Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0385

 

2018 оны 7 сарын 05 өдөр               Дугаар 221/МА2018/0385                  Улаанбаатар хот

С.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, өмгөөлөгч Р.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Дулмаа, өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0298 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор С.Т-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0298 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгээс С.Т-ын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгээс С.Т-ын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/341 захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгээс С.Т-ын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцалгүй хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгээс С.Т-ын Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн кадастрийн зураг бүхий газартай давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т-аас гаргасан 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурдсан буюу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд 700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Т-ын 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийлгэсэн 2 дахь кадастрын зураг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан/-ийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0298 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадсангүй.

Гуравдагч этгээд Д.Ө нь анх Монгол Улсын газрын тухай хуулийн 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 3-т заасныг удирдлага болгож газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд өгсөн. Тухайн хүсэлтийг өгөхөд бусдын газартай давхцаж байгаа талаар газрын албанаас бидэнд хэлээгүй. Д.Ө нь нэхэмжлэгч С.Т-аас өмнө газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Түүний дагуу холбогдох шийдвэр гэрчилгээнүүд нь 2014 оны 7 дугаар сарын 09-нд А/331, 2015 оны 8 дугаар сарын 17-ны А/341 тоот тушаалтай гарч байсан.

Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан хотын ерөнхий төлөвлөгөөнт тусгагдсан газрын иргэдэд эзэмшүүлдэг гэж хуульчилсан байдаг. Энэ хуулийн дагуу бусдын газартай давхцаагүй тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрын Д.Ө-т олгосон нь зөв байсан.

Тухайн газар нь хуульд заасан 0.7 га газар. Энэ газар нь гэр бүлийн хэрэгцээнд зориулсан газар гэж үзэж байгаа.

Тухайн зуслангийн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн зохих зүйл заалтыг үндэслэж зөвхөн Д.Ө-ын сайн дурын хүссэн газрыг нь эзэмшүүлж өмчлүүлсэн болно. Тухайн газар мөн хуулийн дагуу эзэмшсэн газар нь төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарсан газарт иргэний хүсэлтээр тэр газрыг Д.Ө-т өмчлүүлсэн. Гэрчилгээ нь байгаа. Бүх эрхийн акт нь хууль тогтоомжийн дагуу хуулийн шаардлагыг хангаж, Д.Ө-т олгосон газартай давхцуулан С.Т-д газар олгож давхцуулсан нь Д.Ө-ын буруу юу, газрын албаны буруу юу, шүүх газар давхцсан гэж үзээд шийдвэрийн 1 дүгээр заалтанд 2015 оны 8 дугаар сарын 17-ны А/341 дүгээр захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгээс хууль бус байсныг тогтоож шийдсэн нь дээрх хуулиудын зүйл заалтыг зөрчсөн.

Ингээд шүүхийн шийдвэрт кадастрын зураг бүхий газартаа давхцсан гэдэг үндэслэл зааж хууль бус байсныг тогтоож давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосон нь Газрын тухай хууль, Газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчлөө. С.Т нь Д.Ө-ын дараа хүсэлт гаргасан байхад яагаад Д.Ө-ын газар дээр газар олгож кадастрын зураг хийлгэснийг нь ойлгохгүй байна. Энэ хуулийн шаардлага нь хэн түрүүлж хүсэлтээ гаргасан нь, хэн түрүүлж баримтаа бүрдүүлж өгсөнд нь газар эзэмших, өмчлөх эрх олгогдохоор хуульчилсан байна. Шүүх үүнийг анзаарсангүй байна. Өмнө нь шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг зохих ёсоор үнэлж дүгнэлт гаргаагүйд харамсаж байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг буюу 3 дугаар хуудсанд ... ашиглуулах эрх олгох хугацаа дууссан, эрх зүйн үйлчлэлгүй болсон 2001 оны захирамжаар н.Д нарын 5 иргэнд ашиглах эрх олгосон газартаа гэрчилгээ гаргуулж авах нэрээр уг захирамжинд зөвшөөрөгдсөн газраас өөрт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан гэж буруу дүгнэсэн.

Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 33-36 дугаар хуудсанд байгаагаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар н.Д нарын 5 өрхөд 0.2 га газрыг Архустайн аманд эзэмшүүлсэн байдаг. Энэ үед Д.Ө өөрийн газартаа хашаа барьсан. 1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд Д.Ө-ын 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайд 2001 оноос газар ашиглаж, газрын төлбөрөө төлж газар эзэмших гэрчилгээ гаргуулж чадаагүй газар эзэмшүүлсэх хүсэлт гаргаж өгнө үү гэж өргөдөл өгч кадастрын зургаа төлбөрийн хамт газрын албанд өгч байсан байна. 1 дүгээр хавтаст хэргийн 95-101 дүгээр хуудсанд газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, 120 дугаар хуудсанд эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас бөглөсөн 2014 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн маягт, 118 дугаар хуудсанд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэл хяналтын карт зэрэг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ирүүлсэн нотлох баримтууд, ... 168-170 дугаар хуудсанд зуслангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, 171 дүгээр хуудсанд кадастрын зураг зэрэг нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.

Зөвшөөрөгдсөн газраас өөр газарт гэрчилгээ авсан зүйл байхгүй.

Энэ талаарх Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ирсэн нотлох баримтууд 1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дугаар хуудсанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын хавсралттай 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн захирамж, 184 дүгээр хуудсанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн захирамж, 191 дүгээр хуудсан захирамжийн хавсралтанд 15 жилээр эзэмшүүлэх, 217-2178 дугаар хуудсанд Нийслэлийн Засаг даргын өмчлүүлсэн захирамж зэрэг нотлох баримтууд байна. 1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд Сүхбаатар дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн хариу тайлбар болон Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн хариу тайлбарт газрын давхцал байхгүй гэж бичсэн байна. 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудсанд газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын кадастрын мэдээллийн сангийн зургийг сансрын зурагтай давхцуулж авсан байна.

Энэ зурагт Д.Ө-ын 2014 оны 10 сарын архивын 529 м.кв талбайтай газар, 2015 оны 700 м.кв газар хажууд нь С.Т-ын 272 м.кв газар буюу 3 газар тус тусдаа С.Т-тай ямар ч давхцалгүй байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт 13 дугаар хуудсанд 1588, 1591, 1592, 1593 дуу хавтсууд хадгалагдаж үлдээгүй гэсэн байна. Мөн ... С.Т-ын 700 м.кв  газар эзэмших тухай хүсэлт гаргасан гэх баримт олдоогүй гэж үнэн байдлыг мэдсэн мөртлөө Н.М-аас “С.Т өргөдлөө гаргасан” гэсэн мэдүүлгийг үнэлсэн. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 85-96 дугаар хуудас хүртэл Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулагч ... Н.М-аас “С.Т өргөдлөө гаргасан” гэсэн мэдүүлгийг үнэлсэн шүүхийн үнэлгээг гэрчийн мэдүүлэг үгүйсгэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “С.Т нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө хүсэлтээ гаргаагүй гэсэн тайлбар нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэжээ. Газрын албанд байгаа бүх мэдээлэл, ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэр болон бичиг хэргийн компьютерийн смарт сити.мн программ, байцаагч бүрийн өөрийн нэр дээрх бүртгэлийн дэвтэр гээд 3 баримт дээр давхар бүртгэлтэй байдаг болно. Энэ 3 эх сурвалж нотлох баримт дээр С.Т-ын газар хүссэн өргөдөл 2014 оны 1 ч байхгүй бөгөөд хамгийн анх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн. Эдгээр баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар хуудсанд байдаг.

Шийдвэрийн 13 дугаар хуудсанд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Д.Ө-ын газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэхээс өмнө буюу 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2 удаа кадастрын зураг хийлгэсэн байна гэжээ. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн  29 дүгээр хуудсанд өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтонд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн байна. Өргөдлийн дугаар 4159 байна. 2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд смарт сити.мн программаас авсан баримтанд ч байна. 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэлийн дугаар 6444, 4 хуудас өргөдөл өгсөн байна. Үүнд 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургаа өгсөн байсныг Д.Ө-аас өмнө 2014 оны өгсөн гэж шүүх буруу үнэлсэн.

2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд өргөдлийн цахим баазаас С.Т-ын хүсэлт гаргасан эсэх 2015.05.10-ны 5993 гомдол, 2016.11.02-ны 6444 гомдол, 2014 онд өргөдөл бүртгэгдээгүй гэсэн 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Сүхбаатар дүүргийн газрын албанд 1 дэх үзлэгийн дүгнэлт гарсан байхад шүүх буруу дүгнэсэн. Мөн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2 дахь удаагаа баримт бичгийн үзлэг хийсэн. 2010-2016 оны өргөдлийн бүртгэлийн цахим баазад С.Т-ын газар эзэмшихээр гаргаж байсан өргөдлийг хэвлэж авсан байна. 2015.10.05 №5993 (Хх-2-ийн 101-р тал), 2016.11.02 №6444 (Хх-2-ийн 104-р тал), 2013-2014 он 6 хадгаламжийн нэгж 18 хавтас өргөдлийг шүүхэд С.Т-ын нэр дээр өргөдөл байхгүй байв.

Эдгээр үзлэгийн нотлох баримтыг шүүх үнэн зөв үнэлээгүй.

2018 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр С.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан байна. Нэхэмжлэлийн шаардлагад ... С.Т-ын 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурдсан 700 м.кв гэсэн байна. Нотлох баримтаар 2014 онд газар эзэмших хүсэлт өгөөгүй байхад шүүх буруу дүгнэсэн.

Бид хуулийн дагуу өргөдөл, газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, бүртгэл хяналтын карт, зуслангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг зэрэг баримтуудыг бүрдүүлж газрын кадастрын зураг зэрэг баримтуудыг бүрдүүлж кадастрын зурагт оруулж зохих байгууллагаар баталгаажуулж авсан.

С.Т-д хувийн компаниар хийлгээд сүүлд газрын албанд өгсөн 2 зургаас өөр нотлох баримт байхгүй, газрын албаар баталгаажуулаагүй, кадастрын зургийн санд ороогүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Жирийн иргэн би олон удаа зохих байгууллагын зөвшөөрлөөр авсан газраа алдаж миний хууль ёсны эрх зөрчигдөж нийгэмд шударга ёс тогтож чадахгүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Т-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/331 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Ө-т 679 м.кв газар эзэмшүүлж, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар газрын хэмжээг 700 м.кв болгон нэмэгдүүж, уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд өмчлүүлэхдээ нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлт, кадастрын зураг бүхий газраас үндэслэлгүйгээр хассан гэж үзэж дээрх захирамжуудын гуравдагч этгээд Д.Ө-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, иргэн С.Т-ын 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд дурьдсан буюу 700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурдсан хэмжээгээр газар эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий газрын зэргэлдээ 2000 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2001 оны 390 дүгээр захирамжаар иргэн Г.Д нарын 5 өрх ашиглах эрхтэй болжээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/331 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Ө-т 529 м.кв газар эзэмшүүлэхдээ гуравдагч этгээдийн өөрийнх нь хүсэлтэд дурдсан[1] Нийслэлийн Засаг даргын 2001 оны 390 дүгээр захирамжаар ашиглаж буй газрын байршил, хэмжээг тогтоолгүйгээр эзэмшүүлсэн байна. Гуравдагч этгээд Д.Ө (Г.Д-ийн хүүхэд)-ын 2014 оны захирамжаар эзэмшиж буй газар нь Г.Д нарын 5 өрхөд 2001 онд ашиглах эрх олгосон талбайгаас гадна, уг газартай давхцалгүй, зэргэлдээ орших газрууд байна. Өөрөөр хэлбэл, Д.Ө нь 2014 онд хүсэлт гаргахдаа 2001 онд Г.Д нарын 5 өрхөд олгогдсон газарт газар ашиглах эрх үүссэн байсан мэтээр бичсэн боловч уг 5 өрхөд ашиглуулж байсан газраас тусдаа, зэргэлдээ газарт газар эзэмшүүлжээ.

Харин 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийлгэсэн 2 кадастрын зураг болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар хөрш зэргэлдээ амьдарч байгаагаа үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгч С.Т-ын “ ... 2012 онд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд 700 м.кв газарт тэмдэглэгээ хийсэн” гэх тайлбарыг үгүйсгэх, нэхэмжлэгч тухайн газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Кадастрын зураг хийлгэх үед нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших хүсэлтээ Газрын албанд гаргасны үндсэн дээр уг кадастрын зураг хийгдсэн гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч С.Т-ын эзэмшиж байгаа газрын хэмжээ, байршлыг судалж, давхцлыг тодорхойлолгүйгээр 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар гуравдагч этгээдийн газрын хэмжээг нэмэгдүүлж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй байна.

            Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ирүүлсэн кадастрын зургаар нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хоёр удаа кадастрын зураг хийлгэсэн, гэрч газар зохион байгуулагч Н.М-ийн мэдүүлэг зэргээс үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/341 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлэхээс өмнө тухайн газрыг нэхэмжлэгч С.Т эзэмших эрхтэй болсон гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болох “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй” байгааг, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрын байршил нь бусдад эзэмшүүлж болох, зэргэлдээ орших бусад иргэдийн газар эзэмших эрхийг зөрчих эсэхийг шалгаж тодруулах үүргээ хариуцагч биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж уг газрыг гуравдагч этгээд эзэмшүүлсэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/31 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд өмчлүүлсэн нь үндэслэлгүй байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар 272 м.кв газар эзэмшүүлж, нэхэмжлэгч С.Т-д 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн кадастрын зурагт буй 700 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурдсан хэмжээгээр газар эзэмшүүлэхийг даалгаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Ө-т эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар өмчлүүлсэн газрын нэхэмжлэгч С.Т-ын 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийлгэсэн кадастрын зурагтай давхцал бүхий хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/331 дүгээр захирамжтай холбоотой хэсгийг шийдвэрлэлгүйгээр орхисныг залруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг буюу” гэсний ард “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/331 дүгээр захирамжийн Д.Ө-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ