Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0688

 

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0688

Улаанбаатар хот

 

 

Ж.А-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, гуравдагч этгээд Т.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Иргэн Ж.А-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ж.А-ийн Орхон аймгийн Баян-Өндар сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.А давж заалдах гомдолдоо:

“...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх заалтыг зөрчсөн. Учир нь “иргэдийн сонгох эрх 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтыг анхан шатны шүүх анхаарч үзэж хэргийг шийдвэрлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Учир нь үнэмлэхийг тулгаж бүртгэл хийгээгүйгээс 18 насанд хүрсэн иргэд тухайн сонгуульд оролцсон эсэх нь тодорхойгүй.

Багын Засаг даргыг сонгох сонгуульд оролцсон 275 иргэний хэд нь насанд хүрсэн эсвэл бүгдээрээ насанд хүрсэн байсан эсэх нь нотлогдоогүй байхад хууль ёсны сонгууль болсон гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй юм.

Дээрх сонгууль нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг зөрчсөн. Уг заалтад “тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох тухай” заасан. Гэтэл өөр багийн иргэд оролцсон нь нотлогдсон. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлсөн байхад нөлөөлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Сонгуулийн насны иргэн оролцсон нь нотлогдоогүй байхад хууль ёсны сонгууль гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн “багийн иргэдийг регистрийн дугаараар бүртгээгүй зөрчил нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл болохгүй бөгөөд хэргийн оролцогчид ирц хүрсэн эсэхэд маргаагүй болно” гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “сонгуулийн насны иргэн гэдгийг 18 нас хүрсэн иргэний бүртгэлд бүртгүүлсэн эрх зүйн чадамжтай иргэнийг хэлнэ” гэж заасан.

Уг заалтын шаардлагыг хангасан иргэн сонгуульд оролцсон нотлогдоогүй байхад шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтад баг, хорооны хуралд зөвхөн баг, хорооны иргэн оролцохыг хуульчилсан. Гэтэл тухайн хуралд өөр багийн иргэд оролцон санал өгч, уг иргэдийн нэг нь сонгуулийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж, хурлын тогтоолд гарын үсэг зурсан байдаг.

Хурлын тогтоол ямар байх талаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд тодорхой тусгасан ба миний маргаан үүсгэсэн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот хурлын тогтоолд өөр багийн иргэн н.Нармандах гэх этгээд, нарийн бичгийн дарга гэх үндэслэлээр гарын үсэг зурж, хурлын үйл ажиллагаанд хууль зүйн үндэслэлгүй байхад тогтоолд гарын үсэг зурж, хурлын үйл ажиллагаанд оролцож байгаа нь дээрх хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байхад шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, бүрдүүлээгүйн улмаас нэхэмжлэл, гомдол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаав.

Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлэх зарчмыг хэрэгжүүлэхдээ шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх үндсэн зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхийн тулд маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэх учиртай.

Түүнчлэн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх буюу өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл түүнд шүүхийн зүгээс өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ хэргийн бодит байдалд тайлбарлаж хэрэглэгдсэн байдал тусгагдсан байхыг хуулиар шаарджээ. 

Нэхэмжлэгч Ж.А “...“Баянбулаг багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон хэд хэдэн үндэслэлийг нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд тэдгээрийн нэг нь “тус сонгуульд оролцогчдыг регистрийн дугаараар нь бус утасны дугаараар бүртгэснээс сонгуулийн насны иргэд сонгууль өгсөн эсэх нь эргэлзээтэй, хууль бус ...” гэж маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг”, 3.1.2-т “сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг” ойлгохоор зааснаас үзвэл арван найман нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцсон эсэхийг сонгуульд оролцогчдыг бүртгэсэн баримтад тулгуурлан тодорхойлохоор байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцогчдыг гэрийн хаяг, утасны дугаар”-аар нь бүртгэсэн Орхон аймгийн “Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны ирцийн хүснэгт”[1] гэх баримтаас тухайн хуралдаанд оролцогчдын “төрсөн он, сар, өдөр”-ийг буюу “сонгогчдын нас”-ыг тодорхойлох боломжгүй байна.

Анхан шатны шүүх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцсон иргэдийн регистрийн бүртгэлийг буюу өөрөөр хэлбэл, сонгогчдын насыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой тус хэрэгт хамааралтай байхад энэ талаар тодруулаагүй, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасантай тус тус нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Орхон аймгийн Баянбулаг сумын Баян-Өндөр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд оролцож, багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагаанд оролцсон иргэдийн сонгуулийн насанд хүрсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ