Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2020/00841

 

 

 

 

 

 

 

 

2020              07               20 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 37 өөрийн байранд байрлах, 2077108 регистрийн дугаартай, “Сүү” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах, 3378977 регистрийн дугаартай, “Ариундайд” ХХК-д холбогдох,

“Хамтран ажиллах гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 11 628 159 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ш /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь “Ариундайд” ХХК нь “Сүү” ХК-тай 2016 оны 10 сарын 20-ны өдрийн №421 тоот “Орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ”-г байгуулан хамтран ажилласан. “Ариундайд” ХХК нь “Сүү” ХК-тай дээрх гэрээний дагуу хамтран ажиллах хугацаандаа тус компанид талуудын тооцоо нийлсэн актаар 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 11 920 097 төгрөгийн өр төлбөр үүсч, улмаар энэхүү өр төлбөрөө талууд тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2016 оны 12 сарын 31-ний өдөр баталгаажуулсан. Үүссэн өр төлбөрөөс “Сүү” ХК-ийн зүгээс барьцаа 5 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдөр суутгаж, үлдэх 6 920 097 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөлгүй компанийг хохироосон учраас нэхэмжилж байна. Иймд “Ариундайд” ХХК-иас тус компанид учруулсан хохирлын 6 920 097 төгрөг, алданги 3 460 048 төгрөг, өмгөөллийн хөлс болон зардал 1 248 014 төгрөг, нийт 11 628 159 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Анх 2015 оны 1 сарын 20-ны өдөр нэг талаас “Сүү” ХК-ийг төлөөлж хөдөө орон нутаг хариуцсан менежер ажилтай Б.А нөгөө талаас “Ариундайд” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Д нар тохиролцож 486 дугаартай орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. “Ариундайд” ХХК нь 2015 оны 5 сарын 14-нд “Сүү” ХК-д гэрээт борлуулагч болж хамтран ажиллах тухай хүсэлт гаргаж байсан. Ингээд гэрээний дагуу Ариундайд ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр  3 сая төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 2 сая төгрөг буюу нийт 5 сая төгрөгийг барьцааны мөнгө болгон “Сүү” ХК-ийн данс руу шилжүүлж байршуулсан. Хамгийн сүүлд 2016 оны 8 сарын 24-ний өдөр бараа бүтээгдэхүүн захиалан авч түүнээс хойш барааны үнийг бага багаар “Сүү” ХК-д шилжүүлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 421 дугаартай орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулсан цагаас хойш “Ариундайд” ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, холбоо барихгүй байсан. Тийм учраас “Сүү” ХК-ий менежер А 2017 оны 1 дүгээр сард “Ариундайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дтай уулзаж тооцооны үлдэгдлийн баталгаа хийж тамга дарж, гарын үсэг зурсан. Тухайн үед “Сүү” ХК-ийн “Ариундайд” ХХК-иас авах авлагын хэмжээ 11 920 097 төгрөг байсан ба гэрээний 6.1 дэх заалтын дагуу “Сүү” ХК-д байсан барьцаа 5 сая төгрөгийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр суутган хасч 6 920 097 төгрөгийн авлагатай болсон. Түүнээс хойш авлага барагдуулаагүй байсан тул гэрээний 4.4 дэх заалтын дагуу       3 460 048 төгрөгийн алданги тооцож нийт 10 380 145 төгрөгийн авлагатай болсон. Үүн дээр “Сүү” ХК-ийн өмгөөллийн хөлс 1 038 000 төгрөг, унаа тээврийн зардал 135 000 төгрөгийг нэмж нийт 11 553 745 төгрөгийг нэхэмжилж байна. Тээврийн зардлын хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байхдаа 3 удаа ирж, очихоор тооцож нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байсан боловч 2 удаа ирж, очсоноор тээврийн зардал нийт 135 000 төгрөг болон энэ хэсгийн маань нэхэмжлэлийн шаардлага буурсан гэв.

Хариуцагч “Ариундайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч Г.М би “Сүү” ХК-ийн 11 628 159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр энэхүү тайлбар гаргаж байна. “Ариундайд” ХХК нь 2018 оны 12 сард Г.М миний нэр дээр шилжсэн билээ. 2016 оны үйл явдлыг сайн мэдэхгүй ч хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудад тулгуурлан дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэг. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ, тооцоо, хууль зүйн үндэслэлийн талаар: Хариуцагч “Ариундайд” ХХК нь анх 2015 оны 05 сарын 20-ны өдөр “Сүү” ХК-тай зайрмаг борлуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан. 2016 оны 06 сард “Сүү” ХК нь танай компани өмнөх оны тооцооны үлдэгдэлтэй тул бараа олгохгүй бэлэн мөнгөөр бараа өгнө гэсэн тул Д.Хэрлэнзул 2016.07.05-ны өдөр 4500000 төгрөгийг “Сүү” ХК-д шилжүүлж, 6 сая гаруй төгрөгийн бараа татан авч, өмнөх 2015 оны үлдэгдэл дээр 2016 оны тооцоогоо нийлүүлж 2016 оны 10 сард бүх тооцоогоо бүрэн төлж дуусгасан. Тэгээд төлбөрийн үлдэгдэлгүй болсон тул 2016 оны 10 сарын 20-ны өдөр “Сүү” ХК-тай дахин шинэ гэрээ байгуулсан боловч бараа татан авалт хийгээгүй байгаа. Бараа татан авалт хийсэн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Хэргийн материалд байгаа баримт нь 2015 оны баримтууд байх бөгөөд ямар ч гарын үсэг байхгүй тул уг баримтуудыг үнэлэхгүй нотлох баримтаас хасуулах, мөн 2016.12.31-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа №” гэх баримтыг хариуцагч тал үйлдээгүй, гарын үсэг, тамгатай баримтыг ашиглаж хуурамч баримт үйлдсэн байж болзошгүй, нотариат засвартай байна хэмээн үйлдэл хийхээс татгалзсан тул уг баримтыг нотлох баримтаас хасуулах саналтай байна. Учир нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыгөөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Мөн хуулийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ хэмээн хуульчилсан зүйл, заалтуудыг шүүх хэрэглэж нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулж үзнэ үү.

Хоёр. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад үлдэгдэл төлбөртэй талаар шүүхэд хандах хүртлээ нэг ч удаа шаардаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан тул 2016 оны гэрээтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхаас гадна мөн хуулийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн байхыг шүүх анхаарахыг хүсье.

Иймд “Сүү” ХК-д “Ариундайд” ХХК нь ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Сүү” ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш нь шүүхэд хариуцагч “Ариундайд” ХХК-д холбогдуулан “Хамтран ажиллах гэрээний үүрэг 6 920 097 төгрөг, алданги 3 460 048 төгрөг, өмгөөллийн хөлс 1 038 000 төгрөг, замын зардал 210 014 төгрөг, нийт 11 628 159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага (хх-н 1-2 тал) гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 75 014 /замын зардалд 210 014 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 135 000 төгрөг болгон багасган нэхэмжилсэн/ төгрөгөөр багасган нийт          11 553 745 төгрөг нэхэмжилж (хх-н 48-50 тал), шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сүү ХК нь Ариундайд ХХК-ийн гүйцэтгэх захирал Дтай “орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу Ариундайд ХХК-нд манай компани бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Хариуцагч тал нь 2016 оны 7 сарын 5-ны өдөр 4,5 сая төгрөг шилжүүлж 7 сарын 6, 25, 26-ны өдрүүд болон 8 сарын 25-ны өдрүүдэд тус тус бараа авсан. Энэ барааны төлбөрүүдээс сар бүр бага багаар төлбөр хийдэг байсан. Гэрээний талууд 2016.12.31-ний өдөр тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгааг харилцан баталсан. Тооцоо нийлэхэд 11 920 097 төгрөгийн өртэй байсан. Үүнээс гэрээний баталгаа болгож өгсөн 5 сая төгрөгийг суутгаж, үндсэн төлбөр болон алданги, өмгөөллийн хөлс, замын зардал зэрэгт нийт 11 553 745 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээ болон тооцоо нийлсэн баримтанд компанийн гүйцэтгэх захирал Д өөрөө гарын үсэг зурсан... гэж,

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2015 оны үлдэгдэл дээр 2016 оны тооцоогоо нийлүүлж 2016 оны 10 сард бүх тооцоогоо бүрэн төлж дуусгасан. Тэгээд төлбөрийн үлдэгдэлгүй болсон тул 2016 оны 10 сарын 20-ны өдөр “Сүү” ХК-тай дахин шинэ гэрээ байгуулсан боловч бараа татан авалт хийгээгүй, 2016.12.31-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа №” гэх баримтыг хариуцагч тал үйлдээгүй, гарын үсэг, тамгатай баримтыг ашиглаж хуурамч баримт үйлдсэн байж болзошгүй, мөн 2016 оны гэрээтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Иргэний хуулийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

            Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Сүү” ХК нь хариуцагч “Ариундайд” ХХК-тай анх 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 486 дугаартай Орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ” байгуулсан /гэрч Б.А нь мөн энэ өдөр анх гэрээ байгуулсан гэдэг/ гэж, харин хариуцагч “Ариундайд” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа анх 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зайрмаг борлуулахаар гэрээ байгуулсан гэж тус тус тайлбарладаг боловч хэрэгт анх талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээг хэн аль нь нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул энэ гэрээний талаар шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

Харин талууд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 421 дугаартай “Орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ” гэсэн нэртэй гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд тус гэрээг нэг талаас “Сүү” ХК /худалдагч эсвэл нийлүүлэгч гэх/-ийн дэд захирал М.Болод, нөгөө талаас “Ариундайд” ХХК /худалдан авагч, эсвэл гэрээт борлуулагч гэх/-ийн гүйцэтгэх захирал Д.Д нар гарын үсгээ зурж, тамгаа дарж баталсан байхаас гадна худалдагч талыг төлөөлж Борлуулалтын албаны дарга Ө.М, Санхүүгийн албаны дарга В.Ш, хуулийн зөвлөх Б.Ц, менежер Б.А нар, худалдан авагчийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Д нар тус тус гарын үсгээ зурж байгуулжээ (хх 7-8 тал). Гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Дээрх 421 дугаартай гэрээгээр худалдагч /нийлүүлэгч/ “Сүү” ХК нь өөрийн компанийн үйлдвэрлэн гаргаж буй эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, зайрмагийг НӨАТ-ын дугаар бүхий зарлагын падааны хамт шилжүүлэх, худалдан авагч /гэрээт борлуулагч/ “Ариундайд” ХХК нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасны дагуу буюу бараа хүлээн авснаас хойш тухайн сарын сүүлчийн 7 хоногийн ажлын өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.

Үүнээс гадна тус гэрээний 4.5-д зааснаар гэрээт борлуулагч нь борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүний орлогыг шилжүүлсэн мөнгөн дүнгээс НӨАТ-гүй дүнгийн 4 %, зайрмагны борлуулалтын шилжүүлсэн мөнгөн дүнгээс НӨАТ-гүй дүнгийн 7 %-ийн урамшуулал авах, мөн 4.8-д зааснаар гэрээт борлуулагч нь энэхүү гэрээг байгуулагдахаас өмнө нийлүүлэгч талын дансанд борлуулалтын барьцаа төлбөр байршуулахаар тус тус харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу хариуцагч “Ариундайд” ХХК нь барьцаа 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “Сүү” ХК-ийн Хаан банкин дахь 5122001839 тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 2 хуваан шилжүүлсэн байна.

Энэ бүгдээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх боловч хэрэгт цугларсан баримтуудаар энэ гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь: Хариуцагч “Ариундайд” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж 000063047 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байх ба тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Д-ыг томилсныг 2015 оны 03 дугаар сарын 03 өдөр, Д.Х томилсныг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, Г.М-ыг томилсныг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус улсын бүртгэлд бүртгэсэн болох нь “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-аар тогтоогдож байна. (хх 36-37 тал)

Мөн гэрээний 1.3-т “Энэ гэрээнд талуудын хуулийн этгээдийн болон иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавсаргасан байна” гэж заасан /талууд энэ заалтыг хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй/-аас үзэхэд худалдагч “Сүү” ХК нь худалдан авагч “Ариундайд” ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нь шаардан авах эрхтэй байсан байна.

Дээрх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 421 дугаартай “Орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ”-г байгуулах үед “Ариундайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Хэрлэнзул байхад албан ёсоор тус компанийг төлөөлөх бүрэн эрхгүй /гэрээ байгуулах талаар компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авсан эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй/ этгээд болох Д.Д нь гэрээнд гарын үсэг зурж, тус гэрээг байгуулсан байгааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу нэхэмжлэгч “Сүү” ХК нь хариуцагч “Ариундайд” ХХК-нд 2016 оны 07 сарын 06-ны өдөр 6 744 048 төгрөгийн, 2016 оны 07 сарын 25-ны өдөр 6 675 648 төгрөгийн, 2016 оны 07 сарын 26-ны өдөр 601 680 төгрөгийн, 2016 оны 08 сарын 24-ний өдөр 6 336 000 төгрөгийн, нийт 20 357 376 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн нь болон хариуцагч “Ариундайд” ХХК нь бараа бүтээгдэхүүний үнээс 11 920 097 төгрөгийг “Сүү” ХК-нд төлөөгүй болох нь хэрэгт авагдсан:

1. “Сүү” ХК болон “Ариундайд” ХХК-ийн 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд өртэй гарсныг харилцан баталж гаргасан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” (хх 41 тал),

2. “Нэмэгдсэн өртгийн татварын падаан”-ууд (хх 16-18, 140-143 тал),

3. Гэрч Б.Аийн мэдүүлэг (хх 74-78 тал)

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн тооцоотой холбогдуулан шүүхэд гаргасан дэлгэрэнгүй тайлбар (хх 48-50 тал) болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч “Ариундайд” ХХК-ийг бараа бүтээгдэхүүний үнэ 11 920 097 төгрөгийг “Сүү” ХК-нд төлөлгүй, энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлд Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг”-ийн талаар зохицуулж өгсөн бөгөөд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж тус тус заасан.

Хариуцагч “Ариундайд” ХХК-ийн төлөөлөгч Г.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 -“Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэсэн баримтыг хариуцагч тал үйлдээгүй, гарын үсэг, тамгатай баримтыг ашиглаж хуурамч баримт үйлдсэн байж болзошгүй, нотариат засвартай байна хэмээн үйлдэл хийхээс татгалзсан гэж,

- бараа материалын борлуулалтын баримт /Нэмэгдсэн өртгийн татварын падаан/-уудыг ямар ч гарын үсэг байхгүй тул уг баримтуудыг үнэлэх боломжгүй гэж тус тус үзэн, дээрх бүх баримтуудыг нотлох баримтаас хасуулах саналтай байна гэж тайлбарласан боловч татгалзлаа баримтаар гаргаж нотолж чадаагүй байна.  

Тодруулбал, дээрх “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэсэн баримтыг хариуцагч талын гарын үсэг, тамгатай баримтыг ашиглаж “Сүү” ХК нь хуурамч баримт үйлдсэн байна гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн үүнээс гадна бараа материалын борлуулалтын баримтуудад бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэг тус тус зурагдсан, энэ нь гэрч Б.А-ийн “...Ариундайд ХХК нь 2016 онд 4 удаа бараа татсан байдаг. 4 удаагийн бараа татсан баримт дээр 2 тал тооцоо нийлсэн байгаа. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байсан бол гарын үсэг зурж, тамга тэмдэг дарахгүй байх байсан. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 тал тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсгээ зурж, тамгаа дарсан байдаг. ...нийт 11 920 097 төгрөг үлдсэн. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй тул 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээг цуцалж компанийн дансанд байршуулсан 5 сая төгрөгийг хасч үлдэгдэл 6 920 097 төгрөгийн тооцоотой байгаа...” гэх мэдүүлэг (хх 76-78 тал)-ээр давхар нотлогдож байна.

Иймд “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-ны баримт болон бараа материалын борлуулалтын баримт /Нэмэгдсэн өртгийн татварын падаан/-уудыг нотлох баримтаас хасах үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд “Ариундайд” ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.

Нэхэмжлэгч “Сүү” ХК нь хариуцагч “Ариундайд” ХХК-ийг бараа бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 11 920 097 төгрөгийг төлөөгүй тул гэрээний барьцаа болгож шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлөх төлбөрөөс нь суутгаж 6 920 097 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хамтран ажиллах гэрээ”-ний үүрэг 6 920 097 төгрөг, алданги 3 460 048 төгрөг, өмгөөллийн хөлс 1 038 000 төгрөг, замын зардал 135 000 төгрөг, нийт 11 553 745 төгрөгийг хариуцагч “Ариундайд” ХХК-иас нэхэмжилсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байх тул нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг болон өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 038 000 төгрөг (хх 46-47 тал), шүүхэд ирэх, буцах замын зардалд төлсөн 135 000 төгрөг (хх 51 тал) тус тус шаардах эрхгүй байна гэж үзэв.

Харин хариуцагч “Ариундайд” ХХК нь “Сүү” ХК-ийн үйлдвэрлэн гаргадаг сүү, сүүн бүтээгдэхүүнийг үндэслэлгүйгээр олж авсан, уг олж авсан бараа бүтээгдэхүүнээ буцааж өгөх боломжгүй байх тул хариуцагч “Ариундайд” ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөний 6 920 097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сүү” ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 201 001 төгрөг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Ариундайд” ХХК-иас 125 972 /хангаж шийдвэрлэсэн 6 920 097 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сүү” ХК-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.М нь шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ш нь хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Ариундайд” ХХК-иас 6 920 097 /зургаан сая есөн зуун хорин мянга ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сүү” ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 201 001 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ариундайд” ХХК-иас 125 972 /нэг зуун хорин таван мянга есөн зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сүү” ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцогч тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг болон шүүх хуралдаанд оролцоогүй талд 14 хоногийн дотор шийдвэрийг гардуулахыг тус тус мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА