Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/0061

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Завханмандал сумын

Засаг даргын Тамгын газрын даргад  холбогдох

захиргааны хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Г.Банзрагч

Б.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

 Нэхэмжлэлийн шаардлага: “Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд томилуулах, 2, 3 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин 880,000 төгрөг, 2, 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 107,056 төгрөг, 2016 оны жилийн эцсийн тайлан мэдээ аймгийн Статистикийн хэлтэст тушаасан 2 өдрийн албан томилолт 58,000 төгрөг, мөн ирж очихын унааны зардал 26,000 төгрөгийг нөхөн олгуулах, үндсэн цалингийн 20 хувийг нэмэгдүүлэх, цалингийн 20 хувь нэмэгдсэнээр миний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж тооцож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цаашид намайг ажилд буцаан томилохгүй бол цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр нөхөн төлүүлэх” 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0732 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхтайван,

Хариуцагч: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр нар,  

Нэхэмжлэгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.Б-ийг Завханмандал сумын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, Г.Б-ийн цалингийн 20 хувийн нэмэгдэл олгуулах, томилолтын зардал, унааны зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгон, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Г.Б-ийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 131 хоногийн цалин 3,246,311 төгрөгөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газарт даалгасан байна.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0732 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн “Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төсөв төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалингийн 20 хувийн нэмэгдэл, томилолтын зардал 58.0 мянган төгрөг, унааны зардал 26.0 мянган төгрөг нөхөн олгуулах, ажилд буцаан томилохгүй бол цалин, нийгмийн даатгалыг сар бүр нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Г.Б-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төсөв төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалингийн 20 хувийн нэмэгдэл, томилолтын зардал 58,000 төгрөг, унааны зардал 26,000 төгрөг нөхөн олгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Г.Б миний Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0732 дугаар магадлалыг хүлээн авч танилцаад уг магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

4. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д яах аргагүй эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байгаа албан хаагчийн эзгүй байгаа ажлын байр ордог.

5. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-т заасан харилцан тохиролцсон гэж чөлөөлсөнд гомдолтой байна. Надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцсон зүйл огт байхгүй. А  гэдэг хүнтэй ажилд орох талаар харилцан тохиролцох хуулийн шаардлага байхгүй. Энэ заалт нь зөвхөн надад хамааралтай буюу ажлаас чөлөөлөх, дуусгавар болгож буй ажилтанд хамааралтай заалт юм.

6. Хамгийн гол нь намайг чөлөөлөхдөө ямар хуулийн заалтаар чөлөөлсөн мэдэгдэхгүй байгаа. Би тухайн үед хүний оронд орсон боловч тэр хүнийг ажилдаа орох хүртэл ажилтай юм байна гэж ойлгосон.

7. Би уг ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн нөөцөд бүртгэлтэй байсан. Намайг яг энэ ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцэж, нөөцөд байсан болохоор авсан гэж ойлгосон.

8. Давж заалдах шатны шүүхээс түр томилсон хугацаа дууссан гэж дүгнэсэн ямар ч үндэслэлгүй миний тушаалд хугацаа заагаагүй байсан.

9. 2017 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар А  нь ямар ч орох хүсэлт өгөөгүй байсан шүүхийн явцад хариуцагч байгууллагаас холбогдож ийм хүсэлтүүд гараад ирсэн нь ойлгомжгүй байгаа би тухайн үед хариуцагч байгууллагын төлөөлөгчид хэлж байсан миний оронд ажиллаж А  ирээгүй, ямар нэгэн хүсэлт ирээгүй байхад намайг чөлөөллөө гэж хэлж байснаас санаа авч А гийн ажилд орох хүсэлтийг нөхөн бүрдүүлсэн юм.

10. Учир нь намайг ямар нэгэн аргаар ажлаас гаргах байсан яагаад гэвэл би өмнөх даргын үед ажилд орсон гэдэг шалтгаанаар өөрөөр хэлбэл 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газарт А гаас ажилдаа орох талаар болон дахин чөлөө авах талаар нэг ч өргөдөл, хүсэлт ирээгүй байсан.

11. Одоо болохоор мэйлээр ажилдаа орох хүсэлтийг явуулж байсан гэж ор үндэсгүй худал мэдүүлж байна. Гэрчид хууль сануулсан байгаа даргын үгэнд орж ийм худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Ийм мэйл Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын даргад одоог хүртэл ирээгүй юм. Тэгээд ч тамгын дарга ажилд орох хүсэлт ирсэн бол байгууллагадаа бүртгэн авах ёстой юм.

12. Манай байгууллагад ийм өргөдөл, хүсэлт ирээгүй гэдгийг холбогдох бүх хүмүүс мэдэж байгаа А г хотод ажилд орсон гэдгийг надаас мэдээд хуурамч нотлох баримтыг бүрдүүлэх ажил эхэлсэн байх магадлал өндөр байгаа. Үнэхээр ажилдаа орох байсан бол ирээд надаас ажлаа хүлээлцэж авах ёстой. Би зөвхөн А д ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэж үзэж байна.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид үүссэн бодит байдлыг нэг бүрчлэн тогтоосон үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

14. Иймд намайг чөлөөлөх болсон хуулийн зохицуулалтаа аваагүй тушаалыг хүчинтэй гэж бодит үнэнээс хол зөрсөн, тухайн үеийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0732 дугаар хууль бус магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

16. Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Г.Б нь 3 сарын чөлөө авсан хүний оронд түр ажиллаж байсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

17. Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн П.А д эмнэлгийн шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай чөлөө олгосон бөгөөд түүнийг чөлөөтэй байх хугацаанд нэхэмжлэгч Г.Б түр томилогдон ажилласан байна.

18. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.6-д “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна.” гэж тус тус заасны дагуу Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга “3 сарын чөлөө авсан хүний оронд түр ажиллаж байсан, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа” нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу биш юм.

19. Нэхэмжлэгч Г.Б нь Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар албан бичигт дурдсанаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд маргаан бүхий албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллахдаа төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдож тангараг өргөөгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.  

20. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0732 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН