Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 02127

 

“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02850 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ш” ХХК, Ж, “Т” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 119 560 547.94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч “Ш” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч “Т” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Ш” ХХК нь Улаанбаатар хотын банктай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулан, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хийх зорилгоор 5 450 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн, сарын 1,4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн. Энэ зээлийн батлан даагчаар Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗБДГ9101/190425 тоот зээлийн батлан даалтын гэрээг байгуулж батлан даалт гаргасан. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн №ЗБГ9101/190425 тоот зээлийн барьцааны гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБНГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээгээр Жын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж 420/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 1284,89 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж 420/1 дүгээр байрны 14 дүгээр давхарт байрлах 1259,56 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, “Ш” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байрлах, 2783 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, газар, Т ХХК-ийн ашиглах эрхтэй Хан-Уул дүүрэг, Богдхан уулсын Дархан цаазат газар, Нүхтийн задгайд байрлах, 4,5 га талбайтай, аялал жуулчлалын зориулалттай газар барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу авсан зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн хуваарьт төлбөрийн зөрчил үүсгэж, 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээл нь 238 хоног хугацаа хэтэрсэн, нийт 1 669 560 547.94 төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, банкнаас зээлсэн зээлийн хуваарьт төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй байгаа нь зээлийн гэрээний 5.7-д заасан зээлийг буцаан дуудах нөхцлийг бүрдүүлж байна. Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь “Ш” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 6 119 560 547.94 төгрөг гаргуулах, уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, 420/1 дүгээр байрны 1 болон 14 давхарт байрлах оффис үйлчилгээний зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын лугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар болон Хан-Уул дүүргийн Богдхан Уулын Дархан цаазат газар, нүхтийн зайдгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “Ш” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн зээлийн барьцааны гэрээг холбогдох эрх бүхий байгууллага болох газрын албанд Газрын тухай хуульд зааснаар бүртгүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч “Ш” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5 450 000 000 төгрөг, зээлийн хүүд 667,259,178.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 301 369.86 төгрөг, нийт 6 119 560 547.94 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Ш” ХХК нь дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Жын өмчлөлийн 2019 оны 4-р сарын 25-ны өдрийн №ЗБГ9101/190425 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу Ү-2204080799 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж 420/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 1284.89 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү-2204080812 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж 420/1 дүгээр байрны 14 дүгээр давхарт байрлах 1259,56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Ш” ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу №000323407 тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газар, Т ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу №2015/586 тоот бүртгэлийн дугаартай ашиглах эрхтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж , хариуцагч “Ш” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч Т ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК, “Т” ХХК, Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Ш” ХХК нь “Улаанбаатар хотын банк” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай зээлийн гэрээ байгуулж сарын 1,4 хувийн хүүтэй, 5 450 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байдаг. Зээлийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэдий ч зээлийг сарын дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгосон байдаг. Гэрээний дагуу олгосон зээл нь бүтэн сар гаран хугацааны дараа орж ирсэн тул зээлийн эргэн төлөлтийн хуваарь мөн тэрхүү хугацаагаар хойшлогдох ёстой гэж үздэг. Банкнаас авсан зээлийн дүн нь бодитооор 5 404 683 397 төгрөг бөгөөд гэрээ ёсоор олгох байсан 5 450 000 000 төгрөгт хүрээгүй. Нэгэнт банкнаас зээлийн гэрээг цуцалж, зээлийг буцаан дуудан шүүхэд гомдол гаргасан байх тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж байгааг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх тул нэмэгдүүлсэн хүү 2 301 370 төгрөгийг тооцон авах боломжгүй юм. Мөн зээлдэгчээс бодитоор зээлсэн үндсэн зээл болох 5 404 683 397 төгрөгийг хүлээн зөвшөөрч энэхүү дүнгээс зээлийн хүүг тооцоолон бодох ёстой гэж үзэж байна. Үүнээс тооцоолон үзэхэд зээлийн хүүнд 657 136 227 төгрөг төлөхөөр байгаа буюу 10 122 951 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 5 404 683 397 төгрөг, зээлийн хүүнд 657 136 227 төгрөг буюу нийт 6 061 819 624 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үндсэн зээлээс 45 316 603 төгрөг, зээлийн хүүнээс 10 122 951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 301 370 төгрөг, нийт 57 740 924 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Жын эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080799, Ү-2204080812 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдээр хүлээн зөвшөөрч байгаа 6 061 819 624 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин “Ш” ХХК болон “Т” ХХК-иудын газар эзэмших болон ашиглах эрхтэй газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг газрыг барьцаалсан гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, одоо нөхөн бүртгүүлэх үндэслэлгүй юм. “Ш” ХХК нь Улаанбаатар хотын банк ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай Зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь Улаанбаатар хотын банктай 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр авсан 8 200 000 000 төгрөгийг 2 хувааж тус бүр 4 100 000 000 төгрөгөөр гэрээ байгуулах шалтгаан юм. Энэ нь өөрөө Монгол банкнаас гаргасан журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Нэгэнт “Ш” ХХК нь Улаанбаатар хотын банк ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай зээлийн гэрээ нь хууль, журмыг зөрчиж гарсан хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул зөвхөн үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч бусад 714 877 151 төгрөгийн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 6 116 111 369.16 /зургаан тэрбум нэг зуун арван зургаан сая нэг зуун арван нэгэн мянга гурван зуун жаран есөн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3 449 178.78 төгрөгт холбогдох хэсэг, “Ш” ХХК болон “Т” ХХК-ийн эзэмших болон ашиглах эрхтэй газруудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эдгээр газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгах болон хариуцагч “Т” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Ш” ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Жын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 1 дүгээр давхарт байрлах, 1284,59 мкв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2204080799 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 14 дүгээр давхарт байрлах, 1259,56 мкв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204080812 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 896 152.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 30 738 506.85 /гучин сая долоон зуун гучин найман мянга таван зуун зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Жаас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмэнд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хүүгийн тооцооллыг хийж үндсэн хүүг дээрх дүнгээр бууруулахдаа буруу аргачлалаар бодсон бөгөөд мөн нийт хоногийн тоог буруу гаргасан байна. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №А-203-н тоот тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1 дүгээр хавсралтаар хүү бодох аргачлалыг баталсан байдаг. Нэхэмжлэгч нь арилжааны банк тул Монгол банкнаас баталсан энэхүү журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрддөг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Монгол банкнаас баталсан дээрх журмын дагуу зээл, хүүгийн тооцооллыг боловсруулдаг бөгөөд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зээл, хүүгийн тооцоолол нь үнэн зөв юм. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №01 тоот “Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал” зөвлөмжөөр "...Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №А-203-н тоот тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам ” хүчин төгөлдөр мөрдөгдөж байна хүү тооцох аргачлалыг томьёогоор тооцоолсныг судлах шаардлагатай” хэмээн дүгнэсэн байдаг. Хариуцагч “Ш” ХХК нь хувьцаа эзэмшигчийн тогтоол гаргаж өөрийн эзэмшлийн бөгөөд нэгж талбарын №136007/0157, 18644309609597 дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байрлах 2783 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг Улаанбаатар хотын банканд барьцаалахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч банктай 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр №ЗБГ9101/190524-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулсан байдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д “Эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх...”-т зааснаар газар эзэмшигч буюу хариуцагч “Ш” ХХК нь банктай байгуулсан барьцааны гэрээний дагуу газрын албанд эзэмших эрхтэй газрыг барьцаанд бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь хувьцаа эзэмшигчийн тогтоол, барьцааны гэрээ, Газрын тухай хуулийн холбогдох заалтад заасны дагуу үүргээ биелүүлээгүй буюу дээр дурдсан эзэмших эрхийн газрыг өнөөдрийг хүртэлх хугацаанд харьяа газрын албанд барьцаанд бүртгүүлээгүй. Улмаар банк зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах явцдаа газрыг барьцаанд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх “үүргийг нөхөн гүйцэтгүүлэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй, ...шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн дүгнэж эзэмших эрхтэй газрыг барьцаанд бүртгүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон буюу эзэмших эрхтэй газрыг барьцаанд бүртгүүлэх боломжгүй талаарх хууль зүйн үндэслэлийг заагаагүй. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №101/ШШ2020/02850-н тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан “...6 116 111 369.16 төгрөгийг гаргуулан... гэснийг ...6 119 560 547.94 төгрөгийг гаргуулж... ” хэмээн өөрчилж, хариуцагч “Ш” ХХК-ийн эзэмшлийн бөгөөд нэгж талбарын №136007/0157, 18644309609597 дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байрлах 2,783-н м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн газрын албанд банкны барьцаанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК-ийн төлөөлөгч Э.Дөлбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй байна. “Улаанбаатар хотын банк” ХХК-аас “Ш” ХХК, Ж, “Тунгалат өнгө” ХХК нарт холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 450 000 000 төгрөг, зээлийн хүүнд 667 259 178 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 301 370 төгрөг, нийт 6 119 560 548 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны гэрээг газрын албан бүртгүүлэхийг даалгаж гэж нэмэгдүүлсэн. “Ш” ХХК нь “Улаанбаатар хотын банк” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9Ю1/190425 дугаартай зээлийн гэрээ байгуулж сарын 1,4 хувийн хүүтэй, 5 450 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон. Банкнаас авсан зээлийн дүн нь бодитоор 5 404 683 397 төгрөг байдаг бөгөөд гэрээ ёсоор олгох байсан 5 450 000 000 төгрөгт хүрээгүй байдаг. Гэсэн ч үндсэн зээлийн төлбөрийг 5 450 000 000 төгрөг гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэнд маргахгүй үндсэн зээлийг хүлээн зөвшөөрнө. Зээлийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэдий ч зээлийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгосон талаар шүүхээс зөв дүгнэлт хийж 3 449 178.78 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин анхан шатны шүүхээс зээл бодитоор олгогдоогүй талаар хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагч Ж нъ анх “Улаанбаатар хотын банк” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ9Ю2/180406 дугаартай зээлийн гэрээ байгуулж 8 200 000 000 төгрөгийг зээлсэн. Энэ зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, зээлийн хүүг тооцоолон 2 хувааж “Ш” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай Зээлийн гэрээ байгуулж үндсэн зээлийг 5 450 000 000 төгрөг, Жтай ЗГ9102/180406 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 5 450 000 000 төгрөг төлөгдсөн мэтээр 2019  оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЗНГ9101/190430(1) дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл олгогдоогүй. Зээлийг өөр зээлийн гэрээний зарим хэсгийг хаах байдлаар олгосон бөгөөд зээлийн гэрээнд заасан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр зарцуулаагүй, нэхэмжлэгч зээлийг дансанд нь олгосон бэлнээр аваад явсан гэж тайлбарладаг боловч тухайн банкны салбараас тийм хэмжээний мөнгө бэлнээр гаргах боломжгүй байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч зөрчсөн бөгөөд өөр зээлийг хаах байдлаар зээл олгосон нь буруу байсан. Анхан шатны шүүхээс ханган шийдвэрлэсэн 6 116 111 369.16 төгрөгөөс хүлээн зөвшөөрч байгаа үндсэн зээл 5 450 000 000 төгрөгийг хасахад хүлээн зөвшөөрөхгүй байгаа 666 111 369.16 төгрөг гарна. Анхан шатны шүүхийн бусад шийдвэр нь үндэслэлтэй хууль ёсны болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 666 111 369.16 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлэхийг даалгах өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч “Ш” ХХК, “Т” ХХК, Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 450 000 000 төгрөг, зээлийн хүү 667 529 178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 301 369 төгрөг нийт 6 119 560 547.94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч “Ш” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч “Т” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгуулахаар нэмэгдүүлснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.  /1хх.1-2,96/

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 450 000 000 төгрөгийг, жилийн 16.8%-ийн хүүтэй, сарын 1.4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний барьцаанд Жын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж 420/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 1284,89 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж 420/1 дүгээр байрны 14 дүгээр давхарт байрлах 1259,56 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, “Ш” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 136007/0157, 18644309609597 дугаартай, 2783 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, газар, “Т” ХХК-ийн ашиглах эрхтэй Хан-Уул дүүрэг, Богдхан уулсын Дархан цаазат газар, Нүхтийн задгайд байрлах, 4,5 га талбайтай, аялал жуулчлалын зориулалттай газрыг тус тус барьцаалсан байна. /1хх.5-23/

Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5 450 000 000 төгрөгийг “зээл олгов” гэсэн гүйлгээний утгаар “Ш” ХХК-ийн 26000098335 тоот дансанд шилжүүлж, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, Ж 4 100 000 000 төгрөгийг “зээл, зээлийн хүү төлөв” гэсэн утгаар шилжүүлж зээлийн мөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан болох нь “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн зээлийн дансны хуулга, “Ш” ХХК-ийн депозит дансны хуулга зэрэг баримтаар тогтоогджээ. /1хх.108/

Хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Улаанбаатар хотын банктай байгуулсан дээрх зээлийн гэрээ нь хууль дүрмийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, өөр зээлийг хаах зорилгоор байгуулагдсан гэсэн тайлбар гаргаж, мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч байгууллага нь талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчиж, өөр зээлийг хаах зорилгоор байгуулсан, зээл бодитоор олгогдоогүй гэсэн байдлаа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгээр хийсэн байх бөгөөд талууд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлдэгчид үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж байсан болох нь “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн 6/4046, 2/4671 дугаартай албан бичгээр тогтоогдсон, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан, мөн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болохоо үгүйсгээгүй. /1хх.20-21/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд нийцжээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлж хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээ, зээлийн хүү тогтоосон хугацааг зөв тодорхойлсон, хариуцагч “Ш” ХХК-аас  6 116 111 369.16 төгрөгийг гаргуулж “ХХБ” ХХК-д олгож үлдэх хэсгийг 3 449 178.78 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хүүгийн тооцооллыг буруу бодсон гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь үндсэн зээлд 5 450 000 000 төгрөг, 1 сарын хүүг 1,4 хувиар бодоход 76 300 000 төгрөг, 1 өдрийн хүү 2 543 333.3 төгрөг байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгө олгосон өдөр болох 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны нийт 8 сар 21 хоногийн хүүг тооцоход 663 809 999.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 301 369.86 төгрөг нийт 6 116 111 369.16 төгрөг болж байна. Анхан шатны шүүх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хуульд нийцүүлэн хийсэн байна гэж үзэв.

Мөн шүүх хариуцагч “Ш” ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Жын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 1 дүгээр давхарт байрлах, 1284,59 мкв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2204080799 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ гудамж, 420/1 байрны 14 дүгээр давхарт байрлах, 1259,56 мкв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204080812 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалттай нийцжээ.

Харин хариуцагч “Ш” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 136007/0157 тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч “Т” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн задгайд байрлах №2015/586 тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжтой.

Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д “...Эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.5 дахь хэсэгт “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ”, Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг үндэслэн дээрх газруудыг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.