Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00325

 

  

Г.Мягмаррагчаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03100 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2175 дугаар магадлалтай,  

Г.Мягмаррагчаагийн нэхэмжлэлтэй,

Н.Бат-Эрдэнэд холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,432,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаярын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мягмаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Г.Мягмаррагчаа нь Н.Бат-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 20,432,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03100 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Бат-Эрдэнээс 20,432,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мягмаррагчаад олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Бат-Эрдэнэ шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044372 дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ С.Данзангийн гудамж 22 дугаар байр, 33 тоот хаягт байрлах, 34.6 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2175 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 4,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Н.Бат-Эрдэнээс 20,432,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мягмаррагчаад олгуулах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Бат-Эрдэнэ шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204044372 дугаартай Баянзүрх дүүрэг, 8 хороо, Улаанхуаран /13302/ С.Данзангийн гудамж 22 байр, 33 тоот хаягт байрлах 34,6 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь Н.Бат-Эрдэнэ нь 2019.04.05-нд иргэн Г.Мягмаррагчаатай 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээл авсан хугацаанаас хойш Н.Бат-Эрдэнэ нь 2019.05.07-нд 480,000 төгрөг, 2019.06.13-нд 496,000 төгрөг, 2019.08.06-нд 960,000 төгрөг, 2019.11.19-нд 1,488,000 төгрөг нийт 3,424,000 төгрөгийг төлсөн. Нийт 12,000,000 төгрөгийн 12 сарын 4 хувийн хүү болох 5,760,000 төгрөгөөс 3,424,000 төгрөгийг төлсөн. Гэтэл Г.Мягмаррагчаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2,432,000 төгрөгийн зээлийн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 96,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Нэхэмжлэгч Г.Мягмаррагчаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү 2,432,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг нийт 20,432,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч Н.Бат-Эрдэнэ ...12,000,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч төлөхийг маргахгүй байх боловч зээлийн хүү хэтэрхий өндөр, зээлдэгчид илт хохиролтой, мөн тооцоолол буруу, ...2,432,000 төгрөгийн зээлийн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй... маргажээ. 

9. Зохигчийн хооронд зээлийн хүү төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

11. Тодруулбал: Г.Мягмаррагчаа, Н.Бат-Эрдэнэ нар 2019.04.05-ны өдөр №ЗГ0200190067 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг, 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэн, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох, зээлийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хэн аль нь гэрээнд гарын үсгээ зурсан байна.  

Талуудын чөлөөт байдлыг хангасан, өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль нь гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

11.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

11.2. Хэргийн 7 дугаар талд авагдсан ХААН банкны депозит дансны хуулгаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг банк хоорондын гүйлгээгээр хариуцагчийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд уг баримтыг хариуцагч үгүйсгээгүй, Н.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрсөн гэсэн тайлбар зэргээс дүгнэвэл Г.Мягмаррагчааг зээлийн гэрээний 2.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. 

12. Г.Мягмаррагчаа үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү 2,432,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 20,432,000 төгрөгийг Н.Бат-Эрдэнээс шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх шүүхийн тооцоолол үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

13. Хариуцагч Н.Бат-Эрдэнэ ...зээлийн хүү хэтэрхий өндөр, зээлдэгчид илт хохиролтой, мөн тооцоолол буруу, ...2,432,000 төгрөгийн зээлийн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь хариуцагч Н.Бат-Эрдэнэ тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

14. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зээлийн гэрээний 1.1.1-1.1.4, 1.2, 1.5, 2.1-д тус тус зааснаар хариуцагчийн үүргийг тодорхойлж, зээлийн үүрэг 20,432,000 төгрөгийг Н.Бат-Эрдэнээс гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалт, тэдгээрийн ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаярын ...2,432,000 төгрөгийн зээлийн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэх утга бүхий гомдол хангагдахгүй. 

15. Зохигчийн хооронд 2019.04.05-ны өдөр №ЗГ0200190067 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Н.Бат-Эрдэнэ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ С.Данзангийн гудамж 22 дугаар байр, 33 тоот хаягт байрлах, 34.6 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тохирчээ.  

Барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175, 242 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

16. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаярын гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03100 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2175 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаярын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Г.БАНЗРАГЧ  

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                  П.ЗОЛЗАЯА

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД