Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 02267

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/02274 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “Л” ХХК, Н.Бэд холбогдох “Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машины төлбөрт төлбөл зохих 44 960 637 төгрөг, алданги 22 480 300 төгрөг, нийт 67 440 937 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Дастан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “С” ХХК нь “Л” ХХК болон түүний үүсгэн байгуулагч Н.Бтэй 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 001/14 тоот “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машиныг 150 150 000 төгрөгөөр худалдсан. Гэрээний үнэ, төлбөр тооцоо хийх журмыг талууд гэрээний 4 дүгээр зүйл болон хавсралтад зааснаар “Империал Кастел” ХХК-иас төлсөн урьдчилгаа төлбөр 50 000 000 төгрөгийг “Л” ХХК-ийн төлбөрт тооцон авсан бөгөөд үлдэх 100 150 000 төгрөгийн 50 075 000 төгрөгийг бараа буюу Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машиныг хүлээн авахад, үлдэгдэл 50 075 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сард багтаан тус тус төлж барагдуулах нөхцөлтэй гэрээг байгуулсан. Нийлүүлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эрхийн зөрчилгүй барааг, дагалдах хэрэгслийн хамт Н.Бэд хүлээлгэн өгсөн боловч худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш төлбөр төлөхгүй байсан. Түүнчлэн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Н.Бтэй холбогдож “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Талууд уг гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 44 960 937 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, хэрэв гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Гэвч мөн л гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ хугацаанд 2019 онд ганц удаа 1 500 000 төгрөг төлсөн. Бид түүнтэй удаа дараа утсаар холбогдоход “Санхүүжилт орж ирэхээр төлнө, 7 хоногт төлж дуусгана” гэх хариу өгдөг. Ийм байдлаар төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа бөгөөд төлбөр төлж барагдуулахгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд хариуцагч “Л” ХХК болон Н.Б нараас Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машины төлбөрт төлбөл зохих 44 960 637 төгрөг, алданги 22 480 300 төгрөг, нийт 67 440 937 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа шүүх хуралдаанд гаргасан тодруулсан шаардлагадаа: Хариуцагч “Л” ХХК болон хариуцагч Н.Б нараас үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 42 960 637 төгрөг, үүний алданги 21 480 318 төгрөг, нийт 64 440 955.5 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Н.Б нь иргэний хувиар төлбөр төлж байсан, мөн тэрээр 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвхөн “Л” ХХК-д холбогдуулан үүргийг хариуцуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Хариуцагч “Л” ХХК болон Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Л” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тухайн компанитай гэрээ байгуулж Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машиныг 150 150 000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээнд “Имперал Кастел” ХХК-иас урьдчилан төлсөн 50 000 000 төгрөгийг худалдан авагчийн төлбөрт шилжүүлэн тооцох гэрээ байгуулж, барааг хүлээн авах үед 50 075 000 төгрөг төлөх, үлдэх 50 075 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөх, мөн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,01 хувиар тооцож алданги төлөхөөр үүрэг хүлээсэн. Худалдагч тал гэрээ ёсоор “Имперал Кастел” ХХК-иас урьдчилан төлсөн 50 000 000 төгрөгийг мөн машиныг хүлээлгэн өгөх үед 50 075 000 төгрөгийг хүлээн авсан. Үүнээс гадна 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг тус тус хүлээн авсан. 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийн дүнгээс гэрээнд заасан алданги тооцуулж, үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү гэрээ 2 компанийн хооронд байгуулагдсан машины үнийг төлөх үүргийг худалдан авагч тал хүлээсэн тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар үүргийг хариуцагч “Л” ХХК-нд ногдуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Л” ХХК болон Н.Б нараас худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машины төлбөрт төлбөл зохих 42 960 637 төгрөг, алданги 21 480 318 төгрөг, нийт 64 440 955 /жаран дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 160 /дөрвөн зуун ерэн таван мянга нэг зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК болон Н.Б нараас 480 155 /дөрвөн зуун наян мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... “Л” ХХК нь сэрээт ачигч машиныг “С” ХХК-сас 150 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд машины үний үлдэгдэл 50 075 000 төгрөгийг гэрээний хугацаанд зааснаар 2014 оны 6 дугаар сарын 01-ний дотор багтааж төлөх, дээрх хугацааг хэтрүүлбэл төлөгдөөгүй дүнгээс хэтэрсэн хоног тутамд 0,01 хувиар тооцон алданги төлөх үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч 50 075 000 төгрөг төлөх хугацааг хэтрүүлж 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 нийт 17 000 000 төгрөг төлсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа ба гэрээг хүчингүй болгох, өөрчлөлт оруулахаар тохирсон өөр хэлцэл байхгүй болно. Хариуцагч тал 50 075 000 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног, төлсөн дүн, гэрээгээр тохирсон алданги зэргийг тооцоолж нэхэмжлэл гаргасан хугацааг тооцон 42 848 441 төгрөг төлөх үүрэгтэйгээ хариу тайлбартаа хавсаргасан. Анхан шатны шүүх шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний төлбөл зохих үүрэг, түүний алданги зөв гэж тодорхойлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар зөв зүйлчилсэн атлаа шийдвэрийн дүнг Н.Б “С” ХХК-ийг төлөөлж Э.Дашдаваа нарын хооронд хийгдсэн 2018 оны 3 дугаар сарын 06-ны төлбөр барагдуулах гэрээний тохиролцоог үндэслэн 64 440 955 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй билээ. 2018 оны 3 дугаар сарын 06-ны байдлаар иргэн Э.Дашдаваа нь “С” ХХК-д гэрээнд төлөөлөх эрхтэй байсан нь хэрэгт нотлогдохгүй байна. Төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг хууль зохицуулсан. Шүүх илт хүчин төгөлдөр бус байх хэлцлийн нөхцлөөр үндэслэл хийж дээрх байдлаар 21 592 514 төгрөг илүү төлүүлэхээр тогтоосныг зөвшөөрөх боломжгүй. Э.Дашдаваа нь шүүхэд төлөөлөх, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхгүй этгээд байх бөгөөд төлбөр барагдуулах гэрээнд өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг гэж тусгасны хууль зүйн үндэслэлийг шүүх бүрэн хянаж чадаагүй. Харин худалдах-худалдан авах гэрээгээр зөвхөн “Л” ХХК нь тооцоололд дурьдсан 42 848 441 төгрөгийг төлөхыг зөвшөөрч байгаагаар үндэслэн шийдвэр гаргах ёстой. Н.Б нь компанийн үүсгэн байгуулагчийн хувьд өөрийн нэрээ төлбөр төлж байсныг үндэслэл болгож түүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хянаж 42 848 441 төгрөгийг “Л” ХХК-аас гаргуулж гэж өөрчлөн шийдвэрийн дүнгээс 21 592 514 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Л” ХХК, Н.Б нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 42 960 637 төгрөг, үүний алданги 21 480 318 төгрөг, нийт 64 440 955 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч машины төлбөрт 42 960 637 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 001/14 тоот “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр “С” ХХК нь Маниту МТ1740 SLT маркийн сэрээт өргөгч, ажлын тавцан NE100x1 ширхэг, кран P4000x1 ширхэг барааг нийлүүлэх, худалдан авагч “Л” ХХК нь барааг тогтоосон хугацаанд хүлээн авч, үнийн 150 150 000 төгрөгөөр авсан байна. /хх.7-9/

Нэхэмжлэгч “С” ХХК, хариуцагч “Л” ХХК-ууд 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 35 075 000 төгрөг, алданги 4 885 637 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөр тооцооноос үүдэлтэй хохиролд /эрх зүйн туслалцаа үзүүлсэн, өмгөөллийн үйлчилгээний хөлс/ 5 000 000 төгрөг буюу нийт 44 960 637 төгрөг төлөх үүрэгтэй болохоо харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх.17/

Худалдах, худалдан авах гэрээний 4.3-т “Төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөх алдангийн хэмжээ хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх үнийн дүнгийн 0.01 хувь байна” гэж, “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 2.2-т “Энэ гэрээний 2.1-т гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөх сүүлийн өдрөөр хугацааг хэтрүүлсэнд тооцож төлбөр төлөгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг төлбөр авагчид төлнө” гэж тус тус тохирчээ. 

Талууд дээрх гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгээр хийсэн байх бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд гарын үсэг зурсан бичгээр үйлдсэн байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

        Анхан шатны шүүх хариуцагч Н.Б болон “Л” ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх  хэсэгт заасны дагуу үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгээгүй талаар дүгнэхдээ хариуцагч нараас гэрээний үүрэгт буюу худалдан авсан барааны үнэ, хугацаа хэтрүүлсний алданги 21 480 318 төгрөг, нийт 64 440 955 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан үнийн дүнд талууд алдангийг оролцуулан тохиролцсон байх тул энэхүү анз тооцсон үнийн дүнд нэмж алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эсэх нь түүний эрхийн асуудал байх тул нэхэмжлэгч өмгөөлөгчтэйгээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан гэрээний үүргийн дагуу төлсөн мөнгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт нийцээгүй гэж үзлээ. Зохигчид дээрх байдлаар алдангийг тооцвол “Төлбөр барагдуулах гэрээ”-ндээ мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой дахин алданги төлөх талаар тохиролцсон заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Харин хариуцагч Н.Бийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсанаас хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 2 000 000 төгрөгийг хасч хариуцагч нараас үндсэн төлбөр 42 960 637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 480 318 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.