Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2277

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй                                                                                                    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр       даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03335 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7 325 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай найз Г.Даагиймаа нь манай хүү орон сууц авах гээд мөнгө дутаад байна, чи олоод өгөөч, эргүүлээд хүүтэй нь буцаагаад өгнө гэж гуйгаад байхаар нь хүнээс 15 000 000 төгрөгийн зээлж авч өгсөн юм. Улмаар 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.Соёл-Эрдэнийн “Голомт банк” ХХК дахь 1605115101 тоот данс руу 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба хариуцагч нь 3 сарын дараа хүүтэй төлнө гэсэн. Гэтэл хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй ба утсаар залгахаар авахгүй, сүүлдээ холбогдох боломжгүй болж зугтаасаар байна. Би, уг мөнгийг хүнээс зээлж авсан бөгөөд тэр хүн нь надаас хүүтэйгээ мөнгөө нэхээд шүүх, цагдаад хандана гээд байхаар нь хүүгийнхээ Нарантуул зах дээр байсан тээш хадгалах контейнерыг худалдаж, өрөө дарсан. Миний бие, уг нэхэмжлэлийг өөрийн нэрийн өмнөөс гаргасан ба охиныхоо дансаар дамжуулж 7 675 000 төгрөгийг авсан, одоо 7 325 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж  хариуцагчаас үлдэх 7 325 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийг Н.Б-аас зээлээгүй, харин түүний охин Б.Энхжаргалаас зээлсэн ба түүнд 7 675 000 төгрөгийг дансаар төлж, 2 820 000 төгрөгийг түүний нэр заасан хүний дансанд шилжүүлсэн боловч хэнд, хэзээ, ямар банкны дансанд төлсөн гэдгээ санахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 10 525 000 төгрөгийг Б.Энхжаргалд төлсөн тул 4 475 000 төгрөг төлөх үүрэгтэй ба дээрх мөнгийг төлөхдөө хариуцагчийн ээж Г.Даагиймаа болон хариуцагч нараас шилжүүлсэн. Иймээс 7 325 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.С-эс 7 325 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 457 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Зээлийг төлөлтийн дагуу хийж байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Анх 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.Соёл-Эрдэнийн “Голомт банк” ХХК дахь 1605115101 тоот данс руу 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 3ээлийн гэрээний төлөлтийг сар бүр тогтмол хийж байсан бөгөөд нотлох баримтаар 7 675 000 төгрөгийг төлсөн бэлнээр болон Н.Б-ын зөвшөөрснөөр өөр хүний данс руу шилжүүлсэн. Үүнд: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Н.Б- зээлийн гэрээний төлөлт болох 1 350 000 төгрөгийг хүний данс руу шилжүүлсэн бөгөөд хийсэн үйлдэл байхад үүнийг авж хэлэлцэхгүй байна. 2018 оны 12 дугаар сарын  15-ны өдөр 1 500 000 төгрөг Баянзүрх дүүргийн нутагт орших ДАКО худалдааны төв дээрээс Б.Соёл-эрдэнийн ээж болох Г.Даариймаагаас бэлнээр авсан үйлдлийг мөн хэлэлцэхгүй байна. Тухайн үед Г.Даагиймаа нь ДАКО худалдааны төв лангуу түрээсэлдэг байсан. Нийт 2 850 000 төгрөг дээр төлсөн гэж маргаж байна. Иймээс тухайн Н.Б-ын өөрийн зөвшөөрснөөр өөр хүний дансруу шилжүүлсэн мөнгө, өөрөө хариуцагчийн ээжээс бэлнээр авсан мөнгийг зээлийн гэрээний суутгалд нийт 10 525 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 4 475 000 төгрөг болсон. Үүнийг төлөхөд манай талаас татгалзах зүйл байхгүй болно. Иймд зээлийн гэрээний дагуу 2 850 000 төгрөгийг бэлнээр болон хүний данс руу шилжүүлсэн учраас зээлийн гэрээний суутгалаас хасч шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Б.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 325 000 төгрөг нэхэмжилснийг  хариуцагч 4 475 000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч Н.Б- өөрийн охин Б.Энхжаргалын дансаар дамжуулан 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.Соёл-Эрдэнийн “Голомт банк” ХХК-ийн 1605115101 тоот дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулга, зохигчдын тайлбар, гэрч Б.Энхжаргалын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хариуцагч 15 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. /хх-ийн 3 /

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа мөн хуулийн  282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан болохыг зөв дүгнэсэн байна.

 

Талууд зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Энхжаргалын дансанд 7 675 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  зээлдүүлэгч нь нэхэмжлэгч Н.Б- биш, зээлдэгч Б.С-эс Б.Энхжаргалын дансанд 7 675 000 төгрөгийг төлсөн гэж маргаж байгаа боловч гэрч Б.Энхжаргалын “...15 000 000 төгрөгийг миний дансаар дамжуулж аав зээлдүүлсэн...”  гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхжаргалын “Голомт банк” ХХК дахь 1209270738 тоот дансны хуулганд зээлийн мөнгөн хөрөнгийг Б.Энхжаргал, Н.Б- гэсэн утгаар шилжүүлж байсан зэргээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгджээ.

 

Хариуцагч Б.С- нь нэхэмжлэгч Н.Б-ад 7 675 000 төгрөгийг төлсөн тул шүүх үлдэх 7 325 000 төгрөгийг түүнээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч тал “...Б.Энхжаргалын дансанд төлсөн 7 675 000 төгрөгөөс гадна  1 350 000 төгрөгийг Н.Б-ын заасан хүний данс руу шилжүүлсэн, 1 500 000 төгрөг Г.Даариймаа бэлнээр Н.Б-ад төлсөн, нийт 10 525 000 төгрөгийг төлсөн...” гэж тайлбарлаж байгаа боловч “...2 850 000 төгрөг дээр төлсөн...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх  хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаар нотлоогүй талаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Н.Б- заасан хэний ямар дансанд 1 350 000 төгрөгийг  шилжүүлсэн талаар нотлох баримтыг  гаргаж ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхэд гэрчээс мэдүүлэг авахуулах, иргэн, хуулийн этгээдээс нотлох баримт гаргуулан авах талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                              ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                      Н.БАТЗОРИГ