| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2022/0048/З |
| Дугаар | 123/ШШ2024/0079 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 123/ШШ2024/0079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Батсүх, Б.Дамбий нар,
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Нийслэлийн Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.Дамбий, Б.Батсүх нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Батсүх, Б.Дамбий нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хилийн цэсийн маргаантай газар олгосон нь Засаг даргын буруутай үйл ажиллагаа болохыг тогтоож, өөр ижил чанар, нөхцөл, хэмжээ бүхий зөрчилгүй газраар сольж олгохыг даалгах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гаргасан.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Б.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хүсэлт өгсөн. Бидний зүгээс газрын маргааныг харж үзээд гурван газрыг тэмдэглэсэн. Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэр 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр олгогдсон 4104061007 гэх регистрийн дугаартай 25 га газраас хойш зүгт үргэлжилсэн хэсэгт 2.5 га газрыг олгож өгнө үү. Дараагийнх нь Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэр 4104061006 тоот регистрийн дугаартай Хаан хөгжил аялал жуулчлалын газартай залгаа 2.5 га газрыг олгож өгнө үү. Гуравдугаарт нь Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хаан хөгжил Бээст ХХК-д олгогдсон 4104051005 регистрийн дугаартай газрын чөлөөт бүсэд 2.5 газрыг олгож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Дамбий, Б.Батсүх нарт газар олгохдоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хилийн цэсийн маргаантай газарт газар олгосон Засаг даргын буруутай үйл ажиллагааг тогтоож ижил чанар, хэмжээтэй, зөрчилгүй газраар сольж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан. Анх 2008 онд Эрдэнэ сумын Засаг даргын А/180 дугаар захирамжаар иргэн Б.Дамбийд газар олгосон байдаг. Иргэн Б.Дамбий 5 га газрыг 2 тэнцүү хувааж өөрийн төрсөн дүү Б.Батсүхэд хууль журмын дагуу 2.5 га газрыг Эрдэнэ сумын Засаг даргын А/431 захирамжаар олгосон. 2016 оноос газрын төлбөр төлж, эзэмшиж ашиглаж ирсэн. 2022 он хүртэл хуучин газрын системд бүртгэлтэй байсан. Газрын мэдээллийн системд мэдээллээ шинэчлүүлэхээр хүсэлт өгөх үед уг маргаан эхэлсэн байдаг. Налайх дүүргийн хилийн цэсийн маргаан бүхий газар газар олгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. 2013 онд Б.Батсүхэд газар олгохдоо хилийн цэсийн маргаантай эсэхийг тогтоолгүйгээр газар олгосон. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2016 онд газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа нөхцөл байдлыг тодруулалгүй Засаг даргын эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан учир хууль бус нөхцөл байдал үүсэж байна. 2022 онд газрын мэдээллээ цахим санд шинэчлүүлэхээр хүсэлт гаргахад 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хилийн цэсийн маргаантай учир бүртгэх боломжгүй учир шийдвэрлэх боломжгүй гэсэн нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар асуудлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуучин хуулийн 20.29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад газар эзэмших ашиглах, хүсэлтийг шийдвэрлэх, олгох эрхтэй ба Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн аж ахуйн нэгжид эзэмших ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах үүрэгтэй гэж заасны дагуу Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргыг дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс гурван асуудал бүхий хариу тайлбарыг гаргадаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох боломжгүй нөхцөл байдал бий болсон. Учир нь өөр Засаг захиргаанд хамаарах нутаг дэвсгэр учир түүнд нь хандалт өгөх боломжгүй байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд ижил чанар, хэмжээтэй, зөрчилгүй газар олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Геодези зураг зүйн газраас ирүүлсэн бичиг нь Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор зохицуулагдаж байгаа харилцаа юм. Тус тогтоолд газар шинээр олгох, зөрчилтэй байгаа газрыг эсхүл өмнө нь шийдвэр гаргачхаад бүртгэлжүүлж чадахгүй байгаа газрыг яах юм бэ гэдэг асуудлыг дурдсан буюу эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан боловч газрын мэдээллийн санд бүртгэл хийлгэж чадаагүй бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр тусгаж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байдаг. Энэ нь Геодези зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/1387 дугаар бичигт мөн байдаг. Хүсэлт өгөөгүй учир тодруулсан шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж байна. Иргэдээс хууль ёсны дагуу хүсэлтээ өгсөн харин Засаг даргын зүгээс хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн байршил нөхцөл байдал дээр Засаг дарга өөрийн тодруулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй учир ийм асуудал болсон. Иймд газрын төлөвлөгөөнд тусгаж эсхүл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудаас ижил шинж чанар, хэмжээтэй, зөрчилгүй газар олгоход зөрчилдөх зүйл харагдахгүй байгаа учир хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсгийн 9 дэх заалтад газрыг солих буюу эргүүлэн авах нөхцөл журмыг гэрээнд заасны дагуу Газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар бодитоор зөрчил үүссэн бол түүнийг шийдэх эрх Эрдэнэ сумын Засаг даргад байдаг. Энэ эрхүүдийг хэрэгжүүлнэ үү гэж хүсэж байна. Хариуцагчаас ирүүлж байгаа хариу тайлбарууд дээр шинээр газар эзэмших хүсэлтээ гаргаад журмын дагуу явна уу гэсэн байдаг. Гэтэл одоо хүчинтэй байгаа газрыг яах вэ. Иймд газрын төлбөрөө зохих ёсоор төлж ирсэн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж өөр боломжит газраар сольж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд иргэн Б.Дамбий нь газар эзэмшиж, 2013 онд эрхийг хэсэгчлэн иргэн Б.Батсүхэд эзэмшүүлсэн байдаг. Газрын цахим мэдээллийн санд мэдээллээ шинэчлүүлэх хүсэлтийг сумын Засаг даргын тамгын газар ирүүлсэн байдаг. Улмаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/267 тоот албан бичгээр танд эзэмшүүлсэн газар нь хилийн цэсийн маргаантай газар хамаарч байгаа учир газрын мэдээллийг шинэчлэх боломжгүй учир нь 1982 оны Ардын их хурлын 131 дүгээр зарлиг, Улсын их хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол, 1998 оны 43 дугаар тогтоол буюу Эрдэнэ сум болон Налайх дүүргийн хилийн цэсийн маргаантай нутаг дэвсгэрт хамаарч байна. Тус маргаан бүхий газарт олгосон газруудыг мэдээллийн санд шинэчлэн бүртгэх боломжгүй сумаас хандалт хийх боломжгүй талаар тайлбар хүргүүлсэн. Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ижил чанар хэмжээтэй газар олгох боломжгүй, газрын даамал мөн газрын цахим мэдээллийн санд хандалт хийх боломжгүй. Мөн ижил чанар, хэмжээтэй зөрчилгүй газар олгох хүсэлтээ сумын Засаг дарга болон холбогдох төрийн байгууллагад ирүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Тухайн иргэн нь анх сумын Засаг даргад хүсэлт гаргахдаа газрын цахим мэдээллийн санд мэдээллээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан. Харин байршил өөрчлөх буюу тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг дурдаагүй. Өөр засаг захиргааны нутаг дэвсгэрт хамаарах газар дээр шийдвэр гаргасан гэж байна. Хилийн маргаантай нутаг дэвсгэр болохоос Налайх дүүргийн нутаг дэвсгэр биш. Хилийн цэсийн маргааныг эцсийн байдлаар Улсын их хурал шийднэ түүнээс маргааныг шийдсэн зүйл байхгүй. Миний зүгээс иргэнд хүнд суртал гаргаагүй, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах хүсэлтийг ирүүлээгүй. Засаг дарга мөн газрын даамал хүсэлтийг шууд хүлээж аваад шийдвэрлэх боломжгүй байдаг. Улсын хэмжээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Засгийн газраас баталдаг учир Засаг дарга мөн газрын даамлын зүгээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөрчил гэж тайлбарлаж байна. Засаг дарга болон төрийн байгууллагад энэ талаар ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байршил сольж газар олгох талаар төлөвлөгөөнд тусгагдаагүй. Яг ямар эрхийг сэргээлгэх гэж байгааг ойлгохгүй байна. Өмнөх мэдээллийн санд кадастрын зураг байдаг, газрын гэрчилгээ нь хүчин төгөлдөр, захиргааны акт нь мөн хүчин төгөлдөр газар дээр үйл ажиллагаа эрхлэх боломж байсан. Өөр нэгэн этгээд үйл ажиллагаа явуулахад нь саад болж, саадыг арилгуулахаар ямар нэгэн хүсэлт нэхэмжлэгчийн зүгээс ирүүлээгүй байдаг гэжээ.
2.4. Гуравдагч этгээд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Батсүх, Б.Дамбий нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын газрын даамалд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус хамгаалалтын захиргааг шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Б.Батсүх, Б.Дамбий нар нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Батсүх, Б.Дамбий нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хилийн цэсийн маргаантай газар олгосон нь Засаг даргын буруутай үйл ажиллагаа болохыг тогтоож, өөр ижил чанар, нөхцөл хэмжээ бүхий зөрчилгүй газраар сольж олгохыг даалгаж өгнө үү гэсэн өргөдлийг тус тус гаргасан байна. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох нийт 292905,5 га газар хамрагддаг. УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Нагалхааны байгалийн нөөц газрыг байгуулж, улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд авсан. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 259 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/213 дугаар тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа байгуулагдаж, Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох нийт 292905.5 га газрыг хариуцан тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Гэвч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2006 оноос эхлэн тусгай хамгаалалттай газар нутагт өвөлжөө, хаваржаа, жимс жимсгэнэ тариалах, гэр бүлийн хэрэгцээ, үйлчилгээ, аялал жуулчлал, хадлангийн зориулалтаар тус тус иргэн , аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлсэн хууль бус захирамжууд гаргасан байна. Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум дүүргийн Засаг даргад гаргана 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна. 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана гэж заасан байдаг. Дээрх хуулийн заалтыг зөрчиж Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захирамж гаргаж бусдад газар олголт хийсэн байдаг. Энэхүү илт хууль бус захирамж гаргахгүй байх, хүчингүй болгох талаар хамгаалалтын захиргаанаас удаа дараа мэдэгдэж байсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн. Иргэн Б.Батсүх, Б.Дамбий нар нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа тул шүүх хуралдаанд манай байгууллагыг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.5. Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Батсүх, Б.Дамбий нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тодруулсан шаардлагад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Батсүх, Б.Дамбий нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хилийн цэсийн маргаантай газар олгосон нь Засаг даргын буруутай үйл ажиллагаа болохыг тогтоож, өөр ижил чанар, нөхцөл, хэмжээ бүхий зөрчилгүй газраар сольж олгохыг даалгах гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Маргаан үүсээд байгаа газар нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Одоогоор газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер программд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт сумын Засаг дарга захирамж, аливаа харилцааг зохицуулсан эрх зүйн шийдвэр гаргах боломжгүй, газрын даамал мэдээллийн санд өөрчлөлт хийх эрхгүй тул маргааныг орон нутаг шийдвэрлэх боломжгүй байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээрх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дурдсанаар Засаг даргын буруутай үйл ажиллагаа болохыг тогтоож, өөр ижил чанар, нөхцөл хэмжээ бүхий зөрчилгүй газраар сольж олгохыг хүссэн өргөдөл гомдол төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна гэжээ.
2.6. Гуравдагч этгээд Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батсүх нарын нэхэмжлэлтэй маргаан бүхий газар нь Нийслэл Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалтай хэсэг болох нутаг дэвсгэрт хамаарч байна. Маргаан бүхий хилийн цэсийг эрх бүхий байгууллагаас шинэчлэн тогтоох хүртэлх хугацаанд тухайн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учирч байх тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаас нэхэмжлэгч Б.Батсүх нарт Газрын тухай хууль журмын хүрээнд өөрийн сумын нутаг дэвсгэр дэх хилийн цэсийн маргаангүй бүсэд ижил чанар, нөхцөл, хэмжээ бүхий газрыг сольж олгоход татгалзах зүйлгүй болно гэжээ.
2.7. Гуравдагч этгээд Нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Адъяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батсүх, Б.Дамбий нарын нэхэмжлэлтэй маргаан бүхий газар нь Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ сумын маргаантай хэсэгт хамаарч байна. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаас нэхэмжлэгч Б.Батсүх, Б.Дамбий нарт газрын тухай хууль журмын хүрээнд сумын нутаг дэвсгэрт хилийн цэсийн маргаангүй хэсэгт дүйцэхүйц хэмжээний газар сольж өгөхөд татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан нь гуравдагч этгээдэд хамааралгүй байх тул цаашид тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Дамбий нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан дүү Б.Батсүхэд олгосон итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, өв залгамжлагч нар өвөө нээлгэсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг уг шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
2. Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 35.2 дахь хэсэгт Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус зааснаас үзвэл иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах шийдвэрийг Төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны яам гаргахаар хуульчилсан. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэл гаргах эрхийг хуульд тусгайлан олгоогүй, төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлөх эрхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж гуравдагч этгээд Горхи тэрэлж байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгч Б.Батсүхийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга иргэн Б.Батсүх, Б.Дамбий нарт газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахдаа хилийн цэсийн маргаантай, давхцалтай газар олгосон нь буруу... гэж тодорхойлсон.
5. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Маргаан үүсээд байгаа газар нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Мөн Налайх дүүргийн хилийн цэсийн маргаантай хэсэгт байрлалтай. Иймээс газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер программд мэдээллийг оруулах боломжгүй болсон. Өмнө нь нэгдсэн санд бүртгэлтэй байсан. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дурдсанаар Засаг даргын буруутай үйл ажиллагаа болохыг тогтоож, өөр ижил чанар, нөхцөл, хэмжээ, бүхий зөрчилгүй газраар сольж олгохыг хүссэн өргөдөл, гомдол төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй гэж тайлбарлаж байна.
6. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186 дугаар захирамжаар тус сумын 1-р баг, Туул голын бургасанд байршилтай 5 га газрыг мод үржүүлэг, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаагаар Б.Дамбийд эзэмшүүлсэн.
7. Үүний дараа 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/432 дугаар захирамжаар Б.Дамбийгийн эзэмшлийн 5 га газраас 2,5 га газрыг Б.Батсүхэд шилжүүлэн 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлсэн байх ба нэхэмжлэгч газрын төлбөрөө төлж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй бөгөөд хүчингүй болгосон захиргааны акт гараагүй.
8. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй нэгж талбарын 18695309131245 дугаартай 2,5 га газар нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газартай бүрэн давхцалтай, Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргаантай 54118,5 га газарт байршиж буй нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07/1188 дугаартай лавлагаа, зураглалаар тогтоогдсон.
9. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай, дүүргийн хилийн цэсийн маргаантай байсны улмаас газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэхгүй, нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.
10. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 33 дугаар зүйлийн 33.1-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1 энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус заажээ.
11. Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл, Тусгай хамгаалалттай газар нутагт байршилтай газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх хэмжээг Эрдэнэ сумын Засаг даргад олгоогүй, харин Газрын тухай хуульд заасан журмаар тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрхийг олгожээ.
12. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэж, 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдөхөд хүрчээ.
13. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 21.4.3 дахь заалтад энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж тус тус заасны дагуу тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалтай, хилийн цэсийн маргаантай газарт иргэн Б.Батсүхэд газар эзэмшүүлсэн нь хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаа байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлж нэхэмжлэгч Б.Батсүхэд өөр байршил бүхий газар 2.5 га газраар сольж эзэмшүүлж, нэхэмжлэгчийн эрхийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
14. Мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Батсүх, Б.Дамбий нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хилийн цэсийн маргаантай газар олгосон нь Засаг даргын буруу үйл ажиллагаа гэж үзэж өөр ижил газар нөхцөл хэмжээ бүхий зөрчилгүй газраар сольж олгох нь зөв гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа анхаарч үзсэн болно.
15. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө эсхүл 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах замаар хэрэгжүүлбэл зохионо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Дамбийгийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Дамбийд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хилийн цэсийн маргаантай газар олгосон нь Засаг даргын буруутай үйл ажиллагаа болохыг тогтоож, өөр ижил чанар, нөхцөл, хэмжээ бүхий зөрчилгүй газраар сольж олгохыг даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Горхи тэрэлж байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 186, 2016 оны 06 дугаар дугаар сарын 24-ний өдрийн А/432 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Тусгай хамгаалалтын газар нутагт давхцалтай, хилийн цэсийн маргаантай газарт иргэн Б.Батсүхэд газар эзэмшүүлсэн нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаа болохыг тогтоож, өөр байршил бүхий газар 2.5 га газраар сольж эзэмшүүлэхийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Батсүхэд 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсхүл 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах замаар өөр байршил бүхий газар 2.5 га газраар сольж эзэмшүүлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг үүрэг болгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ