Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 525

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

 

 

 

               Б.Бямбацэцэгт холбогдох эрүүгийн

                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,

хохирогч Г.Батгэрэл,  

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Бямбацэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201725030136 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хонх Шөргөн шаалуу овогт Бямбатөмөрийн Бямбацэцэг, 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх боловч өөрийн эцэг, эх, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 62-08 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НШ90082562/,

 

Б.Бямбацэцэг нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62-08 тоотод 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн төрсөн охин 1 нас 9 сартай Б.Буяннэмэхийг уйллаа гэсэн шалтгаанаар галын дэгээ төмрөөр зүүн хацрыг нь түлж, бие манхбодид нь хөнгөн гэмтэл, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн хүү 3 нас 4 сартай Б.Энх-Эрдэнийг уйллаа гэх шалтгаанаар нуруун тус газар нь заазуураар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Бямбацэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бямбацэцэг нь өөрийн төрсөн охин 1 нас 9 сартай Б.Буяннэмэхийг уйллаа гэсэн шалтгаанаар галын дэгээ төмрөөр зүүн хацрыг нь түлж, бие манхбодид нь хөнгөн гэмтэл, мөн өөрийн төрсөн хүү 3 нас 4 сартай Б.Энх-Эрдэнийг уйллаа гэх шалтгаанаар нуруун тус газар нь заазуураар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Бямбацэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Бямбацэцэгт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбацэцэгийн урьд цагдан хоригдсон 14 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч 1 нас 9 сартай Б.Буяннэмэх, хүү 3 нас 4 сартай Б.Энх-Эрдэнэ нарыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга асрамжийн асуудлыг шийдэх хүртэл эцэг Г.Батгэрэлийн асрамжид хариуцуулж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Бямбацэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Миний амьдрал хүнд байсан. 2012 онд Батгэрэлтэй гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн. Нөхөртэйгөө хамт амьдрахдаа ханийн хайр, халамж, жаргал үзээгүй. 2013 оны 8 дугаар сарын 21-нд хүү Б.Энх-Эрдэнийг төрүүлээд 5 сартай нялх биетэй байхад нөхөр Батгэрэл хаяж яваад 1 сар гаруй ирэхгүй, хүү бид хоёр хоол, унд, түлэх түлээгүй болоод аргагүй эрхэнд төрсөн эцэгтээ үнэн байдлаа хэлтэл аав хүү, бид хоёрыг ирж авсан. 2014 оны 1 дүгээр сард эцэг, эхийн хамт гэртээ очтол хашаа, гэр байхгүй байсан ба хажуу айлаас асуухад “нөхөр чинь хашаа, гэрээ зараад явсан” гэж хэлсэн. ...2014 оны 6 дугаар сарын 1-нд хүүгээ 9 сартай болж байхад Батгэрэл эхнэр, хүүхдээ авахаар ирлээ гээд аавынд ирсэн. Аав “нялх биетэй эхнэр, 5 сартай хүүхдээ гэртээ хоол, ундгүй орхиж алга болчихоод” гэж загнасан ба “Эхнэр хүүхэдтэйгээ амьдрах гэж байгаа бол манайд амьдар” гээд аав явуулаагүй. Нөхөр ирж очин амьдарч байгаад бас л алга болсон. Энэ үед би 2 сартай жирэмсэн үлдсэн. 1 настай хүүтэйгээ, жирэмсэн амьдрал хүнд байсан. Хүүхдүүдээ өсгөх гэж их зовж, нөхөр лүүгээ “бид нарыг ирж ав” гэж ярихад ирээгүй. Охиныг 3 сартай болж байхад бид гуравыг авч яваад Тахилтад гэр авч амьдарсан. Энэ хугацаанд Батгэрэл ирэхгүй хэд хоног алга болж, ирэхээрээ архи ууж, хэрүүл хийж, ааш зан нь эвдэрсэн. Эрүүлдээ гар хүрч хүүхдүүдийнхээ дэргэд зодож, охин Буяннэмэхийг “миний хүүхэд биш” гэж байнга хэл амаар доромжилж хүнд байсан учир аргагүй эрхэнд салсан. Нөхрөөсөө салаад хоёр нялх хүүхэдтэйгээ орох оронгүй, ажилгүй аав, ээжээрээ тэжээлгэн амьдарч маш их бухимдалтай, ууртай болж 2 хүүхдээ өөрийн эрхгүй загнаж, эцэг, эхтэйгээ хэрэлдэж, хоёр хүүхдээ өмөөрч ууралсандаа гар хүрч ийм байдалд хүргэсэндээ туйлын их гэмшиж байна. Би энэ газарт хоригдож байхдаа маш их зүйлийг тунгаан бодож, өдөр, шөнөгүй уйлж, шүүхийн гадаа хоёр нялх хүүхдээ “ээжээ намайг авч яваач” гэж орилж байгаа нь нүдэнд харагдаж, унтаж ч чадахгүй, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж ухааран амьдралаа өөрчилж, хоёр хүүхдээ эхийн хайраар дутаахгүй өсгөж хүмүүжүүлнэ.

Иймд амьдралын байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Г.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэрт минь оногдуулсан ялыг багасгаж өгнө үү, би эхнэр хүүхдүүдээ хаяж явсан зүйл байхгүй. Бид хоёр тусдаа амьдарч 1 жил болсон нь үнэн. Би охиноо миний хүүхэд биш гэж ад үздэггүй...” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Б.Бямбацэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих болон баривчлах ял оногдуулахаар заасан байсан. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд баривчлах ял байхгүй тул өөр төрлийн  хөнгөн ял оногдуулах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Энэ заалтын дагуу Б.Бямбацэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой юм. Тус зүйл ангид хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан. Зорчих эрхийг хязгаарлах ял 2019 оноос хэрэгжиж эхлэх тул Б.Бямбацэцэгт өөр төрлийн хөнгөн ял оногдуулах боломжгүй.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

         ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Бямбацэцэгийг “Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 62-08 тоотод 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн төрсөн охин 1 нас 9 сартай Б.Буяннэмэхийг уйллаа гэсэн шалтгаанаар галын дэгээ төмрөөр зүүн хацрыг нь түлж, бие манхбодид нь хөнгөн гэмтэл, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн хүү 3 нас 4 сартай Б.Энх-Эрдэнийг уйллаа гэх шалтгаанаар нуруун тус газар нь заазуураар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.Бямбацэцэгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт заасан буюу прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэн энэхүү зүйл хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт заасан зүйл, хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд нэмэлт оруулсан бөгөөд уг нэмэлтийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэхэд огт дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилэн шийдвэрлэх эрхгүй тул шүүгдэгч Б.Бямбацэцэгт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Буцаан хэрэглэх шинжийг агуулж байгаа буй эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй, хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болохыг цаашид онцгойлон анхаарвал зохино.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бямбацэцэгийн үйлдлийг зохих хуулийн зүйл, хэсэгт зааснаар зөв зүйлчилж, түүний гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцэх тул хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Дээрх нөхцөл байдлуудын улмаас ялтан Б.Бямбацэцэгийн гаргасан “...амьдралын байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг энэ удаад хэлэлцэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: