Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00989

 

 

Ж.Тамирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01096 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2051 дүгээр магадлалтай,

 

Ж.Тамирын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.18-ны өдрийн 4/29444 тоот, 2019.12.31-ний өдрийн мэдэгдлээр Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 31 тоот хаягт байрлах 55,08 м.кв талбайтай 2 өрөө орон сууц тус байрны зоорийн давхрын, 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019.11.20-ны өдрийн 19/04, 19/05 дугаар тогтоолоор хураан авч, орон сууцыг 108,256,000 төгрөгөөр, авто зогсоолыг 26,172,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг, төлбөрт хураагдсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 55,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц тус байрны зоорийн давхрын 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019.11.20-ны өдрийн 19/06, 19/07 дугаар тогтоолоор хураан авч, хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг томилоход орон сууцыг 81,615,684 төгрөгөөр, авто зогсоолыг 10,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Үнэлгээг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.18-ны өдрийн 2016 тоот шийдвэрээр хариуцагч Ж.Тамираас 501,549,026 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банкинд олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус шүүхийн шийдвэрт барьцааны гэрээний дагуу зээлийн үүргийн гүйцэтгэлийг ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах талаар дурдаагүй байхад Ж.Тамир сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг өр төлбөртөө санал болгосон. Ж.Тамир нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийг бүхий л боломж нөхцөлөө ашиглан төлөхийг эрмэлзэж байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 31 тоот хаягт байрлах, 55.05 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 2 тоот 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор 2019.12.16-ны өдөр Виннэр вэй ХХК-ийг, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 55.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 8 тоот, 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор 2019.12.16-ны өдөр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Виннэр вэй ХХК, Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 55.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 81,615,684 төгрөгөөр, тус байрны зоорийн давхрын 08 тоотод байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 10,800,000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байрны 31 тоот хаягт байрлах 55.08 м.кв орон сууцыг 108,256,500 төгрөгөөр, тус байрны зоорийн давхрын 02 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг 26,172,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Ж.Тамирын өмчлөлийн тус орон сууц нь хотын төвд байршилтай, төв зам дагуу байрладаг, орон сууцны гадаад орчин тохижилт сайтай чанартай материалаар баригдсан, барилгын хувьд өндөр түвшинд хийгдсэн бөгөөд тус орон сууцыг авснаасаа хойш хүн амьдраагүй, элэгдэл бага цэцэрлэг сургууль, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газрууд, эмнэлэг зэрэг хүний хэрэгцээний байгууламжууд маш олон байршилтай, мөн тухайн орчны барилгуудаас барилгын хийц тохижилтын хувьд чанарын өндөр түвшинд баригдсан харьцангуй шинэ орон сууц гэдгээрээ онцлог учраас зах зээлийн үнэлгээ нь одоог хүртэл өндөр байгаа. Гэтэл ямар арга аргачлалыг ашиглан, ямар нөхцөл байдлыг харгалзан орон сууцыг үнэлсэн нь тодорхойгүй байна. Дээрх орон сууц болон авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу орон сууцыг 108,256,000 төгрөг болон 81,615,684 төгрөгөөр, авто зогсоолыг 10,800,000 төгрөг болон 26,172,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ж.Тамирын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 31 тоот хаягт байрлах, 55.08 м.кв орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, зоорийн давхрын 02 тоот авто зогсоолыг 26,172,000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 55.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 81,615,684 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байрны зоорийн давхрын авто зогсоолыг 10,800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.18-ны өдрийн 2016 дугаар шийдвэрээр Ж.Тамираас 504,421,721 төгрөгийг гаргуулж, Чингис хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Тамирт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул арилжааны 13 банкинд мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдэл хүргүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24 дүгээр байр, 2 дугаар орц, 31 тоот 55.08 м.кв 2 өрөө орон сууц. зоорийн давхрын 2 тоот 18 м.кв авто зогсоол, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байр, 2 тоот, 55.2 м.кв 2 өрөө орон сууц, зоорийн давхрын 1-8 тоот 18 м.кв авто зогсоол бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Дээрх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, талууд үнийн саналд тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээч томилж үнэлгээг тогтоолгосон. Үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, албадан дуудлага худалдааг зарласан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ж.Тамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01096 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Тамирын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24 дүгээр байрны 31 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204053169 дугаартай, 55.08 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны 02 тоотод орших 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053170 дугаартай авто зогсоол, Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байрны 02 тоотод орших, улсын бүртгэлийн Г-0104975 дугаартай, 55.2 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны 1-8 тоотод орших 18 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050862 дугаартай автозогсоолыг тус тус үнэлсэн Виппэр Вэй ХХК, Сэлэнгэ-Эстимэйт ХХК нарын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2051 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Виппэр Вэй ХХК ... гэснийг Виннэр вэй ХХК гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас давж заалдах шатны магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгтээ ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, ямар арга аргачлалаар үнэлсэн нь тодорхойгүй гэх тайлбар гаргасан ба шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шинжээч Виннэр Вэй ХХК, Сэлэнгэ-Эстимэйт ХХК хэн аль нь хөрөнгийн үнэлгээг явуулахдаа өртгийн, орлогын, жишиг үнэлгээний гэсэн аргуудыг хэрэглэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан тодорхойлно гэсэнтэй нийцсэн гэж үзэхээр байна гэжээ. Давж заалдах шатны шүүх дээрх үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д нийцсэн гэж дүгнэсэн ч дээрх үнэлгээ хийсэн Виннэр Вэй ХХК, Сэлэнгэ-Эстимэйт ХХК компаниуд нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл нь хуульд заасан нөхцөл журамд нийцсэн эсэх, гаргасан үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагуудыг хангасан эсэх талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан гэдэг эргэлзээ төрүүлж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.04.01-ний өдөр хэт ядаргаа, эмэгтэйчүүдийн асуудлаас үүдэн доогуур цус алдаж, цус тогтоох эмчилгээ, боолт зэргийг хийлгэж, хэвтрийн дэглэм барих шаардлагатай тул шүүх хуралдаанд очих боломжгүй болсон бөгөөд түүнийгээ нотолсон хүчин төгөлдөр эмнэлгийн магадлагааг шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн боловч анхан шатны шүүх эрүүл мэндийн ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй гэдгээ хүсэлттэй бичээгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3. ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны дээрх үндэслэлийг шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ж.Тамир хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...шинжээч үнэлгээг хэт багаар тогтоосон... гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан... гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, найруулгын алдааг засаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны болон үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.07.18-ний өдрийн 101/ШШ2019/02016 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Тамир 501,549,026 төгрөгийг Чингис хаан банк ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Ж.Тамир төлбөрийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24 дүгээр байрны 31 тоотод байрлах орон сууц, мөн байрны 02 тоотод орших автозогсоол, Баянгол дүүргийн, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байрны 02 тоотод байрлах орон сууц, мөн байрны 1-8 тоотод орших автозогсоолыг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн, үнэлгээ тогтоолгосон баримтууд хэрэгт авагджээ.

 

1. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцон тогтоож болохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь талуудаас үнийн санал авсан, төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч Ж.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Чингис хаан банк ХХК хүлээн зөвшөөрөөгүйгээс шийдвэр гүйцэтгэгч Виннер вэй ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

2. Шинжээч Баянзүрх дүүргийн, ...2 өрөө орон сууцыг 108,256,000 төгрөг, автозогсоолыг 26,172,000 төгрөг, Баянгол дүүргийн ....2 өрөө орон сууцыг 81,615,684 төгрөг, автозогсоолыг 10,800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн, энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 18, 31-ний өдрүүдэд Ж.Тамирт мэдэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, үнэлгээг ....эс зөвшөөрч 2020.01.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байна.

 

3. Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаас үзвэл, шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцөлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, орон сууцны талбайг бодитоор хэмжиж зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу тогтоосон хугацаанд, дэс дарааллын дагуу явагдах бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хэргийн оролцогч зохих баримт бүрдүүлсэн, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан, эдгээр байдлыг харгалзан хэргийг хэлэлцсэн 2020.04.01-ний өдрийн шүүх хуралдааныг дахин хойшлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах боломжгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгасан байна.

 

Иймд шинжээч дүгнэлт гаргахдаа ...ямар аргачлалаар хөрөнгийг үнэлсэн нь тодорхойгүй, ....үнийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Тамир /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг/ хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.10.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД