Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00019

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                  Нэхэмжлэгч: Ж.Ариунаагийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай”  тогтоолыг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0009/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ариунаа, хариуцагч Л.Батхуяг, гуравдагч этгээд Т.Дөлгөөнтамир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, гэрч Б.Баяртцэцэг, А.Норовбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.Ариунаа нь Баянбулаг багийн Засаг даргад нэр дэвшсэн юм. Шүүхэд 5 асуудлаар гомдол гаргасан. 1. Иргэдийн бүртгэлийг регистрээр нь бүртгэх ёстой байтал утасны дугаараар бүртгэсэн. 2. Цэдэндорж, Батгэрэл нарын саналыг 2 дахин өгүүлсэн. 3. 10.00 цаг болоод хаалга барихад Ш.Дорж, Ц.Нэмэх, Д.Баасандэлгэр нарыг арын хаалгаар оруулсан. 4.Тухайн багийн иргэн биш Төмөрбаатарын Нармандахаар тогтоолд гарын үсэг зуруулж, нарийн бичгийн даргаар томилсон. 5. Баянбулаг багийн иргэн биш Ц.Чинчулуун, Б.Чулуун-Эрдэнэ нараар санал өгүүлсэн. Энэ 2 хүн тухайн багаас шилжсэн хүмүүс байгаа. Үүнээс гадна миний мэдээгүй хэдэн хүн санал өгсөн болохыг мэдэхгүй байна. Иймд Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг даалгаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Л.Батхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж, багийн иргэдийн саналаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөж, олонхийн санал авч багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Би багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураах үед хурлыг удирдсан. Ирцийн бүртгэлийг багийн Засаг даргын ажлын алба хийж гүйцэтгэсэн бөгөөд бүртгэлд орсон хүмүүст саналын хуудас тарааж санал өгүүлсэн. Иймд гадны иргэн орж санал өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүртгэлийн дагуу нэрсийг дуудаж, саналыг өгүүлсэн. 10.00 цагаас хойш орж ирсэн иргэдийг би мэдэхгүй, тухайн үед хамгаалалтад цагдаагийн албан хаагчид ажиллаж байсан. Т.Нармандахын хувьд багийн нийгмийн ажилтан хийдэг. Багийн Засаг даргаар ажиллаж байсан Дагвадоржийн саналаар багийн иргэдийн олонхийн саналаар нарийн бичгийн даргаар сонгогдож, хуралдааны тэмдэглэл хөтлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

            Гуравдагч этгээд Т.Дөлгөөнтамир шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг багийн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан иргэдийн Нийтийн Хуралд тус багийн Засаг даргад нэр дэвшсэн бөгөөд тус багийн Засаг даргаар сонгогдсон. Иргэдийн Нийтийн Хурлын хэв журам сахиулж цагдаагийн хоёр албан хаагч ажилласан бөгөөд хуралд оролцохоор ирсэн иргэдийг Баянбулаг багийн хэсгийн ахлагч нар бүртгэж оруулсан. Ийнхүү иргэдийг бүртгэж оруулахдаа утасны дугаараар нь бүртгэж оруулах боломжгүй бөгөөд Цагдаагийн албан хаагчид хяналт тавьсан. Цэрэндорж, Батгэрэл нарын 2 иргэн иргэдийн Нийтийн Хуралд 2 удаа санал өгөх боломжгүй юм. Учир нь тухайн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комисс, Тооллогын комиссын дарга, нарийн бичгийн дарга нар хяналт тавьж, иргэдийн нэрсийг дэс дарааллаар дуудаж, санал өгсөн иргэн бүрт тус тус нэг саналын хуудас өгч санал хураалтын ажиллагааг зохион байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй худал таамаглалаа үнэн бодит зүйл болсон мэт бичсэн байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх хэсэгт заасан хэргийн талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлэхгүй байгааг харуулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал 10 цаг 00 минутад эхэлсэн бөгөөд тус хуралдаанд оролцохоор ирсэн иргэдийг Цагдаагийн албан хаагч нар нэг хаалгаар л оруулсан. Ямар нэгэн байдлаар ар, өврийн хаалгаар ялгаварлан оруулсан зүйл байхгүй юм. Баянбулаг багийн Засаг даргаар ажиллаж байсан Дагвадорж тус хуралдаанд нарийн бичгээр ажиллах хүний нэрийг Т.Нармандахыг оруулсан бөгөөд хуралдаанд оролцсон иргэдээс санал авахад Т.Нармандахыг нарийн бичгээр ажиллуулах санал өгсөн тул түүнийг нарийн бичгээр ажиллуулсан. Т.Нармандах нь Баянбулаг багийн Нийгмийн ажилтан тул нарийн бичгийн даргаар ажиллуулсан. Т.Нармандах нь иргэдийн Нийтийн Хуралд иргэний хувиар оролцож, санал өгөөгүй. Энэ нь Ж.Ариунаагийн эрхийг хэрхэн зөрчөөд байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Багийн хэсгийн ахлагч нар иргэдийг иргэний үнэмлэхээр нь бүртгэж, иргэдийн Нийтийн Хуралд оролцох эрхийг буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахь хэсэгт заасан тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн мөн эсэхийг шалгаж, бүртгэсэн тул өөр багийн иргэд тухайн хуралд оролцож багийн Засаг даргын санал хураалтад оролцох ямар ч боломжгүй юм. ...Ийнхүү Ж.Ариунаагийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

  Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл багийн Засаг даргад Т.Дөлгөөнтамир, Ж.Ариунаа, С.Баттулга нар нэр дэвшээд Т.Дөлгөөнтамир 152 санал,  Ж.Ариунаа 87 хүний санал авсан бөгөөд 65 саналын зөрүү байна. Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн лавлагаанаас харахад шилжиж явсан 2 хүн санал өгсөн байдал харагдаж байна. Гэхдээ энэ хүмүүс Т.Дөлгөөнтамирт санал өгсөн байсан гэж үзээд хасаж тооцсон ч саналын зөрүү 65 байхад Ж.Ариунаагийн эрх ашиг, сонгох, сонгогдох эрх нь зөрчигдөөгүй байна. Энэ нөхцөлд дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Гэрч Б.Баяртцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Бид нар 10 цаг болоод урд хаалга барьсан байсан. Тэгтэл арын хаалгаар хүн орж ирлээ гэсэн. Би яваад очтол Дорж багш 2 хүний хамт орж ирлээ гэсэн. Би цагдаад хэлсэн энэ хүнийг хамт орж ирсэн хүнтэй нь гарга гэхэд Дорж багш загнаад буцаасан байсан. Санал өгөх болоход ирцэнд авч болохгүй санал өгүүлэхгүй байя гэхэд Дорж багш би анхнаасаа дэг батлалцаад оролцоод явсан учраас санал өгнө гээд саналаа өгсөн. Хуралдаан 10 цаг 00 минутад хаалгаа бариад тэгээд эхэлсэн. Дорж гуай 5 минутын дараа орж ирсэн” гэв.

  Гэрч А.Норовбадам шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд бүртгэл хөтлөж байсан. Манай багийн иргэд болох Цэдэндорж, Батгэрэл нар нь санал өгөөгүй гэж хэрүүл, маргаан хийж байгаад дахин саналаа өгсөн” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж, тус хуралдаанаар багийн Засаг даргад Т.Дөлгөөнтамир, Ж.Ариунаа, С.Баттулга нарын нэрийг дэвшүүлж, санал хураажээ.

            Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 275 иргэн оролцож, саналаа өгсөн байх бөгөөд Т.Дөлгөөнтамир 152 санал буюу 55.2 хувь, Ж.Ариунаа 87 санал буюу 31.6 хувь, С.Баттулга 25 санал буюу 9.1 хувийн санал авч, олонхийн санал авсан Т.Дөлгөөнтамирыг Засаг даргаар сонгогдсонд тооцож, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар “Багийн Засаг даргыг сонгосон тухай” тогтоол, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаар “Багийн Засаг даргыг сонгосон тухай” тогтоолыг тус тус гаргасан байна.

            Багийн Засаг даргад нэр дэвшигч Т.Дөлгөөнтамир нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 55.2 хувийн саналыг авсан тул Засаг даргаар сонгогдсон гэж үзэж, түүнийг Баянбулаг багийн Засаг даргаар томилуулахаар Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг гаргаж, Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлжээ.

            Нэхэмжлэгч Ж.Ариунаа нь Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар тогтоолын улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзэж, хүчингүй болгуулах, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Иргэдийн бүртгэлийг регистрээр бүртгээгүй утасны дугаараар бүртгэсэн, Цэдэндорж, Батгэрэл гэх хүмүүсээр 2 дахин санал өгүүлсэн, 10.00 цагт хаалга барихад арын хаалгаар 3 хүн нэмж оруулсан, тухайн багийн иргэн биш Т.Нармандахыг нарийн бичгийн даргаар томилж, тогтоолд гарын үсэг зуруулсан, тус багийн иргэн биш Ц.Чинчулуун, Б.Чулуун-Эрдэнэ нараар санал өгүүлсэн зөрчлүүд гарсан” гэж тайлбарлаж байна. 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянбулаг багт амьдарч байгаад өөр багт шилжиж явсан Б.Чулуун-Эрдэнэ, Ц.Чинчулуун нар нь багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож, санал өгсөн болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1089 дугаартай албан бичиг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1140 дугаартай албан бичиг, ирцийн бүртгэл зэргээр нотлогдож байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан багийн Хурлын хуралдаанд зөвхөн тухайн багийн иргэд оролцох заалтыг зөрчиж байгаа хэдий ч нэр дэвшигч Т.Дөлгөөнтамир 152 санал буюу 55.2 хувь, Ж.Ариунаа 87 санал буюу 31.6 хувийн санал авсан байх тул тухайн багийн иргэн биш хоёр хүн санал өгсөн нь Баянбулаг багийн Засаг даргыг сонгох саналын дүнд нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэлээ.

             Нэхэмжлэгчээс “Цэдэндорж, Батгэрэл гэх хүмүүс 2 дахин санал өгсөн” гэж маргаж байгаа нь Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн  “Багийн Засаг даргыг сонгосон тухай” 05 дугаар тогтоолын дүн ямар нэгэн зөрүү байхгүй байгаа, хуралдааны тэмдэглэлд “багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтад Цэдэндорж, Батгэрэл нар 2 удаа санал өгсөн” гэж тэмдэглэснээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд гэрч А.Норовбадам нь “Цэдэндорж, Батгэрэл нар саналаа өгөөгүй гэж маргаж байгаад дахин саналаа өгсөн” гэж мэдүүлж байгаа зэргээс үзвэл дээрх 2 иргэнийг багийн Засаг даргыг сонгох санал хураалтад хоёр удаа санал өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

                Мөн хуралдаан эхлэх цаг болж хаалга барьсны дараа арын хаалгаар 3 хүн нэмж оруулсан, тухайн багийн иргэн биш Т.Нармандахыг нарийн бичгийн даргаар сонгосон, багийн иргэдийг регистрийн дугаараар бүртгээгүй гэх зөрчлүүд нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулах үндэслэл болохгүй бөгөөд хэргийн оролцогчид багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн ирц хүрсэн эсэх талаар маргаагүй болно.

Дээрх зөрчлүүдийн улмаас нэхэмжлэгч Ж.Ариунаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй бөгөөд Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ж.Ариунаагийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай”  тогтоолыг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан Ж.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ