэй байсан учраас амжаагүй...надад нийт 9.960.000 төгрөгийн хохирол учраад байна…” гэжээ /1-р хх-20/.

Хохирогч Г.Батсайхан мэдүүлэхдээ: “... 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Баянжаргал ирээд барааны захиалга авч байна урьдчилж мөнгө өгөх хэрэгтэй байна аа гэж хэлсэн. Тэгэхээр нь шоко үрэл 50 хайрцаг...оюутны хоол 20 хайрцаг..паприка чипс 10 хайрцаг...нийт урьдчилгаа мөнгө гэж 2.736.000 төгрөг өгсөн...үүний дараа 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр оюутны хоол захиалсан 20 хайрцаг... 686.000 төгрөг өгсөн нийт 3.422.000 төгрөг өгсөн юм...падаан бичиж өгөөгүй дууссан гэж хэлсэн хар дэвтэр дээрээ бичүүлж авсан...” /1-р хх-34/.

Хохирогч Г.Пүрэвдорж мэдүүлэхдээ: “... 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ФФФ” ХХК-ийн борлуулагч Баянжаргал ирээд бараа захиалга авч байна урьдчилгаа мөнгө өгөх үү гэхээр нь оюутны хоол 20 хайрцаг... "Паприка" чипс 15 хайрцаг... 50 хайрцаг шоко үрэл...нийт урьдчилгаа 3.636.000 төгрөг өгсөн...урьд өмнө нь урьдчилгаа мөнгө өгч бараа захиалж авдаг байсан...падаан дууссан гэж хэлсэн тэгэхээр нь дэвтэр дээрээ гарын үсэг зуруулж авсан юм...” гэжээ /1-р хх-50/.  

Хохирогч Э.Лхагва мэдүүлэхдээ: “...Миний бие Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төвийн 04 тоот лангууг түрээслэн хүнсний худалдаа эрхэлдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нутагт байдаг “ФФФ” ХХК-аас Герман улсад үйлдвэрлэсэн үзэмтэй үрлэн чихэр авч борлуулдаг бөгөөд уг компаний борлуулагч Г.Б гэж хүн надтай харьцаж борлуулалт хийдэг байсан. 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянжаргал нь над дээр ирээд бараа удахгүй бууна барааны урьдчилгаа мөнгө авч явна та хэдэн төгрөгийн бараа захиалах юм гэхээр нь би 857.500 төгрөгийг түүнд өгч бараа захиалсан юм. Ер нь Баянжаргал нь бараагаа өгөхөөсөө өмнө урьдчилгаа мөнгөө авч яваад дараа нь бараагаа авчирч өгдөг байсан бөгөөд мөнгө авсан тухайн баримт падаан үйлдэж өгч авдаг байсан хамгийн сүүлд ч гэсэн баримт надад Баянжаргал бичиж өгсөн тэр нь надад байгаа. Баянжаргал надаас мөнгө авч явахдаа бараа нь удахгүй ирнэ гэж байсан...” гэжээ /1-р хх-226/.

Хохирогч Б.Наранбаатар мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-1 зах дээр Ц-14 дугаартай лангуу түрээслэн хүнсний бүтээгдэхүүн зардаг... "ФФФ" ХХК-ны Герман улсаас оруулж ирдэг үзэмтэй үрлэн чихэр авч борлуулдаг бөгөөд уг компаний борлуулагч Г.Б гэж хүн надад бараа авчирч өгдөг. Ингээд хамгийн сүүлд 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянжаргал над дээр ирээд манай бараа 2013 оны 12 дугаар сарын 20-ны дотор ирэх гэж байгаа компаний барааныхаа мөнгийг урьдчилж аваад гаалийн төлбөр болон гадаад худалдааны төлбөр тооцоо хийх гэж байгаа тул барааныхаа мөнгийг урьдчилж авч байгаа бараа авахаар бол урьдчилаад мөнгөө өг гэхээр нь би түүнд 1.715.000 төгрөгийг өгсөн...би Баянжаргалд мөнгө байнга урьдчилан өгдөг байсан түүнтэй харьцаад жил болж байна...Баянжаргал барааг минь авчраад өгчихдөг байсан болохоор түүнд итгэдэг байсан...урьдчилгаа мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй...” гэжээ /1-р хх-228/.

Хохирогч Ж.Болдбаатар мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх Барс-1 захын Е-1-а тоот лангууг түрээслэн хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг юм. Би “ФФФ” ХХК-ний борлуулагч Баянжаргал гэж залуутай харьцаж түүнээс Герман улсад үйлдвэрлэсэн ууттай үзэмтэй үрлэн чихэр болон оюутны хоол гэх мэт хүнсний бүтээгдэхүүн авч худалдан борлуулаад 2 жил болсон бөгөөд мөнгө төгрөгөө өгөлцөж авалцаад зүгээр л яваад байсан юм ...2013 оны 12 сарын 10-ны өдөр Баянжаргал нь урд өмнөх шиг ирдгээрээ ирээд бараа удахгүй ирэх гэж байгаа ...гэж хэлээд тэр өдөр 3 сая төгрөг бэлнээр авсан маргааш нь ахин ирээд 3 сая төгрөг 15-ны өдөр мөн ирээд 1.250.000 төгрөгийг авсан бөгөөд нийт 7.250.000 төгрөгийг надаас авч явсан ...Баянжаргал нь надаас мөнгө авахдаа ямар нэгэн баримт үйлдэж өгөөгүй урьд өмнө ч гэсэн ингээд л бэлнээр нь авч яваад дараа нь бараагаа авчраад өгчихдөг болохоор итгээд өгчихсөн юм....Надад нийт 7.250.000 төгрөгийн хохирол учирсан...” гэжээ /1-р хх-222/.

Хохирогч Б.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: “...Би содон худалдааны төвийн лангуу түрээслэгч...Баянжаргалд 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 600 ширхэг шоко үрэл захиалж 870.000 төгрөг өгсөн мөн өдрөө паприка чипс 40 ширхэгийг захиалж 1.200.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 2.070.000 төгрөг болсон...би урьд өмнө нь урьдчилгаа мөнгө өгч байсан...падаан байхгүй нэхсэн чинь дууссан гэсэн тэгэхээр нь би хар дэвтэр дээрээ хүлээж авлаа гэж гарын үсэг зуруулж авсан...” гэжээ /1-р хх-58/.

Хохирогч Г.Болдбаатар мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байх Орхон худалдааны төвийн 36-р лангууг түрээслэн наймаа эрхэлдэг юм. Тэгээд “ФФФ”-ний борлуулагч Баянжаргал гэж залуутай харьцаж түүнээс Герман улсад үйлдвэрлэсэн ууттай үзэмтэй үрэл чихэр болон оюутны хоол гэх мэт хүнсний бүтээгдэхүүн авч худалдан борлуулдаг байсан юм.Баянжаргал нь урьдчилж ирээд барааныхаа мөнгийг аваад явна ингээд хэсэг хугацааны дараа бараагаа авчирч өгдөг байсан ийм маягаар наймаа хийгээд 2 жил гаран болсон юм. Тэгсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянжаргал нь над дээр ирээд манай компаний бараа маргааш буух гэж байгаа манай компани барааныхаа захиалгын мөнгийг урьдчилж авч байна та мөнгөө одоо урьдчилж өгөх хэрэгтэй тэгэхгүй бол ирсэн бараа нь дуусаад танд хүрэхгүй шүү гэхээр нь би түүнд бэлэн 3.000.000 төгрөгийг тоолж өгсөн Баянжаргал нь надаас мөнгө аваад ямар нэгэн баримт падаан өгөлгүй аваад явсан... урьд өмнө ингээд мөнгөө бэлнээр нь өгөөд бараагаа дараа нь авчихдаг байсан болохоор итгээд л түүнд шууд мөнгөө өгчихсөн...” гэжээ /1хх-226/.

П.Гантөмөр хохирогчоор мэдүүлэхдээ:  “...Одоогоор манай байгууллагад 25.693.200 төгрөгийн хохирол учирсан байна. Мөн манай байгууллагад хөндлөнгийн "Сэц түшиг Аудит" ХХК-иар 1.000.000 төгрөгөөр хийлгэсэн зардлаа гэм буруутай этгээдээс гаргуулж авмаар байна...” гэжээ /3-р хх-74/.

Гэрч Ц.Цэнддоо мэдүүлэхдээ:  “...Би энэ хэргийн талаар 2013 оны 12 дугаар сард л мэдсэн “ФФФ” ХХК-ний захирал Гантөмөр намайг дуудаж энэ тухай хэлсэн юм. Энэ хэргийнхээ талаар Баянжаргал надад хэлэхдээ миний эмчилгээний зардалд зарцуулсан гэж хэлсэн. Миний эмчилгээний зардалд ойролцоогоор 7-8 сая төгрөг орсон. Энэ мөнгийг Баянжаргал өгсөн...” гэжээ /1-р хх-64/.

Гэрч Э.Энхзаяа мэдүүлэхдээ: “...Манай падаан 3 хувь байдаг эх хувь нь цагаан өнгөтэй, дунд талынх нь хувь нь цэнхэр өнгөтэй. Худалдан авагчид үлдэх арын буюу 3 дахь хувь нь ягаан өнгөтэй байна. Баянжаргалаас Даваасүрэн гэх хүнд бичиж өгсөн падаан нь ягаан өнгөтэй байна. Харин энэ дугаартай падааныхаа эх хувийг компанид өгсөн боловч Даваасүрэн биш харин Барс захын лангуу түрээслэгч Болд гэх хүнд падааныг бичиж өгсөн байсан. Үүнээс үзэхэд Баянжаргал падаан бичихээсээ өмнө худалдан авагчид өгөх ягаан падааныг өөртөө авч үлдээд тэрхүү ягаан өнгийн падаан дээр Даваасүрэн гэх хүнд бичиж өгсөн юм шиг байна...учир нь дугаар нь хороор гарсан хэрнээ барааны нэр дүнг балаар бичсэн байна... 13021110 дугаартай падааныг хүлээлгэн өгсөн 2013 оны 12 сарын эхээр тулгалт хийхэд Баянжаргал энэхүү падааныг алга болсон гэж хэлсэн юм...1хх-68-д захирал Гантөмөр 2013 оны 11 дүгээр сарын 01-11,12-ны хооронд солонгос улс руу явсан байсан тул энэ хооронд борлуулалтын орлого, авлагуудыг тооцооны нягтлан бодогч Батсугирын дансанд хийж байсан...” гэжээ /1-р хх-67/.

Гэрч М.Батсугир мэдүүлэхдээ: “...оюутны хоолыг 2013 оны 10 дугаар сард л авсан 2013 оны 11, 12 дугаар саруудад захиалга аваагүй харин паприка чипс, шоко үрэл байнга орж ирдэг...” гэжээ /1-р хх-69/.

Гэрч М.Очирпүрэв мэдүүлэхдээ: “...Баянжаргал эдгээр худалдааны төвүүдээс мөнгө аваад л гараад ирдэг байсан ямар учиртай мөнгө болох талаар нь асуухаар авлагаа авсан юм аа гэж хэлдэг байсан. Энэ авсан мөнгөө оройдоо худалдаа хөгжлийн банк орж тушаадаг байсан хэний данс руу хэдэн төгрөг хааш нь тушааж байгааг би мэддэггүй байсан…” гэжээ /1-р хх-78/.

Гэрч Ч.Цэрэндулам мэдүүлэхдээ:  “...Барааг өглөө авч гарахдаа бараануудаа бүртгэдэг хар дэвтэр гэж байгаа...ажилд орсон үеэсээ эхэлж хөтөлж байгаа.Тэр дэвтэр дээр 2013 оны борлуулагчийн тэмдэглэл байгаа... Авч гарах болгондоо тэмдэглүүлээд гарын үсэг зуруулдаг байсан. Уг дэвтэр нь миний өөрийн санхүүгийн нярвын бүртгэл байгаа юм аа...Орой орж ирсэн үлдэгдэл бараагаа орой болгон тоолдог...падаан байгаагүй.../5хх-118/. ...барааны мөнгийг борлуулагч нар өөрсдөө хадгалж байгаад нягтлантайгаа 7 хоногт эсвэл сардаа нэг удаа тулж тооцоогоо нийлдэг байсан байхаа...” гэжээ /4-р хх-29/.

Худалдаа хөгжлийн банкин дахь Г.Бын 471003756 тоот төгрөгийн харилцах дансны 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хуулгаар 2013 оны 7 сарын 6-ны өдрөөс 2016 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 58.445.000 төгрөгийн орлого /уг орлогод "ФФФ" компаниас Г.Бд өгсөн цалингийн тооцоог оруулаагүй болно/ орсон байна…” гэжээ /1-р хх184-188/.

Хас банкин дахь Г.Бын 1720000124 дугаартай зээлийн дансаар 2013 оны 9 сарын 12-ны байдлаар 6.589.953.90 төгрөгийн зээл төлсөн дансны хуулга /4-р хх-137/.

Худалдаа хөгжлийн банкин дахь П.Гантөмөрийн 471003261 дугаартай дансны 2013 оны 11 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулгаар "Баянаагаас орлого" нэрээр 38.409.840 төгрөг орсон депозит дансны харилцагчийн монгол хуулга /1-р хх166-167/.

Худалдаа хөгжлийн банкин дахь М.Батсугирын 471004237 дугаартай дансны 2013 оны 11 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулгаар "Баянаагаас орлого" нэрээр 27.823.000 төгрөг орсон депозит дансны харилцагчийн монгол хуулга /1-р хх183/.

“ФФФ” ХХК-ний борлуулагч Б.Баянжаргалын ажлын байрны тодорхойлолт, 2013 оны 04 сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, мөн өдрийн ажилд авах тухай "ффф" ХХК-ийн захирлын 13/02 тоот тушаал, хавсралтын хамт /1-р хх131-138/.

Ч.Цэрэндуламын гаргаж өгсөн хар дэвтрийн хуулбар баримтаар 10 сарын 10,15,31, 11 сарын 22, 12 сарын 4,6-ны өдрүүдэд Г.Б гарын үсэг зурж бараа хүлээн авсан байна /4-р хх27-34/.

“ФФФ” ХХК зарлагын падаан, нийт дүн 8 800 000 төгрөг гэх баримт /1-р хх-41/.

Цаасан дээр гараар бичигдсэн Баянаа гэх гарын үсэг бүхий баримт /1-р хх48/.

Цаасан дээр гараар бичигдсэн Баянаа гэх гарын үсэг 2 удаа зурагдсан баримт /1-р хх26-27/.

Цаасан дээр гараар бичигдсэн Баянаа гэх гарын үсэг 1 удаа зурагдсан баримт /1-р хх63/.

"Мөнх аяст ХХК-ийн тамгатай, ФФФ урьдчилгаа 1 450 000 төг Баянаа гэсэн гарын үсэг бүхий зарлагын баримт /1-р хх-57/.

“ФФФ” ХХК-ийн 2 ширхэг Баянаа гэсэн гарын үсэг бүхий зарлагын падаан /1-р хх32-33/.

8.160.000 төгрөгийн дүнтэй Баянаа гэх гарын үсэг бүхий “ФФФ” ХХК-ийн зарлагын падаан /1-р хх-22/.

Баянаа гэх гарын үсэг 2 удаа зурсан нийт 3.422.000 төгрөгийн бичгэн баримт /1-р хх-37/.

Баянаа гэх гарын үсэг 2 удаа зурагдсан бичгэн баримт /1-р хх52-53/.

Баянаа гэх гарын үсэгтэй гар бичмэлийн хуулбар хувь баримт /1-р хх-60/.  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 168 тоот шинжээчийн дүгнэлт /3-р хх51-54/.

"Улиастай ван аудит" ХХК-ний аудитын тайлан /5-р хх23-28/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 169  дүгээр дүгнэлт:

“1. Г.Б “ФФФ” ХХК-ний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 25 нэр төрлийн 232.409 ширхэг 342.274.466 төгрөгийн бараа борлуулж, компанид 316.581.266 төгрөгийг ХХБ-ны 471002236, 471002295, 471003261, 471004237 тоот данснууд болон компаний кассанд бэлнээр тушаасан байна.

2. Г.Б нь 2013.3.18-наас 2013.12.28-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа 342.274.466 төгрөгийн бараа борлуулж, компаний ХХБ-ны 471002236 тоот дансанд 556.700 төгрөг, компаний ХХБ-ны 471002295 тоот дансанд 2.215.360 төгрөг, П.Гантөмөрийн ХХБ-ны 471003261 тоот дансанд 274.164.280 төгрөг, М.Батсугирын ХХБ-ны 471004237 тоот дансанд 27.823.000 төгрөг, компаний дансанд 11.821.926 төгрөг, нийт 316.581.266 төгрөгийг тушаасан байна.

3. Г.Б нь “ФФФ” ХХК-нд 25.693.200 төгрөг төлөхөөр байна.

4. Шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 168 дугаар дүгнэлт болон Улиастай ван аудит ХХК-ний 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

5. Шинжээчийн дүгнэлтээр Г.Б болон “ФФФ” ХХК-ний хоорондын тооцоог хийсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий 18 хохирогч болон Г.Бын хоорондын тооцоо нь шинжээчийн дүгнэлтэнд хамаарахгүй болно…” гэжээ /5-р хх 30-33/.

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх80/.

Шүүгдэгч Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 123/ зэргийг шинжлэн судлалаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Прокуророос шүүгдэгч Г.Быг 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны хугацаанд “ФФФ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа бараа бүтээгдэхүүн борлуулсны үнэ болох 101.686.400 төгрөгийг завшсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хохирлын хэмжээг 25.693.200 төгрөг гэж зөвтгөн өөрчлөв.

Учир нь прокуророос Г.Быг 101.686.400 төгрөгийг “ФФФ” ХХК-иас завшсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож ирүүлсэн боловч энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Харин 25.693.200 төгрөгийг завшсан болох нь хохирогч П.Гантөмөрийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 169  дүгээр дүгнэлт болон холбогдох бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан дээрх гэмт хэрэг нь 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны хугацаанд үйлдэгдсэн бөгөөд 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 25.693.200 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулан хохирогч П.Гантөмөрт олгуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн  шүүгдэгч Г.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны хугацаанд “ФФФ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа компаниас дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх зорилгоор “ФФФ” ХХК-ний нэрийг ашиглаж, өмнө нь харилцаж байсан бараа захиалагч нарт бараа ховор байгаа, захиалгыг урьдчилан авч байгаа гэж, хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр болон Содон бөмбөгөр худалдааны төв, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв, Баянгол дүүргийн 6, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс зах, Орхон худалдааны төв, Хар хорин захын бараа захиалагч нар болох нийт 18 хохирогчоос 29 удаагийн үйлдлээр 90.190.800 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг хүлээн авч, хянах үед 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Шүүгдэгч Г.Бын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, итгэл эвдэх аргаар авсан гэмт хэрэг нь “эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай, онц хүнд” хэрэг бөгөөд харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан бөгөөд тухайн зүйл хэсэгт оногдуулах ялыг “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар” тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд прокуророос шүүгдэгч Г.Бын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэх үндэслэлтэй байна.

            Ингэхдээ түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Баас нийт  90.190.800 төгрөгийг гаргуулан нэр бүхий 18 хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь “ФФФ” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулсан барааны үнийг компанид тушаалгүй, компанид үүссэн өөрийн өр төлбөрийг барагдуулах, ашиг олох зорилгоор тухайн үед “ФФФ” ХХК-нд байхгүй бараа бүтээгдэхүүнийг борлуулах мэтээр итгэл төрүүлэн хохирогч нараас урьдчилгаа бэлэн мөнгө авч, нэр бүхий хохирогч нарыг хуурч мэхлэн залилсан гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ талаар “ФФФ” ХХК-ний удирдлага болон холбогдох албан тушаалтнууд нь мэдээгүй, борлуулагч Г.Бд ийм чиг үүрэг өгөөгүй байх тул “ФФФ” ХХК-ийг, Г.Бын гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлгүй гэж шүүх үзэв. Өөрөөр хэлбэл “ФФФ” ХХК болон хохирогч нарын хооронд урьдчилгаа аван бараа захиалах талаар гэрээ байхгүй, хохирогч нар өөрсдөө илтэд болгоомжгүй хандан шүүгдэгч Г.Бд их хэмжээний төгрөг өгсөн гэж үзэхээр байна.  Нөгөө талаар ажил олгогчийн хариуцлагыг гэм хорын хохирлоос ялгаж ойлгох нь зүйтэй. Иймд “ФФФ” ХХК-ийг Иргэний хариуцагчаар татсан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ¹1 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Г.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хохирлын хэмжээг 101.688.400 төгрөг гэснийг 25.693.200 төгрөг болгон зөвтгөн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Булгадар овгийн Ганхуягийн Баянжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Прокуророос шүүгдэгч Г.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, итгэл эвдэх аргаар авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт болгон өөрчилж, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан, бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

4. Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7. “ФФФ” ХХК-ийг (захирал П.Гантөмөр) иргэний хариуцагчаар татсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №01 прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Баас нийт 115.884.00 төгрөгийг гаргуулан 25.693.200 төгрөгийг “ФФФ” ХХК-д, хохирогч Б.Сумъяад 15.250.000 төгрөгийг, Д.Өнөрдоржид 8.800.000 төгрөгийг, О.Алтанбатад 3.250.000 төгрөгийг, С.Батсүхэд 3.671.000 төгрөгийг, Д.Эрдэнэцэцэгт 2.650.000 төгрөгийг, А.Ганзоригт 10.330.000 төгрөгийг, Д.Отгонбаярт 2.900.000 төгрөгийг, Г.Эрдэнэбаатарт 1.450.000 төгрөгийг, Д.Даваасүрэнд 5.999.300 төгрөгийг, О.Мөнхбаярт 3.980.000 төгрөгийг, П.Батдэлгэрт 9.960.000 төгрөгийг, Г.Батсайханд 3.422.000 төгрөгийг, Г.Пүрэвдоржид 3.636.000 төгрөгийг, Э.Лхагвад 857.500 төгрөгийг, Б.Наранбаатар 1.715.000 төгрөгийг, Ж.Болдбаатарт 7.250.000 төгрөгийг, Б.Пүрэвсүрэнд 2.070.000 төгрөгийг, Г.Болдбаатарт 3.000.000 төгрөгийг тус тус олгосугай.   

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

 

                                           ШҮҮГЧИД                                  Г.БУЯННЭМЭХ

 

                                                                                           С.БАТГЭРЭЛ