Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02051

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 4/29444 тоот, 2019 оны 12 сарын 31-ний өдрийн мэдэгдлээр Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 31 тоот хаягт байрлах 55,08 м.кв талбайтай 2 өрөө орон сууц тус байрны зоорийн давхрын, 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 19/04, 19/05 дугаар тогтоолоор хураан авч, орон сууцыг 108 256 000 төгрөгөөр, авто зогсоолыг 26 172 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг, төлбөрт хураагдсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 55,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц тус байрны зоорийн давхрын 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 19/06, 19/07 дугаар тогтоолоор хураан авч, хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Сэлэнгэ – Эстимэйт” ХХК-ийг томилоход орон сууцыг 81 615 684 төгрөгөөр, авто зогсоолыг 10 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Үнэлгээг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 онь 7 сарын 18-ны өдрийн 2016 тоот шийдвэрээр хариуцагч Ж.Т-аас 501 549 026 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банкинд олгохоор шийдвэрлэж, анхан шатны шуүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус шүүхийн шийдвэрт барьцааны гэрээний дагуу зээлийн үүргийн гүйцэтгэлийг ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах талаар дурьдаагүй байхад Ж.Т- сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг өр төлбөртөө санал болгосон. Ж.Т- нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийг бүхий л боломж нөхцөлөө ашиглан төлөхийг эрмэлзэж байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 31 тоот хаягт байрлах, 55.05 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 2 тоот 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор 2019 оны 12 сарын 16-ны өдөр “Виннэр вэй” ХХК-ийг, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 55,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 8 тоот, 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор 2019 оны 12 сарын 16-ны өдөр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон “Виннэр вэй” ХХК, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь Баянгол дүүрэг, 6 дугар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 55,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 81 615 684 төгрөгөөр, тус байрны зоорийн давхрын 08 тоотод байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 10 800 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байрны 31 тоот хаягт байрлах 55,08 м.кв орон сууцыг 108 256 500 төгрөгөөр, тус байрны зоорийн давхрын 02 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг 26 172 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Ж.Т-ын өмчлөлийн тус орон сууц нь хотын төвд байршилтай, төв зам дагуу байрладаг, орон сууцны гадаад орчин тохижилт сайтай чанартай материалаар баригдсан, барилгын хувьд өндөр түвшинд хийгдсэн бөгөөд тус орон сууцыг авснаасаа хойш хүн амьдраагүй, элэгдэл бага цэцэрлэг сургууль, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газрууд, эмнэлэг зэрэг хүний хэрэгцээний байгууламжууд маш олон байршилтай, мөн тухайн орчны барилгуудаас барилгын хийц тохижилтын хувьд чанарын өндөр түвшинд баригдсан харьцангуй шинэ орон сууц гэдгээрээ онцлог учраас зах зээлийн үнэлгээ нь одоог хүртэл өндөр байгаа. Гэтэл ямар арга аргачлалыг ашиглан, ямар нөхцөл байдлыг харгалзан орон сууцыг үнэлсэн нь тодорхойгүй байна. Дээрх орон сууц болон авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу орон сууцыг 108 256 000 төгрөг болон 81 615 684 төгрөгөөр, авто зогсоолыг 10 800 000 төгрөг болон 26 172 000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ж.Т-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 31 тоот хаягт байрлах, 55.08 м.кв орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, зоорийн давхрын 02 тоот авто зогсоолыг 26 172 000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 55,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 81 615 684 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байрны зоорийн давхрын авто зогсоолыг 10 800 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 2016 дугаар шийдвэрээр Ж.Т-аас 504 421 721 төгрөгийг гаргуулж, “Чингис хаан банк”-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Т-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул арилжааны 13 банкинд мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдэл хүргүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 2 дугаар орц, 31 тоот 55.08 м.кв 2 өрөө орон сууц. зоорийн давхрын 2 тоот 18 м.кв авто зогсоол, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 2 тоот, 55.2 м.кв 2 өрөө орон сууц, зоорийн давхрын 1-8 тоот 18 м.кв авто зогсоол бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Дээрх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, талууд үнийн саналд тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээч томилж үнэлгээг тогтоолгосон. Үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, албадан дуудлага худалдааг зарласан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ж.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т-ын хариуцагч Н-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 31 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204053169 дугаартай, 55.08 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны 02 тоотод орших 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053170 дугаартай авто зогсоол, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоотод орших, улсын бүртгэлийн Г-0104975 дугаартай, 55.2 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны 1-8 тоотод орших 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050862 дугаартай авто зогсоолыг тус тус үнэлсэн “Виппэр Вэй” ХХК, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... төлөөлөгч С.Буянхишиг нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт баримтаа шүүхэд ирүүлжээ. Төлөөлөгч эрүүл мэндийн ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлтдээ дурьдаагүй байна. Түүнчлэн 2020 оны 3 сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын хууль зүйн туслалцаа авах хүсэлтээр хойшлуулсан ба нэхэмжлэгчийн сонгосон өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирэх боломжтой байсан ...” гэж үзжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2020 оны 4 сарын 01-ний өдөр хэт ядаргаа, эмэгтэйчүүдийн асуудлаас үүдэн доогуур цус алдаж, цус тогтоох эмчилгээ, боолт зэргийг хийлгэж, хэвтрийн дэглэм барих шаардлагатай байсан тул шүүх хуралдаанд очих боломжгүй болсон бөгөөд түүнийгээ нотолсон хүчин төгөлдөр эмнэлгийн магадлагааг шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх эрүүл мэндийн ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй гэдгээ хүсэлтдээ бичээгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, ямар арга аргачлалаар үнэлсэн нь тодорхойгүй гэх тайлбар гаргасан ба шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шинжээч “Виннэр вэй” ХХК, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК хэн аль нь хөрөнгийн үнэлгээг явуулахдаа өртгийн, орлогын, жишиг үнэлгээний гэсэн аргуудыг хэрэглэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хөрөнгийн үнэлгээг тухайн тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуулыг хослуулан тодорхойлно” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна гэжээ. Анхан шатны шүүх дээрх үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д нийцсэн гэж дүгнэсэн ч үнэлгээ хийсэн “Виннэр вэй” ХХК, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК компаниуд нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл нь хуульд заасан нөхцөл журамд нийцсэн эсэх, гаргасан үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагуудыг хангасан эсэх талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан нь эргэлзээ төрүүлж байна. Иймд  дээрх  үндэслэлүүдийг  харгалзан  үзэж  анхан   шатны   шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Т- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02016 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Т-аас 501 549 026 төгрөг гаргуулан, “Чингис хаан банк”-нд олгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 29-33-р тал/

 

 Нэхэмжлэгч Ж.Т- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Чингис хаан банк”-ны хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 сарын 04-ний өдөр 15696 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Н- нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн эд хөрөнгийн лавлагааг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх-ийн 27-28, 34-36-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Ж.Т-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 11 сарын 04-ний өдөр хүргүүлж, 2019 оны 11 сарын 12-ны өдөр түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 2 дугаар орц, 31 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053169 дугаарт бүртгэлтэй, 55.08 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053170 дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбай бүхий, авто зогсоолыг битүүмжилж, 2019 оны 11 сарын 20-ны өдөр хураасан, /хх-ийн 38, 42-43, 51-54-р тал/

Мөн 2019 оны 11 сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байршилтай, 55.2 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023883 дугаартай, 2 өрөө орон сууц, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050862 дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжилж, 2019 оны 12 сарын 06-ны өдөр хураасан байна. /хх-ийн 45-49, 57-60-р тал/

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч Ж.Т-аас үнийн санал авахад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 2-31 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг 140 000 000 төгрөг, авто зогсоолыг 28 000 000 төгрөг, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг 140 000 000 төгрөг, авто зогсоолыг 28 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн боловч төлбөр авагч “Чингис хаан банк” үнэлгээг зөвшөөрөөгүй байна. /хх-ийн 62-66-р тал/

 

 Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 2-31 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц, мөн хаягт байршилтай авто зогсоолыг үнэлүүлэхээр “Виннэр вэй” ХХК-ийг, 2019 оны 12 сарын 16-ны өдөр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, мөн хаягт байршилтай авто зогсоолыг үнэлүүлэхээр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг тус тус шинжээчээр томилжээ. /хх-ийн 72, 124-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний “Виннэр вэй” ХХК нь шинжээч томилсон тогтоолд дурдсан 2 өрөө орон сууцыг 108 256 000 төгрөгөөр, авто зогсоолыг 26 172 000 төгрөгөөр, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь 2 өрөө орон сууцыг 81 615 684 төгрөгөөр, авто зогсоолыг 10 800 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 12 сарын 18, 12 сарын 31-ний өдрүүдэд нэхэмжлэгч Ж.Т-т мэдэгдсэн байна. /хх-ийн 94-115, 120, 126-172, 178-р тал/

 

                        Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

                        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар болон давж заалдах гомдолдоо шинжээч нь барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, анхан шатны шүүх үнэлгээ гаргасан “Виннэр вэй” ХХК, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хуульд нийцсэн эсэх, үнэлгээний тайлан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт хийгээгүй, мөн нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэжээ.  

           

            Гэвч шинжээч нар нь барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд уг үнэлгээнүүдийг хуульд нийцээгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцаа хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Мөн үнэлгээ тогтоосон “Виннэр вэй” ХХК, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдсан байна. /хх-ийн 87-89, 158-161-р тал/.

 

            Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 01 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, зохигчдод эрх, үүрэг, хэргийн материалыг танилцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, 2020 оны 4 сарын 01-ний өдөр хэргийг шийдвэрлэжээ. Энэ хугацаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах тухай нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд сонгосон өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах боломжтой гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тодорхойлох болон тогтоох хэсэгт хөрөнгийн үнэлгээний “Виннэр вэй” ХХК-ийн нэрийг “Виппэр вэй” ХХК гэж буруу бичсэн, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... Виппэр Вэй ХХК ...” гэснийг ““Виннэр вэй” ХХК” гэж,

 

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй”. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЭНХТӨР

           

                                         ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ