Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 52

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч С.Болорчулуун,

хохирогч Б.Ш,

шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Х-д холбогдох эрүүгийн 1710000490223 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт Ч.Х

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Х нь 2017 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ш-г нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.Х нь 2017 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэхийн автобусны эцсийн буудал дээр хохирогч Б.Ш, гэрч Б.Б нарыг маргалдан барилцаж аваад салахад гэрч Б.Б арагш ухарч байхдаа толгойгоо чиргүүлд цохиж цус гарсан байсныг хараад найзынхаа /Б.Б/ толгойг хагалсан байна гэж бодон өмөөрч хохирогч Б.Ш-г сууж байхад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ч.Х-ны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Би нийтийн байранд амьдардаг. Би ажлаасаа орой ирээд хажуу айлын н.Э гэх залуутай Нисэхийн эцсийн буудалд нэг нийтийн караокед ороод н.Э бид хоёр нэг нэг пиво уусан. Тэгээд найзынхаа гэрт орж хөзөр тоглож байгаад гарч ирээд дахин пабд орж нэг нэг пиво уучихаад гарч ирээд Ч.Х болон түүний найзтай таарсан. Тэгээд Ч.Х-ны найз над руу хоёулаа зодолдъё хэн хэндээ хохирол болохгүй, зулын гол болохгүй гэхээр нь би яах юм бэ гэсэн. Гэтэл тэр найз нь хойшоо ухарч байгаад чиргүүлд толгойгоо хагалсан. Тэгээд бид хоёр тамхи татаад сууж байтал Ч.Х намайг өшиглөсөн. Тэгээд би эмэгтэй дүүгээ дуудаж, Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлж нүдэндээ оёдол тавиулсан, эрүү хугарсан байна гэсэн. Тэгээд шүүх эмнэлгээр явсан...Намайг сууж байхад нүүр хэсэг рүү Ч.Х өшиглөсөн...Маргааш нь Ч.Х надаас уучлалт гуйсан.  Хохирол төлбөр надад өгөөгүй. Би Ч.Х-д гомдол саналгүй, миний эмчилгээний зардлыг өгчих, би өргөдлөө буцааж авна гэж хэлэхэд за гэсэн. Түүнээс хойш Ч.Х-ны утас холбогдохгүй байж байгаад Хан-Уул дүүргийн н.С байцаагч дуудаж Ч.Х-тай уулзуулсан. Ч.Х надад 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд 1.500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэсэн, Ч.Х цаасан дээр бичиж өгсөн. Тэгээд утсаар ярихад Ч.Х хөдөө ажил хийгээд явж байна гэсэн. Тэгээд өнөөдөр шүүх хуралдаан дээр Ч.Х-тай уулзаж байна...Миний эрүү хугараад эдгэсэн. Миний эрүү мурийлттай эдгэсэн. Гэхдээ эрүүний хагалгаанд дахиад ор гэсэн. Би нүдэндээ 3 оёдол тавиулсан. Нүд одоо зүгээр байгаа, удаан юм ширтэхээр жаахан нулимс гарч байгаа. Миний эмчилгээний зардал 620.000 төгрөг гарсан боловч баримт байхгүй байгаа. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч Б.Ш-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусны буудал дээр үл таних залууд нүүррүүгээ өшиглүүлж гэмтсэн. Тухайн үед миний зүүн эрүү хугарч, зүүн нүд гэмтсэн. Тэр залуу намайг зүгээр сууж байхад ямар нэгэн шалтгаангүйгээр шууд өшиглөсөн. Би тэр залуутай хэрүүл маргаан зодоон цохион огт хийгээгүй. Хамт явж байсан залуу нь надтай яриа өдөөд бид хоёр учраа олоод юм яриад сууж байсан юм...Би тэр залууг огт танихгүй. Урьд өмнө ч харж байгаагүй. Нэр усыг нь мэдэхгүй. Гэрийн хаягийг нь ч мэдэхгүй. Манай найз н.Э уг нь зүс таньдаг урьд өмнө хэд хэдэн удаа таарч харж байсан гэсэн. Гэхдээ хаана хэнтэйгээ амьдардаг, утасны дугаарыг нь мэдэхгүй гэсэн. н.Э өөрөө ч гар утасгүй явж байгаа учраас би түүнтэй холбоо барьж чадахгүй байгаа. 61-н гармын тийшээ 44 гэх газарт ажиллаж байгаа гэсэн...Би 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Хойшоо найзынхаа гэрт орж хөзөр тоглож байгаад Нисэхэд нэг нийтийн караокед ороод н.Э бид хоёр...пиво уугаад гарсан...Би эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. Одоогоор эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг би хэлж мэдэхгүй байна. Би 120.000 төгрөгөөр толгойн томографийн зураг авахуулсан. Зүүн нүдэндээ 2 оёдол тавиулсан. Хувийн эмнэлэгт 4-5 удаа боолт солиулсан...Тухайн үед би эм тариа, боолт хийлгэх, эмнэлэг явахад хэрэглэсн шатахууны зардалд 100.000 төгрөг зарцуулсан. Иймд бодит хохирол 220.000 төгрөг гэж үзэж байна. Цаашид эрүүний хугарал зөрүүтэй эдгэрсэн учраас дахин эрүүний хагалгаанд орж магадгүй. Хагалгаа хэдэн төгрөг болохыг би хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-15/

            4. Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 10-ны орой 20 цаг өнгөрч байхад манай найз Ч.Х надруу яриад намайг Нисэхэд хүрээд ир гэж дуудсан. Ч.Х Нисэхийн нэг кафед ганцаараа сууж байсан. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад пиво уусан. 23 цагийн үед бид хоёр тэндээс гарч гадаа Нисэхийн таньдаг ахтайгаа таарсан. Тэр ахыг Нисэхийн 18 дугаар гудамжруу хүргэж өгсөн. Буцаад бид хоёр Нисэхийн эцсийн буудал дээр ирсэн. Тэнд АТМ-ны хажууд Ч.Х н.Э гэх таньдаг хүнтэйгээ таарсан. Тэр хоёр юм яриад  үлдсэн. Би тэр н.Э-тэй нь хамт явж байан залуутай нь гудамжруу орж уулзахаар явсан. Тэгээд тэр залуутай маргалдсан. Бид хоёр хоёулаа л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд барилцаж авсан. Дээр доороо орж газар унасан. Тэгээд эвлэрээд сууж байтал Ч.Х ирээд Б.Ш-н нүүррүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд Б.Ш нь дүүгээ дуудсан. Дараа нь дүү нь цагдаа дуудсан...Намайг зодуулчихлаа гэж бодоод түүнийг өшиглөсөн байх. Өөр шалтгаан байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/

                        5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /9027/-ний дүгнэлт:

                                    -Б.Ш-н биед эрүүний зүүн талын үеийн сэртэнгийн суурь хэсгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун мөр, тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                                    -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

                                    -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                                    -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24/

            6. Яллагдагч Ч.Х-ны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд...ганцаараа Нисэхийн эцэст нэг кафед орж пиво ууж суусан. 21 цаг хүртэл суугаад найз Б.Б руугаа ярьж түүнийг уг кафедаа дуудаж ирүүлсэн. Бид хоёр 23 цаг хүртэл тэр кафед суусан. Тэгээд кафегаас гарч байгаад нэг таньдаг ахтайгаа таараад түүнийг гэррүү нь дөхүүлж өгчихөөд буцаад Нисэхийн эцэсрүү ирсэн. Тэгээд тэнд н.Э, Б.Ш хоёртой таарсан. Би н.Э-тэй юм ярьж үлдсэн. Б.Б Б.Ш хоёр гудам тойроод юм яриад явчихсан. Удалгүй н.Э бид хоёр тэр хоёрын араас гудамжруу ортол тэр хоёр зодолдох гээд зогсож байсан. Яг юунаас болж яагаад зодолдох гээд байсныг нь би мэдэхгүй байна. тэр хоёр барьцалдаж авч байгаад салаад суучихсан. Би Б.Б-ны хажууд яваад очтол түүний толгойны ар хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би Б.Ш-г “чи хүүхдийн толгой хагалчихлаа” гэж хэлээд зүүн талын шанаа хэсэгрүү нь гутлаараа өшиглөсөн. Тэгтэл Б.Ш нүүрээ дарж суугаад утсаараа дүүгээ дуудсан. Тэгээд дүү нь ирсэн. Б.Ш-г харахад түүний хамраас нь цус гарсан байсан. Тэгээд тэд нар цагдаа дудсан. Цагдаа намайг авч Яармагийн цагдаагийн хэлтэс дээр авч ирээд суулгаж байгаад яв яв гээд явуулчихсан...Би Б.Ш-г Б.Б-ны толгойг хагалчихлаа гэж бодож хажууд нь сууж байхаар нь өшиглөчихсөн юм. Тэр өшиглөсөн үйлдлээс минь болж түүний биед дээрх гэмтлүүд учирсан байх боломжтой. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би түүнийг гараараа цохиж зодоогүй, нүүррүү нь өшиглөчихсөн юм...Би хохирогч Б.Ш-тай уулзаж ярилцсан. Уучлалт гуйсан. Хохирогчийн зүгээс надаас эрүүний хугарлын эмчилгээний мөнгө болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Би тэр хохирлын мөнгийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хохирогчид төлж барагдуулна. Яг одоо надад бэлэн мөнгө байхгүй байгаа учраас би төлбөрийг төлж чадахгүй байна. Гэхдээ төлж барагдуулна гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33, 58-59/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Х нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37, 40-43/-аар тогтоогдлоо.

                        Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9027/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ч.Х нь 2017 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэхийн автобусны эцсийн буудал дээр хохирогч Б.Ш, гэрч Б.Б нарыг маргалдан барилцаж аваад салахад гэрч Б.Б арагш ухарч байхдаа толгойгоо чиргүүлд цохиж цус гарсан байсныг хараад найзынхаа /Б.Б/ толгойг хагалсан байна гэж бодон өмөөрч хохирогч Б.Ш-г сууж байхад нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний биед эрүүний зүүн талын үеийн сэртэнгийн суурь хэсгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун мөр, тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал, хохирогч Б.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ч.Х надаас уучлалт гуйсан. Хохирол төлбөр надад өгөөгүй. Би Ч.Х-д гомдол саналгүй, миний эмчилгээний зардлыг өгчих, би өргөдлөө буцааж авна гэж хэлэхэд за гэсэн...Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан Ч.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ч.Х нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шүүхээс уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37, 40-43/-аар тогтоогдож байгаа бөгөөд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад 2017 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө дахин /хүний биед халдаж гэмтэл учруулсан/ гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг тус тус удирдлага болгон өмнөх тогтоолоор оногдуулсан буюу эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хорих ял дээр нь энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг /Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ялаар сольж/ нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жил 1 сар 30 хоногийн хорих ялын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж заасан, мөн хохирогч Б.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ч.Х надаас уучлалт гуйсан...Би Ч.Х-д гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Х-ны эдлэх 3 жил 1 сар 30 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хохирогч Б.Ш нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу эрүүний хагалгааны зардалд 2.300.000 төгрөг, мөн эмчилгээ хийлгэсэн зардалд 620.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул дээрх зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Тиймээс хохирогч Б.Ш нь эмчилгээ хийлгэсэн болон эрүүний хагалгаа хийлгэх гэх зэрэг цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ч.Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ч.Х-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Х-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 30 /гуч/ хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн, Ч.Х-ны нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 30 /гуч/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Х-ны эдлэх 3 /гурав/ 1 /нэг/ сар 30 /гуч/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.  Ч.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Б.Ш нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР