Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Ч.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Гүнсэл, 

шүүгдэгч Ч.Х-ы өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Х-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Х-д холбогдох 1710000490223 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч.Х, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хх, эцэг, эхийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх дүгээр гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Ч.Х- нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ш-гийн нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Ч.Х-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Х-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Х-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ч.Х-ы нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 30 хоногийн хорих ялын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Х-ы эдлэх 3 жил 1 сар 30 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Ч.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,
цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд
мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч Б.Ш нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Х- давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байдаг. Гэтэл шүүхээс урьд шийтгүүлсэн тогтоолыг нэмж нэгтгэн 3 жил 1 сар 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэдэг ойлголт байхгүй. 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгүүлж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан. Тэнсэн хянан харгалзах гэдэг нь ял биш үүрэг болгосон заалт байтал 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, оногдуулсан ялыг эдэлж байхыг шаардана. Гэтэл надад 3 жил 1 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх үүрэг хүлээлгэсэн. Анхан шатны шүүх миний эрх зүйн байдлыг дордуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг нягтлан үзэж, надад оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү...” гэжээ. 

 

Шүүгдэгч Ч.Х-ы өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу “...Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь, миний үйлчлүүлэгч Ч.Х-д ял шийтгэл оногдуулахдаа өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шүүхээс уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байдаг.

Гэтэл шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Ч.Х-ыг тэнсэж хянан харгалзах хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг сэргээж, 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 30 хоног хорих ял оногдуулж, нийт 3 жил 1 сар 30 хоногийн хорих ял оногдуулсан.

2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзвэл ялыг тэнсэж хянан харгалзаж болох хууль зүйн зохицуулалттай байсан.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.

Үүний хууль зүйн үндэслэлийг авч үзвэл, ялтан зөвхөн оногдуулсан ялыг эдэлж байхыг шаардаж байгаа бөгөөд Ч.Х- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шүүхээс уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байдаг. Үүнээс үзэхэд Ч.Х-ы хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд урьд тэнсэж, хянан харгалзсан нь түүнд оногдуулсан ял бус үүрэг болгосон заалт юм.

Гэтэл анхан шатны шүүхээс түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуульд заасны дагуу тэнсэж, хянан харгалзсан хугацааг сэргээж ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу “...Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 9027 дугаар шинжээчийн дүгнэлтээр “Шайрийбуугийн биед эрүүний зүүн талын үеийн сэртэнгийн суурь хэсгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун мөр, тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэж дүгнэлт гаргасан байдаг.

Гэтэл хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Ч.Х-ы хувьд хохирогч Шайрийбуугийн зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн байдаг ба энэ нь шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэсэн дүгнэлттэй нийцэхгүй зөрүүтэй байна. Хохирогч Шайрийбуугийн хувьд хэрэг болохоос өмнө Б-тай маргалдаж муудалцсан болох нь:

Хохирогч Шайрийбуугийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Тэр 2 залуу Э-г дуудахад Э- миний таньдаг хүн байна гээд уулзахаар очсон. Тэр 2 залуугийн нэг нь над дээр ирээд хоёулаа ийшлээд яръя гэсэн.” гэх мэдүүлэг

Гэрч Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр Э-тэй нь хамт явж байсан залуутай нь гудамж руу орж уулзахаар явсан. Тэгээд тэр залуутай маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд барилцаж авсан. Дээр доороо орж газар унасан...” гэх мэдүүлэг,

Ч.Х-ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Б нөгөө залуу хоёр юм яриад зогсож байсан, Э- бид хоёр нээх тоолгүй зогсож байтал тэр хоёр гэнэт зодолдоод бие биенийгээ цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогчтой хэрэг болохоос өмнө Б маргалдаж муудалцсан байдаг. Иймд тухайн хэрэг болохоос өмнө хохирогч нь гэмтэл авсан эсэх, бусад гэмтлүүд нь юуны үйлчлэлийн улмаас үүсэх боломжтойг нэг мөр тодруулж хэргийг эцэслэн шийдвэрлээгүй нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Ч.Х-д холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч сэжигтэний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна...” гэж тус тус заасан. Гэтэл Ч.Х-аас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буюу прокурорын тогтоол гарснаас хойш 3 хоногийн дараа яллагдагчаар мэдүүлэг авсан байдаг.

Ч.Х-аас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан ба мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг бүрэн гүйцэд танилцуулаагүй, зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дугаар зүйлд заасныг танилцуулсан байдаг. Энэ нь Ч.Х-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг танилцуулаагүй буюу түүний эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...Энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан...” гэх үндэслэл болж байна. Гэтэл шүүхээс дүгнэлт гаргахдаа түүний мэдүүлгийг нотлох баримт болгон авч үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотлох баримтыг ашигласан гэж үзэхээр байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр Ч.Х- уг гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Ч.Х-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Ч.Х- нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Шгийн нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Шгийн “...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, автобусны буудал дээр үл таних залууд нүүр рүүгээ өшиглүүлж гэмтсэн. Тухайн үед миний зүүн эрүү хугарч, зүүн нүд гэмтсэн. Тэр залуу намайг зүгээр сууж байхад ямар нэгэн шалтгаангүйгээр шууд өшиглөсөн. Би тэр залуутай хэрүүл маргаан, зодоон цохион огт хийгээгүй. Хамт явж байсан залуу нь надтай яриа өдөөд бид хоёр учраа олоод юм яриад сууж байсан юм. Би тэр залууг огт танихгүй. Урьд өмнө ч харж байгаагүй. Нэр усыг нь мэдэхгүй. Гэрийн хаягийг нь ч мэдэхгүй. Манай найз Э- уг нь зүс таньдаг, урьд өмнө хэд хэдэн удаа таарч харж байсан гэсэн. Гэхдээ хаана хэнтэйгээ амьдардаг, утасны дугаарыг нь мэдэхгүй гэсэн. Э- өөрөө ч гар утасгүй явж байгаа учраас би түүнтэй холбоо барьж чадахгүй байгаа. 61-ийн гарамын тийшээ 44 гэх газарт ажиллаж байгаа гэсэн. Би 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Хойшоо найзынхаа гэрт орж хөзөр тоглож байгаад Нисэхэд нэг нийтийн караокед ороод Э- бид хоёр пиво уугаад гарсан. Би эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. Одоогоор эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг би хэлж мэдэхгүй байна. Би 120,000 төгрөгөөр толгойн томографийн зураг авахуулсан. Зүүн нүдэндээ 2 оёдол тавиулсан. Хувийн эмнэлэгт 4-5 удаа боолт солиулсан. Тухайн үед би эм тариа, боолт хийлгэх, эмнэлэг явахад хэрэглэсэн шатахууны зардалд 100,000 төгрөг зарцуулсан. Иймд бодит хохирол 220,000 төгрөг гэж үзэж байна. Цаашид эрүүний хугарал зөрүүтэй эдгэрсэн учраас дахин эрүүний хагалгаанд орж магадгүй. Хагалгаа хэдэн төгрөг болохыг би хэлж мэдэхгүй байна...” /хх-ийн 12-13, 14-15-р тал/,

гэрч Б.Б “...2017 оны 7 дугаар сарын 10-ны орой 20 цаг өнгөрч байхад манай найз Ч.Х- над руу яриад намайг Нисэхэд хүрээд ир гэж дуудсан. Ч.Х- Нисэхийн нэг кафед ганцаараа сууж байсан. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад пиво уусан. 23 цагийн үед бид хоёр тэндээс гарч гадаа Нисэхийн таньдаг ахтайгаа таарсан. Тэр ахыг Нисэхийн 18 дугаар гудамж руу хүргэж өгсөн. Буцаад бид хоёр Нисэхийн эцсийн буудал дээр ирсэн. Тэнд АТМ-ийн хажууд Ч.Х-, Эрдэнэ гэх таньдаг хүнтэйгээ таарсан. Тэр хоёр юм яриад үлдсэн. Би тэр Э-тэй нь хамт явж байсан залуутай нь гудамж руу орж уулзахаар явсан. Тэгээд тэр залуутай маргалдсан. Бид хоёр хоёулаа л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд барилцаж авсан. Дээр доороо орж газар унасан. Тэгээд эвлэрээд сууж байтал Ч.Х- ирээд Б.Шгийн нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд Б.Ш нь дүүгээ дуудсан. Дараа нь дүү нь цагдаа дуудсан. Намайг зодуулчихлаа гэж бодоод түүнийг өшиглөсөн байх. Өөр шалтгаан байгаагүй...” /хх-ийн 55-56-р тал/

яллагдагч Ч.Х-ы “...би Б.Шг “чи хүүхдийн толгой хагалчихлаа” гэж хэлээд зүүн талын шанаа хэсэг рүү нь өшиглөсөн. Тэр өшиглөсөн үйлдлээс минь болж түүний биед дээрх гэмтлүүд учирсан байх боломжтой. Би буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Уучлалт гуйсан. Хохирогчийн зүгээс надаас эрүүний хугарлын эмчилгээний мөнгө болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Би тэр хохирлын мөнгийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хохирогчид төлж барагдуулна. Яг одоо надад бэлэн мөнгө байхгүй байгаа учраас би төлбөрийг төлж чадахгүй байна. Гэхдээ төлж барагдуулна гэж бодож байна...” /хх-ийн 31-33, 58-59 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 9027 дугаар “...Б.Шгийн биед эрүүний зүүн талын үеийн сэртэнгийн суурь хэсгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун мөр, тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Ч.Х-ы 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Шгийн нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба Ч.Х-д уг зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх сонгон оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.Х-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын давж заалдах гомдлыг хянавал:

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”, 6.9 дүгээр зүйлд “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг, 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт “...Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.”, 58 дугаар зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг тус тус заажээ. Ч.Х-ы тэнсэж, хянан харгалзагдаж байсан хугацаанд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар ч, Ч.Х-ы тэнсэх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байгаа Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар ч тэнсэгдсэн этгээд гэмт хэрэг шинээр үйлдвэл ял оногдуулахаар заасан байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн журам нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчлөгдөж шинэчлэгдсэн тул ял эдлүүлэх үед дагаж мөрдөж буй Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан журмаар Ч.Х-ы нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд шүүгдэгч Ч.Х-ы “...эрх зүйн байдлыг дордуулж өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн...”, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалангийн “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” талаарх давж заалдах гомдлуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Шгийн нүүрэн тус газар /эрүүн тус газар/ нэг удаа Ч.Х- өшиглөсөн болох нь:

хохирогч Б.Шгийн “...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, автобусны буудал дээр үл таних залууд нүүр рүүгээ өшиглүүлж гэмтсэн. Тухайн үед миний зүүн эрүү хугарч, зүүн нүд гэмтсэн. Тэр залуу намайг зүгээр сууж байхад ямар нэгэн шалтгаангүйгээр шууд өшиглөсөн. Би тэр залуутай хэрүүл маргаан, зодоон цохион огт хийгээгүй. Хамт явж байсан залуу нь надтай яриа өдөөд бид хоёр учраа олоод юм яриад сууж байсан юм. Би тэр залууг огт танихгүй. Урьд өмнө ч харж байгаагүй. Нэр усыг нь мэдэхгүй. Гэрийн хаягийг нь ч мэдэхгүй...” /хх-ийн 12-13, 14-15-р тал/,

гэрч Б.Б “...Би тэр Э-тэй нь хамт явж байсан залуутай нь гудамж руу орж уулзахаар явсан. Тэгээд тэр залуутай маргалдсан. Бид хоёр хоёулаа л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд барилцаж авсан. Дээр доороо орж газар унасан. Тэгээд эвлэрээд сууж байтал Ч.Х- ирээд Б.Шгийн нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” /хх-ийн 55-56-р тал/

яллагдагч Ч.Х-ы “...би Б.Шг “чи хүүхдийн толгой хагалчихлаа” гэж хэлээд зүүн талын шанаа хэсэг рүү нь өшиглөсөн...” /хх-ийн 31-33, 58-59-р тал/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Хохирогч Б.Шгийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “...эрүүний зүүн талын үеийн сэртэнгийн суурь хэсгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, баруун мөр, тохой, зүүн өвдөгт зулгаралт…” гэсэн гэмтлүүдээс Б.Шгийн нүүрний зүүн тал хэсэгт учирсан “...эрүүний зүүн талын үеийн сэртэнгийн суурь хэсгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд шарх, зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт…” гэсэн гэмтлүүд Ч.Х-ы нэг удаагийн нүүрэн тус газар нь өшиглөсөн өшиглөлтөөс үүссэн гэж дүгнэх бүрэн боломжтой байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Шгийн биеийн нүүрнээс өөр газар буюу баруун мөр, тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон байх ба хэд хэдэн өөр газар учирсан гэмтлүүд байгаа учраас олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэж шинжээчийн дүгнэлт гаргажээ гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Ч.Х-ы нүүр рүү нь өшиглөж гэмтэл учруулсан үйл явдлаас шалтгаалан хохирогч Б.Шд бусдаас тусламж хүсэх, гэмтлийн эмнэлэг орох, эмчлүүлэх шаардлага үүссэн болох нь:

 хохирогч Б.Шгийн “...бид хоёр тамхи татаад сууж байтал Ч.Х- намайг өшиглөсөн. Тэгээд би эмэгтэй дүүгээ дуудаж Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлж нүдэндээ оёдол тавиулсан, эрүү хугарсан байна гэсэн. Тэгээд шүүх эмнэлгээр явсан...” /хх-ийн 92-р тал/,

гэрч Б.Б “...эвлэрээд сууж байтал Ч.Х- ирээд Б.Шгийн нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд Б.Ш нь дүүгээ дуудсан. Дараа нь дүү нь цагдаа дуудсан. Намайг зодуулчихлаа гэж бодоод түүнийг өшиглөсөн байх. Өөр шалтгаан байгаагүй...” /хх-ийн 55-56-р тал/ ,

гэрч П.Я “ ...ах нь зодуулчихлаа, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн 9 хороо, Нисэхийн эцсийн буудлын тэнд яваад очтол ахын нүдний тэндээс цус гарч байсан. Тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгсөн. ...Толгойд нь гэмтэл учирсан байсан. Эрүү нь хөдөлж болохгүй, зүүн нүд нь гэмтсэн байсан. Нүднийх нь тэр хавиас цус гарч байсан....” /хх-ийн 21-р тал/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Х-ы өмгөөлөгч О.Баярбаясгалангийн “...тухайн хэрэг болохоос өмнө хохирогч гэмтэл авсан байсан эсэх, бусад гэмтлүүд юуны үйлчлэлийн улмаас үүсэх  боломжтойг нэг мөр тодруулж хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй...” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Мөн яллагдагчаар татсан даруй Ч.Х-аас яллагдагчаар мэдүүлэг аваагүй, эрхийг нь бүрэн танилцуулаагүй авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн, яллагдагчийн эрх үүргийг бүрэн танилцуулаагүй мэдүүлэг авсан талаар Ч.Х-ы өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

Яллагдагчаар татсан даруй мэдүүлэг авахаар яллагдагчаар татагдсан Ч.Х-ыг дуудсан, Хүрэлчулууны мөрдөгч дээр ирсэн өдөр  /яллагдагчаар татсан өдрөөс хойш 3 хоногийн дараа/ мэдүүлэг авсан талаар прокурорын давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбарыг үндэслэлтэй байж болно гэж шүүх үзлээ. Учир нь, Ч.Х- яллагдагчаар татагдахаас өмнө гэрчээр асуугдаж мэдүүлэг өгсөн /хх-ийн 16-17-р тал/, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар нэг таслан сэргийлэх арга хэмжээг түүнд хэрэглээгүй байсан байна.

Ч.Х-аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “Мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах”, 7.5 дугаар зүйлд заасан “Мэдээлэл авах” эрхийг нь буюу мэдүүлэг авахдаа эдлэх эрхийг нь тодруулан танилцуулсан болох нь хэргийн 31 дүгээр талд байгаа баримтаар, Үндсэн хуульд заасан “...хууль зүйн туслалцаа авах...” эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан “Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхийг хангасан болох нь Ч.Х-ы яллагдагчаар өгсөн “...Та өмгөөлөгч авах болон авахгүй байх эрхтэй. Та одоо мэдүүлгийг өмгөөлөгчтэй өгөх үү? Өмгөөлөгчгүй өгөх үү? ...Би мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. Өмгөөлөгч авах шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/ -ээр тогтоогдож байх тул Ч.Х-ы яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин Ч.Х-ы 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэргийн “...гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн ялын хэмжээ нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг болж ялын хэмжээ нь ”...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж ялын доод хэмжээ нь багассан тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж зааснаар Ч.Х-ы ялыг шинээр дагаж мөрдөж буй хуулийн хэмжээнд нийцүүлэн хасах хууль зүйн үндэслэлтэй байна.

Ч.Х-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнд нийцүүлэн хасаж тооцоход Ч.Х-ы ял “...1 жил 1 сар 13 хоног /нэг жил нэг сар арван гурван хоног/-ийн хорих ял...” болж байна.

Энэ талаарх дүгнэлтийг анхан шатны шүүх хийлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нөхөн хийж, зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Мөн анхан шатны шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ялыг нэмж нэгтгэхдээ баримтлах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг буруу баримталсныг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсэгт “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Ч.Х-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч, Чулуунбатын Хүрэлчулууны хорих ялын хэмжээг 1 жил 1 сар 13 хоног /нэг жил нэг сар арван гурав хоног/-ийн хорих ялаар тогтоосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Х-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялаар сольсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Ч.Х-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар хорих ялын нэг хоногоор тооцож, Ч.Х-ы эдлэх ялыг 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоосугай...” гэж,

           

            Мөн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 13 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 30 /гуч/ хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн, Ч.Х-ы нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 30 /гуч/ хоногийн хорих ялын хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Ч.Х-д оногдуулсан ялаас нийцүүлэн хасч тогтоосон 1 жил 1 сар 13 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ч.Х-ы нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 2 сар 13 хоног /нэг жил хоёр сар арван гурав хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж,

 

            мөн тогтоох хэсгийн 5  дахь заалтын “...3 /гурав/ жил 1 /нэг/ сар 30 /гуч/ хоногийн хугацаатай хорих ялыг...” гэснийг “...1 жил 2 сар 13 хоног /нэг жил хоёр сар арван гурав хоног/-ийн хугацаатай хорих ялыг...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Х-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ