Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

            Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Ч.Ц  нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ч.Ц- д холбогдох эрүүгийн ,,,,,дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Ч.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны оройн 21 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр “Зуун мод” гэх газар иргэн Д.Г ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Г ийн өгсөн: ...Манай хамаатан саднууд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхрийн төрлийн хүний гуйлганд явчихаад тэндээсээ хэсэг бүлэг хүмүүс нь манай гэрт ирсэн юм. Би ирсэн хүмүүст хоол унд хийж өгөөд нэг шил архи задлаад уусан. 2 литрийн монгол архи бас уусан. Гуйлганаас ирсэн болохоор хүмүүс согтсон байсан. Би бас халамцуу байсан. Тэгсэн 21 цагийн үед манай нөхөр А гэнэт хэл үггүй машинаа асаагаад давхиад явчихаар нь би согтуу хүн янз бүр болчих болов уу гэж айгаад араас нь Ц-ийг гуйж машинаар нь Б, бид гурав араас нь явсан юм. Тэгээд бид нар А-г очсон байх гэж бодсон айлдаа очиход ирээгүй байсан болохоор бид нар буцаад гэрийн зүг явах замдаа Ц, Б-д хандаж хэрүүлийн шинжтэй үг хэлээд байхаар нь би “чи архи уучхаад яагаад дандаа агсрах гээд байдаг юм. Ноднин манайд бас агсам тавьсан биз дээ гээд хэлсэн юм. Тэгсэн над руу уурлаж дайраад бид хоёр бие биенээ элдэв хараалын үгээр хэлж муудалцаад явахад Цогтгэрэл уурандаа жолоо барьж явснаа намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохиод авсан. Тэгээд намайг дахиад цохиод авахаар нь би машинаас нь буугаад үлдчихсэн юм. Тэгээд Ц яваад өгсөн. Би гэрлүүгээ алхаж очоод дүү Г руу утсаар ярьж манайд хүрээд ир, Ц намайг цохьлоо гэж хэлсэн юм. Тэгээд Г, А-тай хамт ирсэн. Тэгээд цагдаад утсаар мэдэгдсэн юм. Ц намайг гараараа нүүрэн дундуур хоёр удаа цохиж зодсон. Миний толгой их өвдөж байна. Дээд талын уруул дотор талдаа язарсан байна. Ц-ийн портер маркийн автомашины кабинд болсон юм. Ц жолоо бариад, би дунд талд нь суугаад Б хаалган талд суучихсан явсан юм. Явах замдаа л согтуу хүмүүс маргалдаж муудалцаад ийм асуудал болсон юм. Би Ц-ийг цохиж зодоогүй. Би бага хэмжээний согтолттой, Ц надаас арай илүү согтолттой байсан. Б хажууд сууж явсан болохоор мэдэж байгаа байх, Ц, Б бид гурваас өөр хүн байхгүй байсан. Би гомдолтой байна. ..гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуу/

 

Гэрч С.Б-гийн өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бэрийн гуйлганд манай төрөл садангууд явчихаад орой 21 цагаас 22 цагийн үед Ц, бид хоёр Г, А хоёртой А-нд очсон. Тэгээд удаагүй гэрт нь сууж байхад А согтуу машинаа унаад гараад явчихлаа гэж Г Ц-д хэлээд хоёулаа араас нь хамт машинаар чинь явъя гэхээр нь би хоёр согтуу хүн яваад яахав ах нь хамт явъя гээд би цуг явсан юм. Бид гурав А-г хайж Б-х руу очиход А байгаагүй. Эргээд манай гэрээр ороход бас байгаагүй. Тэгээд буцаж явах замдаа Г, Ц-ийг алгадаад авсан. Тэгээд Ц-ийн гар хөдлөх шиг болсон. Тэгээд Ганчөдөрийг гэрийнхэн хаяанд нь аваачиж буулгачхаад явсан. Тэгэхэд Ганчөдөр араас дагаад алхаж байгаа харагдсан.  Бид хоёр хоорондоо за за гэрлүүгээ орчих байлгүй гэж ярилцаад явсан юм. Тэгээд би гэрлүүгээ, Ц гэрлүүгээ явсан юм. Ц жолоо барьж явахад нь Г алгадаад авсан юм, Тэгсэн Ц-ийн гар нь хөдлөх шиг болсон би цохьсон үгүйг нь мэдэхгүй байна. Ц, Г хоёр замдаа хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй ээ, зүгээр байхад нь Гөөрөө Ц-ийг алгадаад авсан юм. Тэгээд л гэрийнхэн гадна Г-ийг буулгачхаад явсан юм. Би болсон явдлыг санаж байна, бид нар архи уухын хувьд уусан байсан. Тэгэхдээ ухаан мэдрэлээ алдтал согтоогүй байсан. Ц машин барьж явахдаа хальт гараа хөдөлгөх шиг болсон тэгэхэд цохьсон юм уу сайн мэдэхгүй байна, өөр ямар нэгэн цохиж зодсон асуудал болоогүй. Г-ийн гэрийн гадна ирээд Цмашинаасаа буугаад Г-ийг буулгаж орхичихоод буцаад машиндаа суугаад явсан. Машинаас буугаад гадна ямар нэгэн зүйл болоогүй.  Би өөрийн мэдэж байгаа зүйлээ л өөрт чинь хэллээ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуу/

 

Гэрч Ч.А-гийн өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний хамгийн том эгчийн бага охины гуйлга болсон юм. Тэнд би эхнэр Г-ийн хамт очсон юм. Тэгээд тэндээсээ хамаатан садангууд нийлээд архи, дарс ууцгаасан байсан болохоор хэсэг бүлэг хүмүүс нь манайд очихоор болсон юм. Тэр дунд Ц хамт явсан юм. Тэгээд манайд ирээд монгол архи хувааж ууцгаасан. Тэгээд удаагүй ирсэн хүмүүсээс эхнээсээ явцгаасан. Тэр үед би машинаа унаад төрсөн дүү Б-ы гэр лүү очиход гэр нь цоожтой байхаар нь би буцаж явахдаа замаараа Г-ны гэрт очсон юм. Тэдний гэрт байж байхад Г-ны утас руу Г залгаад намайг Ц зодоод хээр хаячхаад яваад өглөө гэж уйлж ярихаар нь би гэртээ яваад очиход уруул нь хавдаад цус гарчихсан, уйлаад ганцаараа гэртээ байж байсан. Тэгээд би юу болсныг асуухад Б, Ц хоёр хоорондоо маргалдахаар нь би дундуур орж Ц-ийг залуу болохоор нь загнахад намайг цохьсон гэж байсан. Би дэргэд нь байгаагүй болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. Манай гэрт байхдаа зүгээр л байсан. Тэгсэн намайг айл руу явсан хойгуур Г, Ц, Б гурав намайг хайж араас машинтай явсан юм байна лээ. Тэр үед л ийм асуудал болсон гэж дараа нь би сонссон юм. Миний мэдэхийн өмнө нь нэг удаа Ц согтуу ирэхэд Г аашилж загнахад өөдөөс хэрэлдэж маргалдаж байсан юм. Ер нь тэр болгон ойр дотно харилцаатай байдаггүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/

 

Ч.Ц ийн яллагдагчаар мэдүүлсэн: ... Тэгээд буцаж явах замдаа би паар тавиад архи уусан байсан болохоор бараг тасарсан шахуу байсан. Би өөрийн хх-хх УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож миний баруун хажууд Г эгч сууж хамгийн захад Б суусан явж байсан. Тэгтэл Ганчөдөр эгч намайг алгадаж авах шиг болсон тэгэхээр нь би гараа саваад түүний нүүрэн хэсэг рүү цохисон. Тэгтэл уруулнаас нь цус шүүрээд байсан. Намайг цохьсны дараа Б хөөе хөөе гээд бараг унтаж байснаа сэрсэн. Тэгэхээр нь би Г-ийг гэрийнх нь тэнд 50 м зайтай буулгаад үлдээгээд гэрлүүгээ явсан юм. Би Ганчөдөр эгчийг маргалдаж байгаад зодсон. Үл ялих зүйлээс болж маргалдсан. Надад гэмтэл учраагүй. Гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй байна. Бараг гэрийн хаяанд нь байсан. 50 м зайтай л байсан байх. Машин цонх онгорхой байхад харин буучихаад араас орилоод алхаад байсан. Тэгээд хурдан давхиад яваад өгсөн. Бид нар нилээн их архи уусан байсан. Бараг бүгд л тасарсан байсан. С.Б 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймаг руу мал авахаар явсан. Утасгүй байгаа. Г-тэй өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй.  Надад бог, бод нийлсэн 300 гаран мал байгаа. Амьдралын боломж бололцоо сайтай. Торгуулийн арга хэмжээ авахуулахад 500,000-600,000 төгрөг бэлэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 509 дугаар дүгнэлт:

1. Д.Г ийн биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 12 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 25-26 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Ц д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Ц  нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны оройн 21 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр “Зуун мод” гэх газар иргэн Д.Г тэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Ц  нь хохирогчийг цохьсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Г , гэрч С.Батсүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 509 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ц  нь хохирогч Д.Г ийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Ч.Ц ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Ц ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Д.Г  нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ гомдол саналгүй, эмчилгээ эм тариа хийлгээгүй талаар дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ц  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

                                          

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ч-ийн Цо ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Ц  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Ч.Ц  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Ц д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд  заасан журмын дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

6.  Шүүгдэгч Ч.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ