Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/02406

 

 

 

 

 

                  2020         08            28

                                             102/ШШ2020/02406

                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:Х ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Б.Б,

 

Хариуцагч:Д.Н нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, 156 034 393 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ХХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Б, Д.Н нар нь Х-ны Дарь Эх тооцооны төвтэй 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-14/1468 тоот орон сууцны зээлийн гэрээ, БГҮ-14/1468 тоот барьцааны гэрээ байгуулж 96 000 000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан ба зээлийн гэрээний хүү 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс жилийн 18.6 хувь болж буурсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд Б.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204....83дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоот хаягт байрлах, 52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалуулсан, зээлдэгч нар үндсэн зээлээс 1 879 019.77 төгрөг, хүүгийн төлбөрт 41 887 692.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 459.81 төгрөг нийт 43 767 172.35 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь орон сууцны зээлийн гэрээний хавсралт дахь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчдээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээг авсан ба 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээл буцаан шаардах мэдэгдэл өгч нэмэлт хугацаа тогтоосон боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй байна. Иймд банк 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-14/1468 тоот орон сууцны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар зээлдэгч Б.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Ннарт холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-14/1468 тоот орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, орон сууцны зээлийн төлбөрт 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 94 120 369.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 58 277 550.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 629 473.11 төгрөг, нийт 156 027 393.02 төгрөг гаргуулах, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд энэхүү 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн БГҮ-14/1468 тоот барьцааны гэрээнд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204....83дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоот хаягт байрлах, 52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөр 7000 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            

    Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХХХК нь хариуцагч нараас 156 027 393 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч нар нь Х ХХК-тай 2014 онд зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан, хүүний хувьд орон сууцны зээлийн хүү өндөр байсан бөгөөд Хаан банкны зүгээс 6 сар төлсний дараа нь хүү нь багасдаг гэж хэлсэн болохоор нь зээл авсан гэж ярьдаг. 96 000 000 төгрөгөөс 6 сарын турш төлөхөд үндсэн зээлээс 1 879 603 төгрөг хасагдсан байгаа. Зээлийн хүүгээ бууруулж өгөөч ээ гэж хэлж байсан боловч хүсэлт нь хариуцагч нарын хариуцлагатай холбоотойгоор ХХХК-иас нотлох баримтаас гарч ирээгүй. Гэрээг цуцлах санал өгсөн боловч ямар нэг хариу өгөөгүй, 2019 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Анхнаасаа гэрээг дуусгавар болгосон гэж бодож байхад хүү яваад байгаа учраас төлж чадахгүй гэж маргаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Хнь Б.Б, Д.Ннараас шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа одоо арай өөрчилж ирж байгаа, 2020 оны 3 дугаар сарын 05-нд мэдэгдэл өгөөд 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүхэлд нь төл гэсэн мэдэгдэл хэрэгт өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн 94 120 369 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х-аас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Нотариатын төлбөрийг зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүхэд гаргасан зардлыг манайх төлөх үндэслэлгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа учраас хангах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Б.Б, Д.Ннарт холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-14/1468 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 94 120 369 төгрөг, хүүгийн төлбөр 58 277 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 629 473 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг нийт 156 034 392 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоот хаягт байрлах, 52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болох барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Б, Д.Ннар нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ХХХК-иас 96 000 000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж авсан болох нь тэдний хооронд хийгдсэн ЗГ-14/1468 дугаартай орон сууцны зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2016 оны 9 дүгээр сараас хойш зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгын баримтуудаар нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг банкны санаачилгаар цуцлахаар заасан байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна.

 

Хариуцагч нар 2016 оны 9 дүгээр сараас хойш зээлийн төлбөрийн эргэн төлөлтийг хийгээгүй нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон гэж үзэх үндэстэй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.

 

Нэхэмжлэгч байгууллагаас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нотариатчдын танхимд төлсөн 7000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэхээр байх тул хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 94 120 369 төгрөг, хүүгийн төлбөр 58 277 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 629 473 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг нийт 156 034 392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Мөн зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоотод байршилтай, 52 метр квадрат талбайтай, 4 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохирсон байна.

 

Энэхүү ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар бичгээр байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоотод байршилтай, 52 метр квадрат талбайтай, 4 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хариуцагч нарын төлөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Б.Б, Д.Ннараас 156 034 392 /нэг зуун тавин зургаан сая гучин дөрвөн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг ХХХКомпанид олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Ннар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 11 тоотод байршилтай, 52 метр квадрат талбайтай, 4 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 078 571 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 078 571 төгрөгийг /нэг сая далан найман мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулан ХХХКомпанид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН