Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 02175

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03100 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.М-гийн хариуцагч Н.Б-эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 20 432 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид харилцан тохиролцож, 2019 оны 4 сарын 05-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан, зээлийн барьцаанд Н.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/, С.Данзангийн гудамж, 22 дугаар байр 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204044372 дугаартай, 34.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалан, 12 сарын хугацаатай, 30 хоногт 4 хувийн хүүтэй 12 000 000 төгрөгийг зээлсэн. 2020 оны 4 сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2020 оны 7 сарын 21-ний өдрийн байдлаар Н.Б-э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд Н.Б-ээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 12 000 000 төгрөг, зээлийн хүүд 2 432 000 төгрөг, алдангид 6 000 000 төгрөг, нийт 20 432 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Б-э нь 2019 оны 4 сарын 05-ны өдөр Г.М-тай зээлийн гэрээ байгуулж,                 12 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээл авсан хугацаанаас хойш Н.Б-э нь 2019 оны 5 сарын 07-ны өдөр 480 000 төгрөг, 2019 оны 6 сарын 13-ны өдөр 496 000 төгрөг, 2019 оны 8 сарын 06-ны өдөр 960 000 төгрөг, 2019 оны 11 сарын 19-ний өдөр 1 488 000 төгрөг, нийт 3 424 000 төгрөг төлсөн. Нийт 12 000 000 төгрөгийн 12 сарын 4 хувийн хүү болох 5 760 000 төгрөгөөс 3 424 000 төгрөгийг төлсөн байгаа болно. Гэтэл Г.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2 432 000 төгрөгийн зээлийн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхнаасаа Г.М- мөнгө хүүлэх зорилгоор жилийн 48 хувийн өндөр хүүтэйгээр Н.Б-эд мөнгө зээлүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүхээс зээлийн хүү хэтэрхий өндөр, зээлдэгчид илт хохиролтой байгааг харгалзан үзэж зээлийн хүүг бууруулж шийдвэрлэж өгнө үү. Иймд Г.М-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-ээс 20 432 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-э шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044372 дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ С.Данзангийн гудамж 22 дугаар байр, 33 тоот хаягт байрлах, 34.6 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2020 оны 9 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Г.М-гийн нэхэмжлэлтэй Н.Б-эд холбогдох иргэний хэрэг маргаан шийдвэрлэгдсэн. 2020 оны 9 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03100 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Б-ээс 20 432 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-д олгуулах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-э шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044372 дугаартай Баянзүрх дүүрэг, 8 хороо, Улаанхуаран /13302/ С.Данзангийн гудамж 22 байр, 33 тоот хаягт байрлах 34,6 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь Н.Б-э нь 2019 оны 4 сарын 05-нд иргэн Г.М-тай 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээл авсан хугацаанаас хойш Н.Б-э нь 2019 оны 5 сарын 07-нд 480 000 төгрөг, 2019 оны 6 сарын 13-нд 496 000 төгрөг, 2019 оны 8 сарын 06-нд 960 000 төгрөг, 2019 оны 11 сарын 19-нд 1 488 000 төгрөг нийт 3 424 000 төгрөгийг төлсөн. Нийт 12 000 000 төгрөгийн 12 сарын 4 хувийн хүү болох 5 760 000 төгрөгөөс 3 424 000 төгрөгийг төлсөн байгаа болно. Гэтэл Г.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2 432 000 төгрөгийн зээлийн хүү нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 96 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Н.Б-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12 000 000 төгрөг, хүү 2 432 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг нийт 20 432 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 4 сарын 05-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч Г.М- нь 12 000 000 төгрөгийг, 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэн, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх, хариуцагч Н.Б-э нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах үүргийг хүлээж,

үүргийн гүйцэтгэлд иргэн Ө.Энхжингийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/, С.Данзангийн гудамж, 22 дугаар байр, 33 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044372 дугаарт бүртгэлтэй, 34.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг өмчлөгчөөс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалсан байх бөгөөд нэхэмжлэгч Г.М- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 12 000 000 төгрөгийг 2019 оны 4 сарын 05-ны өдөр хариуцагч Н.Б-ийн дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 4-7-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

            Хариуцагч Н.Б-э нь 2019 оны 5 сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт нийт 3 424 000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Г.М- нь хууль буюу гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй юм. /хх-ийн 10, 27-р тал/

 

            Иймд хариуцагч Н.Б-ээс үндсэн зээл 12 000 000 төгрөг, хүү 2 432 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 20 432 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.М-д олгож, үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч Н.Б-э нь 12 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн, нийт хүү 5 760 000 төгрөгөөс 3 424 000 төгрөг төлж, хүүгийн үлдэгдэл 2 336 000 төгрөг байхад /5 760 000 – 3 424 000 = 2 336 000/ нэхэмжлэгч нь 2 432 000 төгрөгийн хүү буюу 96 000 төгрөг илүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 30 хоногийн хүү 480 000 төгрөг, 31 хоногийн хүү 496 000 төгрөг байхаар талууд тохиролцож гарын үсгээ зурсан байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 4550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

                                                                                     

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                         Г.ДАВААДОРЖ