Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02156

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02406 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, 156 034 393 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Д.Н нар нь Хны Дарь Эх тооцооны төвтэй 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-14/1468 тоот орон сууцны зээлийн гэрээ, БГҮ-14/1468 тоот барьцааны гэрээ байгуулж 96 000 000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний хүү 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс жилийн 18.6 хувь болж буурсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд Б.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010983 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоот хаягт байрлах, 52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалуулсан, зээлдэгч нар үндсэн зээлээс 1 879 019.77 төгрөг, хүүгийн төлбөрт 41 887 692.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 459.81 төгрөг нийт 43 767 172.35 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь орон сууцны зээлийн гэрээний хавсралт дахь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчдээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээг авсан ба 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээл буцаан шаардах мэдэгдэл өгч нэмэлт хугацаа тогтоосон боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй байна. Үүнд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-14/1468 тоот орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, орон сууцны зээлийн төлбөрт 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 94 120 369.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 58 277 550.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 629 473.11 төгрөг, нийт 156 027 393.02 төгрөг гаргуулах, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд энэхүү 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн БГҮ-14/1468 тоот барьцааны гэрээнд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010983 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоот хаягт байрлах, 52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөр 7000 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь хариуцагч нараас 156 027 393 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч нар нь “Х” ХХК-тай 2014 онд зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан, хүүний хувьд орон сууцны зээлийн хүү өндөр байсан бөгөөд Хны зүгээс 6 сар төлсний дараа нь хүү нь багасдаг гэж хэлсэн болохоор нь зээл авсан гэж ярьдаг. 96 000 000 төгрөгөөс 6 сарын турш төлөхөд үндсэн зээлээс 1 879 603 төгрөг хасагдсан байгаа. Зээлийн хүүгээ бууруулж өгөөч ээ гэж хэлж байсан боловч хүсэлт нь хариуцагч нарын хариуцлагатай холбоотойгоор “Х” ХХК-иас нотлох баримтаас гарч ирээгүй. Гэрээг цуцлах санал өгсөн боловч ямар нэг хариу өгөөгүй, 2019 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Анхнаасаа гэрээг дуусгавар болгосон гэж бодож байхад хүү яваад байгаа учраас төлж чадахгүй гэж маргаж байгаа. Х нь Б.Б, Д.Н нараас шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. 2020 оны 3 дугаар сарын 05-нд мэдэгдэл өгөөд 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүхэлд нь төл гэсэн мэдэгдэл хэрэгт өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн 94 120 369 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хнаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Нотариатын төлбөрийг зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүхэд гаргасан зардлыг манайх төлөх үндэслэлгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа учраас хангах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Б.Б, Д.Н нараас 156 034 392 /нэг зуун тавин зургаан сая гучин дөрвөн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг “Х” ХХКомпанид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Н нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоотод байршилтай, 52 метр квадрат талбайтай, 4 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 078 571 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 078 571 төгрөгийг /нэг сая далан найман мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулан “Х” ХХКомпанид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Б.Б Д.Н нар нь орон сууц худалдан авах зорилгоор “Х” ХХК-аас 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 96 000 000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, жилийн 18,6 хувийн хүүтэй зээлсэн. Анх зээл авахад нь 1,6 хувийн хүүтэй орон сууцны зээл авч 1-2 жилийн хугацаанд тогтвортой төлбөл 0,8 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжих боломжтой гэж байсан байна. Б.Б нь энэ талаар гэрээнд тусгагдсан эсэхийг тухайн үедээ анзаараагүй. Зээл авснаасаа хойш зээлийн хүү өндөр ч гэсэн тогтвортой 2 жил гаруй 43 767 172 төгрөг төлсөн бөгөөд хүүнд нь 41 887 692 төгрөг, үндсэн зээлээс 1 879 019 төгрөг хасагдсан байдаг. Энэ хугацаанд зээлийн хүүг бууруулж 0,8 хувийн зээл болгож өгөх талаар хүсэлт өгч байсан. Гэвч ямар ч хариу өгдөггүй байсан. Анхнаасаа хүү буурна гэж тооцоолж зээл авч, хүү буураагүй тул өндөр хүүтэй зээлийн дарамтад орж зээл төлөхөд хүндрэл үүссэн тул арга буюу 2016 оны 12 дугаар сард зээлээ төлөөд гэрээ цуцлах тухай хүсэлтээ өгсөн. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй байдаг. Зээлдэгчийн хүсэлтэд “Х” ХХК-аас ямар нэгэн хариу өгөөгүй. Б.Б нь гэрээ цуцлагдсан гэж ойлгож байсан. Энэ хугацаанд бараг 2 жил болоход нэг ч удаа зээлийн үндсэн төлбөр болон хүү гэж шаардаж байгаагүй байдаг. Зээлдэгч зээлээ төлөх боломжгүй нь илт байхад зээлээ шаардахгүй зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж нэхэмжилж байгаа нь өөрт олгогдсон давуу эрхээ урвуулан ашигласан гэж үзнэ. Иргэний хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нар эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэхээр заасан байдаг бөгөөд 13.3 дахь хэсэгт хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй талаар заасан. Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлээ гаргаагүйн улмаас нэхэмжлэл хэрэгсэхгүй болж дахин нэхэмжлэл гаргахад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 6 000 000 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь хариуцагч нарын буруугаас болоогүй байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрт олгогдсон давуу эрхийн хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн байхад анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн нийт 61 907 023.7 төгрөгийн 50 хувь болох 30 953 511 төгрөгийг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Батболд, Б.Нандинчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 156 034 393 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

“Х” ХХК нь Б.Батболд, Б.Нандинчимэг нартай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-14/1468 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 96 000 000 төгрөгийг, жилийн 19,2%-ийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон байна. /хх.15-16/ Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Б.Бийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоот хаягт байрлах, 52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

“Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02/234 тоот “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэлтэй зээлийн хүүнд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагч Б.Б, Б.Наранчимэг нарын Орон  сууцны зээлийн гэрээний хүү 18,6 хувь болж буурсан талаарх баримт хэрэгт авагджээ. /х.98/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд “Х” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө 96 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна. /хх.23/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид  зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Хариуцагч Б.Б, Б.Наранчимэг нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан, мөн 2016 оны 9 дүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй болохоо үгүйсгээгүй болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг юм.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Б, Б.Наранчимэг нараас үндсэн зээлийн үлдэгдэл 94 120 369.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 58 277 550.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 629 473.11 төгрөг, нийт 156 027 393.02 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.