Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0525/з |
Дугаар | 28 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 28
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
МУЗГ-т холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Х.Батсүрэн,
Б.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ж ХХК-ийн эзэмшиж байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу 400 га газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Засгийн газарт даалгах,
Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдах Олон Улсын нисэх онгоцны зориулалттай 12084.9 га газраас “Ж” ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0610 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0612 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0610 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд байрлах Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалттай 12084,9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн эзэмшлийн 400 га газартай холбогдох хэсгийг Засгийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Засгийн газраас шинэ акт гаргаагүй бол Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол болон 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд байрлах Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалттай 12084,9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 400 га газартай холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0612 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0610 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн захирал Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын хүрээнээс хальж хэргийг бүхэлд нь хянан, талуудын маргаагүй, гомдолд дурдаагүй асуудалд дүгнэлт хийсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан хэргийг гомдлын хүрээнд хянах гэснийг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэснийг зөрчсөн.
4. Тухайлбал, "Ж" ХХК-ийн эзэмшиж байгаа газрын хэмжээгээр талууд маргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн захиргааны хэрэгт хэлэлцэгдэн, нэхэмжлэгч "Ж” ХХК нь 400 га газартай болох үйл баримт тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх нь гомдолд дурдаагүй, талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
5. Дээрх захиргааны хэрэгт хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн эзэмших 400 га газар дээр давхцуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт газар олгосон болохоо зөвшөөрсөн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталсан бөгөөд хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй.
6. Хариуцагчаас нотлох баримт дутуу цуглуулсан талаар гомдол гаргаагүй бөгөөд Засгийн газрын 140 дүгээр тогтоолын 2 дахь заалтад дурдсан тооцоо, судалгаанд тус компанийг хамруулаагүй тул энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй болохыг анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэн тогтоогдсон. Нэгэнт "Ж " ХХК-ийг тооцоо судалгаанд хамруулаагүй, манай зүгээс Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яаманд удаа дараа хандан судалгаанд хамруулж өгөхийг хүссэн талаар тайлбарласан, энэ талаарх баримтыг гаргаж өгсөн байхад байхгүй бичгийн нотлох баримтыг гаргуулахыг шаардсан байгаа нь илтэд хууль бус байна.
7. Нөхөн олговрыг Засаг дарга олгохгүй байгаа, эсхүл нөхөн олговрыг хариуцагч шилжүүлэхгүй байгаа асуудлын алинаар маргаж буй талаар давж заалдах гомдол гаргаагүй байхад гомдолд дурдаагүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.
8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5 удаа өөрчилсөн нь хууль зөрчсөн ажиллагаа биш бөгөөд хариуцагчийн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд бий болсон нөхцөл байдал зэргээс хамаарч ийнхүү өөрчлөхөд хүрсэн. Анхан шатны шүүхээс маш тодорхойгоор шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж байгаад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шийдвэрлэсэн бөгөөд маргаантай, шүүх эргэлзэх, төөрөх будлих асуудал огт байгаагүй болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зэргээс тодорхой харагдана. Тодруулбал, нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар бусдын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд авах бол Засгийн газар газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг газар эзэмшигчтэй урьдчилан тохирно гэсний дагуу шийдвэрлүүлэхээр байгаа.
9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг "нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах" алийг нь хүсээд байгаа нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль бус ажиллагаа болно. Газар эзэмшигч нь газрыг солих замаар нөхөн олговор авах, эсхүл төлбөр авах замаар нөхөн олговор авах аль нэгийг нь шууд сонгон шүүхэд тодорхойлох боломжгүй. Учир нь энэ асуудлаа Засгийн газар урьдчилан тохирохоор хуульчилсан тул нэхэмжлэгчээс “Засгийн газар нь газар эзэмшигчтэй урьдчилан тохирох ёстой гэж” гэж маргаад байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн ойлгохгүй Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг буруу тайлбарлан, хэрэглээд байгааг зөвтгөж өгнө үү.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолуудын нэхэмжлэгчийн газартай давхцах хэсгийг хүчингүй болгуулах байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа “нэхэмжлэгч Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрдөг” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр ямар нэг алдаа мадаггүй, хууль ёсны байх ёстой бөгөөд Засгийн газраас жил бүр 140, 154 дугаартай тогтоол гардаг байхад огноогүй, тодорхой биш тогтоолын тухай бичиж байгаа нь магадлалыг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй.
11. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн ойлгоогүй хэргийг шийдвэрлэсэн гэдэг нь "нэхэмжлэгч Газрын тухай хуульд заасан нөхөн олговрыг олгохгүй байгаатай маргадаг" гэх дүгнэлтээс харагдаж байна. Нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг шүүх сонгон хэрэглэх эрх хэмжээтэй бөгөөд нэхэмжлэгчээс уг заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхыг шаарддаггүй зохицуулалт гэдгийг л тайлбарласан. Ингэхдээ нэхэмжлэгч нь хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ заалтын дагуу шийдвэрлэх саналаа гаргасан. Энэ нь хууль зөрчсөн ажиллагаа бишээс гадна "нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа явдал огт биш” талаар давж заалдах шатны шүүхэд тайлбарласан боловч хүлээн аваагүй нь үндэслэлгүй юм. Учир нь хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлдог болохоос шүүхүүд, үүний дотор давж заалдах шатны шүүх өөрийнхөөрөө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж тодорхойлж байгаа нь илт хууль бус болно.
12. Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү" гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Давж заалдах шатны шүүхийн нотлох баримт цуглуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
14. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд “газар эзэмших гэрээний хугацаа дуусаагүй байх” гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг шалгах шаардлагатай байна.
15. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Ж” ХХК-д Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжаар “Тахилтын энгэр” гэх газарт 400 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн байна. Гэвч ийнхүү газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш одоог хүртэл газар эзэмших гэрээ байгуулаагүй, кадастрын зураг газрын мэдээллийн сангийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иймээс газар эзэмших гэрээ байгуулагдаагүй шалтгаан, түүнд холбогдох баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой юм.
16. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.8 дахь хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшүүлэх үндэслэл, зориулалт, газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, гэрээний талуудын эрх үүрэг, хариуцлага, эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах нөхцөл, журам зэргийг тусгаж, гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх байна.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэгдүгээрт, захиргааны акт хууль бус байх, хоёрдугаарт, уг хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдол зэрэг хангагдсан нөхцөлд уг маргаан бүхий актыг хүчингүй болгох зохицуулалт үйлчилж байна. Энэ хэргийн тухайд Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр “газрыг тусгай хэрэгцээнд авах” тухай тогтоолын хууль зүйн үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, ялангуяа газар эзэмшигчийн эрх, үүрэгтэй холбогдуулан газрыг зориулалтын дагуу хэрхэн эзэмшиж байсан, газрын төлбөр хэрхэн төлсөн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
18. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх нь газар эзэмшигчийн үүрэг байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хэдэн га газрын төлбөр төлсөн үйл баримт тодорхойгүй, захиргааны байгууллагаас 1 сая төгрөг, нэхэмжлэгчээс 5 сая төгрөг төлсөн зэргээр зөрүүтэй тайлбар гаргасан, энэ төлбөр нь хэдэн мкв газрын төлбөр болох нь ойлгомжгүй, иймээс 2005 оноос хойшхи газрын төлбөр төлөлтийн байдлыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулах нь зүйтэй байна.
19. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0014 дүгээр захирамжаар “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн а/144 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
20. Уг шүүхийн шийдвэрийн агуулга, хэргийн оролцогчдын маргаагүй тохиролцсон зүйл нь “гуравдагч этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй” гэж тайлбарласан байх ба уг үйл баримт нь энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт хэрхэн нөлөөлөх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, хариуцагчийн “өөр этгээдийн эзэмшиж байгаа газарт нөхөн олговор олгох ойлголт байхгүй” тухай тайлбарт эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай юм.
21. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “400 га газартай болох үйл баримт тогтоогдсон байхад талуудын маргаагүй, гомдолд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эзэмшил газрын хил хязгаар тодорхойгүй, эзэмшил газрын солбицлыг газар нь буулгаж тэмдэглэх ажиллагаа хийгдээгүй, газрыг тусгаарлаагүй, бусад хуулийн этгээдтэй газрын давхцал үүссэн байхад шүүхээс “газрын хэмжээ тодорхой” гэж үзэх үндэслэлгүй, нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар тодруулах, холбогдох баримтыг цуглуулах эрхийн хүрээнд нийцсэн байна.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлсэн шийдвэр гаргах боломжтой. Үүний тулд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой захиргааны актыг “хүчингүй болгуулах” шаардлага гаргасан нөхцөлд шүүх хэрэглэх учиртай. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
23. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0612 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ