Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 27

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбоо, мэдээллийн

технологийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн

газрын “Үнэлгээний хороо”-нд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Х.Батсүрэн

                         Б.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар “С” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 1: “Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир сум, Булган аймгийн Бугат сум, Төв аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Өргөн сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”-г хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 2: “Говь-Алтай аймгийн Бугат сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Шинэжинст, Галуут сум”, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”-г хүчингүй болгуулах, Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0704 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0644 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, Ө.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын өмгөөлөгч С.Э,

Хариуцагч: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Үнэлгээний хороо”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, О.Г, түүний өмгөөлөгч Н.Э нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, өмгөөлөгч С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0704 дүгээр шийдвэрээр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0704 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.5, 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” “ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 1: “Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир сум, Булган аймгийн Бугат сум, Төв аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Өргөн сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар “Ю” ХХК-иудын хооронд мөн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 2: Товь-Алтай аймгийн Бугат сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Шинэжинст, Галуут сум”, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ, “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар “С” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0644 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0704 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 20 дугаар зүйлийн 20.5, 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хороо”-ны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 1: Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир сум, Булган аймгийн Бугат сум, Төв аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Өргөн сум Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Ю” ХХК-иудын хооронд мөн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц 2: Говь-Алтай аймгийн Бугат сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Өлзийт, Шинэжинст, Галуут сум, Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ, “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар тендер сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтланм нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаар “С” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/682 дугаар “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, 4 дэх заалтын дугаарыг хасч, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. С.Э би “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Үнэлгээний хороо”-нд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0644 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 24 дүгээр зүйлийн 24.5-д заасныг буруу тайлбарлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.1. Давж заалдах шатны шүүх “дээрх зохицуулалтад заасан “тендер хүчинтэй байх” хугацаа нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж зааснаар тодорхойлогдох, харин мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж зааснаар тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “гэрээ байгуулах хүртэл” хугацаа нь тендер хүчинтэй байх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгасантай тэнцэх хугацаа байж болох учраас ялгаатай байна...” хэмээн тайлбарласан байна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар тендерийн баталгааны хугацааг хамгийн ихдээ тендер хүчинтэй байх хүртэл хугацаагаар зааж болохоор байна. Үүнээс үзэхэд ТН-ХХМТГ/201804008 дугаар тендерийг нээсэн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 45 хоногоор тооцон үзэхэд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр тендерийн баталгааны хугацааг зааж болохоор байсан. Хэрэв тендер хүчинтэй байх хугацааг Сангийн яамнаас 30 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд захиалагчийн зүгээс тендерийн баталгааны хугацааг мөн адил сунгах бөгөөд тендерт оролцогчийн зүгээс тендерийн баталгааг дахин ирүүлэхээр байна.

4.2. Иймд давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн шиг захиалагч тендер хүчинтэй байх хугацаанаас хэтрүүлэн өөрийн дураар тендерийн баталгааны хугацааг тогтоох хуулийн боломжгүй учир хуульд заасны дагуу татгалзаагүй нь үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт, зөвлөмж хууль бус гэх үндэслэл болж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасан байх бөгөөд “С” ХХК-ийн ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн баталгаа нь хуульд заасан ямар нэгэн шаардлагыг хангаагүй зүйл байхгүй.

5. Давж заалдах шатны шүүх хүчингүй тендерийг хүчинтэй хэмээн үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасан байхад захиалагчийн зүгээс тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах талаар Сангийн яаманд хүсэлт гаргаагүй Сангийн яамнаас ч тендер хүчинтэй байх хугацааг сунгаж шийдвэрлээгүй. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбар гаргахдаа хэлсэн байдаг ба шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Тендер хүчинтэй байх хугацаа 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бөгөөд үүнээс хойш тендер хүчингүй болсон байдаг. Гэтэл захиалагчийн зүгээс дээрх тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Тендерийн үнэлгээний хороо хуралдаж Үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэр, зөвлөмжийг гаргасан. Мөн тендер хүчингүй болсон байхад 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр захиалагч гуравдагч этгээд болох “Ю” ХХК-тай ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц-1: “Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир сум, Булган аймгийн Бугат сум, Төв аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Өргөн сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”, ТН-ХХМТГ/201804008 дугаар Багц-2: Говь-алтай аймгийн Бугат сум, Баянхонгор аймгийн Баян-өндөр, Өлзийт, Шинэжинст, Галуут сум” Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээ”-г тус тус байгуулсан байдаг.

5.2. Дээрх хууль бус тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт, зөвлөмж тендерээс татгалзсан мэдэгдлийн улмаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчим зөрчигдөж байх бөгөөд хууль зөрчин тендерээс татгалзсан нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерт оролцох эрх, гэрээ байгуулах эрх, тендерт өрсөлдөх тэгш боломж болон хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Учир нь тендер хүчинтэй байх хугацааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу сунгасан тохиолдолд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тендер хүчинтэй болохоор байсан бөгөөд “С” ХХК болон “Ю” ХХК-ийн зүгээс тендерийн баталгааны хугацаагаа дахин сунган ирүүлэхээр байсан. Гэтэл энэхүү боломжийг эдлэх боломж олгоогүй, хууль зөрчин хууль бусаар шийдвэрлэсэн байдаг. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус заасан хуулийн зохицуулалт зөрчигдсөн байхад түүнийг Давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй.

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, мөн хуулийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж тус тус заасан. Гэтэл хариуцагчаас гарган өгсөн маргаан бүхий 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт Хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар Үйлчилгээ үзүүлэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд /шийдвэр/ Хуралд оролцсон гишүүд гарын үсэг зураагүй, шийдвэрлэсэн нь хэсэгт үнэлгээний хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ /Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга/ гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр байх, баталгаажих хуулийн шаардлагыг хангаагүй. Энэхүү баталгаажаагүй шийдвэрийг үндэслэж бусад маргаан бүхий захиргааны актууд гарч, гэрээ байгуулагдсан байдаг. Өмнө нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын протоколд мөн оролцсон гишүүд гарын үсэг зураагүй, шийдвэрлэсэн нь хэсэгт зарим гишүүд гарын үсэг зураагүй алдаа дутагдал гарсан байдаг. Энэхүү зөрчлийн тухай Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5020 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичигт “...Үнэлгээний хорооны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлд үнэлгээний хорооны дарга болон гишүүд гарын үсэг зураагүй нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж заасныг зөрчсөн байна” хэмээн дурдсан байдаг.

6.2. Иймд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт Хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/201804008 дугаар Үйлчилгээ үзүүлэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь хууль зөрчсөн хууль бус шийдвэр хэмээн үзэх үндэслэлтэй байна.

6.3. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 42.1.3 “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр заасны дагуу “Ю” ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус юм. Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5020 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “...Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн “Тендерийн үнэлгээний заавар”-ын маягтуудаар, тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дахин хийхийг үүгээр мэдэгдье” гэж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч тендерийн үнэлгээний хороо тендерийг дахин үнэлэх ажиллагааг явуулаагүй бөгөөд өмнө нь гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн “Ю” ХХК-ийг шууд сонгож хамгийн сайн үнэлэгдсэн хэмээн үзэж шийдвэрлэсэн. Мөн энэ тухай анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. Энэ нь дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ“ гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл болж байна.

6.4. Тендерийг хянан үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно”, 27.2.1. “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2. “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх”, 27.2.3-д “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх” гэж тус тус зааснаар тухайн гол шалгуур үзүүлэлт талаас хянан үзэх ёстой атал үүнд хамааралгүй асуудлаар “С” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй талаар хариуцагчийн зүгээс үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-т тус тус зааснаар манай компанийн шаардлагад нийцсэн тендер нь хамгийн бага үнэтэй байсан учир “хамгийн сайн” тендерээр үнэлэгдэх ёстой байсан .

6.5. Дээрх хоёр үндэслэлд давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Тус үндэслэл нь Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт, зөвлөмж хууль бус гэдгийг нотолж байдаг бөгөөд хэргийн шийдэлд нөлөөлөх ач холбогдолтой юм.

7. Иймд дээрх үндэслэлүүдийг дүгнэн үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0644 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0704 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв боловч дүгнэлт нь буруу байна.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн хууль гэх/ 5 дугаар зүйлийн 5.1.7-д “тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” ойлгохоор зааснаас үзвэл “гэрээ байгуулах хүртэл хугацаа” болон “тендерийн хүчинтэй байх хугацаа” гэсэн хоёр өөр хугацаа байх боломжтой талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч “гэрээ байгуулах хүртэл хугацаа”-г мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэсэнтэй холбож “тендер хүчинтэй байх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгасантай тэнцэх хугацаа байж болохоор байна” гэж дүгнэсэн нь буруу юм.

10. Учир нь, Тендерийн хуулийн зорилго, зохицуулалтын системчлэлээс үзвэл “гэрээ байгуулах эрх олгох” нь тендер шалгаруулах үйл ажиллагааны сүүлчийн үе шат /тендер ирүүлэх, нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/ бөгөөд энэхүү цогц үйл ажиллагаа нь бүхэлдээ “тендер хүчинтэй байх хугацаа”-нд хэрэгжихээр байна. Иймд, Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасан “гэрээ байгуулах хүртэл” гэснийг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэсэнтэй холбож тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээг Тендерийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан “тендер хүчинтэй байх хугацаанд” байгуулахаар байна.

11. Харин Тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэсэн нь тендерийн хугацааг сунгахтай холбоотой бөгөөд ингэснээр тендер хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээ байгуулах зорилго бүхий зохицуулалт гэж тайлбарлаж болохоор байна. Иймээс захиалагч анхнаасаа энэхүү тусгай журмаар сунгагдах хугацааг тооцоолж /захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр…/, “тендерийн хугацаа сунгагдана” гэсэн урьдчилсан таамаглалаар тендерийн баталгааны хугацааг тендер хүчин төгөлдөр байх хуулийн хугацаанаас хэтрүүлж тооцож болно” гэсэн агуулгаар хуулийг тайлбарлах боломжгүй юм. Энэ агуулгаараа “хууль буруу тайлбарласан” талаарх уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй.      

12. Гэвч, нэхэмжлэгч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа: Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах, түүнд үндэслэсэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын тендерээс татгалзсан болон гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон гуравдагч этгээд “Ю” ХХК-иудын хооронд байгуулагдсан тендерийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах, мөн тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон, харин эдгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа болон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд Тендерийн хуульд заасантай нийцэхгүй хугацааг дур мэдэн тусгасан бөгөөд түүнийгээ үндэслэн тендерээс татгалзсан нь хууль бус” гэсэн агуулгаар маргасан байна.

            13. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/ болон Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа нь /ТОӨЗ/ Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “тендерийн баримт бичигт”-т хамаарах бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, ... холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэх[1] ба тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлээгүй буюу /Тендерийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1/ тендерийн баримт бичгийг зөвшөөрч оролцсон тохиолдолд тендер ирүүлэхдээ тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй, хэрэв хангаагүй бол захиалагч түүнээс татгалзах үндэслэлтэй юм /Тендерийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4/.

14. Маргаан бүхий тендерийн тухайд ТОӨЗ-ны 16.3-т “Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд байна”; ТШӨХ-ийн 16.1-д “Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийг дуустал байна” хэмээн тодорхой заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тухайн тендерт оролцсон, өөрөөр хэлбэл тендерийн бичиг баримтад заасан тендерийн баталгааны хугацаатай холбоотой нөхцөл, шаардлага нь хууль бус талаар тендерт оролцохоосоо өмнө болон шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ маргаагүй /тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлага хууль бус талаар нэхэмжлэлийн бие даасан шаардлага гаргаагүй/, харин нэгэнт хүчин төгөлдөр болсон тендерийн баримт бичигт үндэслэсэн шийдвэрүүдийг хууль бус гэж маргасан нь үндэслэлгүй буюу хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв байна.

15. Түүнчлэн, нэхэмжлэгч “С” ХХК-ийн гомдлыг хянан үзсэн Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 6-1/5312 дугаар шийдвэрт “...Тендерт оролцогч “С” ХХК нь тендерийн баталгаануудыг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дуустал хүчинтэй байхаар ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 16.1-д “...” гэснийг зөрчсөн байх тул хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-т заасны дагуу татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд тухай багцуудын тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна” гэсэн байх бөгөөд уг шийдвэрийн талаар нэхэмжлэгч маргаагүйг дурдах нь зүйтэй.

16. Ийнхүү дурдахын учир нь, Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т нь “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно”; 56 дугаар зүйл /Шүүхэд гомдол гаргах эрх/-ийн 56.1-т “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байна.

17. Дээр дурдсанчлан, нэгэнт хариуцагч Үнэлгээний хороо болон Захиалагчийн “С” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй учир нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас гуравдагч этгээдэд хамааралтайгаар гаргасан шийдвэр, үйл ажиллагааг /гуравдагч этгээдийн шаардлага хангаж ирүүлсэн тендерийг үнэлсний үндсэн дээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, гэрээ зэрэг/ хүчингүй болгуулахаар маргах боломжгүй тул маргаан бүхий шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох хяналтын гомдлын үндэслэл бүрт /Тодорхойлох хэсгийн 5-6/ дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0644 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ