Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2415

 

 

 

 

 

            2020        09          29

                                 101/ШШ2020/03335

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай найз Г.Д нь манай хүү орон сууц авах гээд мөнгө дутаад байна, чи олоод өгөөч, эргүүлээд хүүтэй нь буцаагаад өгнө гэж гуйгаад байхаар нь хүнээс 15,000,000.00 төгрөгийн зээлж авч өгсөн юм. Улмаар 2017 оны 08 сарын 10-ны өдөр Б.С “Г банк” ХХК дахь тоот данс руу 15,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн ба хариуцагч нь 3 сарын дараа хүүтэй төлнө гэсэн.

 

Гэтэл хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй ба утсаар залгахаар авахгүй, сүүлдээ холбогдох боломжгүй болж зугтаасаар байна. Би, уг мөнгийг хүнээс зээлж  авсан бөгөөд тэр хүн нь надаас хүүтэйгээ мөнгөө нэхээд шүүх, цагдаад хандана гээд байхаар нь хүүгийнхээ Нарантуул зах дээр байсан тээш хадгалах контенерыг худалдаж, өрөө дарсан.

 

Миний бие, уг нэхэмжлэлийг өөрийн нэрийн өмнөөс гаргасан ба охиныхоо дансаар дамжуулж 7,675,000.00 төгрөгийг авсан, одоо 7,325,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд, урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байх тул хариуцагчаас үлдэх 7,325,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, тухайн зээлийг Н.Б-аас зээлээгүй, харин түүний охин Б.Э-аас зээлсэн ба түүнд 7,675,000.00 төгрөгийг дансаар төлж, 2,820,000.00 төгрөгийг түүний нэр заасан хүний дансанд шилжүүлсэн боловч хэнд, хэзээ, ямар банкны дансанд төлсөн гэдгээ санахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 10,525,000.00 төгрөгийг Б.Э-д төлсөн тул 4,475,000.00 төгрөг төлөх үүрэгтэй ба дээрх мөнгийг төлөхдөө хариуцагчийн ээж н.Д болон хариуцагч нараас шилжүүлсэн. Иймээс 7,325,000.00 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б-аас хариуцагч Б.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тоот захирамжаар Б.Э-ыг гэрчээр оролцуулсан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 7,675,000.00 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас нийт 7,325,000.00 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч тал 10,525,000.00 төгрөгийг төлсөн тул 4,475,000.00 төгрөг төлөх үүрэгтэй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н.Б 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.С “Г банк” ХХК-ийн тоот дансанд 15,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байна. Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Б.С нь орон сууц худалдан авах зорилгоор ийнхүү 15,000,000.00 төгрөгийг зээлжээ /х.х-ийн 3 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэдийгээр зохигчид, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 15,000,000.00 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орлогын мэдүүлэгт мөнгө шилжүүлсэн хүнийг “Э-с” гэсэн байх тул зээлдүүлэгч нь нэхэмжлэгч Н.Б биш, тийм ч учраас хариуцагч Б.С-эс уг зээлийг буцаан төлөхдөө Б.Э-ын дансанд 7,675,000.00 төгрөгийг төлсөн гэж маргасан.

 

Гэвч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Э “би, Б.С гэж хүнийг танихгүй, тус 15,000,000.00 төгрөгийг аав минь надаар болон миний дансаар дамжуулж зээлдүүлсэн” гэж мэдүүлсэн. Нөгөө талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох гэрч Б.Э-ын “Г банк” ХХК дахь тоот дансыг үзвэл н.Д болон хариуцагч Б.С нараас нийт 7,675,000.00 төгрөгийг Б.Э, Н.Б гэж шилжүүлж байжээ.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж, мөн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, түүнчлэн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Н.Б нь 15,000,000.00 төгрөгийг заавал өөрийн данснаас, аль эсхүл өөрийн биеэр хариуцагч Б.С-д өгөх үүрэггүй, үүний нэгэн адил хариуцагч Б.С нь 7,675,000.00 төгрөгийг төрсөн ээж н.Д-аар мөн төлүүлж болох ба зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал хариуцагч болон түүний ээжээс гэрч Б.Э-ын дансанд шилжүүлсэн 7,675,000.00 төгрөгийг хожим хүлээн авсан бол хариуцагчийг үүргээ гүйцэтгэсэнд тооцох тул хариуцагчийн “зээлдүүлэгчийг нэхэмжлэгч Н.Б” биш гэсэн тайлбар үндэслэлгүй байна.  

 

Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Б.-ийг 15,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэхээр амаар тохирсон ба нэхэмжлэлд дурдсанаар зээлийг хүүтэй байна гэжээ. Гэвч дээрх хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3-д ”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус зааснаар зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй байх тул 15,000,000.00 төгрөгийг хүүтэй зээлсэн гэж үзэхгүй.

 

Тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой ба ийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч Б.С нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Н.Б-д 7,675,000.00 төгрөгийг төлж, үлдэх 7,325,000.00 төгрөгийг төлөөгүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийг тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д “Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гээд 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж тус тус зааснаар үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т “Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Тодруулбал, нэгэнт хариуцагч Б.С нь төрлийн шинжээр тодорхойлогдох “мөнгө”-ийг зээлсэн учраас үлдсэн зээлийг зээлдүүлэгч Н.Бэхбатад заавал төлөх үүрэг хүлээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.С нь нэхэмжлэгч Н.Б-д 10,525,000.00 төгрөгийг төлсөн гэсэн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох учиртай хэдий ч тэрээр 10,525,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй учраас зээлийн үлдэгдлийг 4,475,000.00 төгрөг гэж тооцох боломжгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 7,325,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.С-эс 7,325,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР