Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/02104

 

2020            08           05                                                       183/ШШ2020/02104

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүргийн ................ тоот хаягт оршин суух Ч овогт Н.С /000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Хан-Уул дүүргийн ............. давхарт байрлах Х ХХК /0000000/-д холбогдох

 

гуравдагч этгээд- Сүхбаатар дүүргийн .............. тоот, С ХХК-ийн байранд байрлах С ХХК /00000000/ бие даасан шаардлага гаргаагүй,

 

үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Н.С миний бие нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Х ХХК-тай орон сууцны барилгыг захиалан бариулах Н10-15 тоот гэрээ байгуулж, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр БГД-ийн  .................. тоот 3 өрөө байрны үнэ болох 241 983 000 төгрөгийг хүлээлгэн өгч байрныхаа түлхүүрийг хүлээн авснаар өнөөдрийг хүртэл энэхүү байранд амьдарч байна. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахын тулд Үл хөдлөх хөрөнгийн газарт Х ХХК-иас орон сууц захиалгын гэрээ, бусад холбогдох тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаагаас өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй байна. Энэ нь бидний өмч хөрөнгөө өөрийн нэр дээр өмчлөн авах эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. БГД-ийн ................ тоот 3 өрөө байрны өмчлөх эрхийг баталгаажуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай баримт бичиг болох орон сууц захиалгын гэрээ, албан тодорхойлолтыг Х ХХК-иас гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Х ХХК нь С ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ХГ/2017/06/27-С9 дугаар гэрээ”-г байгуулсан байдаг. Уг гэрээгээр С ХХК нв фасадны фанель, чулуун хөвөн нийлүүлэх, манай компани гэрээний төлбөрийг 100 хувийн бартер буюу баригдаж буй орон сууцны барилгыг төлбөрт тооцон шилжүүлэх байдлаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийг 100 хувийн бартер буюу баригдаж буй орон сууцны барилгыг төлбөрт тооцон шилжүүлэх байдлаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу С ХХК нь 1 931 672 099,06 төгрөгийн үнэ бүхий фасадны фанель, чулуун хөвөн нийлүүлсэн бөгөөд уг төлбөрт дараах орон сууцуудыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Үүнд:

1.    Хүннү хорооллын ............ тоот 117.83 м.кв талбай бүхий орон сууц,

2.    Хүннү хорооллын ............. тоот 117.67 м.кв талбай бүхий орон сууц

3.    Хүннү хорооллын .............. тоот 95.71 м.кв талбай бүхий орон сууц

4.    Хүннү хорооллын ............... тоот 55.04 м.кв талбай бүхий орон сууц

5.    Хүннү хорооллын ................ тоот 117.67 м.кв талбай бүхий орон сууц

6.    Нарны хорооллын ............... тоот 105.21 м.кв талбай бүхий орон сууц

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг С ХХК-д шилжүүлэн өгөх үүрэгтэй хэдий ч тэрээр өөрийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрт шилжүүлэн авах Нарны хороолол, .............. тоот орон сууцны барилгыг иргэн Н.Сөд худалдахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрөө авсан тул Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг иргэн Н.Сийн нэр дээр байгуулж өгөхийг хүссэн хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №1/1 албан бичгээр ирүүлсний дагуу иргэн Н.Стэй “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г байгуулсан болно. Хэдийгээр Х ХХК болон Н.С нарын хооронд “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” байгуулагдсан гэх боловч уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул “Х” ХХК нь иргэн Н.Сийн өмнө орон сууцыг шилжүүлэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй, нөгөө талаас Н.С нь орон сууцны төлбөрийг манай компанид төлөх үүргээ хүлээгээгүй, нэхэмжлэгчээс манай компанид орон сууцны төлбөрт нэг ч  төгрөг төлөөгүй. Х ХХК нь С ХХК-тай байгуулсан гэрээний дагуу түүнд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг хүлээснээс биш иргэн Н.Сийн өмнө гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хэрэв Н.С нь Х ХХК-иас “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-ний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардаж байгаа бол манай компанид орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн гэдгээ холбогдох баримтаар нотлох үүрэгтэй юм. С ХХК нь иргэн Н.Сөд маргааны зүйл болох Нарны хорооллын ............. тоот 105.21 м.кв байрыг худалдсан бөгөөд нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрт 83 983 000 төгрөгийг төлж, үлдэх 158 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гарган өгч болохгүй гэх бичгийг удаа дараа манай компанид албан бичгээр мэдэгдэж байсан ба хамгийн сүүлд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №2020/5/9 дугаар албан бичгээр дахин мэдэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр гаргуулан авахыг хүссэн байна. Н.С нь байрныхаа үнийг бүрэн төлж барагдуулаагүй атлаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахаар манай компанид холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Х ХХК болон С ХХК нарын хооронд байгуулагдсан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу манай компани маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг С ХХК-ийн нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Иймд Н.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С ХХК нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: С ХХК нь Х ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ХГ/2017/06/27-С9” дугаар гэрээ байгуулж, тус гэрээний дагуу авах төлбөрийг 100% Х ХХК-ийн баригдаж буй барилгаас авахаар тооцож, тус төлбөрийн нэг хэсэг болох Нарны хороолол ............ тоот 105.21 м.кв орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч Н.Сийг манай компанид 2017 оны 8 дугаар сард ажилд орсон Я.Б гэгч анх дагуулж ирсэн бөгөөд Я.Б нь Н.С нь итгэлтэй хүн гэх мэтээр мэдээлэл өгч, байрны төлбөрөө 2017 ондоо багтааж бүрэн төлнө гэсэн учир байранд нүүж орохыг зөвшөөрч, Х ХХК-тай манай компанид шилжих орон сууцыг авах “Захиалгын гэрээ” байгуулах эрхийг олгосон. Мөн Н.С нь гуйгаад байсан учир 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр төлбөр тооцоо дуусаагүй байхад нь гэрчилгээг нь гаргаж өгөхөөр болж Х ХХК руу төлбөр тооцоо дууссан гэсэн бичиг хүргүүлж байсан. Х ХХК гэрчилгээ гаргахаас өмнө Манай компаниас Х ХХК руу дахин хандаж гэрчилгээ гаргуулах хүсэлтээ цуцалсан болно. Түүнээс хойш Н.С орон сууцны төлбөрийг өнөөдөр хүртэл бүрэн төлөөгүй 158 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг болон 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй этгээд юм. Манай компани иргэн Н.Стэй тус орон сууцыг нийт 223 000 000 төгрөгөөр худалдахаар (Х ХХК-аас авсан үнээс хямдаар) 2017 оны 8 дугаар сард тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш 65 000 000 төгрөг төлсөн. Үүнд:

1.    35 000 000 төгрөгт нь Hilux маркийн 1 ширхэг автомашин,

2.    10 000 000 төгрөгт нь Subaru маркын автомашин авч,

3.    20 000 000 төгрөгийг бэлнээр авсан.

2017 оны 8 дугаар сард байрандаа нүүж орсон, түүнээс хойш байранд амьдарч байгаа, үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардахад төлөхгүй байсаар байгаа болно. Нэхэмжлэгч орон сууцыг шаардах эрхтэй байхын тулд ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах худалдан авах гэрээний захиалагчийн эсхүл худалдан авагчийн шаардах эрхийн үндэслэл болох урьдчилсан нөхцлийг бүрэн хангасан байх ёстой. Гэвч Н.С урьдчилсан нөхцөл болох хөлс болон төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй болно. Хэрэв нэхэмжлэгч төлбөрөө төлсөн гэж үзэж байгаа бол түүнийгээ баримтаар нотлох ёстой. Гэвч манай компани Н.Сөд итгэж гэрчилгээ гаргуулахаар Х ХХК-д хандаж байсан бичгээс өөр төлбөр төлснөө нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна. Н.С өнөөдрийн байдлаар манай компанид орон сууцны төлбөр болох 158 000 000 төгрөгийг төлөөгүй үүргээ зөрчсөн атлаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Н.Сийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай баримт бичиг болох орон сууц захиалгын гэрээ, албан тодорхойлолтыг Хээс гаргуулан авах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  Нэхэмжлэгч Н.С нь Баянгол дүүргийн ............ тоот 3 өрөө байрны өмчлөх эрхийг баталгаажуулахын тулд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай баримт бичиг болох орон сууц захиалгын гэрээ, албан тодорхойлолтыг Х ХХК-иас гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийгээ шүүх хуралдаанд дэмжсэн.

 

  Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг С ХХК-ийн зөвшөөрлөөс шалтгаалах тул хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч Н.С нь Х ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр H10-15 дугаартай “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г байгуулсан ба уг орон сууцны түлхүүрийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч одоог хүртэл амьдардаг байна. Улмаар хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримт нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр H10-15 дугаартай “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”, байрны түлхүүр олгох зөвшөөрлийн хуудас, талуудын болон гуравдагч этгээдийн тайлбар байдлаар тус тус хэрэгт авагджээ.

 

Нэхэмжлэгч тал орон сууцны үнэ болох 241 983 000 төгрөгийг төлсөн тул өмчлөх эрх баталгаажуулах үйлдлийг хариуцагч тал хийх ёстой гэж, хариуцагч тал уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус бөгөөд гэрээний үнийг бүтэн төлөөгүй талаархи С ХХК-ийн албан бичиг ирсэн тул зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

   Зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр H10-15 тоот “Орон сууцны барилгыг захиалгаар бариулах” гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч “Х” ХХК нь 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орсон Баянгол дүүргийн ........... тоот хаягт байрлах 3 өрөө, 105.21 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Н.С нь орон сууцны үнэ 241 983 000  төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, орон сууцыг хүлээн авах үүргийг харилцан хүлээсэн байна.

Барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орсон хорооллын байрнаас 3 өрөө орон сууцыг тодорхой үнэ төлснөөр өмчлөлдөө шилжүүлэхийг харилцан тохирсон дээрх гэрээний агуулгаас үзвэл шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Уг гэрээнд нэхэмжлэгч Н.Самдөнмөнх, хариуцагч “Х” ХХК-ийг төлөөлж захирал Д.Энхгэрэл, менежер Б.Одончимэг нар гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 Хэдийгээр уг гэрээг Х ХХК нь гуравдагч этгээд болох С ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1/1 дугаартай хүсэлтийг үндэслэн Н.Самдөнмөнхтэй байгуулсан ч уг гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхгүй.  

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

Өөрөөр хэлбэр хэлцлийн үр дүнд ямар нэг эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх хүсэл зориггүй байхыг ойлгоно. Гэтэл энэ тохиолдолд нэг нь орон сууцыг худалдан борлуулах /С ХХК-ийн авлагад суутгах/, нөгөө нь орон сууцтай болох хүсэл зоригтой байжээ.

 

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь орон сууцыг 2017 оны 4 дүгээр сард хүлээн авч өдийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа боловч өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээс энэхүү маргаан үүссэн бөгөөд хариуцагч нь орон сууцны үнийг төлөөгүй үндэслэлээр өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээс татгалзсан.

Шүүх орон сууцны төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзлыг  хүлээн авах боломжтой, гэрээнд заагдсан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх С ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2017/12 дугаар бүхий,  2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020.5/9 дугаартай албан тоотууд хэрэгт авагдсан ба хариуцагч энэ үйл баримтыг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх журмын дагуу Н.Сийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох баримт бичгийг түүнд шилжүүлэх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн байна гэж шүүх үзлээ.

Учир нь Нэхэмжлэгч Н.С  нь “Х” ХХК-д орон сууцны үнэ 241 983 000 төгрөгийг  төлсөн гэх байдлаа тайлбарлахдаа: 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Я.Б гэх хүнд 130 000 000 төгрөгийг зээлүүлсэн байсныг харилцан тооцож, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Х ХХК-тай гэрээ байгуулсны дараагаар С ХХК-ийн захирал П.Гийн дансруу 12 000 000 төгрөгт тооцож, субару маркийн автомашиныг, хайландер маркийн автомашиныг 34 000 000 төгрөгт тооцож, 20 000 000 төгрөгийг бэлнээр, 4 000 000 төгрөгийг дансаар, нийт 200 000 000 төгрөгийг, үлдэх 41 983 000 төгрөгийг н.Бтой байгуулсан зээлийн гэрээний алдангид тооцсон гэдэг.

Харин хариуцагч Х ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу С ХХК-д Баянгол дүүргийн  ............. тоот хаягт байрлах 3 өрөө, 105.21 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй тул С ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох баримт бичгийг түүнд шилжүүлэх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх боломжтой гэж татгалздаг.

Гуравдагч этгээдийн тухайд Я.Бтой Н.С  нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар мэдээгүй, тухайн үед надтай танилцаагүй бөгөөд гэрээний дагуу төлөх төлбөрөөс 68 000 000 төгрөг л төлөгдсөн тул Х ХХК-д энэ талаархи албан бичгийг явуулсан нь үнэн гэж тайлбарладаг.

Гэрч Я.Б уг орон сууцны төлбөрт С ХХК руу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 лны 5 дугаар сарын 11-ний өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 6 000 000 төгрөг, н.Сайнжаргал гэх хүний данс руу 14 700 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 6 000 000 төгрөг гэх зэргээр хийж байснаас гадна Х ХХК-тай ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр С ХХК-ийг гэрээ хийлгүүлсэн тул шагнал байх ёстой гэх зэргээр орон сууцны төлбөр барагдуулж дууссан гэж тайлбарладаг.

 

Шүүх эдгээр тайлбарууд зөрүүтэй байх тул хавтаст хэрэгт цугларсан баримтуудад дүн шинжилгээ хийхэд худалдан авагч Н.Сийн байрны үнийг бүрэн төлсөн гэх гол баримт болох 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/12.02 дугаартай С ХХК-ийн албан бичгийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2017/12 дугаартай албан бичгээр С ХХК нь хүчингүйд тооцуулах хүсэлтийг хариуцагч руу илгээсэн байх тул Х ХХК-ийн татгалзал үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Н.С нь С ХХК-тай төлбөр тооцоо дууссан эсэх асуудлаа нэг мөр шийдвэрлүүлэхгүй бол Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх журмын дагуу Н.Сийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох баримт бичгийг түүнд шилжүүлэх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Уг шийдвэр нь Н.С нь С ХХК-тай ямарваа нэг байдлаар маргаан хийх, нэхэмжлэл гаргахад  саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн .......... тоот хаягт байрлах 3 өрөө, 105.21 м.кв талбай бүхий орон сууцыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх журмын дагуу Н.Сийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Х ХХК-д шилжүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 367 865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               О.ЧУЛУУНЧИМЭГ