Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 201/МА2020/00027

 

“С” ХК-ийн нэхэмжлэлтэй,“А” ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 138/ШШ2020/00841 дугаар шийдвэртэй, “С” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох 11 628 159 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Г.Мын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 09 сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ш /онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Шихихутаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь А ХХК нь С ХК-тай 2016 оны 10 сарын 20-ны өдрийн №421 тоот Орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ-г байгуулан хамтран ажилласан. А ХХК нь С ХК-тай дээрх гэрээний дагуу хамтран ажиллах хугацаандаа тус компанид талуудын тооцоо нийлсэн актаар 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 11 920 097 төгрөгийн өр төлбөр үүсч, улмаар энэхүү өр төлбөрөө талууд тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2016 оны 12 сарын 31-ний өдөр баталгаажуулсан. Үүссэн өр төлбөрөөс С ХК-ийн зүгээс барьцаа 5 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдөр суутгаж, үлдэх 6 920 097 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөлгүй компанийг хохироосон учраас нэхэмжилж байна. Иймд А ХХК-иас тус компанид учруулсан хохирлын 6 920 097 төгрөг, алданги 3 460 048 төгрөг, өмгөөллийн хөлс болон зардал 1 248 014 төгрөг, нийт 11 628 159 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Анх 2015 оны 1 сарын 20-ны өдөр нэг талаас С ХК-ийг төлөөлж хөдөө орон нутаг хариуцсан менежер ажилтай Б.А нөгөө талаас А ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Д нар тохиролцож 486 дугаартай орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. А ХХК нь 2015 оны 5 сарын 14-нд С ХК-д гэрээт борлуулагч болж хамтран ажиллах тухай хүсэлт гаргаж байсан. Ингээд гэрээний дагуу А ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3 сая төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 2 сая төгрөг буюу нийт 5 сая төгрөгийг барьцааны мөнгө болгон С ХК-ийн данс руу шилжүүлж байршуулсан. Хамгийн Слд 2016 оны 8 сарын 24-ний өдөр бараа бүтээгдэхүүн захиалан авч түүнээс хойш барааны үнийг бага багаар С ХК-д шилжүүлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 421 дугаартай орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулсан цагаас хойш А ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, холбоо барихгүй байсан. Тийм учраас С ХК-ий менежер А 2017 оны 1 дүгээр сард А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д-тай уулзаж тооцооны үлдэгдлийн баталгаа хийж тамга дарж, гарын үсэг зурсан. Тухайн үед С ХК-ийн А ХХК-иас авах авлагын хэмжээ 11 920 097 төгрөг байсан ба гэрээний 6.1 дэх заалтын дагуу С ХК-д байсан барьцаа 5 сая төгрөгийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр суутган хасч 6 920 097 төгрөгийн авлагатай болсон. Түүнээс хойш авлага барагдуулаагүй байсан тул гэрээний 4.4 дэх заалтын дагуу 3 460 048 төгрөгийн алданги тооцож нийт 10 380 145 төгрөгийн авлагатай болсон. Үүн дээр С ХК-ийн өмгөөллийн хөлс 1 038 000 төгрөг, унаа тээврийн зардал 135 000 төгрөгийг нэмж нийт 11 553 745 төгрөгийг нэхэмжилж байна. Тээврийн зардлын хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байхдаа 3 удаа ирж, очихоор тооцож нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байсан боловч 2 удаа ирж, очсоноор тээврийн зардал нийт 135 000 төгрөг болон энэ хэсгийн маань нэхэмжлэлийн шаардлага буурсан.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагчийн төлөөлөгч Г.М би С ХК-ийн 11 628 159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр энэхүү тайлбар гаргаж байна. А ХХК нь 2018 оны 12 сард Г.М миний нэр дээр шилжсэн билээ. 2016 оны үйл явдлыг сайн мэдэхгүй ч хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудад тулгуурлан дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэг. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ, тооцоо, хууль зүйн үндэслэлийн талаар: Хариуцагч А ХХК нь анх 2015 оны 05 сарын 20-ны өдөр С ХК-тай зайрмаг борлуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан. 2016 оны 06 сард С ХК нь танай компани өмнөх оны тооцооны үлдэгдэлтэй тул бараа олгохгүй бэлэн мөнгөөр бараа өгнө гэсэн тул Д.Х 2016.07.05-ны өдөр 4500000 төгрөгийг С ХК-д шилжүүлж, 6 сая гаруй төгрөгийн бараа татан авч, өмнөх 2015 оны үлдэгдэл дээр 2016 оны тооцоогоо нийлүүлж 2016 оны 10 сард бүх тооцоогоо бүрэн төлж дуусгасан. Тэгээд төлбөрийн үлдэгдэлгүй болсон тул 2016 оны 10 сарын 20-ны өдөр С ХК-тай дахин шинэ гэрээ байгуулсан боловч бараа татан авалт хийгээгүй байгаа. Бараа татан авалт хийсэн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Хэргийн материалд байгаа баримт нь 2015 оны баримтууд байх бөгөөд ямар ч гарын үсэг байхгүй тул уг баримтуудыг үнэлэхгүй нотлох баримтаас хасуулах, мөн 2016.12.31-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа № гэх баримтыг хариуцагч тал үйлдээгүй, гарын үсэг, тамгатай баримтыг ашиглаж хуурамч баримт үйлдсэн байж болзошгүй, нотариат засвартай байна хэмээн үйлдэл хийхээс татгалзсан тул уг баримтыг нотлох баримтаас хасуулах саналтай байна. Учир нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Мөн хуулийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ хэмээн хуульчилсан зүйл, заалтуудыг шүүх хэрэглэж нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулж үзнэ үү.

Хоёр. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад үлдэгдэл төлбөртэй талаар шүүхэд хандах хүртлээ нэг ч удаа шаардаагүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан тул 2016 оны гэрээтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхаас гадна мөн хуулийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн байхыг шүүх анхаарахыг хүсье.

Иймд С ХК-д А ХХК нь ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 138/ШШ2020/00841 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 6 920 097 /зургаан сая есөн зуун хорин мянга ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 201 001 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 125 972 /нэг зуун хорин таван мянга есөн зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХК-нд олгохоор шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: ... “А” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “С” ХК-тай зайрмагийг нь борлуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, гэрээний дагуу “С” ХК-ийн дансанд 5 000 000 төгрөгийг 2015.05.19 болон 20-ны өдрүүдэд байршуулж гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд зохигчид тухайн гэрээ болон түүний төлбөр тооцоон дээр маргаагүй, 2016 оны 10 сард бүх төлбөр тооцоогоо хийж дуусгасан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохигчдын тайлбарыг нотлох баримтаар үнэлж болохоор хуульчилсан бөгөөд талууд маргаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар 2015 онд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2015, 2016 оны 10 сараас өмнө хүлээн авсан бараа, бүтээгдэхүүнийхээ тооцоог бүрэн төлж дуусган, төлбөрийн үлдэгдэлгүй болсон.

2016 оны 10 сард “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Хэрлэнзул байсан бөгөөд тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхгүй, гэрээ байгуулах зөвшөөрөлгүй Д.Дтай “С” ХК гэрээ байгуулж, тооцоо нийлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус баримт гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Тооцоо үлдэгдлийн баталгаа нийлсэн акт” –ыг хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан үйлдээгүй /нэхэмжлэгч өөрт нь байсан тамга, гарын үсэгтэй хоосон баримт ашиглан дээр нь огноо болон мөнгөн дүн оруулсан /хх-ийн 107-р тал/ бусад бараа болон падааныг манай тал хүлээж аваагүй, гарын үсэг зураагүй /падаан дээрх гарын үсэг хариуцагч талынх биш /хх-ийн 110-111-р тал/ баримтыг шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч талын гэрчийн гаргасан бичгийн болон аман тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байна. Хавтаст хэргийн 12-р тал “2016 оны 12 сарын 31-ний өдөр талууд уулзан тооцооны үлдэгдлийн баталгаа хийж тамга, тэмдэг гарын үсгээ зурсан” гэх бичгээр өгсөн тайлбар, /хх-ийн 75-р тал/ “2016 оны 01 сарын 24-ний өдөр Дө-тай уулзсан” гэх амаар өгсөн тайлбар, хавтаст хэргийн 77-р талд Д-тай хэзээ уулзаж тооцоо нийлж гарын үсэг зурсан талаар тодруулж асуухад “2017 оны 01 сарын 24-ний өдөр захын хойд талд дугуй засварын гадаа уулзсан”, хавтаст хэргийн 107-р тал “2016 оны 12 сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн акт гэсэн баримтыг яг тухайн өдрөө хийгээгүй огноогоо ингэж тавиад Дө-р гарын үсэг зуруулсан юм уу гэсэн шүүгчийн асуултад “тийм” гэх зөвхөн уулзсан болохоос биш гарын үсэг зурсан үйл явдлыг яг хэзээ, хаана, ямар газар үйлдсэнээ тодорхой зааж чадахгүй, нотлох баримт эргэлзээтэй, шударга бус аргаар бүрдүүлсэн байхад шүүх үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” хэмээх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Мөн хариуцагч тал өөрийн талаас хамаарах нотлох баримт, тайлбараа гарган өгч хэрэгт хавсаргаж, өмнөх анхан болон давж заалдах шатны шүүх хуралд биеэр оролцож тайлбар гаргасан байхад нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн зохигчид 2016.10.20-ны өдөр 421 дугаартай “Орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах “гэрээг байгуулсан боловч тус гэрээний 4.8-д заасан борлуулалтын барьцаа төлбөр байршуулаагүй, бараа татан авалт хийгээгүй байхад шүүх талуудын хооронд 2015 онд байгуулсан гэрээний дагуу байршуулсан барьцаа төлбөрийг 2016 оны гэрээний барьцаа төлбөр хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж үзээгүй, бодитой дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь 2016 онд талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний талаар шүүхэд хандахаасаа өмнө хариуцагчид мэдэгдэж байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” хэмээн зохицуулсан тул 2016.10.20-ны өдрийн 421 дугаартай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусч мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн эрх зүйн үр дагавар үүссэн байж болзошгүй байхад шүүхээс тухайн асуудал дээр огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “С” ХК нь хариуцагч “А” ХХК-иас “Хамтран ажиллах гэрээний үүрэг 6 920 097 төгрөг, алданги 3 640 048 төгрөг, өмгөөллийн хөлс 1 038 000 төгрөг, замын зардал 210 014 төгрөг, нийт 11 628 159 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 135 000 төгрөгөөр багасгаж, нийт 11 553 745 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2, 48-50 дахь талууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч “А” ХХК нь 2015 оны 05 сард “С” ХК-тай зайрмаг борлуулахаар гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар борлуулагч нь нийлүүлэгч талын дансанд борлуулалтын барьцаанд 2015 оны 05 сарын 19,20-ны өдрүүдэд хоёр хувааж 5,0 сая төгрөгийг байршуулсан байна. /хх-ийн 43 дэх тал/

Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч “С” ХК-иас 2016 оны 07 сарын 06-ны өдөр 6 744 048 төгрөгийн, 2016 оны 07 сарын 25-ны өдөр 6 675 648 төгрөгийн, 2016 оны 07 сарын 26-ны өдөр 601 680 төгрөгийн, 2016 оны 08 сарын 24-ний өдөр 6 336 000 төгрөг буюу  нийт 20 357 376 төгрөгийн Сн бүтээгдэхүүн хүлээн авсан ба 2016 оны 12 сарын 31-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх тооцоо нийлсэн баримтаар хариуцагч нь 11 920 097 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 41, 143-146 дахь талууд/

Анхан шатны шүүх хэрэгт зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, үйл баримтыг 2016 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн баримтаар талуудын хооронд өр төлбөрийн үлдэгдэл байсан гэдгийг тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруу гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн хариуцагч нь 2016 оны 12 сарын 31-ний өдрийн “Тооцоо нийлсэн баримт”аар тооцооны үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс  нэхэмжлэгч “С” ХК нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан дээрх  хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан атлаа үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 138/ШШ2020/00841 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... олгосугай.” гэснийг “... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 633 378 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгчөөс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяна лтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Л.НАРАНБАЯР

                                                    ШҮҮГЧИД                                 Ж.ДОЛГОРМАА

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ