Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/163

 

2023        02           08                                      2023/ШЦТ/163    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0568/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч: Н.Булганчимэг,

Шинжээч: Н.Аригунтөгс,

Хохирогч: Б.Н, түүний өмгөөлөгч Л.Азжаргал,

Шүүгдэгч: Ж.Х, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван, Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х-д холбогдох эрүүгийн 2109001740700 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Х /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг ... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н-г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө ажлын хоёр хүнтэй хамт манай эхнэр архи уугаад сууж байгаа зургаа явуулсан бөгөөд удахгүй очно гэж хэлсэн. Орой 22 цаг 40 минутын үед залгаад ярихад удахгүй очлоо уучлаарай гэж хэлсэн. Гэтэл эхнэр шөнийн 02 цаг 30 минутын үед гэрийн гадаа ирээд таксины мөнгө аваад гараад ир гэсэн ба тэр үед манай хүүхдүүд унтаагүй байсан. Гэртээ ирэхдээ хүүхдүүддээ авсан хоолоо шидэж өгсөн. Тэгээд гэрт орж ирээд намайг дуудахаар нь би хэрүүл болдог тул зориуд очоогүй. Ингээд манай бага хүүг унтуулчихаад эхнэр өөрийн орондоо орсон. Би бас ашгүй гээд амарсан. Удалгүй эхнэр нойлын өрөө оронгуутаа гэнэт чанга дуугаар уйлаад эхэлсэн бөгөөд би очоод аргадтал би эгч Н-г санаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би залгаад яриа гэж хэлсэн. Бас ээжийгээ баярлуулмаар байна гэхээр нь тэр үед нь болъё гэхээр нь тухайн үед нь болно гэж хэлсэн. Би тэр үед эхнэртээ хоёулаа энэ байдлаар салах вийдээ гэж хэлтэл над руу салаач гээд маш чанга дуугаар орилсон. Гэтэл манай хүүхдүүд сэрсэн бөгөөд манай охины мэдүүлэгт бүх зүйл байгаа. Би хүүхдүүд сэрээчихлээ гээд зөөлөн хүрэхэд намайг цохисон гэж ярьсан ба өөрөө л цочиж цаашаа мөргөсөн юм шиг байсан. Би огтхон ч цохиогүй, өмнө нь ч цагдаад мэдүүлэг өгч байгаагүй. Тухайн үед эхнэр согтуу мэдүүлэг өгсөн тул дараа нь зөвөөр хэлэх байх гэхэд хэлээгүй, мөрдөгч зөөлөн хүрсэн гэх хэсгийг бичээгүй байсан. Хүүхдүүдээс 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг авсан бөгөөд өөрөө 06 дугаар сарын 24-ны өдөр явсан гэж байна. Хэрэгт хүүхдүүдээс авсан мэдүүлэгт та нар хамт байсан уу? гэхэд хамт байгаа гэж мэдүүлсэн байдаг. Мөн мэдүүлэг авсан өдрийг мөрдөгч буруу бичсэн байдаг, учир нь энэ өдөр намайг зохисгүй мэссэж бичсэн гэж баримт өгч хавсаргасан байдаг. Өмнөх шүүх хуралдаанд улсын яллагч таны биед ямар гэмтэл учирсан бэ? гэж асуухад би зурган дээрх шиг сууж байсан бөгөөд намайг сална гэхэд энэ хүн намайг маш хүчтэй алгадаад надад оч манараад унасан гэсэн байдаг. Би хохирогчид яагаад цохиогүй хүнийг цохисон болгосон бэ гэж хэлэхээр уучлаарай би тэр үедээ согтуу ууртай байсан бөгөөд надад хүрэх шиг болохоор нь би цаашаа мөргөсөн гэж хэлж байсан. Би чи яагаад өмгөөлөгч аваад гүтгэсэн юм бэ? гэхэд манай өмгөөлөгч зааж өгсөн, гэр бүл салах асуудал эхнэрийн талд шийдэгддэг тул энэ бүгдийг хэлэх ёстой талаар хэлсэн. Эдгээр ярьсан зүйлийг манай хүүхдүүд сонссон. Хохирогчид өөр Энхцэцэг гэж өмгөөлөгч байсан бөгөөд миний энэ хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг авна гэхэд өгөхгүй гэж татгалзсан хариу өгсөн байдаг. Тэр татгалзсан хариуг иргэний шүүхэд өгөөд эвлэрүүлэн зуучлахаар явахгүй хэргийг шууд шийдвэрлэсэн байдаг. Тухайн иргэний шүүхийн өмгөөлөгч шүүгч нар нэг ангийн хүн байсан тул би татгалзсан. Түүнчлэн намайг хүүхдээ ашиглаж олон нийтийн газарт хэл ам гаргасан гэж гүтгэсэн боловч энэ нь хэрэгсэхгүй болсон. Энхцэцэг гэж өмгөөлөгч хохирогчид мөрдөгчийг би танина чиний талд шийдүүлж чадна гэж хэлсэн байдаг бөгөөд тэр арга нь бүтээгүй учраас өөр өмгөөлөгч буюу Азжаргал өмгөөлөгчийг аваад сууж байна. Хохирогчийн хэрэгт өгсөн хамгийн анхны мэдүүлэг өмгөөлөгчгүй байсан бөгөөд гэтэл хэрэгт өмгөөлөгчтэй өгсөн дараагийн мэдүүлгийг урд талд нь хийсэн байсан. Тэгэхээр прокурор дандаа 02 дугаар сарын мэдүүлгийг иш татаж яллах дүгнэлт үйлдээд байдаг. Прокурор чадваргүй юм уу? гэнэн цайлган болсон юм уу? Эхний мэдүүлэгтээ найзуудтайгаа 5 пиво уусан гэдэг бөгөөд эгчийгээ санасан гэхэд гэнэт оч манараад намайг цохих шиг болоод би баруун тийшээ унаад ванн мөргөсөн гэдэг. Гэтэл дараагийн мэдүүлэгтээ цаг болон уусан зүйлийн тоо өөрчлөгддөг, бас эгчийгээ санаад гэж хэлэхэд шууд алгадсан гэж мэдүүлэг нь зөрж эхэлсэн. Гэх мэтчилэн хохирогчийн мэдүүлгүүд өөр байдаг. Түүнчлэн би хохирогчийн зүүн талаас цохисон бол яагаад зүүн талд нь ямар нэгэн гэмтэл байхгүй байгаад байна вэ? Би энэ талаар мөрдөгчид хэлэхэд би хүний үлдээсэн ажил дээр ажил хийдэггүй гэж хэлсэн. Түүнчлэн мэдүүлэхдээ намайг дахиад цохих гээд байхаар нь би цонхоор үсрэх гэж оролдсон гэдэг гэвч тухайн үеийн бичлэг байгаа бөгөөд бичлэг дээр би юун хүн цохих бага охиноо тэврээд болихыг гуйж байсан ба манай хүүхдүүд мөн ээжийгээ боль гээд татаж байгаа үйлдэл байгаа. Гэтэл эхнэр хүүхдүүдээ түлхэж унагаагаад дахин цонхоор үсрэхийг завдсан. Хэргийн хамгийн эхний тод бичлэгийг мөрдөгч устгасан байсан. Мөн манай том хүү мэдүүлэг өгөх гээд очиход мөрдөгч нь хүүхдийнх нь бичлэгийг устгачих уу гэж ярьж байгааг сонссон байдаг. Манай хүүхдүүдээс ээжийнхээ худлаа ярьсан гэх 35 зүйлийг бичиж өгсөн байдаг. Энэ бүгд миний хүүхдүүдийн итгэх итгэлийг үгүй хийж байна. 06 дугаар сарын 15-ны орой эхнэр гэрээсээ явсан ба хүүхдүүд 06 дугаар сарын 15-ны өглөө мэдүүлэг өгсөн. Гэтэл эхнэр 06 дугаар сарын 17-ны өдөр хутга барьж над руу дайрсан байдаг бөгөөд энэ талаар манай хүүхэд мэдүүлсэн байгаа. Би яагаад энэ хэрэг дээр яваад байгаа вэ гэвэл хүүхдүүдийнхээ итгэл үнэмшлийг хадгалахын тулд явж байгаа. Манай эхнэр хүүхдүүдтэйгээ ч уулздаггүй, хүүхдүүдээ боддоггүй. Миний хувьд хохирогчийг цохисон зүйл байхгүй гэдгээ дахин хэлмээр байна.” гэв.

Хохирогч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч жижиг үгэн дээр ажиллаад байна. Тухайн үед согтуу байсан бөгөөд утгын хувьд ижил үгээр мэдүүлгээ өгсөн. Тухайн өдөр би ажлын хоёр эмчтэй хамт гадуур суугаад 4 шил пиво уусан. Би нөхөртөө тэр орой яагаад гар утасны мессенжерээр зураг оруулсан бэ? гэвэл намайг гаргадаггүй, хардаж сэрддэг, орж ирэхээр байнга хэрүүл хийдэг тул би нөхрийнхөө итгэлийг төрүүлэхийн тулд зураг явуулсан. Намайг гарах болгонд хүүхдүүддээ хоол хийж өгдөггүй, бөгөөд би байнга хоол хийж өгдөг байсан ба энэ  хүн хоол хийж чаддаггүй. Энэ хүн надтай ханилж байхдаа ямар ч халамж өгч байгаагүй бөгөөд би олон хагалгаанд орчихоод ирэхэд өглөө гаргасан үхрийн хаа эвдээгүй байдалтай байж байдаг байсан. Би тусдаа амьдарч байхад надаас уучлалт гуйгаад хэсэг хамт амьдарсан. Энэ хугацаанд надад байсан баримтуудыг энэ хүн устгасан байсан бөгөөд амжиж өмгөөлөгчдөө өгсөн баримтууд л үлдсэн. Энэ хүн намайг хааж боож байгаа мэт дандаа гэрт юуг ч хийгээгүй байж байдаг байсан. Түүнчлэн сүүлийн жилүүдэд намайг алчихъя гэж байнга хэлдэг байснаас болоод би сэтгэл гутралд орсон байсан ба хань болох эгчийгээ санаад байгаагаа нөхөртөө хэлсэн. Гэтэл намайг шууд алгадаад би хажуу тийшээ ванн мөргөсөн. Салчихна шүү гэхээр нь би сал гэж хэлсэн. Салсандаа баяртай байна, намайг одоог хүртэл хүүхдүүдтэй уулзуулахгүй байгаа. Эх хүнийг гурван хүүхдээс нь амьдын хагацал үзүүлээд байгаа тул би маш их гомдолтой байна. Би имрайд үзүүлсэн төлбөрийг нэхэмжилж байна, шүүх шударгаар шийдэж өгнө үү.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагаас ажлаа тараад ажлын хоёр эмчтэй 4 шил пиво уугаад 01 цагийн орчимд гэртээ очтол хүүхдүүд унтаагүй нөхөр дугарахгүй уурласан байсан. Би ресторанаас авсан хоолоо хөргөгчинд хийгээд хүүхдүүдээ унтуулчихаад нөхөр ууртай байхаар нь би унтаж чадахгүй 00-н өрөө ороод хүүхдүүдээ сэрээчихгүй аль болох чимээгүй уйлсан. Нөхөр Ж.Х 00-н өрөөнд араас орж ирээд "яагаад уйлаад байгаа юм бэ" гэж надаас асуухад "сэтгэл санаа тавгүй байна эгчтэйгээ утсаар яримаар байна" гэж хэлсэн. Нөхөр Ж.Х "ингээд байвал сална шүү" гэж хэлсэн. Тэгээд би "салаач" гэж хэлтэл нөхөр Ж.Х зүүн дух чамархай орчимд гараараа цохиход би баруун талд байсан ванны ирмэгийг баруун талын дух хэсгээр мөргөсөн. Намайг дахиж зодлоо гээд цагдаа дуудна гээд гар утсаа авах гэтэл миний гар утсыг булааж аваад өгөхгүй байсан. Маргаан болоход хүүхдүүд сэрсэн байсан. Том өрөөнд хүүхдүүд орж иртэл Ж.Х “та нар энийгээ хар согтуу ирээд агсан тавиад байна хар" гэж хүүхдүүдэд хэлсэн. Манайх 2 давхарт байдаг над руу дайраад байхаар нь цонхоор үсэрлээ шүү гэж хэлсэн. Том охин Г ээжээ битгий үсрээч гээд надаас татаад байхаар нь хүүхдүүд айлгачихлаа гэж бодоод больсон. Чи намайг согтуу гэж бодож байгаа бол эрүүлжүүлэх дуудаад өгөөд явуулчих гэж хэлсэн. Ж.Х цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Би гэрээс гараад такси бариад цагдаагийн хэлтэс дээр өөрөө ирсэн.... Бид хоёр 11 жил хамтран амьдарч байна. Дундаасаа 3 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаатай. Намайг заамдаж татах, түлхэх зэрэг үйлдлүүд 2012 оноос эхэлж гаргаж байсан. 2015 оны 06 дугаар сард найз нөхөдтэй уулзчихаад ороод ирэхэд миний нүдийг хөхөртөл нь шанаадаж, хоолой боож, үснээс зулгаасан би тухайн үед өөрийн төрсөн ээж Н-н гэрт очиж 2 хоносон. 2016 оны 4 дүгээр сарын орчимд гэрт байхад хоолны давс багадууллаа гэж миний толгойруу 2-3 удаа цохьсон би тухайн үед 1-р төрөхөд ажиллаж байсан учраас хамт ажилладаг физик эмчилгээний эмч Амартүвшин гэдэг хүнээр толгойгоо бариулсан. 2018 оны 02 дугаар сард хоолонд цуу хийсэн гэх асуудлаас маргаж миний толгойруу гараараа хүчтэй 1 удаа цохьсон, маргааш нь ярилцах гэтэл толгойруу 2-3 удаа гараараа цохиод миний хоолойг гараараа боосон. Би гарыг нь арай хийж тавиулаад Х-н хадам ээж Ц-н *** дугаарлуу залгаж танай хүүхэд намайг зодоод байна та ороод ирээч гэж хэлсэн ээж Ц  орж ирээд Х-г загнасан би эмчид үзүүлнэ гэж хэлээд гэрээс гараад машиндаа сууж 1 цаг уйлж байгаад хөхүүл хүүхэдтэй болохоор буцаад орсон. 2019 онд ГССҮТ-д Эмрай /MRI/ зураг авахуулж байсан. Эмч нь намайг төрөлхийн тархины судасны өөрчлөлттэй дахин нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Би гэртээ хариад нөхөр Ж.Х-д “би төрөлхийн тархины судасны өөрчлөлттэй гэж гарсан намайг цохивол судас нь хагараад үхэж магадгүй. Хэрэв ийм юм болвол би үхээд чи шоронд ороод 3 хүүхэд чинь өнчрөх нь байна шүү” гэж хэлсэн. Ингэж хэлснээс хойш 2 жилийн хугацаанд Ж.Х дахиж цохиогүй. Гэхдээ намайг тэнэг, мангар, галзуу, солиотой сэтгэцийн өвчтэй, янхан, өлгөчин, архичин алкаш, чи бол хэн ч биш, өөрийн бодолгүй хүний нөлөөд автамхай
болохоор миний үгэнд орж бай гэх зэргээр байнга хэл амаар доромжилдог байсан.
Ер нь Х-н үгнээс зөрөх л юм бол тэр уурладаг. 2020 оны 08 дугаар сарын эхээр 10 жилийн ангийн хүмүүстэй уулзаад шөнө 03:00 цагийн орчимд орцны гадаа ирсэн түлхүүр гэртээ үлдээсэн учраас орцны хаалга онгойлгож Ж.Х рүү залгатал утсаа авахгүй байсан. Би согтолттой байсан учраас найз Амартуяа нөхрийн хамт хүргэж өгсөн. Бид гурав 2 цаг гаран гадаа хүлээж байгаад гэртээ орсон. Маргааш нь Ж.Х уурлаад надтай 5 хоног юм яриагүй ангийн хүүхэд Ганзориг гэдэг хүнтэй намайг хардаж уурлан намайг гэрээс хөөсөн. Би гэрээс хувцсаа аваад 10 хоног эгч, дүү нарынхаа гэрт байж байгаад гэртээ харьтал Ж.Х намайг хэл амаар доромжилсоор байсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Ж.Х унтаж чадахгүй байна гээд гэрт байсан виксинээс ууж эхэлсэн. Нэг дор 2 шил виски уусан учир би хадам ээж Цэрэннадмид, хадам аав Ж нарыг дуудсан. Аав нь Х-н ууж байсан вискиг авсан. Ж.Х орны хажууд бөөлжсөн тухайн бөөлжис нь улаан өнгөтэй байсан. Хадам ээж Ц нь Ж.Х цусаар бөөлжиж байна чи хор авчирж өгсөн гээд миний нурууруу 2 удаа гараараа цохьсон. Би хадам ээж Ц-д би танай хүүхдээс саллаа гэж хэлтэл битгий салаач гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа Ж.Х 00-н өрөөнд архи уугаад
тасарчихсан чихэвч зүүгээд сууж байсан. Би чихэвчийг нь авч тавиад өөрөө орондоо
орсон байсан. Удалгүй Ж.Х миний чихэвч хаана байна гэж орилоод
битгий намайг доромжлоод байгаарай гээд намайг зодох гээд дайраад байхаар нь
цагдаа дуудлаа гэж хэлсэн. Цагдаа дуудах юм бол би чамайг ална гээд гэртээ
байсан ангийн бууны савыг онгойлгож дотроос нь ангийн хутга барьчихаад намайг
гаргахгүй гээд хаалга дээр зогсоод чамайг ална дараа нь өөрийгөө ална гэж хэлээд
байхаар нь би тайвшруулаад цагдаа дуудахаа больё гэж хэлсэн. Ж.Х хутга
бариад гал тогооны өрөөрүү ороод өөрийгөө хутгалах гэж байгаа юм болуу гэж
бодоод араас нь дагатал намайг цаашаа бай гээд орилоод байсан. Охин Г
босож ирээд гал тогоонд орж иртэл Ж.Х гартаа барьж байсан хутгаа
нуусан. 2020 оны 12 дугаар сарын 31-ны орой ажлаа тараад ажлын хүмүүстэй 1 шил
шампаснк уучихаад 20:00 цагийн орчимд гэртээ очтол хоолноос болж маргалдахад
охин Г бид 2-н маргааныг харчихаад хадам аав Ж, хадам ээж Ц нарыг дуудаж оруулж ирсэн. Хадам ээж Цэрэннадмид юунаас болж хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлэхээр нь махнаас болж хэрүүл болсон гэж хэлсэн. Та
намайг өмнө нь Ж.Х-д ямар хор өгчихөв гэж хэлсэн би гомдсон та надаас
уучлалт гуй гэж хэлтэл Ж.Х “чи миний ээжийг юу гээд байна” гэж орилон
босож ирээд зүүн хацар луу гараараа шанаадаж хоолойг боосон. Энэ үед хадам аав Ж салгасан. Энэ удаа урьдынхаас илүү удаан боосон. Миний нүд бүрэлзээд юм ярьж чадахгүй болсон... Би өмнө нь цагдаа хүчирхийллийн төвд хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 10-17 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1001 дугаартай “...Б.Н-н биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 41-43 дахь тал)

Гэрч Ё.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний шинэ жилээр Ж.Х гэртээ урьсан. Б.Н Ж.Х нар хоорондоо жаахан муудалцсан байдалтай байсан. Б.Н миний эхнэр Ц рүү дайрч чиний хүүхдийн 3 хүүхдийг гаргасан гээд дайрахад хүү Ж.Х Б.Н-н хоёр гарыг барьж диван дээр дарсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 24-25 дахь тал)

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын дундуур 18 цагийн орчимд Б.Н нь манай гэрт Ж.Х намайг ханатай хавсарч зодсон би шүүх эмнэлэгт үзүүлээд ирлээ гээд тархины зураг бариад ирж байсан. Б.Н-н толгой хажуу тал хавдсан мөр эгэм хэсгээр жаахан улаан өнгийн оромтой харагдаж байсан. Б.Н нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл байж байгаад явсан. 2011 онд Б.Н Хужир буланд ирээд Ж.Х намайг багалзуурдаж гэрээсээ хөөсөн гээд ирж байсан..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 30 дахь тал)

Яллагдагч Ж.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б.Н-г болон хүүхдүүдээ цохиж зодоогүй, бүгд худлаа гүтгэлэг. Б.Н харин өөрөө хүүхдүүдээ зоддог...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 63-64 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ж.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны ... тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн эхнэр, хохирогч Б.Н-г зодож эрүүл мэндэд нь духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Шүүгдэгч Ж.Х нь “Б.Н-н мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эхний мэдүүлэгтээ найзуудтайгаа 5 пиво уусан гэдэг бөгөөд эгчийгээ санасан гэхэд гэнэт оч манараад намайг цохих шиг болоод би баруун тийшээ унаад ванн мөргөсөн гэдэг. Гэтэл дараагийн мэдүүлэгтээ цаг болон уусан зүйлийн тоо өөрчлөгддөг, бас эгчийгээ санаад гэж хэлэхэд шууд алгадсан гэж мэдүүлэг нь зөрж эхэлсэн... Би Б.Н-г огт зодож байгаагүй...” гэж маргадаг боловч хэрэг болсон орон зай, цаг хугацаа, болсон үйл явдлын өрнөл дарааллын тухайд хохирогч зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй байна.  

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар “шүүгдэгч хохирогчийн толгойн зүүн талд цохисон бол зүүн талд нь ямар ч цохисон гэх ул мөр байдаггүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан” зэргээр маргадаг боловч хохирогчид учирсан тархи доргилт гэмтэл нь үйл ажиллагааны алдагдлаар оношлогддог компьютер томограффаар илрэхгүй, өвчтөн буюу хохирогчийг биеэр үзсэн эмч, шинжээчийн бодит үзлэг, асуумж, өвчтөний зовуурь зэргийг үндэслэж тухайн цаг үед хохирогчийн духны баруун хэсэгт 4,5*3см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан, биеийн ерөнхий байдал дунд, нүдний алимны чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингөтэй зэрэг шалгуур шинж байдлаар нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл хохирогчид учирсан байна гэж дүгнэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2021.01.28-ны өдрийн №1001 дугаартай дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн дүгнэлт байна.

Дашрамд энэ шинжээчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тодруулбал хохирогч угаалгын өрөөнд шүүгдэгчид толгой руугаа цохиулж ванн мөргөсөн гэх үйл баримттай таарч тохирч байгаа болно.

 Энэ тухай хохирогч Б.Н нь “намайг 00-ын өрөөнд хүүхдийн сандал дээр сууж байхад Ж.Х зүүн талаас цохиод би баруун талаар ванны ирмэг мөргөсөн” гэж мэдүүлдэг бөгөөд тухайн үед шүүгдэгч  хохирогчийн толгойн зүүн талд нь цохисноос нь цохилтын хүч үйлчилж, хохирогч толгойн баруун талаараа ванн хүчтэй мөргөж, тархи доргилт гэмтэл авсан байна.

Мөн шүүх хуралдаанд Шинжээчийн №1001 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч С.Аригуунтөгс оролцож, гаргасан дүгнэлтийнхээ талаар хэргийн оролцогчдод  дэлгэрэнгүй тайлбар гаргаж, оролцогчдын асуултуудад хариулсан болно.

Ийнхүү Ж.Х-н холбогдсон хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Ж.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Х-н хувьд олон жилийн өмнөөс гэр бүл ахуйн хүрээнд далд байдлаар, дахин давтагдсан, даамжирсан гэр бүлийн маргаан, хүчирхийлэл үйлдэж ирсэн гэмт зан байдал тодорхойлогдож байх ба эхнэр                     Б.Н-н хууль ёсны эрх чөлөө, ашиг сонирхлыг үл хүндэтгэн өөрийн явцуу ашиг сонирхлыг үг хэлээр болон үйлдлээр шууд тулгах, татгалзсан тохиолдолд биеийн хүч ашиглан зодож цохин эрүүл мэндэд халдах зэргээр хүнлэг бус, хэрцгий догшин авирлаж байсан байдлууд нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Ж.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Н нь “MED TRAUMA” эмнэлэгт тархины соронзон резонанст томографийн оношилгоо хийлгэсэн бөгөөд /1хх-44/ MRА оношилгоо хийлгэсэн төлбөрт 360.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг Ж.Х-с гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогч Б.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ж.Х-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Х-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Ж.Х-н асрамжинд насанд хүрээгүй гурван хүүхэд байгаа, мөн шүүгдэгч нь тогтсон ажил бизнестэй, хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл бас байгаа тул хамгийн бага нэгжээр торгож өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

Шүүгдэгчийн хувьд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД, мөн нотлох баримтаар өгсөн 1 ширхэг СД, нийт 3 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ж.Х-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-с 360.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д  олгосугай.

6. Хохирогч Б.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ж.Хэс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД, мөн нотлох баримтаар өгсөн 1 ширхэг СД, нийт 3 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ж.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР