Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 401

 

С.Т-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга,

Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                    Х.Батсүрэн

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг  

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/331, 2015 оны А/341 дүгээр захирамжуудын Д.Ө-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Т-ын 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурдсан буюу 700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурдсан хэмжээгээр газар эзэмшүүлэхийг даалгах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0298 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0385 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Р.Жавзандулам

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д, А.Э нарыг оролцуулан хийж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр   

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0298 дугаар шийдвэрээр:  1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Таас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгээс С.Т-ын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгээс  С.Т-ын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий  хэсгийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгээс С.Т-ын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцалгүй хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгээс С.Т-ын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцалгүй  хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Таас гаргасан 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурдсан буюу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд 700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Т-ын 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийлгэсэн 2 дахь кадастрын зураг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан/-ийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0385 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг буюу” гэсний ард “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/331 дүгээр захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Дулмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д-ийн гомдол: “... шүүх шийдвэр гаргахдаа бодит үнэнийг гуйвуулан тайлбарлаж үнэлсэн. С.Т, М.А нар нь манай хөрш зэргэлдээ шахам Маам гэдэг хүний хашаа хатган тэмдэглэсэн газрыг бусдад зарсан, Мөөгий гэх айлын хашааг нь нурааж хашаагаа хойшоо сунгасан, Мөөгийгийн байшин үл мэдэгдэх шалтгаанаар шатсан учир С.Т, М.А нараас зугтаасан байдаг. Дараа нь манай аав Д.Ө-ын хашаан дотор хашаа хатгаж суурь цутгаж маргаан үүсгэсэн.

4. Шүүх үндэслэх хэсэгтээ “хөрш зэргэлдээ амьдарч байсныг талууд үгүйсгэдэггүй” гэсэн утга илэрхийлдэг ба энэ нь хашаан дотор хашаа барьсан үйлдлийг хэлээд байна уу, эсвэл манай хажууд 3 айлын газрыг нэгтгээд авсан С.Т, М.Алтанцэцзг нарын тал газрыг хэлээд байна уу гэдэг нь ойлгомжгүй төөрөгдүүлэх байдлаар дүгнэсэн байна.

5. Өөрөөр хэлбэл үндэслэх хэсэгт байгаа хөрш гэдэг ойлголт нь С.Т, М.Анарын эзэмшдэг 3 айлын том газрыг биш манай хашаан доторх жижиг газар гэж ойлгогдохоор байна.

6. С.Т, М.А нар хашаан дотор хашаа хатгаж байшингийн суурь цутгасан үйлдэлд нь газрын албанд хандаж газрын албанаас шаардлага  гаргаж шаардлагыг биелүүлээгүй учир иргэний шүүхэд хандаж газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

7. Иргэний шүүх талуудаас гаргаж өгсөн нотлох баримтууд, шүүх хурал дээрх тайлбар зэргийг үндэслэн хууль ёсны эзэмшигч нь Д.Ө болохыг тогтоогоод С.Т, М.А нарыг Д.Ө-ын газрыг чөлөөл гэж шийдвэрлэсэн шийдвэрийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 181/ШШ2017/02165 дугаар шийдвэр гаргаж улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2164 дүгээр магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна.

8. Гэтэл захиргааны шүүх эзэмшигч нь тогтоогдоод газар чөлөөлөх шийдвэр гарсан газар дээр шүүхийн шийдвэрийн эсрэг шийдвэр гаргачихсан байна. Энэ хоёр шүүхийн шийдвэрийн аль шийдвэрийг зөв гэж үзэх бэ. Нэг шийдвэр нь газар дээрх хашааг нурааж талбайг чөлөөлнө, нөгөө шийдвэрээр цаасан дээр бичиглэлийн өөрчлөлт хийнэ. Ахиад маргаан гарна, аль нь зөв бэ.

9. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заагдсан үүргээ биелүүлээгүй. Учир нь эзэмшил тогтоогоод газар чөлөөлөх шүүхийн шийдвэр байгаа тухай тайлбарлахад хэрэгт огт хамааралгүй гэж үзсэн ба шалтгаан нь иргэний шүүх дээр М.Аүндсэн хариуцагч, захиргааны шүүх дээр С.Т үндсэн нэхэмжлэгч учир өөр өөр газартай холбоотой маргаан гэж үзсэн. С.Т, М.А нар нь нэг гэр бүлийн хүмүүс.

10. Тэгэхээр шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заагдсанаар газар нь захиргааны шүүх дээр хэлэлцэгдсэн газар мөн эсэхийг тодруулах, С.Т, М.А нар нэг гэр бүл эсэхийг тодруулах, маргаан бүхий газраас гадна хөрш зэргэлдээ С.Т, М.А нар 3 айлын том газар эзэмшдэг эсэхийг тодруулах, суурь цутгахдаа Д.Ө-ын хашааг трактороор эвдэж орон суурь цутгасан эсэхийг тодруулах, С.Т, М.А нар нь бусдын газрыг булааж аваад худалдаж байсан эсэхийг тодруулах, маргаад байгаа Д.Өын хашаан доторх газрыг бусдад худалдах гэж байсан эсэхийг тодруулах, газар зохион байгуулагч нарыг гэрчээр асууж хашааг нураан орж хашаан дотор суурь цутгасан эсэхийг тодруулах, хорооны даргаас лавлагаа тодруулга авах зэргээр нотлох баримтыг цуглуулсан бол шүүхийн шийдвэр өөрөөр гарах байсан.

11. Шүүхийн шийдвэрийг уншаад байхад С.Т, М.А нар нь өөр газар байхгүй амьдралдаа анх удаа газар хүссэн тэр газартаа суурь цутгасан учир энэ газрыг нь олгох нь зүйтэй гэсэн санаа байгаа нь нотлох баримтыг дутуу цуглуулснаар бодит байдал гуйвуулагдахад хүрчээ.

12. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтанд заагдсан нэхэмжлэлд заасан үйл баримт ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заагдсанаар нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтыг зөрчиж хөрш зэргэлдээ газарт огт хамааралгүй өөр газар байхад маргаан бүхий газарт хөрш байсан мэтээр үнэлсэн байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0298 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0385 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            13. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтуудад холбогдуулж хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            14. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/331 дүгээр захирамжаар тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Архустайн зусланд иргэн Д.Ө-т 679 м.кв (529 м.кв газар эзэмших эрхийн 000537725 дугаар гэрчилгээ, 529 м.кв газар эзэмших гэрээтэй) газрыг, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар өмнө олгогдсон 529 м.кв газрын хэмжээг 700 м.кв болгон, зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн, нэхэмжлэгч С.Таас “... /Засаг дарга/ миний гаргасан 700 м.кв газар эзэмших тухай хүсэлтийг ... /шийдвэрлээгүй/, талбайн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн атлаа ... Д.Өын ... /үндэслэлгүй/ гаргасан хүсэлтийн дагуу ... миний хүсэлт гаргасан газартай давхцуулан газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд заасан тэгш байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлээгүй, ... хууль бус шийдвэр” гэж, хариуцагчаас “...Д.Ө-т газар эзэмшүүлсэн нь ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

15. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Архустайн аманд Г.Даш (Д.Өын аав) нарын 5 өрхөд 0,2 га газрыг 3 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, уг газар ашиглах эрхийн хугацаа 2004 онд дуусгавар болж, цаашид сунгагдаагүй, Д.Ө нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж, “... нийслэлийн Засаг даргын 2001 оны ... 390 дүгээр захирамжаар ... Архустайд газар ашиглаж, газрын төлбөрийн төлж ирсэн Даш овогтой Өлзийбаатар миний бие газар эзэмших гэрчилгээ гаргуулж чадаагүй тул ... гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасныг үндэслэн, Сүхбаатар дүүргийн Засаг дарга иргэн Д.Ө-т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ өмнө ашиглаж байсан 0,2 га газрын байршлыг тогтоолгүйгээр шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргасан мэтээр хүлээн авч шийдвэрлэсэн, ингэхдээ эзэмшүүлэхээр олгох гэж буй газарт бусдын бодит эзэмшил үүссэн эсэх, өөр бусад этгээд газар эзэмших хүсэлт гаргасан эсэхийг тогтоогоогүй, хээрийн судалгаа зохих ёсоор хийлгүй, гуравдагч этгээдийн “эрхтэй” гэх 0.2 га хашаалсан газрын дотор биш, гадна талд 529 м.кв газар эзэмшүүлсэн, уг газар эзэмшүүлэх захирамжид газрын хэмжээг “679 м.кв” гэж заасан боловч, газар эзэмших гэрээ, гэрчилгээгээр “529 м.кв” газар эзэмшсэн, уг “529 м.кв” газрын хэмжээтэй Д.Ө маргаагүй байна.

16. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар Г.Даш нарт олгогдсон газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй байхад уг газарт Д.Өын газар эзэмших, ашиглах эрх хадгалагдсан гэж үзэхгүй, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж “... /өмнө эрх олгогдсон газар дээрээ/ гэрчилгээ гаргуулах” агуулгатай хүсэлт гаргасныг үндэслэн, шинээр газар эзэмшүүлсэн нь буруу боловч гуравдагч этгээд Д.Ө нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, нэхэмжлэгч С.Т нь 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус тус газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Газрын албанд анх өгсөн үйл баримтыг шүүх үнэлж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны маргааны бүхий А/331 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Ө-т 529 м.кв газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч С.Т-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй, харин, Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар Д.Өын эзэмшил газрын хэмжээг 700 м.кв болгон нэмэгдүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгч С.Т-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

17. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас “... С.Т-ын 2014 онд бичгээр гаргасан хүсэлт архивт байхгүй” гэх боловч, С.Т (М.Алтанцэцэг)-ын 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн кадастрын зураг нь тус дүүргийн Газрын албанд хадгалагдаж байгаа үйл баримтыг үндэслэж, “...өргөдлөө гаргаагүй гэж дүгнэх боломжгүй” гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул гуравдагч этгээдийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “... миний бие ... зуслангийн газрын талбайн хэмжээгээ өөрчилж байгаа тул ... газар эзэмших зөвшөөрөл олгоно уу” гэх хүсэлтийг үндэслэн, Д.Өын эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ нэхэмжлэгч С.Т-ын 2014 онд хүсэлт гаргасан, “дугуй хатгаж хашсан” газартай давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй талаар зөв дүгнэжээ.

18. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар Д.Ө-т 700 м.кв газар эзэмшүүлэх эрх олгосон нь дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдож байх тул уг захирамжийг үндэслэн, нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг Д.Ө-т өмчлүүлэхээр шийдвэрлэснийг мөн хууль ёсны гэж үзэх боломжгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

19. Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад шууд нэрлэн заасан захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан “захиргааны акт” хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоож, маргааныг шийдвэрлэх эрх хэмжээтэй, тухайн тохиолдолд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/448 дугаар захирамжаар иргэн С.Тд 272 м.кв газрыг, дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар Д.Ө-т өмнө олгогдсон байсан 529 м.кв газрын хэмжээг 700 м.кв болгон нэмэгдүүлсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч С.Т-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болохыг тогтоон, маргааныг шийдвэрлэж байх тул “... /маргаан бүхий газрын/ хууль ёсны эзэмшигч нь Д.Ө болохыг ... иргэний шүүх тогтоосон” гэх гомдлын үндэслэл нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

20. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн шүүх нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/448 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэх асуудлаар гарсан маргааныг шийдвэрлэх эрх хэмжээгүй тул маргааны бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх нь “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон” гэж үзэх боломжгүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолдоо дурдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд нь энэ маргаанд хамааралгүй байна.

21. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн, харин шийдвэрийн тогтоох хэсэгт “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/331 дүгээр захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээ орхигдуулан бичсэн алдааг давж заалдах шатны шүүх зассан нь зөв байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, ... дутуу цуглуулсан”, “ ... нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байхад ... иргэний шүүхээр тогтоогдоод газар чөлөөлөх шийдвэр гарсан газар дээр шүүхийн шийдвэрийн эсрэг шийдвэр захиргааны шүүх гаргасан” гэх зэрэг үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0385 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА