Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0757

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0757

 Улаанбаатар хот

 

Ч.Э-ын  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б- нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын   16-ны өдрийн 115/ШШ2017/0017 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Э-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2017/0017 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Чулуунбаатарын Эрдэнэбатын  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийн өөр холбогдох хэсгийг хүчингүй болгох, газар эзэмших эрх сэргээх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “... Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 тоот захирамжийг хууль бус гэж үзэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас хальж буруу дүгнэлт хийсэн шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна...

Миний бие нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах 0,15 га газрыг агуулахын зориулалтаар 2011 онд дуудлага худалдаагаар худалдан авч тус газраа 2013 онд сумын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн зориулалтыг өөрчлүүлэхээр зохих журмын дагуу аймаг, сумын Засаг даргад хүсэлт гаргаж, холбогдох материалын хамт хүргүүлж аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар зориулалтыг өөрчлүүлсэн. Газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш газар эзэмших гэрээнд заасны дагуу тус газартаа 30,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм.

Үүнд: элс зайлуулах, цахилгааны шугам татах, бетонон хашаа барих, ажилчдын болон харуулын байр барих, камержуулах, гэрэлтүүлэг, урсгал зардал зэрэг болно.

Гэтэл иргэн миний биеийг Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчилгээнд байх хугацаанд өөрт болон ар гэрийнхэнд ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөөгүй болно. Мөн энэ үндэслэлүүдээс гадна “Газрын эрх цуцлах тухай” захирамж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсан боловч Монгол Улсын Газрын тухай хуулийн 40.2 дахь заалтын дагуу эзэмшигчид мэдэгдээгүй, мэдэгдлийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний бие удаа дараа шаардсаны үндсэн дээр мэдэгдлийг ирүүлснийг үндэслэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэвч тус шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2017/0017 тоот шийдвэрээр газрын зориулалтыг өөрчлөхөд газар эзэмших эрхээ дуусгавар болгох, чөлөөлөх, улмаар дахин газар эзэмших хүсэлт гаргаагүй гэсэн утга бүхий шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь газар эзэмшигч нь газрын зориулалтыг өөрчлөхөд даган мөрдөх журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага буюу хууль бус үндэслэлээр цуцалсан хуулийн заалтаас илт хазайсан шийдвэр гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэж өгнө үү...”гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн маргаан бүхий “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/08 дугаар захирамжаар  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг үндэслэн “тус сумын нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн болон “Газар эзэмших гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.11 дэх заалтыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан эзэмшил газраа ашиглаагүй” гэх үндэслэлээр нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Ч.Эын 0.15 га газар эзэмших эрх багтсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “...маргаан бүхий захирамжийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг нь иргэн Ч.Эад хамаатай...” гэж тайлбарлажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл эрх бүхий этгээд нь бусдын газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл буюу бодит нөхцөл байдлыг урьдчилан тогтоосны үндсэн дээр хэрэв газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон тохиолдолд түүнийг хүчингүй болгох шийдвэрийг гаргахаар байхаас гадна хэрэв тийнхүү шийдвэр гаргасан бол газрыг эзэмшиж байсан эсхүл барьцаалсан этгээдэд мэдэгдэх үүрэгтэй байна.    

Түүнчлэн бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар шийдвэр гаргах эрх бүхий захиргааны албан тушаалтан нь Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн “нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллагаас  захиргааны акт гаргах зэрэг хэлбэрээр иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх зорилго бүхий” Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон зарчим, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, холбогдох шийдвэрийг гаргасан бол тэрхүү шийдвэр, үйл ажиллагааг “хууль ёсны” гэж үзэхээр байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчлэх”-ээр, мөн хуулийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зэрэг захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөх тусгай зарчмыг зааж хуульчилжээ.

Хавтаст хэрэгт Ч.Эын “2016 оны 12 дугаар сарын 18-нд Буян-Ухаа боомтоор хил нэвтэрсэн” талаарх тэмдэглэгээ, Солонгос улсын виз” бүхий гадаад паспортын хуулбар авагдсан байх бөгөөд тэрээр анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд  2016 оны 12 дугаар сарын 18-нд  Солонгос улс руу эмчилгээ хийлгэхээр явсан,  2 дугаар сарын 22-нд ирээд хүнээс газар эзэмших эрх цуцлагдсан талаар сонссон, 2 дугаар сарын 28-ны үед Засаг даргатай уулзахад газрын албанаас мэдэгдлээ аваарай гэснээр захирамжийг олж харсан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн газрыг цуцлахдаа Ч.Э-ад мэдэгдэл өгөөгүй, түүнийг сураглахад Солонгос улс руу явсан гэсэн сураг сонссон, тиймээс мэдэгдэх боломжгүй байсан” гэж тус тус тайлбарлажээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Ч.Эын газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийг гаргахаасаа өмнө “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нэхэмжлэгчийг буруутгах болсон үндэслэлтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахаасаа өмнө урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжийг олгоогүйгээс гадна шийдвэрийг эс зөвшөөрвөл хаана хандаж хэзээ гомдол гаргах талаар заагаагүй, шийдвэрийг мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...40.1-д заасан үндэслэл тогтоогдвол эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, ... гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд ... мэдэгдэх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зэрэг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар заасан тусгай зарчим, 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т “үүнд хамаатай ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх нотлох баримтыг цуглуулж, үнэлэх” 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох”, 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болох хугацааг заах”-аар заасантай тус тус нийцээгүй байна.

 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж хуульчилжээ.

Хариуцагч нь дээрх хуулиар тогтоосон журмын дагуу бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахдаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тухайлбал, газар эзэмшигч эзэмшил газраа 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгаж тогтоохоор байх бөгөөд хэрэв тус хугацаанд ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг бодитоор шалгаж тогтоосны эцэст хэрэв газар эзэмшигч эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, мөн тухайн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байгаагүй гэх нөхцөлүүд бодитоор тогтоогдсон бол тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргах эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байна.

            Хэрэгт авагдсан шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт 1467 м.кв хашаа, хашааны баруун урд өнцөгт 4х6 хэмжээтэй тоосгон байшин баригдсан байсан болох нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “тус газрын элс хогийг зайлуулах зэрэг ажиллагааг хэд хэдэн удаа хийсэн гэж тайлбарласан байхаас гадна орон сууцны барилга барихын тулд газрын хэмжээ, дулаан ус, цахилгаан эрүүл аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх шаардлагатай. Тухайн газар нь төвөөс зайдуу учир төвлөрсөн халаалтад холбогдох шаардлагын үүднээс цахилгаан станц, дулааны станц баригдахыг хүлээж байгаа, дэд бүтцийн асуудлаас шалтгаалж газрыг зориулалтаар нь ашиглах асуудал саатсан, газрын зориулалтыг  өөрчлүүлэх асуудал удааширч шийдэгдсэн...” гэх зэрэг тайлбарыг гаргажээ.

Хариуцагчаас маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл нэхэмжлэгчид хамаарч байгаа гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, маргаан бүхий актын нэхэмжлэгчид хамаарах үндэслэлд холбогдуулан дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу маргаан бүхий  захиргааны акт хууль бус эсэх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх байжээ.

Гэтэл анхан шатны шүүх “...уг төлөвлөгөөнд тусгагдсан зориулалт бүхий газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т ...зааснаар сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ ... 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хүрээнд шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн ... гэрээ байгуулж, гэрчилгээ олгож шийдвэрлэхээр байсан байна ... нэхэмжлэгч ... өөрийн эзэмшиж байсан газраа ... зориулалтыг өөрчилж эзэмшихийн тулд ... өмнөх газар эзэмших гэрээгээ цуцлах хүсэлт гаргаснаар ... дуусгавар болгож, ... улмаар газрыг чөлөөлж, ... Засаг даргын мэдэлд шилжүүлэн өгч, ... Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу ... шийдвэрлүүлэхээр байсан ...” гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүйн улмаас шийдвэр нь мөн зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Эын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо бодит байдлыг шалгаж тогтоогоогүй, шийдвэр гаргахаасаа өмнө урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, шийдвэрт гомдол гаргах журмын талаар тусгаагүй, шийдвэрийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зэрэг захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөх зарчим, захиргааны актад тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүйн улмаас тус шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул маргаан бүхий  А/08 дугаар захирамжийн Ч.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий захирамжийг шүүх хүчингүй болгосноор газар эзэмших эрх хэвээр үлдэх тул нэхэмжлэлийн “газар эзэмших эрхийг сэргээх” шаардлагын талаар шүүх тухайлан шийдвэр гаргах шаардлагагүй гэж  үзлээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн “Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, “газар эзэмших эрхийг сэргээх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2017/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Эын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/08 дугаар захирамжийн Ч.Э-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, “газар эзэмших эрхийг сэргээх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ