Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02094

 

 

 

 

 

 

 

 

 

Н.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02104 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Х-” ХХК-д холбогдох

Гуравдагч этгээд: “С-” ХХК

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: П.Ганцэг,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 7 сарын 24-ний өдөр “Х-” ХХК-тай орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, 2017 оны 9 сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 10 дугаар байр, 15 тоот, 3 өрөө байрны үнэ болох 241 983 000 төгрөгийг хүлээлгэн өгч байрныхаа түлхүүрийг хүлээн авснаар өнөөдрийг хүртэл энэхүү байранд амьдарч байна. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахын тулд үл хөдлөх хөрөнгийн газарт “Х-” ХХК-иас орон сууц захиалгын гэрээ, бусад холбогдох тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаагаас өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй байна. Энэ нь бидний өмч хөрөнгөө өөрийн нэр дээр өмчлөн авах эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 10 дугаар байр, 15 тоот, 3 өрөө байрны өмчлөх эрхийг баталгаажуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай баримт бичиг болох орон сууц захиалгын гэрээ, албан тодорхойлолтыг “Х-” ХХК-иас гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-” ХХК нь “С-” ХХК-тай 2017 оны 6 сарын 27-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээгээр “С-” ХХК нь фасадны фанель, чулуун хөвөн нийлүүлэх, манай компани гэрээний төлбөрийг 100 хувийн бартер буюу баригдаж буй орон сууцны барилгыг төлбөрт тооцон шилжүүлэх байдлаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийг 100 хувийн бартер буюу баригдаж буй орон сууцны барилгыг төлбөрт тооцон шилжүүлэх байдлаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно. “С-” ХХК нь Нарны хороолол, 10 дугаар байрны 15 тоот орон сууцны барилгыг иргэн Н.С-өд худалдахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрөө авсан тул орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг иргэн Н.С-ийн нэр дээр байгуулж өгөхийг хүссэн хүсэлтийг 2017 оны 7 сарын 24-ний өдрийн №1/1 албан бичгээр ирүүлсний дагуу иргэн Н.С-тэй орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг байгуулсан болно. Хэдийгээр “Х-” ХХК болон Н.С- нарын хооронд орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан гэх боловч уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул “Х-” ХХК нь иргэн Н.С-ийн өмнө орон сууцыг шилжүүлэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй, нөгөө талаас Н.С- нь орон сууцны төлбөрийг манай компанид төлөх үүргээ хүлээгээгүй, нэхэмжлэгчээс манай компанид орон сууцны төлбөрт нэг ч  төгрөг төлөөгүй. “Х-” ХХК нь “С-” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу түүнд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг хүлээснээс биш иргэн Н.С-ийн өмнө гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хэрэв Н.С- нь “Х-” ХХК-иас орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардаж байгаа бол манай компанид орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн гэдгээ холбогдох баримтаар нотлох үүрэгтэй юм. “С-” ХХК нь иргэн Н.С-өд маргааны зүйл болох Нарны хорооолол, 10 дугаар байр, 15 тоот, 105.21 м.кв байрыг худалдсан бөгөөд нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрт 83 983 000 төгрөгийг төлж, үлдэх 158 000 000 төгрөгийг өндөөрийг хүртэл төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гарган өгч болохгүй гэх бичгийг удаа дараа манай компанид албан бичгээр мэдэгдэж байсан ба хамгийн сүүлд 2020 оны 5 сарын 11-ний өдрийн №2020/5/9 дугаар албан бичгээр дахин мэдэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр гаргуулан авахыг хүссэн байна. Н.С- нь байрныхаа үнийг бүрэн төлж барагдуулаагүй атлаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахаар манай компанид холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. “Х-” ХХК болон “С-” ХХК-ийн хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу манай компани маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “С-” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Иймд Н.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С-” ХХК нь “Х-” ХХК-тай 2017 оны 6 сарын 27-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээний дагуу авах төлбөрийг 100% “Х-” ХХК-ийн баригдаж буй барилгаас авахаар тооцож, тус төлбөрийн нэг хэсэг болох Нарны хороолол 10 дугаар байр 15 тоот 105.21 м.кв орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч Н.С-ийг манай компанид 2017 оны 8 сард ажилд орсон Я.Б-гэгч анх дагуулж ирсэн бөгөөд Я.Б-нь Н.С- нь итгэлтэй хүн гэх мэтээр мэдээлэл өгч, байрны төлбөрөө 2017 ондоо багтааж бүрэн төлнө гэсэн учир байранд нүүж орохыг зөвшөөрч, “Х-” ХХК-тай манай компанид шилжих орон сууцыг авах захиалгын гэрээ байгуулах эрхийг олгосон. Мөн Н.С- нь гуйгаад байсан учир 2017 оны 12 сарын 06-ны өдөр төлбөр тооцоо дуусаагүй байхад нь гэрчилгээг нь гаргаж өгөхөөр болж “Х-” ХХК-руу төлбөр тооцоо дууссан гэсэн бичиг хүргүүлж байсан. “Х-” ХХК гэрчилгээ гаргахаас өмнө манай компаниас “Х-” ХХК руу дахин хандаж гэрчилгээ гаргуулах хүсэлтээ цуцалсан болно. Түүнээс хойш Н.С- орон сууцны төлбөрийг өнөөдөр хүртэл бүрэн төлөөгүй 158 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг болон 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй этгээд юм. Манай компани иргэн Н.С-тэй тус орон сууцыг нийт 223 000 000 төгрөгөөр худалдахаар “Х-” ХХК-иас авсан үнээс хямдаар 2017 оны 8 сард тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш 65 000 000 төгрөг төлсөн. Үүнд: 35 000 000 төгрөгт нь “Хай льюкс” маркийн 1 ширхэг автомашин, 10 000 000 төгрөгт нь “субару” маркын автомашин авч, 20 000 000 төгрөгийг бэлнээр авсан. 2017 оны 8 сард байрандаа нүүж орсон, түүнээс хойш байранд амьдарч байгаа, үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардахад төлөхгүй байсаар байгаа болно. Нэхэмжлэгч орон сууцыг шаардах эрхтэй байхын тулд ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах худалдан авах гэрээний захиалагчийн эсхүл худалдан авагчийн шаардах эрхийн үндэслэл болох урьдчилсан нөхцөлийг бүрэн хангасан байх ёстой. Гэвч Н.С- урьдчилсан нөхцөл болох хөлс болон төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй болно. Хэрэв нэхэмжлэгч төлбөрөө төлсөн гэж үзэж байгаа бол түүнийгээ баримтаар нотлох ёстой. Гэвч манай компани Н.С-өд итгэж гэрчилгээ гаргуулахаар “Х-” ХХК-д хандаж байсан бичгээс өөр төлбөр төлснөө нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна. Н.С- өнөөдрийн байдлаар манай компанид орон сууцны төлбөр болох 158 000 000 төгрөгийг төлөөгүй үүргээ зөрчсөн атлаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 10 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 3 өрөө, 105.21 м.кв талбай бүхий орон сууцыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх журмын дагуу Н.С-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг “Х-” ХХК-д шилжүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 367 865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Би 2017 оны 7 сарын 24 ний өдөр орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээг “С-” ХХК-ийн хүсэлтээр “Х-” ХХК-тай байгуулсан энэ үед “С-” ХХК-ийн захирал П.Ганцэг, ажилтан Я.Б-нарт байрны урьдчилгаа болох 130 000 000 төгрөгийн 80 000 000 төгрөгийг бэлнээр, 50 000 000 төгрөгт “Ланд крьюзер 100” маркийн автомашин өгч “С-” ХХК үйл ажиллагаандаа зарцуулж байсан. Ингээд захиалгын гэрээ байгуулагдсан цагаас хойш 2017 оны 9 сараас 12 сар хүртэлх хугацаанд 2017 оны 9 сарын 08-нд бэлэн мөнгө 20 000 000 төгрөг, 11 сард “Субару” маркын автомашиныг 12 000 000 төгрөг, 10 сарын 13-нд бэлэн мөнгө 4 000 000 төгрөг, “Хай ландер” маркийн автомашиныг 34 000 000 төгрөгт өгч, нийт 70 000 000 төгрөгийг төлж нийт 200 000 000 төгрөг төлөгдсөн. Бидэнд анх гэрээ хийхдээ 2017 оны 5 сард байранд оруулна гэж тохирсон боловч хугацаандаа амжаагүй учраас 41 983 000 тегрөгийг алцангид тооцож бүх тооцоогоо дуусгалаа гэж үзээд 2017 оны 12 сарын 06-нд “Х-” ХХК-д тооцоо дууссан тухай баримт үйлдэж өгсөн. Энэ цагаас хойш бид байнга байрны гэрчилгээ авах талаар хөөцөлдөж “Х-” ХХК-тай байнгын холбоотой ажиллаж ирсэн энэ хугацаанд бидэнд “С-” ХХК тооцоогоо дуусаагүй материалаа нийлүүлэхгүй байна. “С-” ХХК-ийн захирал шоронд орсон байна түүнийг дууссаны дараа хэд хэдэн байрны гэрчилгээ хамтдаа гарна гэж хэлсээр 2020 оны 4 сар хүргэсэн. Энэ хугацаанд бидэнд “С-” ХХК-иас танай байрыг төлбөр тооцоо дутуу гэдэг үндэслэлээр өмнөх хүсэлтээ хүчингүй болгох тоот ирсэн гэж нэг удаа хэлж байгаагүй. Танай тооцоо дууссан жаахан хүлээж бай л гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл шүүхэд хандсаны дараа илт худлаа баримтууд үйлдэж 2017 оны 12 сарын 22 нд, мөн 2020 оны 5 сарын 11 ний өдөр өмнөх 2017 оны 12 сарын 06-ны өдрийн хүсэлтийг хүчингүй болгох баримт үйлдэж шүүхийг мэхэлж өөртөө ашигтай шийдвэр гаргуулан залилж байгаад маш их гомдолтой байна. 2017 оны 12 сард өмнөх хүсэлтээ хүчингүй болгох бичиг тоот “Х-” ХХК-д өгсөн юм бол яагаад “Х-” ХХК 2018 оны 10 сарын 30-ны өдөр 18/201 тоот тодорхойлолтод Н.С-, Т.Одмаа нар нь бартераар худалдаж авсан байрны төлбөр тооцоо дууссан талаар бичиг хийж өгсөн юм бэ, цаг хугацааны хувьд өөртөө ашигтай бүхнийг сонгож ашиглачихаад хууль хяналтын байгууллагад хандах болохоор хуурамч баримт үйлдэж өөрсдөө ашигтай шийдвэр гаргуулдаг арга зальтай хүмүүсийн талд анхан шатны шүүх ажиллаж бодит үнэнийг гуйвуулж мөнгө зээлсэн тухай хэн ч яриагүй зээлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй байхад илт худал зүйлийг баримт болгосон мөн 2017 оны 12 сарын 06-ны өдөр “С-” ХХК, “Х-” ХХК-д өмнө явуулсан бичгийг хүчингүй болгох тоот явуулаагүй болно. Гэтэл шүүх илт худлаа баримтуудыг удирдлага болгон шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрсөн, мөн гэрч Я.Б-“С-” ХХК-д ажиллаж байсан Н.С-өөс авсан бүх мөнгөө энэхүү компанийн үйл ажиллагаанд оруулж зарцуулсан гэж мэдүүлсээр байхад энэ байдлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг баримталж шийдсэнд гомдолтой байна. Бид “С-” ХХК-д байрны мөнгөө бүрэн төлсөн энэ ч үндсэн дээр “Х-” ХХК-ийн эрх бүхий хүмүүс болох захирал Д.Энхгэрэл, менежер Б.Одончимэг нар гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Мөн “Х-” ХХК бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэстэй. Хуулийн дагуу байгуулсан гэрээг зальтай хэн нэгэн хууль бус бичиг баримт бүрдүүлэн шүүгчийн толгойг эргүүлэн залилж жирийн иргэний зовж олсон мөнгийг ашиглах нь шударга ёсонд үл нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу хянаж иргэн миний гомдлыг барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч “Х-” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 7 сарын 24-ний өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Х-” ХХК нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 10 дугаар байр, 15 тоот, 105.21 м.кв, 3 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Н.С- нь орон сууцны үнэ болох 241 983 000 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 40-44-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “миний бие хариуцагч “Х-” ХХК-тай байгуулсан орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний үүргийг биелүүлж, төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай баримт бичиг болох орон сууц захиалгын гэрээ болон албан тодорхойлолтыг хариуцагчаас гаргуулна” гэсэн бол, /хх-ийн 1-р тал/

 

хариуцагч татгалзалдаа “манай компани нь гуравдагч этгээд “С-” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, төлбөрт нь орон сууц өгөхөөр тохиролцсон. “С-” ХХК нь манай компаниас авсан орон сууцаа нэхэмжлэгч Н.С-өд худалдахаар тохиролцож, түүнтэй гэрээ байгуулах хүсэлтийг манай компанид гаргасны дагуу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Гэвч “С-” ХХК-иас нэхэмжлэгч Н.С-ийг орон сууцны төлбөрөө бүрэн төлөөгүй тул өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгч болохгүй гэх албан бичгийг ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэжээ. /хх-ийн 20-22-р тал/

                                                                                                   

Зохигчдын байгуулсан 2017 оны 7 сарын 24-ний өдрийн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээгээр нэхэмжлэгч Н.С- нь орон сууцны үнийг төлөх, хариуцагч “Х-” ХХК нь өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.С- нь орон сууцны үнэд 2017 оны 8 сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, 10 сарын 13-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 12 сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, нийт 34 000 000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хариуцагчид бүрэн төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар бүрэн нотлоогүй байна. /хх-ийн 107-108-р тал/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.С- нь орон сууцны үнийг бүрэн төлсөн гэх нөхцөл байдлыг хариуцагч “Х-” ХХК-ийн өмнө нотолж чадаагүй байх тул хариуцагч “Х-” ХХК нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Н.С- нь “80 000 000 төгрөгийг бэлнээр, 50 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, нийт 130 000 000 төгрөгийг гуравдагч этгээд “С-” ХХК-ийн ажилтан Я.Батболдод төлсөн, энэ нь орон сууцны үнэд тооцогдоно” гэх тайлбар, гэрч Я.Батболдын “... тухайн 130 000 000 төгрөгийг “С-” ХХК-д бүрэн шилжүүлсэн” гэх мэдүүлэгт үндэслэн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээнд тухайлан заасан этгээдэд гүйцэтгэнэ. Гэтэл гуравдагч этгээд “С-” ХХК-иас иргэн Я.Батболдод орон сууцны төлбөр тооцоо хийх эрхийг олгосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Мөн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд гүйцэтгэсэн бол үүнийг гүйцэтгүүлэгч тал зөвшөөрсөн, эсхүл ашиг олсон бол үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт заасан. Хэргийн баримтаар нэхэмжлэгчээс Я.Батболдод шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгө, эд зүйлээс гуравдагч этгээд болох “С-” ХХК ашиг олсон, эсхүл уг гүйцэтгэлийг зөвшөөрсөн гэх байдал нотлогдоогүй. Иймд орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн учраас хариуцагч “Х-” ХХК, гуравдагч этгээд “С-” ХХК-иас төлбөр тооцоо дууссан талаарх албан бичиг, хүсэлтүүдийг холбогдох газруудад явуулж байсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй гэжээ.

 

Гэвч нэхэмжлэгч Н.С-өөс иргэн Я.Батболдод төлсөн гэх 130 000 000 төгрөгийг орон сууцны үнэд төлөгдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд “Х-” ХХК, гуравдагч этгээд “С-” ХХК-ийн албан бичиг, хүсэлтүүдийг үндэслэн, нэхэмжлэгчийг гэрээний төлбөр төлөх үүргийг бүрэн биелүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн  гомдолд заагдсан хүсэлт, албан бичгүүд нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд, албан бичгийг хүчингүйд тооцох тухай гуравдагч этгээд “С-” ХХК-ийн хүсэлт, тайлбар зэргээр няцаагдаж байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02104 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 367 565 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ