Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0732

 

2017 оны 10 сарын 12 өдөр      Дугаар 221/МА2017/0732                 Улаанбаатар хот

        

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.Б-ийг Завханмандал сумын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, Г.Б-ийн цалингийн 20 хувийн нэмэгдэл олгуулах, томилолтын зардал, унааны зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хасаж хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Г.Б-ийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 131 хоногийн цалин 3.246.311 төгрөгөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Дуламсүрэн давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Г.Б нь П.А-ийн эмчилгээний чөлөө авсан хугацаанд түр томилогдон ажиллаж байсан бөгөөд П.А нь 2017 оны 02 дугаар сарын 01-ээс ажилд орох хүсэлтээ өгсөн тул Г.Б-ийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар чөлөөлсөн.

Харин П.А-нь дахин 1 жилийн чөлөө хүссэн тул ажлаас чөлөөлөн сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.М-г томилон гүйцэтгүүлж байна.

Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шийдвэрт “...төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, төрийн үйлчилгээний албан тушаалтан гуравдагч этгээд Н.М нь уг албан үүргийг гүйцэтгэх боломжгүй байна” гэсэн дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамаагүй зүйлд дүгнэлт гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлтийг шүүхээс хийсэн нь хуульд нийцээгүй байна.

Мөн П.А-ийн ажилд орох тухай өргөдлийг анхан шатны шүүхэд хуулбарлан нотариатаар батлуулан хэрэгт хавсаргасан боловч шүүхийн шийдвэрт “…хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн ...35.1.3 дахь заалтын нөхцөлд хамаарах үйлдэл гэрч П.А-ийн мэдүүлгээр тогтоогдоогүй” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үгүйсгэсэн үйлдэл юм.

Дээрх ажилд орох тухай өргөдлийг нотлох баримтаас хассан талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй мөртлөө үнэлэлгүй “…нэгэнт эзгүй байгаа төрийн жинхэнэ албан хаагч” гэсэн дүгнэлт хийж байгаа байдал болон хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Д надад хэргийн материал танилцуулалгүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгосон Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж, мөн хуулийн 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах” зорилго бүхий “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-т “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэнэ” гэж заасан байх бөгөөд мөн зүйлийн 3.2-т “Эзгүй байгаа албан хаагч гэдэгт дараахь тохиолдлыг тооцно”, 3.2.2-т “эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй” гэж албан хаагч эзгүй байх гэдэгт хамаарах нөхцлийг, 4 дүгээр зүйлийн 4.6-д “эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэж эзгүй байгаа ажилтны албан үүргийг хүлээлгэн өгөх болон буцааж авах нөхцөлийг тус тус зааж журамлажээ.

Анхан шатны шүүх “Нэгэнт эзгүй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа нэхэмжлэгчийг эзгүй байгаа албан хаагч П.А-ийн чөлөөний хугацаа дууссан, ажилдаа эргэж орно” гэх бодит бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож байх тул Завхан мандал сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Г.Б-ийг тус сумын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох үндэслэлтэй байна” гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хавтаст хэрэгт Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...эмнэлгийн шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлага, өөрийн өргөдөл хүсэлтийг харгалзан төсөв, төрийн сангийн мэргэжилтэн П.А-д 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын чөлөө олгож, мөн өдрөөр Г.Б-ийг тус ажилд түр томилсон А/09 дүгээр тушаал, П.А-ийн гаргасан “...2016 оны 11-р сард Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх ажлаар 3-н сарын чөлөө авсан. Уг чөлөөний хугацаа дуусаж байгаа тул цаашид ажиллах саналтай байна” гэх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн өргөдөл, мөн түүний гаргасан “...3 сарын чөлөө авсан. Уг чөлөөний хугацаа дууссан тул үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай болсон учир 1 жилийн чөлөө олгож өгнө үү” гэх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өргөдөл, тус сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “3 сарын чөлөө авсан хүний оронд түр ажиллаж байсан тул” гэх үндэслэлээр Г.Б-ийг ажлаас чөлөөлж, “2016 оны 11 дүгээр сарын 01-ээс авсан 3 сарын чөлөөний хугацаа дууссан” гэх үндэслэлээр П.Алтантуяаг ажилд нь эргүүлэн томилсон Б/04 дүгээр тушаал зэрэг баримтууд авагджээ.

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Б нь “эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй, эзгүй байсан албан хаагч болох П.А-ийн эрхэлж байсан сумын Засаг даргын Тамгын газрын “төсөв, төрийн сангийн мэргэжилтэн”-ий ажил албан тушаалыг түр /3 сарын/ хугацаагаар орлон гүйцэтгэхээр томилогдсон, түүнийг түр томилсон хугацаа дууссан, мөн эзгүй байсан албан хаагч буцаж ажилдаа орох хүсэлт гаргасан болох нь тус тус тогтоогдож байна.

Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Чөлөө олгох, ажилтан түр томилох тухай” А/09 дүгээр тушаалаар “эмнэлгийн шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлага гарсан” гэх өргөдөл, хүсэлтээр нь “төсөв, төрийн сангийн мэргэжилтэн” П.А-д 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын чөлөө олгож, мөн өдрөөс түүний оронд Г.Б-ийг түр томилон ажиллуулсан, мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар “3 сарын чөлөө авсан хүний оронд ажиллаж байсан...” гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлж, чөлөөний хугацаа дууссан гэх үндэслэлээр П.А-г Төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилсон нь Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.6-д заасанд нийцсэн, тус тушаалын улмаас албан үүргийг түр хугацаагаар орлон гүйцэтгэж байсан нэхэмжлэгч Г.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь “...А-Улаанбаатар хотод ажилд орсон, энэ ажилдаа эргэж орохооргүй болсон, гэтэл түүнийг ирээгүй байхад ажил хүлээлцэж, Н.М-г томилсон, төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд төрийн албаны шалгалт өгч тэнцээд нөөцөд бүртгэлтэй байдаг болохоор ажилдаа эгүүлэн томилогдох хүсэлтэй байна” гэх үндэслэлээр сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтэний ажлын байранд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт П.А-ийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “чөлөөний хугацаа дуусч байна, ажилдаа орно” гэсэн агуулга бүхий хүсэлт, мөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай болсон учир 1 жилийн чөлөө олгож өгнө үү” гэх хүсэлт, Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар П.А-д 1 жилийн чөлөө олгож, Тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр Н.Мг томилон ажиллуулах тухай тушаал зэрэгт баримтууд авагджээ.

Нэхэмжлэгч Г.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...П.А-г 2 дугаар сард дахин чөлөө авахад түүний оронд ажиллах талаар хүсэлт гаргаагүй...” гэж тайлбарласан байх бөгөөд Н.Мг төсөв төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилсон тушаалын талаар тусгайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тэрээр эзгүй байгаа ажилтны оронд түр хугацаагаар томилогдон ажиллаж байсан, тухайн эзгүй байсан ажилтны чөлөөний хугацаа дуусч түүнийг ажилд томилсон хугацаа дууссан, эзгүй байсан ажилтан ажилдаа эргэж орох талаар хүсэлт гаргаснаар түүнийг “төсөв, төрийн сангийн мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн “Төсөв төрийн сангийн мэргэжилтэн”-ий ажлын байранд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ. 

Нэгэнт нэхэмжлэгчийг төсөв төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл, түүнийг тус албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байх тул “ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг даалгах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна.  

Мөн нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Үндсэн цалингийн 20 хувийг нэмэгдүүлэх, цалингийн 20 хувь нэмэгдсэнээр миний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж тооцож олгох, ажилгүй байсан хугацааг 7 сараар тооцож 944.251 төгрөгийг олгуулахаар мөн, цаашид ажилд буцааж томилохгүй бол цалин нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Тэрээр 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр “...2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сангийн  сайдын тушаалтай, статистикийн хэлтсийн даргын тушаалтай албан бичгээр төсөв, төрийн сангийн мэргэжилтний үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр заасан байсан. Төрийн сангийн цалин авч байсан, статистикийн ажлыг хавсарч хийдэг байсан, 20 хувийн нэмэгдлийг олгоогүй” гэж тайлбарлажээ. Хариуцагчаас энэ шаардлагыг эс зөвшөөрч “20 хувийн нэмэгдлийн талаарх албан бичиг санхүүгийн албанд ирсэн. Сумын Засаг даргын зөвлөлд танилцуулсан. ...олгох боломжгүй гэж шийдвэрлээд хэнд ч олгоогүй...” гэж тайлбарласан байна.  

“Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 5.1-т “ Энэхүү журмын 3.2-т заасан эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн албан хаагчид цалингийн зөрүүг тусгайлан олгохгүй бөгөөд тухайн ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ харгалзан үзэж, хууль тогтоомжид заасны дагуу урамшуулал олгож болно....” гэж зааснаас үзвэл түр орлон гүйцэтгэсэн албан хаагчид цалингийн зөрүүг тусгайлан олгохгүй гэж заасантай адилтган үзэж нэхэмжлэгч Г.Б-т 20 хувийн нэмэгдэл олгоогүй хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн “Үндсэн цалингийн 20 хувийг нэмэгдүүлэх, цалингийн 20 хувь нэмэгдсэнээр миний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж тооцож олгох, ажилгүй байсан хугацааг 7 сараар тооцож 944.251 төгрөгийг олгуулахаар мөн, цаашид ажилд буцааж томилохгүй бол цалин нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр нөхөн төлүүлэх” гэх шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Г.Б-ийн нэрийг Г.Б гэж удаа дараа буруу бичсэн, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага тус бүртэй холбогдуулан бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй зэрэг алдаа дутагдал байгааг тэмдэглэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн “Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төсөв төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалингийн 20 хувийн нэмэгдэл, томилолтын зардал 58.0 мянган төгрөг, унааны зардал 26.0 мянган төгрөг нөхөн олгуулах, ажилд буцаан томилохгүй бол цалин, нийгмийн даатгалыг сар бүр нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ