Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

 

 

 

 

 2023            4            06                                                   2023/ДШМ/24

 

            Ц.Б-д холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Энхбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Т.Багахүү,

            Цагаатгагдсан этгээд Ц.Б,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал,  Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2234000000365 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б, 1978 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сум, Алтан-Овоо 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн гэх,

Ц.Б нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум Алтан-Овоо 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хар хужир” гэх газарт төрсөн дүү Ц.Нямхүүг “...ангийнханд ямаа аваачиж өгөх байхад орхиод явлаа...” гэх хувийн таарамжгүй шалтгааны улмаас маргалдаж, цээжин тус газарт нь нэг удаа хутгалан алсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

Төв аймгийн прокурорын газраас Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн 2234000000365 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б-г цагаатгаж,

Шүүгдэгч Ц.Б-г цагаатгасан тул иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн 5.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

Эрүүгийн 2234000000365 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсгийг цэнхэр өнгийн лентээр ороосон хутга 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн футболк 1 ширхгийг тус тус шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Бг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчилагдсанг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор М.Буяннэмэх 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар эсэргүүцэлдээ: “ ... Тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэх би хяналтын прокурор Г.Ариунзул нь шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 2234000000365 дугаартай хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 417 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тев аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд, 27 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч Ц.Бг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ц.Бгийн зүгээс амь хохирогч Ц.Нямхүүг үг болон үйлдлээрээ өдөөн хатгасан, түүнтэй хэрүүл маргаан хийсэн, гэрт орж ирэхэд түүний өөдөөс босож зодсон зодолдсон гэж буруутгах үйл баримт тогтоогдоогүй....мөн Ц.Бгийн хувьд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа довтолж байгаа этгээдийн эрүүл мэндэд буюу үхэлд хүргэх гэмтэл учруулсан, шүүгдэгч Ц.Бгийн санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 2234000000365 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ. Цагаатгах тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Уг гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн дунд үйлдэгдэж талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үед адуу хаших гэж байгаад моринд мөргүүлж төмөр хашаанд цээжээр сүлбэгдсэн гэх мэдээллийг эмч нарт өгсөн гэрч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг анхнаасаа нуун дарагдуулах, гэр бүлийн гишүүний талд мэдүүлэг өгөх нөхцөл байдлыг бий болгосон талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

2. Шүүгдэгч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...дүү Ц.Нямхүү .... чи манай ангийнханд мал аваачиж өгсөнгүй гэж хэлсэн, тэгтэл би чи өөрөө мал аваачиж өг гэж надад хэлээгүй байж гэж уурлаад гэрээс гарсан. ... тэгтэл нүд нь улайчихсан галзуурсан хүн шиг гэрт ороод ирсэн тэгээд би хүүхдээ орон дээр орхиод хутга барьж байсан хүний өөдөөс хутгыг нь барьж аваад 2 уулаа цааш нааш болоод байсан... яаж ойчсоныг мэдэхгүй тэгтэл цээжин дээрээс нь цус гарчихсан би сөхөрч суугаад үлдсэн..." гэх мэдүүлэг,

Шинжээчийн дүгнэлтэд "амь хохирогч Ц.Нямхүүгийн цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдсан ил шарх гэмтэл нь ир тал 1 цаг, мөр тал нь 7 цагийн чиглэлтэй ташуу урдаас арагш чиглэлтэй шарх байна..." гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтад ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй хэргийг хэт нэг талыг барьж хөнгөрүүлэн шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, зөвхөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ, зөвхөн шүүгдэгч Ц.Бгийн мэдүүлэгт үндэслэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт цугларсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх бөгөөд шүүгдэгчийг цагаатгасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна. Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 27 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэг хүүгээ алдсан, нэг хүү нь цагаатгагдаад явж байна. Хэргийн үйл баримтаас харахад амь хохирогч нь зан байдлын хувьд тогтворгүй хүн байдаг. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг дээд шатны прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

            Цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Анхан шатны шүүхээс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр амь хохирогч Ц.Нямхүүгийн сэтгэл зүйн байдал тогтворгүй ээж П.Лхагвасүрэн болон төрсөн ах шүүгдэгч Ц.Б-тэй “...ангийнханд ямаа аваачиж өгөх гэж байхад орхиод явлаа...” гэж маргалдсан байдаг.

            Улмаар хэсэг хугацааны дараа амь хохирогч Ц.Нямхүү гэрт нь баруун гартаа хутга барин орж ирж өөдөөс нь довтлоход  шүүгдэгч Ц.Б өөрийгөө болон өвөр дээр нь сууж байсан бага насны хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалахаар довтолгоон дайралтыг зогсоохоор хутгатай гарыг барьж авч өөр рүү нь чиглүүлэн түлхэх үед амь хохирогч унаж хутганы ир хэсэг нь 1 цаг, мөр тал нь 7 цагийн чиглэлтэй ташуу байрлалтай, цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын хөндийг нэвтэлж түүнийг үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан гэж дүгнэж Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан нь довтолгоон буюу бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийх явдал байдаг.

            Анхан шатны шүүх амь хохирогч Ц.Нямхүүгийн зүгээс Ц.Б-гийн өөрийнх нь болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг халдлага бодитой байсан эсэх, довтолгоон нь эхэлсэн, эхлэх гэж байсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

            Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон нийгэмд аюултай хор уршиг хооронд тогтсон дотоод, зайлшгүй харилцан хамаарлыг гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг. Өөрөөр хэлбэл шалтгаант холбоо нь гэмт хэргийн обьектив талын заавал байх шинж буюу Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон хор уршгийн хоорондын холбоо юм.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

            Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах зэрэг аргаар нотлох баримтуудыг шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, Ц.Бгийн үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан эсэх талаар зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд Ц.Б-г гэм буруутай талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт, санаатай гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн иргэдийн төлөөлөгчийн гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн шаардлагыг хангаагүй, Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ тодорхой тусгаагүй байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй байх боловч Монгол Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг хүчингүй болсонд тооцсон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА

 

                                 ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ