Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/474

 

 

 

 

       2023           5            03                                         2023/ДШМ/474

 

Ж.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Хд холбогдох 2109001740700 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж.Х, 1975 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Хануй гол” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1а байрны 99 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХА75020818/;

            Ж.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг, 1а байрны 99 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Ныг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Хүрэл-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Ж.Х гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Хд 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ж.Хд оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ж.Хэс 360.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд олгож, хохирогч Б.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ж.Хэс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи, мөн нотлох баримтаар өгсөн 1 ширхэг СиДи, нийт 3 ширхэг СиДи-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэрхэн өмгөөлөгч мөрдөн байцаагч, прокурортайгаа нийлж худал мэдүүлэг өгөхийг зааж өгөн, хүнийг хилс хэргээр гүтгэж хэрэгт оруулдгийг биеэрээ үзлээ. Хичнээн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч гэх Б.Н нь илт худал мэдүүлэг өгч, олон удаа худал ярьсан нь, шинжээч эмч нь хуйвалдан бодит бус таамагаар шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргасан зэрэг нь тодорхой байсаар байтал тэр бүгдийг хараагүй, уншаагүй, сонсоогүй, байхгүй мэтээр, баримт нотолгоогүй, үндэслэлгүй зүйлээр хэргийг илт нэг талд шийдвэрлэж гэмгүй хүнийг хэрэгтэн болгож байна.

Өнөөдрийг хүртэл амьдрахдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй, хараалын үг хэрэглэдэггүй, худал хэлж, хулгай хийж үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлмээр байна. Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ яваад, ээж Б.Наранцэцэгийндээ 02 дугаар сарын 11-ны өдрийг хүртэл байж байгаад 03 дугаар сарын 11-ны өдөр  хүртэл 1 сар байр хөлслөн амьдарч байгаад гэртээ ирж бид эвлэрсэн. Гэртээ ирснийх нь дараа Б.Наас “..чи яаж тэгэж хүн гүтгэж чадаж байна аа?, хүүхдээ зоддог, өөрийнхөө нүдийг хөхөртөл цохисон, бэлгийн хүчирхийлэлтэй холбон яаж тийм зүйл ярьж, гүтгэж чадаж байна аа?, хоолны давс ихдүүлсэн, цуу хийсэн ч гэх шиг, шүүх эмнэлэгт хүртэл үзүүлчихсэн ч байх шиг, өмгөөлөгч авчихсан ч байх шиг, өөрөө ванн мөргөчихөөд намайг цохисон гэж яаж тэгэж гүтгэж чадаж байна аа” гэхэд Б.Н нь “..намайг уучлаарай согтуудаа гаргасан уурандаа дийлдээд, чи мэдэж байгаа шүү дээ, би согтохоороо сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл гутралд ордог, уурлахаараа юу хийж байгаагаа мэддэггүй, чамайг хүрэх шиг болохоор чинь л уурандаа тухайн үед энэ муу надад юундаа хурээд байгаа юм гээл толгойгоо холдуулах гэсэн чинь ванн мөргөсөн байна лээ уучлаарай, өмгөөлөгч одоо юм өөрчлөгдсөн хүчирхийлэлтэй холбоотой асуудал, гэр бүл салах асуудал хуулиар явахад эхийнх нь талд илүүтэй шийдэгддэг болсон тиймээс ингэж, ингэж мэдүүлэг өгөх хэрэгтэй гэж зааж өгсөн, өмгөөлөгч мөрдөгчийг танина, чиний талд шийдүүлж өгч чадна гэсэн болохоор тэгэж мэдүүлэг өгсөн юм аа, уучлаарай” гэж хэлсэн. Энэхүү яриаг хүүхдүүд маань хажууд байсан учраас бүгдийг сонссон.

Мөн хүүхдүүдээсээ “аавыг нь гүтгэж цагдаад өгсөнд уучлаарай, ээж нь бүх хариуцлагаа хүлээнээ” гэж хүүхдүүдээсээ уучлалт гуйсан. Б.Н нь утсаар мөрдөн байцаагчтай ярин “би гомдлоо татаж авмаар байна” гэж ярьсан ба мөрдөгч “татаж авах боломжгүй” гэж хэллээ гэж хэлсэн. Үүний дараа Б.Н нь биеэр очиж мөрдөгчтэй уулзаж ирээд “хууль өөрчлөгдөөд гомдлоо татаж авах боломжгүй болсон, заавал шүүхээр ордог болсон” гэж хэллээ гээд ирсэн. Үүнээс 3 сарын дараа Б.Н нь “би ерөөсөө хариуцсан прокурортой нь очиж уулзана аа, тэгээд шүүхээр оролгүй дуусгая, болохгүй бол прокурорт нь мөнгө өгөөд зохицуулчихъя, шүүхээр ормооргүй байна” гэж надад хэлсэн, тэгэхлээр нь “чи одоо юу яриад байгаа юм бэ? мөнгө өгнө гэж хүний дургүй хүрнэ биздээ, болиорой адилхан эмэгтэй хүн байна үнэнээ хэлвэл ойлгох байлгүй дээ” гэж хэлтэл Б.Н “эд нар чинь мөнгө аваал зохицуулчихдаг юм байна лээ, хоорондоо хамааралтай юм байна лээ” гэж хэлж байсан. Энэ тухай буюу Б.Нын өмгөөлөгч С.Энхцэцэг нь хэрхэн мэдүүлэг өгөхийг зааж өгсөн гэдгийг Б.Н өөрөө нотолсон зурвасаар харилцсан баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Б.Н нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчим үнэнээ хэлж прокурор H.Булганчимэгтэй уулзана гээд явсан, энэ үед мөрдөгч утсаар ярин “2 хүүхдээс чинь мэдүүлэг авна, дагуулаад ирээрэй” гээд бид 13 цаг 30 минутын үед цагдаагийн хэлтэс дээр очсон. Энэ үед мөн Б.Н ирсэн. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тухайн зурвасыг бичилцэх болсон шалтгаан нь Б.Н учир шалтгаангүй уурлаж, хэрүүл хийгээд байсан ба, энэ үед миний бие “чиний худал ярьсан, хүн гүйтгэсэн үйлдэл чинь миний сэтгэлд юм хийж байна” гэдгээ хэлж байсан. Б.Н хэрүүл хийж байгаад хаалга саваад гарч явсаныхаа дараа энэхүү мессежүүдийг над руу бичсэн.

Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 29 гэсэн бичигтэй цагаан өнгийн СиДи энэхүү зурвасаар харилцсан баримт файлаар байгаа. Миний бие мэдэхгүйн улмаас мөрдөгчид хэвлэж биш файлаар бусад зураг баримтуудыг хамт өгсөн. Миний бие энэ бүх зохион байгуулалттай гүтгэлийг, Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурорт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр прокурор Н.Булганчимэгт холбогдуулан хэргийг хэрхэн нэг талд шийдвэрлэж байгаа талаар гомдол гаргаж байсан. /2хх 54-84/ Энэхүү гомдлыг Ерөнхий прокурор хэрэгт хавсаргасан байдаг.

Харилцсан мессеж Б.Нын утасны дугаар 91002823, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Б.Н “Уучлаарай би чамайг их гомдоосон байна, цагдаагийн асуудалд санаа зоволтгүй, би очоод уулзана...гэхдээ би чиний ийм дайралтыг тэсэхгүй нь... чамайг над руу ингэж дайрахаар үхмээр болж байна, өшөө надаар яалгах гээд байгаа юм бэ? хүүхдүүдээ бодоод намайг тайван байлга, дахиад намайг тэнэг гэж хэлвэл би цаашид ингэж амьдарч чадахгүй гэдгээ ойлголоо, надад ямар ч хүч алга” гэхэд Ж.Х “Хүнийг тэгэж гүтгэж болдог юм уу? хийсэн зүйлээ ухамсарлавал ухамсарласан шиг ухамсарлаж ярьж бай, дахиад сална, дахиад салаавч гаргаад үзээрэй, тайван ярилцаж чадахгүй бол битгий надтай ярьж бай” гэхэд Б.Н “Чи түрүүлж орилсон шүү дээ” гэхэд Ж.Х “Үнэнээ хэлээд уулзана гэхийн оронд прокурорт мөнгө өгий гэсэн чинь юу гэсэн үг юм, тэр өмгөөлөгчөө ч гэсэн юу гэж зааж өгсөнийг хэлэх ёстой за” гэхэд Б.Н “Тэгээд хэлье” гэхэд Ж.Х “Өмгөөллийн хөлс авч л байвал хүнийг ингэж гүтгэх хэрэгтэй гэж зааварчилж болдог юм уу, тэр өмгөөлөгчийнхөө утсыг өгөөрэй. Чам руу дайрсан хүн огт алга, өөрөө л тайван ярилцаж сур, би энэ асуудалд санаа зовохгүй байна, хамгийн дургуй хүргэж сэтгэлд юм хийж байгаа нь чиний намайг гүтгэсэнд чинь байгаа юм, яаж тэгэж чадаж байна” гэсэн зурвас байгаа.

Энэхүү хавтаст хэрэгт авагдсан баримтаар өмгөөлөгч нь худал мэдүүлэг өгөхийг зааж өгсөн гэдэг нь нотлогдож байхад мөрдөгч, прокурор нь энэ баримтыг огт хэрэгсээгүй. Өмгөөлөгчтэй хамаарал бүхий мөрдөгч, прокурор нь хэргийг нэг талд шийдвэрлэж байгаа учраас хэрэгсэхгүй байх нь аргагүй бизээ.

Прокурор Н.Булганчимэг нь хэрхэн илт нэг талд үйлчилж яллагдагчаар татсан тухай тогтоол гаргасан тухайд:

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэх яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд “Хохирогч Б.Н нь 2012 оноос хойш татах, түлхэх, багалзуурдах, цохиж байсан мөн бэлгийн харилцаанд хүчээр оруулдаг талаар мэдүүлсэн боловч Ж.Х нь Б.Ныг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.Өөрөөр хэлбэл 2012 оноос хойш зодож, цохиж байсан талаар хохирогчийн мэдүүлсэн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад бүртгүүлж байсан, захиргааны болон зөрчлийн арга хэмжээ авагдсан болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдоогүй байна. Харин урьд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж байсан талаар Б.Н тогтвортой мэдүүлсэн мөн гэрч Б.Наранцэцэг 2011 онд “Б.Н Хужирбуланд ирээд Хүрэл-Эрдэнэ намайг багалзуурдаж гэрээсээ хөөсөн гээд” ирж байсан гэсэн мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ” гэсэн байдаг.

Үүнээс харахад урьд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж байсан талаар Б.Н тогтвортой мэдүүлсэн гэдэгтээ маргалддаггүй, хэрүүл уруулгүй айл, гэр бүл гэж байдаггүй байх, агуулгын хувьд учир дутагдалтай. Гэрч болох Б.Наранцэцэг нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, миний аав Ё.Жанчивдорж, ээж Ж.Цэрэннадмид нар нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гарсан яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоос өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр прокурор нь Б.Наранцэцэг, Ё.Жанчивдорж, Ж.Цэрэннадмид нарын гэрчийн мэдүүлэгтэй танилцсаны үндсэн дээр л гэрчүүдийн мэдүүлгээр хангалтгай тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь тодорхой байдаг. Тэгсэн мөртлөө 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн яллах дүгнэлтдээ гэрч Ё.Жанчивдорж, Ж.Цэрэннадмидийн мэдүүлгээс “2020 оны 2 дугаар сарын 31-ний шинэ жилээр Н, Хүрэл-Эрдэнэ нар муудалцсан байдалтай байсан, маргалдсан юм шиг байна лээ” гэх хэсгийг татан авч нэмэж оруулсан байдаг. Үүнээс харахад тогтоолдоо дурьдсан “урьд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж байсан талаар Б.Н тогтвортой мэдүүлсэн” гэснийгээ Б.Нын талд хэргийг шийдвэрлэж байгаа учраас хачир болгохын тулд тасдан авч оруулсан нь үүнээс ойлгомжтой харагддаг. Эсрэгээрээ хууль ёсны төлөөлөгч албан ёсоор томилуулан байж авсан хүүхдүүдийн мэдүүлгийг огт хэрэгсээгүй нь мөн л хэргийг нэг талд шийдвэрлэж, Б.Наранжаргалын талд үйлчилж байгааг харуулдаг.

Прокурор Н.Булганчимэг нь зөвхөн Б.Нын төрсөн ээж болох гэрч Б.Наранцэцэгийн “2011 онд Б.Н Хужирбуланд ирээд Хүрэл-Эрдэнэ намайг багалзуурдаж гэрээсээ хөөсөн гээд ирж байсан” гэсэн 10-аад жилийн өмнө болж байсан гэх үнэн худал нь нотлогдохгүй ярьсан зүйлийг үндэслэн яллагдагчаар татсан байдаг. Үүнтэй адилаар Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ээж Б.Наранцэцэгийндээ очихдоо мэдүүлэг өгөхдөө цохиулсан, алгадуулсан гэсэн мөртлөө ээждээ “намайг ханатай хавсарч” зодсон гэж хэлсэн байдаг. Иймээс мэдүүлэг нь яаж ч гуйвах боломжтой. Мөн дээр нь ээжийндээ хэсэг хамт байхдаа мэдүүлгээ ингэж өгөөрэй гэж хэлж өгсөн нь ойлгомжтой. Зааж өгсөн нь мэдүүлгээс нь харагддаг. Б.Наранцэцэгийн мэдүүлэг “Асуулт: Б.Н нь цохиулж зодуулсан байдалтай танайд очиж байсан уу? Хариулт: 2021 оны 1 дүгээр сарын дундуур 18:00 цагийн орчимд манай гэрт Хүрэл-Эрдэнэ намайг ханатай хавсарч зодсон би шүүх эмнэлэгт үзүүлээд ирлээ гээд тархины зураг бариад ирж байсан. Б.Нын толгойны хажуу тал хавдсан,мөр, эгэм хэсгээр жаахан улаан өнгийн оромтой харагдаж байсан. Б.Н нь 2021 оны 2 дугаар сарын 11-ны өдөр хүртэл байж байгаад явсан. 2011 онд Б.Н Хужирбуланд ирээд Хүрэл-Эрдэнэ нь намайг багалзуурдаж гэрээсээ хөөсөн гээд ирж байсан” Б.Наранцэцэг нь мэдүүлэгтээ гурван удаа маш тодорхой илт худал мэдүүлэг өгсөн байдаг.

Шинжээчийн дүгнэлтэд: “Духны баруун хэсэгт 4,5см*3см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй” гэсэн байхад гэрч Б.Наранцэцэг “Мөр, эгэм хэсгээр жаахан улаан өнгийн оромтой харагдаж байсан” гэж илт худал мэдүүлсэн байдаг. Үүнээс харахад Б.Н нь багалзуурдаж, хөөж байсан гэж хэлээрэй гэснийг нь ээж нь андууран энэ удаад ирэхдээ бас багалзуурдуулсанаар “Мөр, эгэм хэсгээр жаахан улаан өнгийн оромтой харагдаж байсан” гэж хольж хутган мэдүүлсэн нь харагддаг.

Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны эхний өгсөн мэдүүлэгтээ “цохисон”, хоёрдох мэдүүлэгтээ “алгадсан” гэж мэдүүлдэг. Гэтэл ээж Б.Наранцэцэг нь мөн нэмэж зөрүүтэйгээр “Ханатай хавсарч зодсон” гэж худал мэдүүлдэг.

Б.Нын өгсөн мэдүүлгээс “Асуулт: Ж.Х өмнө таныг цохиж зодож байсан уу? Хариулт: Намайг заамдаж, татаж түлхэх зэрэг үйлдлүүд 2012 оноос эхэлж гаргаж байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл гэрч Б.Наранцэцэг нь “2011 онд Б.Н Хужирбуланд ирээд Хүрэл-Эрдэнэ нь намайг багалзуурдаж гэрээсээ хөөсөн гээд ирж байсан” гэж мөн л цаг хугацааны хувьд зөрүүтэй худал мэдүүлдэг.

Улсын яллагч “Тохиолдлын шинжтэй биш. Урьд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй харилцаа байсан үйлдэл дээр нь дүгнэлт хийж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж ирүүлсэн, Хохирогчийн ээж нь 2011 онд Хужирбуланд ирэхдээ багалзуурдуулсан байдалтай ирсэн гэж мэдүүлдэг. Гэр бүлийн хүчирхийллийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж дүгнэсэн гэсэн байдаг. Энэ мэдүүлэг нь үнэн байлаа гэхэд хүндрүүлэх нөхцөл, байдал, гэр бүлийн хүчирхийлэл болгох ямар ч үндэслэл байхгүй байхад прокурор нь яаж ийж байгаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болгох гэж улайрч байгаа нь харагддаг.

Прокурор Н.Булганчимэгийн Улсын яллагчийн дүгнэлт: “эхнэр Б.Ныг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль сануулан авсан мэдүүлэг, гэрч нарын урьд маргаж байсан нэг удаа цохиж байсан зэрэг бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байна” Үүнээс харахад “гэрч нарын нэг удаа цохиж байсан гэх бичгийн баримт” гэх зүйл энэ хавтаст хэрэгт байхгүй. Ингэж хавтаст хэрэгт огт байхгүй зүйлийг үнэн мэтээр анзаарагдалгүйгээр оруулж бичсэн байдаг.

Өмгөөлөгч С.Энхцэцэг нь Б.Нтай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн асуудал болон гэр бүл цуцлах асуудлыг нийлүүлэн нэг дор өмгөөллийн гэрээ хийсэн байдаг. Ингэж шууд гэр бүл цуцлах асуудлыг нэг дор гэрээ байгуулсан нь зөвхөн мөнгө, ажил гэж харсны тод илрэл буюу тухайн үед Б.Н нь согтуу, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан зэргийг үл тоож шууд салах асуудлыг хамтатган гэрээ хийж төлбөр авсан нь ямар ч ёс зүйгүй өмгөөлөгч гэдэг нь тодорхой харагддаг.

Б.Н нь “би нөхөртэйгээ эвлэрчихсэн, одоо энэ асуудлаа дуусгая, мөнгөө буцааж авъя” гэхэд өмгөөлөгч Энхцэцэг нь гэр бүл цуцлах асуудлын төлбөрийг буцаан шилжүүлсэн ба цагдаагийн асуудлын төлбөрийг нь өгөөгүй. Дараа нь Б.Наранжаргалаас асуухад “мөрдөгч Б.Мөнхтулгад мөнгө өгсөн учраас буцаах боломжгүй гээд байх шиг байна, нэгэнт шүүхээр орох юм чинь энэ чигээр дуусгавал чамд дараа нь хэрэгтэй гэж хэлсэн” гэхээр нь миний бие уурлан “юу гэсэн үг юм бэ, өмгөөлөгчтэй чинь ярий” гэхэд, “за би өөрөө өмгөөлөгч авсан юм чинь өөрөө зохицуулна, шүүх хурал дээр нь би гүтгэснээ, буруугаа хүлээнэ, санаа зоволтгүй би бүх хариуцлагаа хүлээнэ уучлаарай” гэж хэлсэн. Ингэж хэлсэн учраас миний бие энэ хэрэгт ач холбогдол өгөөгүй, эргээд худал ярьснаараа гүтгээд явна гэдгийг таашгүй нь ойлгомжтой.

Эвлэрээд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сар гаруй гэртээ хамт амьдарсан. Энэ хугацаанд өмгөөлөгчтэйгээ байнга холбоотой байсныг нь хожим мэдсэн ба энэ хугацаанд Б.Н нь ямар ч утгагүй, учир шалтгаангүй үе үе хэрүүл өдөн, уурандаа эд хогшил миний бие рүү шидэж, цохиж, гэрээсээ гарч тамхи татан орж ирээд, уучлалт гуйж байсан, сэтгэл зүйчтэйгээ утсаар ярилаа “би ерөөсөө бүхнийг сөргөөр хараад байгаа юм байна, үүн дээрээ сайн ажиллахгүй бол болохгүй юм байна" гээд уучлал гуйх зэргээр сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байдаг байсан.

Удалгүй 2021 оны 6 дугаар сарын эхээр мөн шалтгаангүй хэрүүл хийж, улмаар хутга барин 4 настай бага хүүг маань харж байхад “чамайг ална, алчмаар байна- гээд миний зүрхэн тус газар хутга хүргэсэн, энэ үед хоёр том хүүхэд маань гал тогоо руу орж ирээд хартал хутгаа ардаа нуугаад үүдний шургуулганд хийсэн байдаг. Энэ тухай хүү Х.Х мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Ингэж хэрүүл өдөж, хутга гаргасан явдал нь хэрэг дээр хэрэг нэмэж, намайг уурлуулж, өөртөө гар хүргүүлэх гэсэн зориуд хийсэн үйлдэл байсан байдаг. Учир нь өмгөөлөгч С.Энхцэцэг нь “гэр булийн хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл ангиар ял шийтгэл хүлээлгэчих юм бол гэрлэлтээ цуцлах, иргэний хэрэг дээр автоматаар 3 хүүхдээ асрамжиндаа авна, одоо эвлэрсэн байгаа ч дахиад салахаар болуул чамд хэрэг болно” гэж Б.Ныг эвлэрээд гэртээ ирээд хамт амьдарч байх хугацаанд байнга ятгаж байсан байдаг. Тиймээс Б.Н нь хүүхдүүддээ аавыг нь гүтгэж, худал ярьсандаа бантаж, өнөөдрийг хүртэл хүүхдүүдтэйгээ уулздаггүй, бүр хүүхдүүдээ фейсбүүк найзаасаа хассан, бага хүүгийн 2 удаагийн төрсөн өдрөөр нь таг байсан, хүүхдүүд рүүгээ ярьдаг ч үгүй. Учир нь өмгөөлөгч өөрийнх нь талд хэргийг шийдвэрлэж өгнө гэсэнд итгэж, гэр булийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээр яллуулчихвал хүүхдүүд нь хүссэн хүсээгүй өөрийнх нь асрамжинд нь ирчихнэ гээд явж байсан нь тодорхой буюу энэ санаагаа 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хурлын үеэр шүүгчид хандан “Иргэний хэргийн шүүхээр гэр бүл салах асуудал яригдаж байгаа. Цаашдаа хүүхдүүдийн маань хувь заяаны асуудал шийдвэрлэгдэх учраас уян хатан шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна” гэж шууд хэлсэн байдаг. Үүний тод жишээ нь “би гүтгэснээ, буруугаа хүлээнэ” гэж хэлж байсан хүн эвлэрээд гэртээ хамтдаа амьдарч байсан хугацаанд хамтдаа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд очиж мэдүүлэг өгөхдөө нэмэж худал ярьж гүтгэсэн байдаг. Мөн эвлэрээд гэртээ хамтдаа амьдарч байх хугацаанд Б.Н нь “мессэжээр харилцсан зураг 4 хуудас”-г нотлох баримт болгон мөрдөгчид өгч хавтас хэрэгт хавсруулсан байдаг. Тиймээс эвлэрээд гэртээ хамт амьдарч байсан бөгөөд бид хүүхдүүдээ дагуулан мэдүүлэг өгөхөөр цагдаагийн хэлтэс дээр очсон. Хүүхэд мэдүүлэг өгч байх хооронд Б.Н болон бага хүүгийн хамт 1 дүгээр давхарт хүлээн сууж байхдаа миний бие “ингээд хүүхдүүдтэйгээ цагдаагийн газар сууж байх ч гэж дээ” гэж хэлтэл Б.Н нь “тэгээд миний буруу юм уу” гээд шууд уурлахад нь “чиний л буруу шүү дээ, чи л согтуу ирж, согтуу уурандаа гомдол гаргаагүй бол юу гэж ингээд сууж байхав дээ” гэхэд Б.Н нь шууд “би сална, өмгөөлөгчөө дуудна” гэж чанга дуугаар хашгирч цагдаагийн газрын хаалгыг савлаад гараад явсан. Тун удалгүй өмгөөлөгчтэйгээ хамт орж ирэн хавтаст хэрэгтэйгээ танилцсан, орой нь гэрээсээ явсан. Ингэж хурдан өмгөөлөгчтэйгөө хамт орж ирсэн зэргээс харахад өмгөөлөгч С.Энхцэцэг нь энэ хугацаанд намайг эрх зүйн мэдлэггүйг ашиглан, эвлэрсэн байсан ч ятгасаар эхнэрээр нь эвлэрсэн мэт дүр эсгүүлэн хууран мэхлүүлж байсан нь ойлгомжтой болдог. Тиймээс миний бие яллах дүгнэлт хүлээж авсаныхаа дараа л өмгөөлөгч авсан. Хэрвээ хууль эрх зүйн мэдлэгтэй байгаад тухайн үед нь өмгөөлөгч авсан байсан бол энэ хэрэг мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болох байсан. Өмгөөлөгч С.Энхцэцэгийн энэхүү аливаа муу бүхнийг зааж өгөн, хууран мэхэлсэн энэ мэт үйлдлүүдийг шүүгч харах боломжгүй учраас ийнхүү хэрхэн гүтгэж хилс хэрэгт оруулж байгааг аль болох товчоор дэлгэрэнгүйгээр бичихийг хичээж байна.

Өмгөөлөгч С.Энхцэцэг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Б.Насанжаргаын нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулах асуудал дээр мөн л шүүгчтэй хуйвалдсан нь нотлогдож хариуцсан шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргагдсан. Б.Н нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэх гаргасан байдаг. Өмгөөлөгч С.Энхцэцэг 2021 оны 6 дугаар сарынэ 28-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “Б.Н нь Ж.Хэс гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар холбогдох баримтыг бүрдүүлж байгаа тул Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол зэргийг хэргийн материалаас гаргуулж авахаар  хүсэлт гаргасан, 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол” хариу гарсан байдаг.

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ”, мөн хуулийн 6.5-д энэ хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж хуульд заасныг шууд зөрчиж өмгөөлөгч С.Энхцэцэг нь өөрийн танил шүүгч болох Г.Энхцэцэгтэй үгсэн хуйвалдаж ямар ч үндэслэлгүйгээр шууд хэрэг үүсгүүлсэн байдаг. Шүүгч Г.Энхцэцэг нь шүүх хурал дээр өмгөөлөгч С.Энхцэцэгтэй нэг сургууль нэг төгсөлт гэдгээ хэлдэг. Шүүх иргэнийн хэргийг хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэдэг хуультай байтал хэрэг үүсгэснээс даруй 8 хоногийн дараа ирсэн буюу 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол”-г үндэслэж хэрэг үүсгэсэн байдаг. Үүндээ мөн ямар ч үндэслэл болохгүй зүгээр л нэг “Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-р үйлчлүүлж байсан гэх тодорхойлолтыг мөн үндэслэсэн байдаг. Үүнээс харахад өмгөөлөгч С.Энхцэцэг нь шүүгч Г.Энхцэцэгтээ эрүүгийн хэргээр давхар явж байгаа, прокурор хэргийг нэг талд шийдэж байгаа удахгүй гэр бүлийн хүчирхийллээр шийтгэгдэнэ гэж хэлсэн учраас шүүгч Г.Энхцэцэг нь хууль зөрчин хэрэг үүсгэсэн нь тодорхой болдог. Энэ тухай нь Ерөнхий шүүгчид хүсэлт гаргасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №181/ЕШ2021/02391 дугаартай шүүгч Г.Энхцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргасан захирамж гарсан. Үүгээр тус хэрэг дээр өмгөөлөгч С.Энхцэцэгийн шүүх хурал дээр гүтгэж худал ярьсан зүйлүүд нь давхар нотлогдсон учраас өмгөөллөө цааш үргэлжлүүлээгүй. Ингэж бүтэлгүй болж эхэлсэн учраас Б.Н нь уурлаж хоорондоо хэрэлдэж, улмаар эрүүгийн хэрэг дээр мөн өмгөөлөл хийхээ больж өмгөөлөгч нь солигдсон.

Б.Н нь бага насандаа болон өсвөр үеийнхээ амьдралын таагүй дурсамж, түүхээс авсан сэтгэл зүйн гэмтлээс болж огцом уурлаж, уурлахаараа биеэ барьж чаддаггүй, сэтгэл гутралд амархан өртдөг, архи дарс хэрэглэхээрээ сэтгэл санаа нь бүр илүү тогтворгүй болж өсвөр үеийнхээ таагүй үе рүүгээ орчихдог, бусдын ятгалга хатгаасанд амархан өртдөг, юм л бол амиа хорлоно гэх үйлдэл гаргадаг зэрэг асуудал байсан тул “Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэл зүйчээс 2020 оноос сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө заслын үйлчилгээ авч эхэлсэн. Асуудалгүй эв эрүүл хүн сэтгэл зүйчээр явахгүй нь ойлгомжгой. Иймээс энэ асуудлыг нь ойлгож миний бие болон хүүхдүүд маань аль болох ээжийгээ уурлуулахгүй байя гэж тохиролцон, хичээж байсан цаг үед энэ үйл явдал өрнөсөн. Хүүхдүүд маань сайн мэдэж байгаа. Харин өмгөөллөө зөвхөн мөнгө гэж хардаг ёс зүйгүй С.Энхцэцэг гэдэг өмгөөлөгч таарснаар энэ хэрэг үргэлжлэн өнөөдрийг хүртэл явах болсон. Өндөр хөгжилтэй оронд бол хувь хүний сэтгэц, сэтгэлзүйн асуудлыг эхэлж шийдвэрлэсний дараа хэргийг цааш явуулдаг байхад манайд сэтгэц, сэтгэлзүйн асуудлыг огт ойшоодоггүйгээс гэмгүй хүн хэрэгтэн болох нөхцөл байдал үүсэж байна. Энэ талаар буюу сэтгэл зүйчээс нь мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч прокурор Н.Булганчимэг нь “сэтгэл заслын эмчилгээ хийсэн эмчийг дуудаж мэдүүлэг авах боломжгүй, хувь нууцтай холбоотой учраас мэдүүлэг авах шаардлагагүй” гэж мөн л эсэргүүцсэн байдаг. Сэтгэл зүйчээс мэдүүлэг авсан бол энэ хэрэг мөн цааш явахгүй байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргадаг дүгнэлт нь асар учир дутагдалтай, зөвхөн тухайн хүний товч намтар болон тухайн үйл явдал хэрхэн өрнөсөн тухай товчхон яриулаад л сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна гээд л дүгнэчихдэг.

Б.Нын өгсөн мэдүүлгээс “Тэгээд би сэтгэл зүйчид хандан үзүүлж байхад өмнө нь сэтгэл зүйн гэмтэл авч байсан юм билээ. Энэ бүхэндээ ажиллаж байгаа. Сэтгэл санаа тогтворгүй болохоор уурладаг. Ганцаараа баймаар байдаг. Одоо янз бүрийн дасгал хийж, нойр, хоолны дэглэмээ сайн барихыг бодож байна. Архи уухаараа сэтгэл санааны байдлаас болж, хэвийн амьдралд шийдэгдээгүй асуудлаас болж тэрийгээ согтуудаа гаргаж байдаг” гэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс “Улсын яллагч: Та амиа хорлох үйлдлийг байнга гаргадаг юм уу? гэхэд хохирогч: тэр орой л болсон үйл явдал гэв” гэсэн байдаг. Б.Н нь өгсөн мэдүүлгүүддээ гэхэд л 5 удаа согтууруулах ундаа хэрэглэн шөнийн цагаар гэртээ ирсэн тухайгаа мэдүүлсэн байдаг. “2015 оны 06 дугаар сард найз нөхөдтэй уулзчихаад ороод ирэхэд”,   “2020 оны 08 дугаар сарын эхээр 10 жилийн ангийн хүмүүстэй уулзаад шөнө 03:00 цагийн орчимд”, “2020 оны 12 дугаар сарын 31-ний орой ажлаа тараад ажлын хүмүүстэй 1 шил шампанск уучаад”, “2021 оны 1 дүгээр сарын 24-ний орой 19:00 цагаас ажлаа тараад ажлын 2 эмчтэй 4 шил пиво уугаад 01:00 цаг”, “3 дугаар сарын 31-ний өдөр эмч нарын баяр болоод ажлынхантайгаа сууж байгаад 23 цагийн үед гэртээ”, Охин Х.Гийн мэдүүлгээс “Асуулт: Ж.Х, Б.Н нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг үү? Хариулт: Бид нарын нүдэн дээр хэрэглээд байдаггүй. Ээж архи уучхаад ирвэл дандаа хэрүүл болдог.”, Хүү Х.Хгийн мэдүүлгээс “Асуулт: Ж.Х, Б.Н нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг үү? Хариулт: Аав архи уудаггүй. Ээж архи байнга уудаггүй. Заримдаа уудаг уух болгондоо асуудал тарьдаг.” Б.Наранжаргалын зөрүүтэй, худал өгсөн мэдүүлгүүд зэрэг Ж.Х намайг яллах үндэслэл болгосон хохирогчийн мэдүүлэг нь бодит бус, эргэлзээтэй, мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын илт зөрүүтэй байхад прокурор Н.Булганчимэг нь “Б.Н тогтвортой мэдүүлсэн” гэж яллагдагчаар татсан тогтоолдоо дурьддаг.

Эхний буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 05 цагт өгсөн мэдүүлэг “..Тэгээд 00-н өрөө ороод ганцаараа уйлсан. Нөхөр орж ирээд “яагаад уйлсан юм бэ” гэсэн. Тэгээд би “сэтгэл санаа тавгүй эгчийгээ санаж байна” гэж хэлсэн. Тэгэж хэлэхэд нэг мэдсэн гал тас хийгээд нөхөр намайг цохих үед би хажуу тийшээ унаад ванн мөргөөд толгой хавдсан.”, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагт өгсөн мэдүүлэг “..00-н өрөөнд орж сандал дээр суугаад уйлаад сууж байтал, манай нөхөр орж ирээд “юундаа уйлаад байгаа юм бэ” гэхээр нь би “эгчийгээ санаад байна” гэтэл намайг алгадаад толгойгоороо хажуу тийшээ банн мөргөсөн...”, 2021 оны 02 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэг “..нөхөр Хүрэл-Эрдэнэ 00-н өрөөнд араас орж ирээд “яагаад уйлаад байгаа юм” гэж надаас асуухад “сэтгэл санаа тавгүй байна эгчтэйгээ утсаар ярьмаар байна” гэж хэлсэн. Нөхөр Хүрэл-Эрдэнэ “ингээд байвал сална шүү” гэж хэлсэн. Тэгээд би “салаач” гэж хэлтэл нөхөр Хүрэл-Эрдэнэ зүүн дух, чамархай орчимд гараараа цохиход би баруун талд байсан ванны ирмэгийг баруун талын дух хэсгээр мөргөсөн...”, Сэтгэцийн эрүүл мэндийн төвд өгсөн мэдүүлэг “...Тэгээд хүүхдүүдээ унтуулаад унтах гэсэн чинь унтаж чадахгүй байсан. Өмнө нь хадам аав, ээж хоёрын нүдэн дээр нөхөр намайг боосон. Тэгээд намайг ална гэсэн. Тэрэнд би гомдсон тэр нь бодогдсон байх. Тухайн үед унтаж чадахгүй уйлаад эгчийгээ санаад байсан. Тэгээд нөхөр араас орж ирээд “яагаад унтахгүй уйлаад байгаа юм бэ” гээд байсан. Тэгээд би “эгчийгээ санаад байна” гэсэн. Нөхөр “чамайг ингээд байх юм бол сална шүү” гэсэн. Тэгээд миний толгой руу цохисон тас хийгээд явсан. Цааш нь ванн мөргөсөн. ...” гэсэн мэдүүлгүүд.

Сандал дээр сууж байгаа хүний баруун талд нь ванн байгаа тохиолдолд, зүүн талаасаа цохиуллаа гэхэд хажуу тийшээ буюу баруун тийшээ унана. Тиймээс баруун талд нь ванн тээглээд байгаа учраас баруун тийш унах ямар ч боломжгүй. Шөнийн 3 цагийн үед хүүхдүүд нь унтаж байхад, эрүүл нөхөр нь аргадахаар ванны өрөөнд орж уйлаад сууж байгаа согтуу эхнэрээ “эгчийгээ санаж байна, эсвэл эгчтэйгээ утсаар яримаар байна” гэхэд нь шууд “ингээд байвал сална шүү” гэж хэлэх эсвэл шууд цохих, эсвэл шууд алгадсан гэх нь хир итгэл үнэмшилтэй вэ? Б.Нын мэдүүлгээс “2020 оны 12 дугаар сарын 31-ний орой...Хүрэл-Эрдэнэ “чи миний ээжийг юу гээд байна” гэж орилон босож ирээд зүүн хацар луу гараараа шанаадаж хоолойг боосон” гэдэг. Хүү Хгийн мэдүүлэгт “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аав ээжийг цохиж зодоогүй. Ээж эмээг цохих гэхэд аав, ээжийг болиулж мөр хэсгийг нь дарсан. Түүнээс бол цохиж зодсон зүйл байхгүй”, Охин Гийн мэдүүлэгт “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аав ээжийг цохиж зодоогүй гэртээ орилж чарлаж хэрэлдсэн”, Ё.Жанчивдоржийн мэдүүлэгт “Н миний эхнэр Цэрэннадмид руу дайрч чиний хүүхдийн 3 хүүхдийг гаргасан гээд дайрахад хүү Хүрэл-Эрдэнэ Нын 2 гарыг барьж диван дээр дарсан”, Ж.Цэрэннадмидийн мэдүүлэгт “Н нилээн согтуу байх шиг байсан. Н гэнэт над руу чиний хүүхдийн 3 хүүхдийг гаргасан гээд дайрахад хүү Хүрэл-Эрдэнэ Нын 2 гарыг барьж диван дээр дарсан. Зодож нүдсэн зүйл байхгүй” гэж мэдүүлсэн.

Ингэхээр Б.Нын мэдүүлсэн “зүүн хацар луу гараараа шанаадаж хоолойг боосон” гэсэн нь ор үндэсгүй худал, эсрэгээрээ хадам ээжийгээ цохих гэж байсан байдаг. Мөн Б.Нын эвлэрээд хамт амьдарч байх хугацаандаа ч худал мэдүүлэг өгч байсан нь дээрх Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Өмнө нь хадам аав, ээж хоёрын нүдэн дээр нөхөр намайг боосон. Тэгээд намайг ална гэсэн. Тэрэнд би гомдсон тэр нь бодогдсон байх” гэдгээс харагддаг. Өмнө нь тухайн үйл явдлын талаар өгсөн 3 мэдүүлэгтээ энэ тухай огт дурьдаагүй байснаа энэ худал зүйлээ эвлэрээд хамт амьдарч байх үедээ, хамт очиж мэдүүлэг өгөхдөө нэмж худал ярьсан байдаг.

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн анхны мэдүүлэгтээ “23 цагийн үед гэртээ орсон. Хоолны газар хоёр ажлын эмчтэй таван пиво уусан байсан” гэдэг бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 7-ны өдөр өгсөн З дахь мэдүүлэгт “ажлын 2 эмчтэй 4 шил пиво уугаад 01:00 цагийн орчим гэртээ очтол” гэж зөрүүтэй мэдүүлдэг. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн хоёрдох мэдүүлэгт “дахиад зодох гээд байхаар нь би айгаад би цонхоор үсэрлээ шүү” гэсэн, мөн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн З дахь мэдүүлэгт “Манайх 2 дугаар давхарт байдаг, над руу дайраад байхаар нь цонхоор үсэрлээ шүү гэж хэлсэн. Том охин Г ээжээ битгий үсрээч гээд надаас татаад байхаар нь хүүхдүүд айлгачихлаа гэж бодоод больсон” гэдгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн тухайн хэрэг болсон 02:50 цагийн үед хийгдсэн видео бичлэгээс илт худал мэдүүлэг өгсөн нь тодорхой харагддаг. Бичлэгт миний бие дайрах битгий хэл, бичлэг эхлэхээс дуусах хүртэл бага хүүгээ тэвэрсэн байдалтай байдаг. Эсрэгээрээ бага хүү нь “ээжээ болиочээ гээд” уйлаад байхад Б.Н нь юун хүүхдээ айлгачихлаа гээд болих, согтуудаа “амиа хорлож үхнэ” гээд цонхоор үсрэх гэхэд нь болиулж байсан. Охин Гийн гарыг удаа дараа мушгин түлхэж, эцэст нь охиноо хамаг хүчээрээ түлхэн унагааж цонхны түгжээг эвдэн угз татан онгойлгож буй нь бичлэгт байдаг.

Б.Нын мэдүүлгээс “2015 оны 6 дугаар сард найз нөхөдтэй уулзчихаад ороод ирэхэд миний нүдийг хөхөртөл нь шанаадаж, хоолой боож, үснээс зулгаасан, би тухайн үед өөрийн төрсөн ээж Наранцэцэгийн гэрт очиж 2 хоносон гэж мэдүүлдэг” Хэрвээ Б.Нын энэхүү мэдүүлэг нь үнэн байсан бол гэрч ээж Б.Наранцэцэг нь Б.Ныг 2011 онд Хужирбуланд багалзуурдуулж ирсэн тухай санаад мэдүүлэгтээ хэлээд байгаа хүн, нүд нь хөхөрсөн байдалтайгаар гэрт нь 2015 онд бүхэл бүтэн хоёр хоносон үйл явдлыг санахын дээдээр санаж мэдүүлэх байсан.

“Улсын яллагч: Хужирбуланд байхад шүүгдэгч таныг багалзуурдсан зүйл болсон уу? гэхэд Хохирогч: Тийм. Тухайн үйл явдал нь 2015 онд болсон. Ээж мэдүүлэгтээ 2015 гэж хэлснийг манай мөрдөгч онийг буруу бичсэн байх гэв” Манай мөрдөгч” гэж хэлж байгаа нь өмгөөлөгч мөрдөгчийг танина, чиний талд шийдүүлж өгч чадна гэж олон дахин ярьж байсан учраас ингэж чөлөөтэй урсгаж хэлсэн нь ойлгомжтой. Мөн “2015 оны 6 дугаар сард найз нөхөдтэй уулзчихаад ороод ирэхэд миний нүдийг хөхөртөл нь шанаадаж, хоолой боож, үснээс зулгаасан би тухайн үед өөрийн төрсөн ээж Наранцэцэгийн гэрт очиж 2 хоносон” гэж байсан мөртлөө өөрчлөгдөөд 2015 онд Хужирбуланд очоод багалзуурдуулсан болж өөрчлөгддөг.

Б.Нын мэдүүлгээс “2020 оны 8 дугаар сарын эхээр 10 жилийн ангийн хүмүүстэй уулзаад шөнө 03:00 цагийн орчимд орцны гадна ирсэн түлхүүр гэртээ үлдээсэн учраас орцны хаалга онгойлгож чадаагүй. Хүрэл-Эрдэнэ рүү залгатал утсаа авахгүй байсан. Би согтолттой байсан учраас найз Амартуяа, нөхрийн хамт хүргэж өгсөн” гэдэг. Ямар ч орон сууцны орц түлхүүрээр онгойдоггүй, нотлох баримтаар өгсөн тухайн өдөр хийсэн “2020.08” дугаартай видео бичлэгээс шөнийн 03:00 цаг биш, гэгээ орсон үед ирсэнийг болон ухаангүй согтуу тасарцан байсан учраас орцны кодоо найз Амартуяадаа хэлж чадаагүй байсан нь харагддаг.

Б.Нын мэдүүлгээс “2020 оны 08 дугаар сарын сүүлээр Хүрэл-Эрдэнэ унтаж чадахгүй байна гээд гэрт байсан вискинээс ууж эхэлсэн. Нэг дор 2 шил виски уусан” гэдэг бөгөөд хүн итгэмээргүй, унтаж чадахгүй байна гээд 2 шил виски уудаг хүн байх уу.        Б.Нын мэдүүлгээс “Мөн охин Гийг 2014 оны зун 4 настай байхад нь Хужирбуланд үгэнд орохгүй, сахилгагүйтээд байна гэж Хүрэл-Эрдэнэ таавчигаар гарлуу нь олон удаа цохисон” гэдэг Б.Нын ээж Б.Наранцэцэг нь Хужирбуланд амьдардаг байсан ба дээрх зүйл үнэн байсан бол ээж Б.Наранцэцэг нь мэдүүлэгтээ хэлэх байсан. Б.Наранцэцэг нь хэдий худал мэдүүлэг өгдөг ч хүүхдүүддээ сайн аав гэж үнэнийг хэлсэн байдаг.

Б.Наранцэцэгийн мэдүүлгээс “Асуулт: Та Ж.Хүрэл-Эрдэнийн хувийн байдлын талаар мэдүүлнэ үү? Хариулт: Хүрэл-Эрдэнэ их дуугүй томоотой хэр баргын хүнтэй олон юм ярихгүй. Хүүхдүүддээ сайн аав” гэж мэдүүлсэн байдаг.

Нын мэдүүлгээс “Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар: Шүүгдэгч таны хувьд ямар эцэг хүн бэ? гэхэд Хохирогч: Эцэг хүний хувьд сэтгэлтэй”, “2019 оны 08 дугаар сард Булган аймагт аялалаар явж байхад охин Гийг үгэнд орохгүй байна гээд гуя, бөгс, бөөрөн тус газар нь гуталтай хөлөөрөө 3-аас 4 удаа өшиглөсөн” гэдэг. Ж.Х миний бие 184см өндөртэй, 100 орчим кг жинтэй, 4-н настай охиноо гуя, бөгс, бөөрөн тус газар нь 44 размерийн гуглаараа өшиглөвөл юу болох вэ? Бас арай ингэж худал ярьж болохгүй. Ё.Жанчивдоржийн мэдүүлгээс “Асуулт: 2019 оны 8 дугаар сард Булган аймаг явахад Хүрэл-Эрдэнэ охин Гийг цохиж зодсон зүйл анзаарагдсан уу? Хариулт: Би огт мэдэхгүй”, Ж.Цэрэннадмидийн “Асуулт: 2019 оны 8 дугаар сард Булган аймаг явахад Хүрэл-Эрдэнэ охин Гийг цохиж зодсон зүйл анзаарагдсан уу? Хариулт: Би огт мэдэхгүй”, хүү Х.Хгийн мэдүүлгээс “Асуулт: Аав Ж.Х, ээж Б.Н нар эгч, дүү, та гуравыг цохиж зоддог уу? Хариулт: Аав цохиж зоддоггүй”, Охин Х.Гийн “Асуулт: Аав Ж.Х нь Х, та хоёрын цохиж зоддог уу? Хариулт: Аав бид хоёрт гар хүрдэггүй. Цохиж зоддоггүй” гэдэг.    Б.Нын мэдүүлгээс “Асуулт: Таныг цохиж зодоход хажууд чинь өөр хүмүүс байдаг байсан уу? Хариулт: Дандаа хүүхдүүд байдаг байсан. 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хадам аав, ээжийн дэргэд намайг цохиж зодсон” гэдэг. Хүү Х.Хгийн мэдүүлгээс “Асуулт: аав Ж.Х нь ээж Б.Насажаргалыг өмнө нь цохиж зоддог уу? Хариулт: Аав ээжийг цохиж зоддоггүй. Ээж аавыг цохиж зоддог. Асуулт: Ж.Х нь ээж Б.Н руу хутга барьж дайрч байсан уу? Хариулт: Тийм зүйл болж байгаагүй. Ээж хутга бариад аав руу дайраад “ална” гэж байсан. Аав “ал ал” гээд цээжээрээ урагшилсан ээж хойшлоод үүд рүү очоод үүдний шургуулганд хутга хийсэн. Дараа нь үүдний шургуулганаас хутга гарч ирсэн. Мөн эмээг хөгшин шулам миний амьдралаас зайл гэж хэлж байсан”, Охин Х.Гийн мэдүүлгээс “Асуулт: Аав Ж.Х нь нь ээж Б.Ныг цохиж зоддог уу? Хариулт: Аав ээжийг цохиж зоддоггүй.” гэдэг.

Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөн өөрийгөө цохиж зодсон гэж хэрэг дээр хэрэг нэмэх гэж худал гомдол гаргасан. Цохиж зодсон гэж худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон учраас Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Түмэндэлгэр нь “зөрчлийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байна, гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв” гэж шийдвэрийг гаргаж өгч байсан.

Б.Нын зүүн талдаа цохиулсон гэх зөрүүтэй, худал мэдүүлгүүд:

Б.Н цохиулсан гэж янз бүрээр мэдүүлсэн байдаг  “гал тас хийгээд нөхөр намайг цохих үед би хажуу тийшээ унаад ванн мөргөөд толгой хавдсан”, “би эгчийгээ санаад байна гэтэл намайг алгадаад толгойгоороо хажуу тийшээ банн мөргөсөн”, “зүүн дух, чамархай орчимд гараараа цохиход би баруун талд байсан ванны ирмэгийг баруун талын

дух хэсгээр мөргөсөн”. “Тэгээд миний толгой руу цохисон тас хийгээд явсан. Цааш нь ванн мөргөсөн”, “Тухайн үед намайг сална гэж хэлэхэд тас гэтэл маш хүчтэй цохисон, нүд оч манараад, түр ухаан балартсан”, Хүчтэй цохисон учраас ванн мөргөөд хэсэг хугацаанд манарсан”, “Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Шүүгдэгч таныг аль гараараа цохисон бэ? гэхэд Хохирогч: Зүүн гараараа цохисон гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Таныг хүчтэй цохисон байхад яагаад таны толгойн зүүн талд ямар нэгэн гэмтэл гараагүй вэ? гэхэд

Хохирогч: Мэдэхгүй, Баруун талдаа илүү гэмтэл авсан гэв”, “Шүүгдэгчийн өмгөөлөгч: Таныг Ж.Х хэрхэн цохисныг хараагүй гэсэн үг үү? гэхэд Хохирогч: Ж.Х миний ар талд зогсож байсан. Нүдээрээ хараагүй ч араас тас гээд гар орж ирээд цохиход. Би хажуу тал руугаа ванн мөргөсөн”, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Та мөрдөн байцаалтын шатанд алгадсан гэж мэдүүлсэн байдаг. Одоо болохоор хэрхэн цохисныг хараагүй гэж байна. Таныг алгадсан уу, цохисон уу? гэхэд Хохирогч: Гараараа хүрэх, цохих, алгадах нь нэг утгатай үг гэж бодож байна. Үгэн дээр ажиллах шаардлагагүй байх гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Таны зүүн талд гэмтэл учирсан уу? гэхэд Хохирогч: Зүүн талд гэмтэл учраагуй, баруун талд гэмтэл учирсан, яагаад гэвэл ванн мөргөсөн болохоор гэв. “Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Банны өрөөнд асуудал болсон. Энэ үед Хүрэл-Эрдэнэ таны хаана зогсож байсан бэ? Гэхэд Хохирогч: Миний зүүн хойно талд зогсож байсан гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Та сууж байсан уу? зогсож байсан уу? гэхэд Хохирогч: Би сууж байсан гэв”. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Та хямарсан тул мэдүүлгээ янз бүрээр ярьсан гэдэг. Таны өгсөн мэдүүлгүүдийн аль үнэн зөв бэ? гэхэд Хохирогч: Би ална шүү гэж хэлээгүй, сална шүү гэж байхад салаач гэж хэлсэн. Би хажуу талаараа ванн мөргөөд унасан, тэгэхээр намайг цохисон гэж үзнэ, алгадах гэдэг нь хацарт хүрсэн гэж ойлгох байсан байх гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Та сууж байсан гэж байна. Танай гэрийн банн сууж байгаа хүн мөргөх хэмжээний жижигхэн банн юм уу? гэхэд Хохирогч: Би хүүхдийн сандал дээр сууж байсан бөгөөд банны ирмэг надтай ойролцоо байсан. Би урагшаа унаж мөргөсөн гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Хүрэл-Эрдэнэ таныг аль гараараа цохисон бэ? гэхэд Хохирогч: Миний зүүн хойно байсан тул би аль гараараа цохисныг хараагүй гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Таныг хүчтэй цохисон юмуу? Гэхэд Хохирогч: Хүчтэй цохисон гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Таны цохиулсан хэсэгт ул мөр байхгүй байна. Ийм байх боломжтой юу? гэхэд Хохирогч: Түүнийг шинжээч эмч мэдэх байх гэв.

Дээрх мэдүүлгүүдээс харахад Б.Н зүүн талдаа цохиулсон эсвэл алгадуулсан, цохиулахдаа маш хүчтэй, гал тас хийтлээ, нүдэнд нь оч манартлаа, түр ухаан балартлаа, хэсэг хугацаанд манартлаа цохиулсан гэдэг. Ингэтлээ хүчтэй цохиулсан байхад ямар нэгэн гэмтэл авч, хавдах ядаж улайх зэрэг ул мөр үлдмээр. Гэтэл “Таны зүүн талд гэмтэл учирсан уу? гэхээр Б.Н нь өөрөө “Зүүн талд гэмтэл учраагүй гэдэг. Таныг хүчтэй цохисон байхад яагаад таны толгойн зүүн талд ямар нэгэн гэмтэл гараагүй вэ? гэхэд Мэдэхгүй гэдэг. Гэмтэл учраагүй юм чинь мэдэхгүй гэх нь аргагүй бизээ. Б.Нын зүүн талд гэмтэл, гэмтлийн ямар нэгэн ул, мөр үлдээгүй, цохиулаагүй, худал мэдүүлэг болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр давхар нотлогддог.

Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 4,5см*3см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Хүчтэй цохиулсан бол ул мөр үлдэнэ, ул мөр үлдсэн байсан бол биед өөр ил харагдах гэмтэлгүй гэж шинжээчийн дүгнэлт гарахгүй. Б.Н нь Хүрэл-Эрдэнэ намайг өөрийнхөө зүүн хойно байсан, өөрийгөө сандал дээр сууж байсан, баруун талд байсан ванныг мөргөсөн гэдэг. Зүүн талаасаа цохиулсан юм чинь хажуу тийшээ гэвэл баруун тал руугаа унана. Гэтэл баруун талд нь ванн тулах учраас сууж байгаа учир унах боломжгүй. Мөн урагшаа унаж ванн мөргөсөн гэдэг, тийм бол духны урд хэсэгг нь ул, мөр үлдэх байсан болов уу. Ингэж цохиулсан гэдэг нь худал болох нь ойлгомжтой, илт тодорхой хангалтгай нотлогдож байхад шийтгэх тогтоолд “...шүүгдэгч хохирогчийн толгойн зүүн талд нь цохисноос цохилтын хүч үйлчилж, хохирогч толгойн баруун талаараа ванн хүчтэй мөргөж, тархи доргилт гэмтэл авсан байна...” гэж дүгнэж байгааг прокурор шүүгчтэй үгсэн хуйвалдан ийм шийдвэр гаргасан байна гэж үзэхээс өөр аргагүй.

Учир нь миний бие анх хэрэг шүүхэд шилжихэд биеийн байцаалтаа хэлэхэд бүртгэгч компьютерт оруулан тэр дор нь хувиарлагдсан шүүгчийн нэрийг хэлж байсан. Гэтэл энэ удаад бүртгэгчид мэдээллээ хэлтэл түр хүлээгээрэй гээд дээш гарч 15-аас 20 минут болсны дараа бууж ирэнгүүтээ хувиарлагдсан шүүгчийн нэрийг хэлсэн.

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн дүгнэлтэндээ өгсөн тайлбар “Мед траума” эмнэлэгийн тархины соронзон резонанст томографийн шинжилгээгээр хохирогч Б.Нын толгой, тархины бүтэц, үйл ажиллагааны ямар ч өөрчлөлт илрээгүй, бүх үзүүлэлт, бүтэц хэвийн өөрчлөлтгүй гарсан байдаг. Дүгнэлт хэсэгт Тархины хэвийн зураглал. Баруун дух орчмын хуйх, арьсан доорх зөөлөн эдийн хавантай л гэсэн байдаг. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч “Б.Нын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо” гэснээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байдаг. Шинжээч эмч Б.Нын хэлсэн зовиурыг толгой өвдөж байна, дотор муухай оргино гэж тэмдэглэсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй таны дүгнэлт зөрөөд байна. Энэ ямар учиртай юм бэ? гэхэд Шинжээч: Зөрүүтэй гэж байгаа бол хандах газар нь хандана уу. Томографикаар бүтцийн зураг харна. Тархи доргилт нүдэнд харагдахгүй. Үйл ажиллагааны алдагдал. Томографикаар тархи доргилтыг харах боломжгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Та яагаад тархи доргилт гэж дүгнэлтээ гаргасан бэ? Тархи доргилт яагаад үүссэн байх боломжтой вэ? Гэхэд Шинжээч: Цохиулсан гэсэн болохоор доргисон байх боломжтой гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Та таамгаар дүгнэлт гаргаагүй юм бол яаж эдгээр гэмтлийг мэдэж дүгнэлт гаргасан юм бэ? гэхэд Шинжээч: Хохирогчоос зовиурыг асууж мэдсэн гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Ямар учраас хохирогчийн хэлсэн зовиурууд байна гэж үзсэн бэ? гэхэд Шинжээч: Толгой эргэх, дотор муухай оргих, мөн үзлэгээр нүдний алимны чичирхийллээр давхар тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Нүдний алимны чичирхийллийг яаж мэдсэн бэ? гэхэд Шинжээч: Тархи доргилтын үед ямар ямар шинж тэмдэг илэрвэл тархи доргилт гэж үзэх талаар тогтоосон зүйл байдаг гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Та тэрхүү дотор муухай оргих гэх мэт зовиурыг үндэслэсэн үү? гэхэд Шинжээч: Тиймээ үндэслэсэн гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Энэ гэмтэл нь банныг өөрөө мөргөснөөс болж үүсэх үү, хүч үйлчилснээс үүсэх үү? Шинжээч: Түүнийг мэдэх боломжгүй, би хохирогчийн биед үүссэн гэмтлийг л шалгасан Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Та хохирогчид ямар эмчилгээ бичиж өгсөн бэ? гэхэд Шинжээч: Хариуцсан гэмтлийн эмч эмчилгээ бичиж өгдөг. Би бол бичиж өгдөггүй. Зөвхөн дүгнэлт гаргасан гэв. Шүүгдэгч: Та тархи доргилтыг цохиулсан болохоор доргисон байх боломжтой гэж байна. Энэ ямар учиртай юм бэ? гэхэд Шинжээч: Доргилт цохиулснаас болж үүсэх боломжтой учраас гэв. Шүүгдэгч: Та үзлэгээ яаж үзсэн бэ? гэхэд Шинжээч эмч: Тогтоолын дагуу журмын дагуу үзсэн гэв. Шүүгдэгч: Нүдний чичирхийлэл нь төрөлхийн саажилттай буюу том аваар осолд орсон хүнд илэрдэг зүйл гэдгийг би эмч нараас асууж мэдсэн. Гэтэл та дүгнэлтдээ нүдний чичирхийлэлттэй гэж дүгнэсэн байна. Та үүнийгээ тайлбарлана уу гэхэд Шинжээч: Би журмын дагуу дүгнэлт гаргасан тул та нар ханддаг газраа хандаж шалгуул гэв. Шүүгдэгч: Тэгвэл нүдний чичирхийлэлтэй хүн хэдэн сарын дараа зүгээр болох вэ? гэхэд Шинжээч: Энэ дөрвөн долоо хоногийн дараа эдгэрэх боломжтой гэсэн байдаг гэв. Шүүгдэгч: Томографикаар цус хуралт илрээгүй гэсэн байна. Энэ ямар учиртай вэ? Гэхэд Шинжээч: Томографикаар зөвхөн тархин доторхыг хардаг. Харин би наана нь буюу гаднаа байгаа зүйлийг яриад байна гэв. Даргалагчаас: Шинжээчээс асууя. Та яагаад хөнгөн гэмтэл үүссэн гэж үзсэн бэ? гэхэд Шинжээч: Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтэл учирсан байсан тул хөнгөн зэргийн гэмтэл гэж үзсэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар: Та өөр өөр эм тариа уусан эмнэлэгт хийсэн зүйл байгаа юу? гэхэд Хохирогч: Шинжээч эмч надад эм бичиж өгсөн бөгөөд тэр эмчилгээгээ би өөрөө аваад хийлгэсэн гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Та хохирогчид ямар эмчилгээ бичиж өгсөн бэ? гэхэд Шинжээч: Хариуцсан гэмтлийн эмч эмчилгээ бичиж өгдөг. Би бол бичиж өгдөггүй. Зөвхөн дүгнэлт гаргасан гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван: Та ямар эмчилгээ хийлгэсэн бэ? гэхэд Хохирогч: Өвчин намдаах эм, цус шингэлэх эм уусан. Үүний төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлээгүй гэв. Огт хамааралгүй таньж мэдэхгүй хүн шууд эмчид найдан маш итгэлтэйгээр “шинжээч эмч надад эм бичиж өгсөн бөгөөд тэр эмчилгээгээ би өөрөө аваад хийлгэсэн” гэж хэлэхгүй болов уу.

2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “өвчин намдаах эм, цус шингэлэх эм уусан” гэж мэдүүлж байснаа 2023 оны 02 дугаар 8-ны өдөр өгсөн мэдүүлэгээр “шинжээч эмч надад эм бичиж өгсөн бөгөөд тэр эмчилгээгээ би өөрөө аваад хийлгэсэн” гэж хэн нэгнээр эмчилгээ хийлгэсэн болж өөрчлөгдсөн. Ингэж худал ярьсан учир гаргаж өгсөн баримт байхгүй нь аргагүй. Шинжээч эмч тархи доргилтыг ямар үзлэгээр, яг яаж хэрхэн тодорхойлсноо тайлбарлаж чадахгүй, цохиулсан гэсэн болохоор доргисон байх боломжтой гэж байгаа нь дүгнэлтээ таамагаар гаргасан нь тодорхой болдог. Мөн хохирогчийн хэлсэн зовиурт үндэслэж тархи доргилт гэж гаргасан гэдэг. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийн цаана нь бүхэл бүтэн гэр бүл салалт явагдаж, сэтгэл санааны асуудал, үр хүүхэд, олон хүний цаг цав явж байхад ийм хариуцлагагүй, таамагаар дүгнэлт гаргачихаад түүнийгээ ямар үзлэгээр, яг яаж хэрхэн яаж тодорхойлсноо тайлбарлаж чадахгүй, түүндээ бантсандаа гэхүү уурлаад та нар ханддаг газраа хандаж шалгуул гээд сууж байх юм. Үүнийг нь даргалагч өөрөө бас асуулт асууж, бүгдийг тодорхой биеийн хилэмж, өнгө аястай нь сонссон мөртлөө шийтгэх тогтоолоо “Мөн шүүх хуралдаанд Шинжээчийн №1001 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч С.Аригуунтөгс оролцож, гаргасан дүгнэлтийнхээ талаар хэргийн оролцогчдод дэлгэрэнгүй тайлбар гаргаж, оролцогчдын асуултуудад хариулсан болно” гэж гаргасан байдаг.

Өмнөх шүүгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, Өршөөлийн хуульд хамруулсан, дараа нь хэргийг үнэн зөвөөр харж прокурот хэргийг буцаасан байдаг, гэтэл Ерөнхий шүүгч болох Ж.Болдбаатар нь биеэрээ шүүх хуралд орж үнэн байдлыг сонсож харсан мөртлөө Өршөөлийн хуульд хамруулалгүй, бүр буцаан хүндрүүлж, дээрээс нь хамгийн өндөр торгуулын заалтаар торгож, мөн дээрээс нь “Түүнчлэн хохирогч Б.Н өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ж.Хэс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв” гэж байгаа нь шүүгч прокурорынхоо хэргийг нэг талд шийдвэрлэж байгаа хүсэл санааг хүлээн авч, шүүгч нь дэмжиж өгсөн байна.

Шинжээч эмчийн гаргасан дүгнэлт эргэлзээтэй байсан учраас урьдчилсан хэлэлцүүлэгт бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгөхийг хүссэн боловч прокурор мөн л үгүйсгэсэн.

Прокурор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дугаар заалтад заасан хүсэлтийг өмгөөлөгч нар гаргаж байна. Тухайн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн эмч 2020 оны зүйлийг сэргээн санана гэдэг нь учир дутагдалтай байна. Энэ хэрэгт шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулаад хэргийг шийдэх боломжтой” гэсэн байдаг. Компьютер томографикийн шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хийлгэсэн, шинжээч эмчийн дүгнэлт нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гарсан буюу ижил цаг үед хийгдсэн байдаг. Гэтэл “компьютер томографикийн шинжилгээ хийсэн эмч “2020 оны зүйлийг сэргээн санахгүй, шинжээч эмч бол санана” гэсэн тайлбар хэлж эсэргүүцсэн. Энэ нь бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийгдвэл хэрэг хэрэгсэхгүй болох нь тодорхой учраас зориуд саад хийж байгаа нь ойлгомжтой.

Прокурорын саналд “Бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх эсэхэд эргэлзээ төрвөл шүүгчийн захирамжаар шинжилгээ хийлгэх боломжтой гэвч эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм, Иймд яллагдагчийг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн хуралд шилжүүлж өгнө үү” гэсэн байдаг. Тэгвэл 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн хурлаар шинжээч эмч тархи доргилтыг ямар үзлэгээр, яг яаж хэрхэн тодорхойлсноо тайлбарлаж чадахгүй, цохиулсан гэсэн болохоор доргисон байх боломжтой гэж дүгнэлтээ таамагаар гаргасан нь илт тодорхой буюу эргэлзээтэй байдал үүссэн байхад огт хэрэгсдэггүй.

Шинжээч нь “томографикаар тархи доргилтыг харах боломжгүй, мөн тархи доргилт нүдэнд харагдахгүй, цохиулсан гэсэн болохоор доргисон байх боломжтой” гэснээс харахад мөн л таамаглаж дүгнэлт гаргасан нь тодорхой байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан “шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг (биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй) зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл хугацааг тодорхойлно” гэж заасан байдаг. Шинжээч нь дээрх заалтын “шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл хугацааг тодорхойлно” гэсэн заалтыг хэтрүүлэн зөрчиж тархины доргилт гэмтэл тогтоогдлоо гэж таамагаар гаргаж 2.4.1-р хөнгөн зэрэгт хамруулсан байна.

Шинжээчийн дүгнэлтээс “Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 4,5см*3см хөх ягаан өнгийн цус хуралтгай, орчны эдээс овойж хавдсан. Энэхүү хэмжээ нь 2.6-д заасан “жижиг (биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй) зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэдэг хамаарч байдаг.

Мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д нь “гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногийн хугацаагаар сарниулсан” гэж заасан байдаг. Б.Нын ямар эд эрхтэн нь яаж үйл ажиллагааны хямралд орсон нь тодорхойгүй байх ба эрүүл мэндийг дөрвөн долоо хоногийн хугацаагаар сарниулсан гэх баримт, эм тариа авсан, эмчилгээ хийлгэсэн гэх баримт нотолгоо байдаггүй.

Прокурорын тогтоолд “Хохирогч Б.Н нь 2012 оноос хойш татах, түлхэх, багалзуурдах, цохиж байсан мөн бэлгийн харилцаанд хүчээр оруулдаг талаар мэдүүлсэн боловч Ж.Х нь Б.Ныг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.“Өөрөөр хэлбэл 2012 оноос хойш зодож цохиж байсан талаар хохирогчийн мэдүүлсэн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгүүлж байсан, захиргааны болон зөрчлийн арга хэмжээ авагдсан болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр хангалтгай тогтоогдоогүй байна” гэж тодорхойлсон байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийн хувьд олон жилийн өмнөөс гэр бүл ахуйн хүрээнд далд байдлаар, дахин давтагдсан, даамжирсан гэр бүлийн маргаан, хүчирхийлэл үйлдэж ирсэн гэмт зан байдал тодорхойлогдож байх ба эхнэр Б.Нын хууль ёсны эрх чөлөө, ашиг сонирхлыг үл хүндэтгэн өөрийн явцуу ашиг сонирхлыг үг хэлээр болон үйлдлээр шууд тулгах, татгалзсан тохиолдолд биеийн хүч ашиглан зодож цохин эрүүл мэндэд халдах зэргээр хүнлэг бус, хэрцгий догшин авирлаж байсан байдлууд нь шууд нөлөөлжээ.” гэжээ

Үүнээс харахад шүүх Ж.Х миний өнгөрсөн 10-аад жилийн амьдралыг харж байсан мэтээр, энэхүү дурьдсан зүйлүүдийн талаар хавтаст хэрэгт авагдсан баримт огт байхгүй, прокурор нь ч энэ зүйлсийн талаар нэг ч удаа ярьж, бичгээр гаргаж тавьсан зүйлгүй, холбогдолтой ямар ч нотлох баримт байхгүй байхад, шууд зохиомлоор гүтгэсэн байдлаар оруулж ирэн ял шийтгэл оноож байгааг харахад миний дээр дурьдсанчлан өмгөөлөөгч хэрэгт оруулахын тулд хэрхэн гүтгэж өгөхийг зааж өгсөн, “мөрдөгчийг танина чиний талд шийдэж өгч чадна, прокурортой танилууд юм байна” лээ гэх үгсэн хуйвалдан, захиалгаар хэргийг нэг талд шийдвэрлэж байгааг шууд баталсан шийдвэр болох нь харагдаж байна.

Хэргийг ийм маягаар явуулаад байгаа учраас аль болох бүгдийг нь буулган бичиж чадаагүй ч факт бүрийг нотлох баримттай нь дурьдаж оруулсан тул хэргийг материалыг сайтар хянах нягтлахыг хүсэж байна. Гэтэл эсрэгээрээ Б.Нын зан байдлыг тодорхойлох болон гэр бүлийн хүчирхийлэгч гэж дүгнэх, хангалттай тодорхойлж болох худал ярьсан, худал мэдүүлэг өгсөн, хүүхдүүдийнхээ дэргэд салаавч гаргадаг, хараал хэлдэг, хүүхдээ хүзүүнээс нь чирдэг, өшиглөдөг, хүүхдүүдийнхээ дэргэд эд хогшил эвддэг, архи ууж гэртээ ирэх болгондоо асуудал үүсгэдэг, хүүхдүүдийнхээ дэргэд согтуу, эрүүл нь хамаагүй хэрүүл хийж муу үлгэр дуурайлал үзүүлдэг, охиноо гарыг нь мушгин түлхдэг, түлхэн унагаадаг, шөнө хүүхдүүдээ унтуулахгүй амгалан тайван байдлыг алдагдуулдаг, хүүхдүүдийнхээ дэргэд аавыг нь цохиж, салаавч гарган хараал хэлдэг, хүүхдүүдийнхээ дэргэд аавыг нь “ална” гэж хутга барин дайрдаг, хүүхдүүдийнхээ дэргэд эмээг нь цохих гэж дайрдаг, амиа хорлоно гэж ярьдаг, амиа хорлохыг завдах үйлдлүүдийг гаргаж харуулдаг зэрэг баримт, мэдүүлэг, бичлэг зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байсаар байтал нэгийг нь ч үнэлэж хэрэгсэхгүй байгаа нь хэрэгт унагаж, худал мэдүүлэг өгөхийг зааж өгсөн өмгөөлөгчөөс эхлэлтэй ч өнөөдөр прокурор үргэлжлүүлэн хэргийг нэг талд шийдвэрлэхийн тулд улайран хөөцөлцөд байгааг мөн батлан харуулсан шийдвэр гаргажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, улмаар Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Ж.Х нь миний бие ийм гэмт хэрэг үйлдээгүй билээ. 10 гаруй жил ханилсан хүн ийм зүйл хийнэ гэж зүүдлээгүй ч өнөөдрийг хүртэл ийм энгийн илт тодорхой хэргийг үнэн шударгаар хууль шүүхийн байгууллага шийднэ гэдэгт итгэж ирсэн. Үүнтэйгээ холбогдуулан Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурорт хэргийг илт нэг талд шийдвэрлэж буй прокурор Н.Булганчимэгт холбогдуулан гомдлыг мөн гаргаж ирсэн. Энэхүү худал хуурмаг, бусармаг явдал нь хүүхдүүдийн маань нүдэн дээр илт явагдаж байгаагаас хүүхдүүд маань ээжийгээ үзэн яддаг, хууль шүүхийн байгууллагад өдий наснаасаа итгэх итгэлгүй болж байгаа билээ. Энэ байдлыг даамжруулан бусдын үр хүүхэд, гэр бүлийг шударгаар ажил үүргээ гүйцэтгэдэггүй, ёс зүйгүй өмгөөлөгч түүний хамсаатан мөрдөгч, прокурор нар нь хичнээн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар илт худал мэдүүлэг өгч, олон удаа худал ярьсан нь, шинжээч эмч нь хуйвалдан бодит бус таамагаар шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргасан зэрэг нь тодорхой байсаар байтал тэр бүгдийг хараагүй, уншаагүй, сонсоогүй, байхгүй мэтээр хэргийг илт нэг талд шийдвэрлэж, өнөөдрийг хүртэл хэргийг сунжруулж ирсэн.

Миний бие 35 настайдаа анх гэр бүлтэй болсон. Нтай 12 жил хамт амьдарсан. Одоо 50 нас дөхөж байна. Би эхнэртэй нэг ч удаа гар хүрч үзээгүй. Өнөөдөр ийм хэрэгт гүтгэгдэж байгаадаа маш их гомдолтой байна. Аливаа гэр бүл маргаан болсны дараа эвлэрэхийн тулд ярилцдаг. Ярилцах үед би “...чи намайг цохиогүй байхад цохьсон болгож, гүтгэсэн. Яаж чадаж байна вэ...” гэхэд Н “...чамайг надад хүрэхээр чинь би согтуу уурандаа надад яагаад хүрээд байгаа юм бэ гээд холдох гэж байгаад би ванн мөргөсөн юмаа...” гэдэг. Мөн Н “...өмгөөлөгч шүүхээр гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар явахад эхийнх нь талд илүү шийдвэрлэгддэг болсон гэж надад хэлсэн. Тийм болохоор ийм мэдүүлэг өгөхийг зааж өгсөн юм... ” гэж өөрөө хэлсэн. Нын хэлсэн зүйлүүдийг миний хүүхдүүд сонссон. Хүүхдүүдээс хууль ёсны төлөөлөгчтэй мэдүүлэг авахдаа “зөвхөн асуусан асуултад хариулна” гэж хэлээд хүүхдүүдийн өгсөн мэдүүлгийг аваагүй. Би нотлох баримтаар Нтай харилцсан мессежүүдээ хавтас хэрэгт өгсөн. Н “би буруугаа хүлээж, прокурортой уулзаж, шүүхээр ормооргүй байна” гэхэд нь би “чи юу яриад байгаа юм бэ, үнэн урчаа хэл” гэхэд Н “үгүй ээ, энэ хүмүүсд мөнгө өгөөд зохицуулдаг юм билээ” гэсэн мессежүүд хавтас хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаар Улсын яллагчаас “Хужирбуланд байхад шүүгдэгч таныг багалзуурдсан зүйл болсон уу?” гэхэд хохирогчоос “Тийм. Тухайн үйл явдал нь 2015 онд болсон. Ээж мэдүүлэгтээ 2015 гэж хэлснийг манай мөрдөгч оныг буруу бичсэн байх” гэж мэдүүлдэг. “Манай мөрдөгч” гэж хэлж байгаа нь өмгөөлөгч мөрдөгчийг танина, миний талд шийдүүлж өгч чадна гэж олон дахин ярьж байсан. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэх яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд  “Хохирогч Б.Н нь 2012 оноос хойш татах, түлхэх, багалзуурдах, цохиж байсан мөн бэлгийн харилцаанд хүчээр оруулдаг талаар мэдүүлсэн боловч Ж.Х нь Б.Ныг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, 2012 оноос хойш зодож, цохиж байсан талаар хохирогчийн мэдүүлсэн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад бүртгүүлж байсан, захиргааны болон зөрчлийн арга хэмжээ авагдсан болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдоогүй байна. Харин урьд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж байсан талаар Б.Н тогтвортой мэдүүлсэн мөн гэрч Б.Наранцэцэг 2011 онд “Б.Н Хужирбуланд ирээд Хүрэл-Эрдэнэ намайг багалзуурдаж гэрээсээ хөөсөн гээд” ирж байсан гэсэн мэдүүлгийг үндэслэн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ” гэсэн байдаг. Гэтэл манай эцэг, эх хоёр яллагдагчаар татах тухай тогтоол гарахаас өмнө мэдүүлэг өгсөн байдаг. Яллах дүгнэлтдээ манай эцэг, эх хоёрын өгсөн мэдүүлгээс “муудалцсан юм шиг байдалтай байсан” гэдгийг оруулж бичсэн байсан. Уг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна гэсэн. Гэрч Наранцэцэгийн өгсөн мэдүүлэгт “2011 онд Хужирбуланд ирж байсан Нын толгойны хажууд хавдсан байсан. Мөр, эгэм хэсгээр улаан өнгийн ором харагдаж байсан...” гэж 3 удаа худал мэдүүлэг өгсөн байдаг. Н  “...2012 оноос хойш заамдах, миний биед гарч хүрч байсан...” гэж хэлдэг. Харин Наранцэцэг нь “2011 он” гэдэг. Оны хувьд зөрүүтэй байгаа. Би аргадах гэж очсон байхад “эгчийгээ санаад байна” гэж хэлсэн хүний өөдөөс шууд цохих уу. Илт худал зүйл байхад анхан шатны шүүх үнэлсэнд нь маш их гомдолтой байна. Н мэдүүлэгтээ “миний зүүн тал руу тасхийтэл, оч манартал хүчтэй цохисон” гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр ямар ч ул мөр байхгүй. Сүүлийн шүүх хуралдаанаар бид шинжээчээс “тархины доргилттой гэснийг тайлбарлана уу” гэхэд шинжээч “цохиулсан гэж хэлсэн болохоор доргисон байх боломжтой” гэж хариулсан нь таамгаар дүгнэснийг харуулж байгаа юм. “Тархи доргилтыг хэрхэн дүгнэсэн бэ” гэж асуухад тайлбарлаж чадаагүй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийн хувьд олон жилийн өмнөөс гэр бүл ахуйн хүрээнд далд байдлаар, дахин давтагдсан, даамжирсан гэр бүлийн маргаан, хүчирхийлэл үйлдэж ирсэн гэмт зан байдал тодорхойлогдож байх ба эхнэр Б.Нын хууль ёсны эрх чөлөө, ашиг сонирхлыг үл хүндэтгэн өөрийн явцуу ашиг сонирхлыг үг хэлээр болон үйлдлээр шууд тулгах, татгалзсан тохиолдолд биеийн хүч ашиглан зодож цохин эрүүл мэндэд халдах зэргээр хүнлэг бус, хэрцгий догшин авирлаж байсан байдлууд нь шууд нөлөөлжээ.” гэж дүгнэсэн. Арван жилийн хугацаанд миний хажууд байсан хүн шиг бичсэн байгаа юм. Гүтгэлгийн шинжтэй, үндэслэлгүй зүйл дээр намайг буруутгасан.

Иймд хэргийн материалыг сайтар хянан нягталж, үнэн шударгаар шийдвэрлэж, хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийн өмгөөлөгч Ө.Энхтайван давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Ж.Х Б.Ныг хэрхэн яаж, ямар үйлдлээр зодсон талаар дүгнэлт хийгээгүй мөртлөө, шууд “...зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан..” байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг нотолж чадаагүйг харуулна.

Шүүх гэмт хэрэг гарсан байдлыг нотолж чадаагүй шалтгаан нь хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй, мөн шүүх хуралдааны явцад зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нь үнэн зөв буюу хэрхэн зодсон талаар тодорхой мэдүүлэг өгч чадаагүйтэй холбоотой.

Хавтаст хэргийн 11 дүгээр талд “...зуун дух, чамархай орчимд гараараа цохиход би баруун талд байсан ванны ирмэгийг баруун талын дух хэсгээр мөргөсөн.. ” , Хавтас хэргийн 14 дүгээр талд “..цохих үед би хажуу тийшээ унаад ванн мөргөөд толгой хавдсан..”, Хавтас хэргийн 16 дугаар талд “..намайг алгадаад толгойгоороо хажуу тийшээ банн мөргөсөн.. ” гэж тус тус өөр агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэснийг баримтлан, хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой байсан.

Шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр хохирогч Б.Нын өөрийнх нь тодорхойлсноор цохиулсан тал болох зүүн талын хацар, дух чамархай хэсэгт ямар ч ул мөр, гэмтэл, няцрал илрээгүй, мөн шинжээчийн дүгнэлтэд тус гэмтлийг бусдад цохиулснаас үүсэх гэмтэл үү, эсхүл өөрөө мөргөснөөс үүсэх гэмтэл үү гэдгийг тодорхойлоогүй бөгөөд шинжээч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ тодорхойлох боломжгүй тухай дурдсан. Гэтэл шүүх “...шүүгдэгч хохирогчийн толгойн зүүн талд нь цохисноос цохилтын хүч үйлчилж, хохирогч толгойн баруун талаараа ванн хүчтэй мөргөж, тархи доргилт гэмтэл авсан байна....” гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл, бодит байдалтай нийцэхгүй юм.

Шүүх “...шүүгдэгч хохирогчийн толгойн зүүн талд нь цохисноос цохилтын хүч үйлчилж, хохирогч толгойн баруун талаараа ванн хүчтэй мөргөж, тархи доргилт гэмтэл авсан байна...” гэсэн энэ дүгнэлтээ яг ямар нотлох баримтыг үндэслэн хийж байгаа нь тодорхойгүй бөгөөд ийм эргэлзээгүй дүгнэлт хийх хэмжээний нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин ч эсрэгээрээ хохирогч нэг болохоор алгадуулсан, нэг болохоор босч зогссон байж байгаад цохиулаад хажуу тийшээ унаад ванн мөргөсөн гэж удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгч, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хүчтэй цохиулсан гээд байгаа болон шүүх хүчтэй цохисон гээд дүгнээд байгаа хохирогчийн толгойн зүүн талд ямар нэгэн гэмтэл илрээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн толгойн баруун талд учирсан гэмтэл нь хэн нэгний цохилтын хүчний улмаас ванн мөргөснөөс үүсээгүй, хохирогч өөрөө ванн мөргөснөөс үүсэх гэмтэл гэдэг нь тодорхой байдаг.

Шүүх хохирогчийн ээж болох гэрч Б.Наранцэцэгийн “...2011 онд Н Хужир буланд ирээд Хүрэл-Эрдэнэ намайг багалзуурдаж хөөсөн гээд ирж байсан...” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ж.Х гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх зарчмыг ноцтойгоор зөрчсөнийг илтгэнэ. Тодруулбал бусад нотлох баримтаар нотлогдоогүй, үнэн зөв эсэх нь үлэмж эргэлзээтэй хохирогчийн ээжийн “..10 гаруй жилийн өмнө болж байсан зүйлийн тухай ярьсан...” мэдүүлгийг шууд үнэн зөв гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл юм.

Шүүгдэгч Ж.Х гэм буруутай, тэр тусмаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ эргэлзээгүй нотлох баримтуудыг үндэслэхээс илүүтэйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлэг, шүүгчийн субьектив итгэл үнэмшилд тулгуурласан гэж үзэж байна. Учир нь шийтгэл тогтоолын 6 дахь талд “...Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийн хувъд олон жилийн өмнөөс гэр бүл ахуйн хүрээнд далд байдлаар, дахин давтагдсан, даамжирсан гэр бүлийн маргаан, хүчирхийлэл үйлдэж ирсэн гэмт зан байдал тодорхойлогдож байх ба эхнэр Б.Нын хууль ёсны эрх чөлөө, ашиг сонирхлыг үл хүндэтгэн өөрийн явцуу ашиг сонирхлыг үг хэлээр болон үйлдлээр шууд тулгах, татгалзсан тохиолдолд биеийн хүч ашиглан зодож цохин эрүүл мэндэд халдах зэргээр хүнлэг бус, хэрцгий догшин авирлаж байсан байдлууд нь шууд нөлөөлжээ..” гэжээ. Эндээс шүүх шүүгдэгчийг ямар ч баримтгүйгээр хохирогчийг олон жилийн хугацаанд хүчирхийлж, эрүүл мэндэд нь халдан зодож цохиж байсан байна гэж дүгнэн буруутгаж, тэрхүү дүгнэлтдээ тулгуурлан гэм буруутай гэж ял шийтгэсэн гэж ойлгогдохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Х цагаатгасан шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Хд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнээс хойш 2 жилийн хугацаа болж байна. Анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 дахь удаагаа орж байна. 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр шинжээчийг оролцуулсан. Шинжээчээс талууд өөрсдийн сонирхсон асуултуудыг асуусан. Мөн хохирогч, түүний өмгөөлөгчийг оролцуулж шүүх хуралдааныг хийсэн. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг мөн эсэх талаар талууд мэтгэлцсэн. Мэтгэлцээний үндсэн дээр анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг мөн гэж үзсэн. Тухайн цаг хугацаанд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна гэж үзэж Ж.Х гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий хуульд заасан шаардлагыг хангасан учраас үндэслэлтэй гэж үзэж байна. Ял шийтгэлийн хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Гэвч шүүгдэгч Ж.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа арилгаагүй нөхцөл байдал байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглээгүй, ял шийтгэл оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүгдэгч Ж.Хд таалагдах зүйл байдаггүй, байнгын харддаг. Прокурор, мөрдөгч, хохирогчийн өмгөөлөгчийг ч харддаг. Давж заалдах гомдлыг уншихад мөрдөн шалгах ажиллагаанаас хойш болсон явдлуудыг бичсэн учраас тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Уг гэмт хэргийг тохиолдлын шинж чанартай биш, байнгын сэтгэл зүйн дарамттай, бие махбодид халдсан, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан нөхцлүүдийг хангасан байдаг. Хохирогч ч энэ талаар мэдүүлэхдээ “...Ж.Х зүүн дух, чамархай орчим гараараа цохиход би баруун талд байсан ванны ирмэгийг баруун талын дух хэсгээрээ мөргөсөн. ...” гэдэг. Шинжээч эмч “...цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл байна. Энэ гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэж дүгнэлтдээ тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдаанаар тархи доргилт болохыг мэдүүлсэн. Гэтэл шинжээчийн мэдүүлгийг гуйвуулдаг. Нэг удаагийн үйлчлэлээр цохисон, цаана байсан ванныг зүүн талын дух хэсгээр мөргөж, мөргөлтийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай тогтоогдсон. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ж.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг, 1а байрны 99 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Ныг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 6/, аюулын зэргийн үнэлгээ /1хх 88-89/, мессежээр харилцсан баримтыг, СиДи 1 ширхэгийг хавтас хэрэгт тусгасан, хавсаргасан тухай мөрдөгчийн тогтоол /1хх 93-97, 108-109/, СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 110-116/ болон,

хохирогч Б.Нын “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагаас ажлаа тараад ажлын хоёр эмчтэй 4 шил пиво уугаад 01 цагийн орчимд гэртээ очтол хүүхдүүд унтаагүй нөхөр дуугарахгүй уурласан байсан. Би ресторанаас авсан хоолоо хөргөгчинд хийгээд хүүхдүүдээ унтуулчихаад нөхөр ууртай байхаар нь унтаж чадахгүй 00-н өрөө ороод хүүхдүүдээ сэрээчихгүй аль болох чимээгүй уйлсан. Нөхөр Хүрэл-Эрдэнэ 00-н өрөөнд араас орж ирээд “яагаад уйлаад байгаа юм бэ” гэж надаас асуухад "сэтгэл санаа тавгүй байна, эгчтэйгээ утсаар яримаар байна” гэж хэлсэн. Нөхөр Хүрэл-Эрдэнэ "ингээд байвал сална шүү" гэж хэлсэн. Тэгээд би "салаач" гэж хэлтэл, нөхөр Хүрэл-Эрдэнэ зүүн дух чамархай орчимд гараараа цохиход би баруун талд байсан ванны ирмэгийг баруун талын дух хэсгээр мөргөсөн. Намайг “дахиж зодлоо гээд цагдаа дуудна” гээд гар утсаа авах гэтэл миний гар утсыг булааж аваад өгөхгүй байсан. Маргаан болоход хүүхдүүд сэрсэн байсан. Том өрөөнд хүүхдүүд орж иртэл Хүрэл-Эрдэнэ “та нар энийгээ хар, согтуу ирээд агсан тавиад байна” гэж хүүхдүүдэд хэлсэн. Манай гэр 2 давхарт байдаг бөгөөд над руу дайраад байхаар нь “цонхоор үсэрлээ шүү” гэж хэлсэн. Том охин Г “ээжээ битгий үсрээч” гээд надаас татаад байхаар нь хүүхдүүд айлгачихлаа гэж бодоод больсон. “Чи намайг согтуу гэж бодож байгаа бол эрүүлжүүлэх дуудаад өгөөд явуулчих” гэж хэлсэн. Хүрэл-Эрдэнэ цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Би гэрээс гараад такси бариад цагдаагийн хэлтэс дээр өөрөө ирсэн.

...Бид хоёр 11 жил хамтран амьдарч байна. Дундаасаа 3 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаатай. Намайг заамдаж татах, түлхэх зэрэг үйлдлүүд 2012 оноос эхэлж гаргаж байсан. 2015 оны 06 дугаар сард найз нөхөдтэй уулзчихаад ороод ирэхэд миний нүдийг хөхөртөл нь шанаадаж, хоолой боож, үснээс зулгаасан би тухайн үед өөрийн төрсөн ээж Наранцэцэгийн гэрт очиж 2 хоносон. 2016 оны 4 дүгээр сарын орчимд гэрт байхад “хоолны давс багадууллаа” гэж миний толгой руу 2-оос 3 удаа цохьсон би тухайн үед 1 дүгээр төрөхөд ажиллаж байсан учраас хамт ажилладаг физик эмчилгээний эмч Амартүвшин гэдэг хүнээр толгойгоо бариулсан. 2018 оны 02 дугаар сард “хоолонд цуу хийсэн” гэх асуудлаас маргаж миний толгой руу гараараа хүчтэй 1 удаа цохьсон, маргааш нь ярилцах гэтэл толгой руу 2-оос 3 удаа гараараа цохиод миний хоолойг гараараа боосон. Би гарыг нь арай хийж тавиулаад Хүрэл-Эрдэнийн хадам ээж Цэрэннадмидын 91155906 дугаар руу залгаж “танай хүүхэд намайг зодоод байна, та ороод ирээч” гэж хэлсэн ээж Цэрэннадмид орж ирээд Хүрэл-Эрдэнийг загнасан ба “би эмчид үзүүлнэ” гэж хэлээд гэрээс гараад машиндаа сууж 1 цаг уйлж байгаад хөхүүл хүүхэдтэй болохоор буцаад орсон. 2019 онд Гэмтлийн эмнэлэгт зураг авахуулж байсан. Эмч нь намайг “төрөлхийн тархины судасны өөрчлөлттэй, дахин нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэж хэлсэн. Би гэртээ хариад нөхөр Хүрэл-Эрдэнэд “би төрөлхийн тархины судасны өөрчлөлттэй гэж гарсан, намайг цохивол судас нь хагараад үхэж магадгүй. Хэрэв ийм юм болвол би үхээд чи шоронд ороод 3 хүүхэд чинь өнчрөх нь байна шүү” гэж хэлсэн. Ингэж хэлснээс хойш 2 жилийн хугацаанд Хүрэл-Эрдэнэ дахиж цохиогүй.

Гэхдээ намайг тэнэг, мангар, галзуу, солиотой сэтгэцийн өвчтэй, янхан, өлгөчин, архичин, алкаш, чи бол хэн ч биш, өөрийн бодолгүй хүний нөлөөд автамхай болохоор миний үгэнд орж бай” гэх зэргээр байнга хэл амаар доромжилдог байсан. Ер нь Хүрэл-Эрдэнийн үгнээс зөрөх л юм бол тэр уурладаг. 2020 оны 08 дугаар сарын эхээр 10 жилийн ангийн хүмүүстэй уулзаад шөнө 03:00 цагийн орчимд орцны гадаа ирсэн. Түлхүүрээ гэртээ үлдээсэн учраас Хүрэл-Эрдэнэ рүү залгатал утсаа авахгүй байсан. Би согтолттой байсан учраас намайг найз Амартуяа, нөхрийн хамт хүргэж өгсөн. Бид гурав 2 цаг гаран гадаа хүлээж байгаад гэртээ орсон. Маргааш нь Хүрэл-Эрдэнэ уурлаад надтай 5 хоног юм яриагүй, ангийн хүүхэд Ганзориг гэдэг хүнтэй намайг хардаж уурлан намайг гэрээс хөөсөн. Би гэрээс хувцсаа аваад 10 хоног эгч, дүү нарынхаа гэрт байж байгаад гэртээ харьтал Хүрэл-Эрдэнэ намайг хэл амаар доромжилсоор байсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Хүрэл-Эрдэнэ “унтаж чадахгүй байна” гээд гэрт байсан виксинээс ууж эхэлсэн. Нэг дор 2 шил виски уусан учир би хадам ээж Цэрэннадмид, хадам аав Жанчивдорж нарыг дуудсан. Аав нь Хүрэл-Эрдэнийн ууж байсан вискиг авсан. Хүрэл-Эрдэнэ орны хажууд бөөлжсөн, тухайн бөөлжис нь улаан өнгөтэй байсан. Хадам ээж Цэрэннадмид нь “Хүрэл-Эрдэнэ цусаар бөөлжиж байна, чи хор авч ирж өгсөн” гээд миний нуруу руу 2 удаа гараараа цохьсон. Би хадам ээж Цэрэннадмидад “би танай хүүхдээс саллаа” гэж хэлтэл “битгий салаач” гэж хэлсэн.

Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа Хүрэл-Эрдэнэ 00-н өрөөнд архи уугаад тасарчихсан чихэвч зүүгээд сууж байсан. Би чихэвчийг нь авч тавиад өөрөө орондоо орсон байсан. Удалгүй Хүрэл-Эрдэнэ “миний чихэвч хаана байна” гэж орилоод “битгий намайг доромжлоод байгаарай” гээд намайг зодох гээд дайраад байхаар нь “цагдаа дуудлаа” гэж хэлсэн. “Цагдаа дуудах юм бол би чамайг ална” гээд гэртээ байсан ангийн бууны савыг онгойлгож дотроос нь ангийн хутга барьчихаад намайг “гаргахгүй” гээд хаалга дээр зогсоод “чамайг ална, дараа нь өөрийгөө ална” гэж хэлээд байхаар нь би тайвшруулаад “цагдаа дуудахаа больё” гэж хэлсэн. Хүрэл-Эрдэнэ хутга бариад гал тогооны өрөө рүү ороод өөрийгөө хутгалах гэж байгаа юм болуу гэж бодоод араас нь дагатал намайг “цаашаа бай” гээд орилоод байсан. Охин Г босож ирээд гал тогоонд орж иртэл Хүрэл-Эрдэнэ гартаа барьж байсан хутгаа нуусан.

2020 оны 12 дугаар сарын 31-ний орой ажлаа тараад ажлын хүмүүстэй 1 шил оргилуун дарс уучихаад 20 цагийн орчимд гэртээ очтол хоолноос болж маргалдахад охин бид хоёрын маргааныг харчихаад хадам аав Жанчивдорж, хадам ээж Цэрэннадмид нарыг дуудаж ирүүлсэн. Хадам ээж Цэрэннадмид “юунаас болж хэрүүл хийгээд байгаа юм” гэж хэлэхээр нь “махнаас болж хэрүүл болсон” гэж хэлсэн. “Та намайг өмнө нь Хүрэл-Эрдэнэд ямар хор өгчихөв гэж хэлсэнд би гомдсон, та надаас уучлалт гуй” гэж хэлтэл Хүрэл-Эрдэнэ “чи миний ээжийг юу гээд байна” гэж орилон босож ирээд зүүн хацар луу гараараа шанаадаж хоолойг боосон. Энэ үед хадам аав Жанчивдорж салгасан. Энэ удаа урьдынхаас илүү удаан боосон. Миний нүд бүрэлзээд юм ярьж чадахгүй болсон. ...Би өмнө нь цагдаа хүчирхийллийн төвд хандаж байгаагүй. ...” /1хх 10-13, 14-15, 16-17/,

гэрч Ё.Жанчивдоржийн “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинэ жилээр Хүрэл-Эрдэнэ гэртээ урьсан. Н, Хүрэл-Эрдэнэ нар хоорондоо жаахан муудалцсан байдалтай байсан. Н миний эхнэр Цэрэннадмид руу дайрч “чиний хүүхдийн 3 хүүхдийг гаргасан” гээд дайрахад хүү Хүрэл-Эрдэнэ Нын хоёр гарыг барьж буйдан дээр дарсан. ...” /1хх 24-25/,

гэрч Ж.Цэрэннадмидын “...Хүрэл-Эрдэнэ 00-н өрөөнд виски ууж байхаар вискиг нь булааж авсан ба бөөлжсийг нь хартал улаан өнгөтэй юм гарч байхаар нь Ныг “чи хор өгсөн юм уу” гэж хэлтэл хүүхдүүд нь “аав хүрэн манжинтай хоол идсэн” гэж хэлэхэд нь би зөвөөр ойлгосон. ...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинэ жилийн баяраар гэрт нь очиход тэд хоорондоо маргалдсан байдалтай байх шиг байсан. Н над руу гэнэт дайраад “би хүүхдийн чинь 3 хүүхдийн гаргасан” гээд дайрах үед Хүрэл-Эрдэнэ Нын 2 гарыг барьж буйдан дээр дарсан. ...” /1хх 27-28/,

гэрч Б.Наранцэцэгийн “...2021 оны 01 дүгээр сарын дундуур 18 цагийн орчимд Б.Н нь манай гэрт “Хүрэл-Эрдэнэ намайг ханатай хавсарч зодсон, би шүүх эмнэлэгт үзүүлээд ирлээ” гээд тархины зураг бариад ирж байсан. Б.Нын толгой хажуу тал хавдсан, мөр эгэм хэсгээр жаахан улаан өнгийн оромтой харагдаж байсан. Б.Н нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл байж байгаад явсан. 2011 онд Б.Н Хужир буланд ирээд Хүрэл-Эрдэнэ намайг багалзуурдаж гэрээсээ хөөсөн гээд ирж байсан. ...” /1хх 30/,

насанд хүрээгүй гэрч Х.Хгийн “...Ээж гаднаас согтуу орж ирсэн ба хоол, ундаа авч ирсэн. Намайг нэг сэрсэн чинь аав ээжийг “тайвшир, битгий гар” гэж хэлсэн. Аав нөгөө талд цонх янзлаад зогсож байх хооронд ээж гэрээс гараад явсан. ” /1хх 33-34/,

насанд хүрээгүй гэрч Х.Гийн “...Ээж Н 00-н өрөө рүү ороод уйлаад байх шиг байсан. Аав 00-н өрөө рүү ороод жоохон байж байгаад ээж орилоод “салаач” гээд чанга орилсон. Хэсэг хугацааны дараа ээж 00-н өрөөнөөөс гараад том өрөөнд ороод цонхыг нь хүчтэй онгойлгож “би үхнэ” гээд байхаар нь очиж болиулсан. ...Бид нар том өрөөнд байж байтал ээж гараад явчихсан. ...” /1хх 38-39/

яллагдагч Ж.Х “...2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө орой 22 цаг 40 минутын үед залгаад ярихад “удахгүй очлоо, уучлаарай” гэж хэлсэн. Гэтэл эхнэр шөнийн 02 цаг 30 минутын үед гэрийн гадаа ирээд “таксины мөнгө аваад гараад ир” гэсэн ба тэр үед манай хүүхдүүд унтаагүй байсан. Гэртээ ирэхдээ хүүхдүүддээ авсан хоолоо шидэж өгсөн. Тэгээд гэрт орж ирээд намайг дуудахаар нь би хэрүүл болдог тул зориуд очоогүй. Ингээд манай бага хүүг унтуулчихаад эхнэр өөрийн орондоо орсон. Удалгүй эхнэр 00-н өрөө оронгуутаа гэнэт чанга дуугаар уйлаад эхэлсэн бөгөөд би очоод аргадтал “би эгч Наранжаргалыг санаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “залгаад яриа” гэж хэлсэн. Бас “ээжийгээ баярлуулмаар байна” гэхээр нь “тухайн үед нь болно” гэж хэлсэн. Би тэр үед эхнэртээ “хоёулаа энэ байдлаар салах вий дээ” гэж хэлтэл над руу “салаач” гээд маш чанга дуугаар орилсон.

Би “хүүхдүүд сэрээчихлээ” гээд баруун гарын алганы ар талын хуруунуудын хэсгээр Нын толгойн зүүн талын чихний дээд талд зөөлөн хүрсэн. Нын биед нь хүртэл цочиод цааш баруун тал руу саваад ванны ирмэгийг баруун талын чамархай хэсгээр мөргөөд босож ирээд толинд өөрийгөө хараад “миний чамархай хэсэг рүү цохисон” гээд над руу дайртал хүү, охин хоёр сэрсэн. Н хувцсаа өмсөөд “гарна” гээд үүд рүү дайрсан. Н охин Гид “би хүүхдүүдээ бодож өнөөдрийг хүрсэн, цаашдаа та нарыг бодож өөрийн амьдралаа золиослохгүй” гэж орилж, том өрөөний цонхны бариулыг угз татан онгойлгож, цонхоор үсрэх гэж байхад охин ээжийнхээ хувцаснаас зуурсан. ...Би том өрөөнд хүүхэд уйлахаар нь яваад очсон бөгөөд тэр хооронд Н гэрийн хаалгаар гараад явсан. Би охин Гийн хамт гадаа гарч Ныг хайсан боловч олоогүй буцаж гэртээ ирсэн. Миний хувьд Ныг цохисон зүйл байхгүй. Ныг болон хүүхдүүдээ цохиж зодоогүй. ...” /1хх 63-64/ гэсэн мэдүүлгүүд,

 “...Б.Нын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1001 дугаар /1хх 40-44/,

“...Ж.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Гэмт үйлдлээ хариуцах чадвартай, болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” гэсэн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаар /1хх 47-49/,

“...Б.Н нь гэмт хэрэгт өртөх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 414 дугаар /1хх 50-53/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Ж.Х гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван нар “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан бөгөөд дээрх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” гэж,

 мөн хуулийн 6.3 дугаар зүйлд “...Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ. ...” гэж тус тус хуульчилжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл Ж.Х нь эхнэр Б.Ныг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж бие махбодийн, мөн Б.Ныг гутаан доромжлон сэтгэл санааны шаналал үүсгэж, сэтгэл санааны хүчирхийлэлийн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.. ...” гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “...Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно. ...” гэж мөн хуулийн 12.10 дахь хэсэгт “...Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ. ...” гэж тус тус хуульчилсан байхад анхан шатны шүүх нь Ж.Хд 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь буруу байна.

Учир нь, шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргавал хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ердийн журмаар хянан хэлэлцэх хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа дээрх хуулийг хэрэглэхээр хуульчилсан атал анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

          Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “...Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийн хувьд олон жилийн өмнөөс гэр бүл, ахуйн хүрээнд далд байдлаар, дахин давтагдсан, даамжирсан гэр бүлийн маргаан, хүчирхийлэл үйлдэж ирсэн гэмт зан байдал тодорхойлогдож байх ба эхнэр Б.Нын хууль ёсны эрх чөлөө, ашиг сонирхлыг үл хүндэтгэн өөрийн явцуу ашиг сонирхлыг үг хэлээр болон үйлдлээр шууд тулгах, татгалзсан тохиолдолд биеийн хүч ашиглан зодож, цохин эрүүл мэндэд халдах зэргээр хүнлэг бус, хэрцгий догшин авирлаж байсан байдлууд нь шууд нөлөөлжээ. ...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг дурьдах нь зүйтэй.

          Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Хд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Ж.Хд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

          2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/163 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

          3. Шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

                                  ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ