Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2020/02850

 

 

 

 

 

                                2020          08          13  

   101/ШШ2020/02850

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ШС ХХК

Хариуцагч: Ж.С

Хариуцагч: ТӨГРӨГ ХХК-иудад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,119,560,547.94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч “ШС” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлах ******* тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч “ТӨ” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах ******* тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов. 

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч “ШС” ХХК нь УБХБтай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр №ЗГ9101/190425 тоот Зээлийн гэрээг байгуулан, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хийх зорилгоор 5,450,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн. Энэ зээлийн батлан даагчаар ******* овогтой ******* нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗБДГ9101/190425 тоот Зээлийн батлан даалтын гэрээг байгуулж батлан даалт гаргасан. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн №ЗБГ9101/190425 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБНГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

Үүнд: Ж.Сын өмчлөлийн Ү-******* улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* 420/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 1284,89 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* 420/1 дүгээр байрны 14 дүгээр давхарт байрлах 1259,56 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, “ШС” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, ******* хороонд байрлах, нэгж талбарын *******, дугаартай, 2783 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, газар, “ТӨ” ХХК-ийн ашиглах эрхтэй Хан-Уул дүүрэг, Богдхан уулсын Дархан цаазат газар, Нүхтийн задгайд байрлах, 4,5 га талбайтай, аялал жуулчлалын зориулалттай газар.

Зээлдэгч нь Зээлийн гэрээнд заасны дагуу авсан зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн хуваарьт төлбөрийн зөрчил үүсгэж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээл нь 238 хоног хугацаа хэтэрсэн, нийт 1,669,560,547.94 төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, банкнаас зээлсэн зээлийн хуваарьт төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй байгаа нь Зээлийн гэрээний 5.7-д заасан зээлийг буцаан дуудах нөхцлийг бүрдүүлж байна. Иргэний хуулийн 451, 458, 158 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу болон хариуцагчтай байгуулсан Зээлийн гэрээний 5.7, 6.4, 6.11 дахь заалт, Зээлийн барьцааны гэрээний 3.7, 4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “УБХБ” нь “ШС” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 6,119,560,547.94 төгрөг гаргуулах, уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******, 420/1 дүгээр байрны 1 болон 14 давхарт байрлах оффис үйлчилгээний зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлах ******* тоот нэгж талбарын лугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар болон Хан-Уул дүүргийн Богдхан Уулын Дархан цаазат газар, нүхтийн зайдгайд байрлах ******* тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “ШС” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээг холбогдох эрх бүхий байгууллага болох газрын албанд Газрын тухай хуульд зааснаар бүртгүүлээгүй байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч “ШС” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,450,000,000 төгрөг, зээлийн хүүд 667,259,178.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,301,369.86 төгрөг, нийт 6,119,560,547.94 /зургаан тэрбум нэг зуун арван есөн сая таван зуун жаран мянга таван зуун дөчин долоон төгрөг ерөн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж,

хариуцагч “ШС” ХХК нь дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ж.Сын өмчлөлийн 2019 оны 4-р сарын 25-ны өдрийн №ЗБГ9101/190425 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу Ү-******* улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* 420/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 1284.89 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* 420/1 дүгээр байрны 14 дүгээр давхарт байрлах 1259,56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “ШС” ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу №000323407 тоот гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газар, “ТӨ” ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу ******* тоот бүртгэлийн дугаартай ашиглах эрхтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж , 

хариуцагч “ШС” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлах ******* тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч “ТӨ” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах ******* тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ШС” ХХК, “ТӨ” ХХК, Ж.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“УБХБ” ХХК-иас “ШС” ХХК, Ж.С, “ТӨ” ХХК-д холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,450,000,000 төгрөг, зээлийн хүүнд 667,259,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,301,370 төгрөг, нийт 6,119,560,548 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч “ШС” ХХК нь “УБХБ” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай Зээлийн гэрээ байгуулж сарын 1,4 хувийн хүүтэй, 5,450,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байдаг. Зээлийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэдий ч зээлийг сарын дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгосон байдаг. Гэрээний дагуу олгосон зээл нь бүтэн сар гаран хугацааны дараа орж ирсэн тул зээлийн эргэн төлөлтийн хуваарь мөн тэрхүү хугацаагаар хойшлогдох ёстой гэж үздэг. Зээлийн хүүг тохиролцсон хуваарь ёсоор 2 удаа төлөх ёстой байсан боловч хөрөнгө оруулж санхүүжүүлсэн барилгын явц болон зээлсэн дүнгээс шалтгаалан хугацаандаа төлж чадаагүй. Банкнаас авсан зээлийн дүн нь бодитооор 5,404,683,397 төгрөг байдаг бөгөөд гэрээ ёсоор олгох байсан 5,450,000,000 төгрөгт хүрээгүй. Харин үндсэн төлбөрийн хугацаа болоогүй байхад зээлдэгчээс гэрээг цуцалж гэрээний үүрэг шаардаж байгааг гайхаж байна. Нэгэнт банкнаас зээлийн гэрээг цуцалж, зээлийг буцаан дуудан шүүхэд гомдол гаргасан байх тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж байгааг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт ”... Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй ...” гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх тул нэмэгдүүлсэн хүү 2,301,370 төгрөгийг тооцон авах боломжгүй юм. Мөн зээлдэгчээс бодитоор зээлсэн үндсэн зээл болох 5,404,683,397 төгрөгийг хүлээн зөвшөөрч энэхүү дүнгээс зээлийн хүүг тооцоолон бодох ёстой гэж үзэж байна. Үүнээс тооцоолон үзэхэд зээлийн хүүнд 657,136,227 төгрөг төлөхөөр байгаа буюу 10,122,951 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 5,404,683,397 төгрөг, зээлийн хүүнд 657,136,227 төгрөг буюу нийт 6,061,819,624 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үндсэн зээлээс 45,316,603 төгрөг, зээлийн хүүнээс 10,122,951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,301,370 төгрөг, нийт 57,740,924 (тавин долоон сая долоон зуун дөчин мянга есөн зуун хорин дөрөв) төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ж.Сын эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгүүдээр хүлээн зөвшөөрч байгаа 6,061,819,624 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин “ШС” ХХК болон “ТӨ” ХХК-иудын газар эзэмших болон ашиглах эрхтэй газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг газрыг барьцаалсан гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, одоо нөхөн бүртгүүлэх үндэслэлгүй юм.

“ШС” ХХК нь “УБХБ” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай Зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь УБХБтай 2018 оны 4 дүгээр сарын 06- ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр авсан 8,200,000,000 (найман тэрбум хоёр зуун сая) төгрөгийг 2 хувааж тус бүр 4,100,000,000 төгрөгөөр гэрээ байгуулах шалтгаан юм. Энэ нь өөрөө Монгол банкнаас гаргасан журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Нэгэнт “ШС” ХХК нь “УБХБ” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай Зээлийн гэрээ нь хууль, журмыг зөрчиж гарсан хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул зөвхөн үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч бусад 714,877,151 төгрөгийн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “УБХБ” ХХК нь хариуцагч “ШС” ХХК, “Тод өнгө” ХХК, Ж.С нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,450,000,000 төгрөг, зээлийн хүүд 667,259,178.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,301,369.86 төгрөг, нийт 6,119,560,547.94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “ШС” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №ЗБГ9101/190524 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлах ******* тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг, хариуцагч “ТӨ” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн зайдгайд байрлах ******* тоот дугаартай 4,5 га талбай бүхий ашиглах эрхтэй газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд 2637545 регистрийн дугаартай “УБХБ”-ийг “ХХБ” ХХК-д нэгтгэж, улсын бүртгэлд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн болох нь “ХХБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлсэн байна.   

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ШС” ХХК нь “УБХБ” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ9101/190425 дугаартай зээлийн гэрээ нь хууль, журмыг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус, өөр зээлийг хаах зорилгоор гэрээ байгуулагдсан, зээл бодитоор олгогдоогүй тул зөвхөн үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, бусад 714,877,151 төгрөгийн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаас хариуцагч Ж.Сын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, хариуцагч “ШС” ХХК болон “ТӨ” ХХК-ийн эзэмших болон ашиглах эрхтэй газрыг барьцаалсан барьцааны гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, эдгээр газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

“УБХБ” ХХК нь “ШС” ХХК-ийн хооронд 5,450,000,000 төгрөгийг, жилийн 16,8 хувь /сарын 1,4 хувийн/ хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ9101/190425 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулсан ба, харин “ШС” ХХК-ийн 2600098335 тоот дансанд уг зээлийн гэрээний дагуу олгогдох 5,450,000,000 төгрөгийг “УБХБ” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж, зээл олгосны шимтгэлд 13,625,000 төгрөгийг “УБХБ” ХХК-д төлж, мөн өдрөө “ШС эргэлтийн хөрөнгийн санхүүжилт Б. ...” гэсэн утгаар 5,436,375,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, депозит дансны харилцагчийн монгол хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх зээлийг хүсч, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №01/190416 дугаартай албан бичгийг “ШС” ХХК-иас “УБХБ” ХХК-д ирүүлж, үүний дагуу холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зээлийг судалж, 4 дүгээр сарын 25-ны өдөр 19/0425/09 дугаартай зээлийн хорооны хурлын шийдвэр гарч, зээл олгогдсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Хариуцагч Ж.Сын 2691002477 тоот зээлийн дансны хуулгаас харахад “ШС” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээл шилжүүлсэн өдөр Ж.С нь 4,100,000,000 төгрөгийг “зээл, зээлийн хүү төлөв” утгаар шилжүүлсэн байх боловч хариуцагч “ШС” ХХК-д олгогдсон зээл нь Ж.Сын өмнө авсан зээлийг хаах зорилготой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00 дугаартай шийдвэрээр “УБХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Ст холбогдох “Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,674,007,671.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

 

Уг шийдвэрээр “УБХБ” ХХК болон Ж.С нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ9102/180406 тоот 8,200,000,000 төгрөгийг зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэжээ.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ШС” ХХК нь “УБХБ” ХХК-тай байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай зээлийн гэрээ нь хууль, журмыг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус, өөр зээлийг хаах зорилгоор гэрээ байгуулагдсан, зээл бодитоор олгогдоогүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч “ШС” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “УБХБ” ХХК нь гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, ийнхүү цуцалж буй нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ба зээл, зээлийн хүүгээ шаардах эрхтэй байна. 

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж заасан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлийг олгосон байх тул энэхүү хугацаанаас гэрээ цуцлагдсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны нийт 8 сар 21 хоногийн хүүг тооцох нь зүйтэй байна.

 

Үндсэн зээл 5,450,000,000 төгрөг ба 1 сарын хүүг 1,4 хувиар тооцоход 76,300,000 төгрөг, үүнээс 1 өдрийн хүүг тооцоход 2,543,333.3 төгрөг гарч байх бөгөөд 8 сар 21 хоногийн хүүд 663,809,999.3 төгрөгийг төлөхөөр, үүнээс нэмэгдүүлсэн хүүг гэрээ болон хуульд заасан 20 хувиар тооцвол 132,761,999.86 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 2,301,369.86 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нь зүйтэй ба 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ9101/190425 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэгт хариуцагч “ШС” ХХК-иас 6,116,111,369.16 төгрөгийг гаргуулж, “ХХБ” ХХК-д олгож, үлдэх 3,449,178.78 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

“УБХБ” ХХК, “ШС” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр ЗБГ9101/190425 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г “ШС” ХХК болон Ж.С нар байгуулж, хариуцагч Ж.Сын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* /13312/ гудамж, 420/1 байрны 1 дүгээр давхарт байрлах, 1284,59 мкв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* /13312/ гудамж, 420/1 байрны 14 дүгээр давхарт байрлах, 1259,56 мкв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

Түүнчлэн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “УБХБ” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ЗБГ9101/190524 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г “ШС” ХХК болон “ТӨ” ХХК-тай байгуулж, “ШС” ХХК-ийн эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлах *******, тоот нэгж талбарын дугаартай 2783 м.кв талбай бүхий газрыг, “ТӨ” ХХК-ийн ашиглах эрхтэй Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн задгайд байрлах ******* тоот дугаартай 4,5 га талбай бүхий газруудыг тус тус барьцаалахаар харилцан тохиролцсон байна.

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах” эрхийг газар эзэмшигч эдлэх бөгөөд мөн зүйлийн 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” үүргийг газар эзэмшигч хүлээсэн ба, дээрх газар барьцаалсан “Зээлийн барьцааны гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нэхэмжлэгч нь энэхүү үүргээ биелүүлэхийг гэрээ байгуулагдсан цаг хугацаанд барьцаалуулагчаас шаардаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү үүргийг нөхөн гүйцэтгүүлэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй, нөгөөтэйгүүр эдгээр газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас хариуцагч Ж.Сын өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ9101/190425 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүрэгт хариуцагч “ШС” ХХК-иас 6,116,111,369.16 төгрөгийг гаргуулж, “ХХБ” ХХК-д олгож, хариуцагч “ШС” ХХК нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Ж.Сын өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,449,178.78 төгрөгт холбогдох хэсэг, “ШС” ХХК болон “ТӨ” ХХК-ийн эзэмших болон ашиглах эрхтэй газруудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эдгээр газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгах болон хариуцагч “ТӨ” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “ШС” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 6,116,111,369.16 /зургаан тэрбум нэг зуун арван зургаан сая нэг зуун арван нэгэн мянга гурван зуун жаран есөн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,449,178.78 төгрөгт холбогдох хэсэг, “ШС” ХХК болон “ТӨ” ХХК-ийн эзэмших болон ашиглах эрхтэй газруудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эдгээр газруудыг зээлийн барьцааны гэрээний дагуу газрын албанд бүртгүүлэхийг даалгах болон хариуцагч “ТӨ” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “ШС” ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Ж.Сын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* /13312/ гудамж, 420/1 байрны 1 дүгээр давхарт байрлах, 1284,59 мкв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* /13312/ гудамж, 420/1 байрны 14 дүгээр давхарт байрлах, 1259,56 мкв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,896,152.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШС” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 30,738,506.85 /гучин сая долоон зуун гучин найман мянга таван зуун зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ж.Саас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2020/09835 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ