Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Э.Б даргалж, шүүгч Д.Ц, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Г нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Б

Иргэдийн төлөөлөгч Б.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.У

Шинжээч эмч С.О /онлайнаар/

Гэрч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Т.Т-д холбогдох эрүүгийн 201710010069 дугаартай хэргийг 2018 оны 01  дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, эхнэр, 5 хүүхэд, хадам эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл М овогт Т.Т,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Т.Т нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Оринтел хотхоны 1 дүгээр орцны  тоотод хохирогч Л.Т-тай маргалдаж, зодолдон улмаар түүнийг түлхэж унагаасны улмаас амь насанд аюултай тархинд хүнд зэргийн гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.   /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М овогт Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 сарын 14-ний өдөр талийгаач ахтай 2 шил архи хувааж уусан. Талийгаач архи уугаад согтоод “чи яв, чиний хэрэг байхгүй, чамаас өөр гагнуурчин олдоно гээд намайг хөөсөн. Би босоод явах гэж байтал нааш ир гээд өөдөөс аяга шидсэн. Араас ирээд намайг 2 удаа боосон. Би боолтноос гарах гээд зууралдаж, ноцолдож байгаад зүүн гар талаараа хажуугаараа матрасанд давхаралдаад унасан. Би матрасан дээр, талийгаач паркатан шалан дээр унасан. Тэгээд би гараад машиндаа унтаж байхад Б ирээд Т ах хачин болчихлоо таныг дуудаж байна гэхээр ороход өнгөрсөн байсан.Би талийгаачийг түлхэж унагаасан болон хана мөргүүлсэн зүйл байхгүй. Архи уухаараа намайг хөөгөөд, зайл чи, чамаас өөр гагнуурчин олдоно гээд хөөгөөд байдаг байсан. Ийм зүйлээс болж бид хоёр маргалдсан. Би энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй, ахыгаа санаатай алаагүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Л.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач миний хамгийн бага дүү, би хамгийн том нагац юм. Би төрсөн ах нь юм. Т-н ээж миний төрсөн дүү юм. Би цогцосыг нь авч явж ажил явдлыг өнгөрөөсөн. Төрсөн дүүгээ шороонд булсан, нэгийг нь шоронд хиймээргүй юм гээд явж байна даа. Талийгаач нь ганцхан хүүхэдтэй. Одоо 11 дүгээр ангийн охин байгаа. И одоо өөр хүнтэй гэр бүл болсон байгаа. Т.Т-н зүгээс талийгаачийн ажил явдалд мөнгө төгрөгний туслалцаа, дэмжлэг үзүүлсэн. Одоо дүүгийнхээ хүүхдээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал, өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Т хохирогчийг хана мөргүүлж, цохьсон. Намайг орж ирэхэд энэ хоёр хоорондоо барьцалдаад, ноцолдоод байсан. Хохирогч Т нь шүүгдэгчийг харь гэж хэлсэн юм шиг байна лээ. Хохирогч босч ирсэн гэтэл шүүгдэгч Т хохирогчийг түлхсэн. Хохирогч арагшаа хана мөргөж шалан дээр унасан.  Хохирогч унасны дараа босч ирэхгүй эвхрээд газар хэвтээд байсан. Тэгээд эхнэртэй нь дамжилж матраасан дээр хэвтүүлсэн. Тэгэхэд талийгаач өмдөндөө шээсэн байсан. Ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй, юм ярихгүй, зүгээр тасарсан хүн шиг байсан. Орон дээр хэвтүүлсэний дараа унтаж байгаа юм шиг хухираад байсан. Т намайг зодно гээд хөөгөөд байхаар нь би зугтаад зодуулаагүй. Намайг нэг удаа хөл рүү өшиглөсөн. Тэгээд жаахан байж байгаад гараад явсан. Хохирогч түлхүүлж унахаас өмнө унтмаар байна гэж хэлж байсан. Т талийгаачийг боогоод унагасан. Талийгаач Т-г боож унагаагүй. Т агсан тавиад хохирогч руу дайрч давшлаад байсан. Салгах гэхээр над руу дайраад байсан гэв.

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... яг тэгээд хоорондоо маргалдаад байж байхад гаднаас Т ахын найз нь гэх ах орж ирсэн, тэгээд Т ах найзтайгаа уулзаад жаахан уйлж бариад “энэ Т намайг тоохоо больчихсон байна” гэх мэт зүйл ярьж байсан. ... бид 2-ыг ороход Т ах орон дээр унтаж байсан, И эгч Т ахын найзтай нь юм яриад байж байсан, харин Т ах нэлээд согтсон байдалтай шалан дээр хэвтэж байснаа юу ч хэлэлгүй гараад явчихсан. ... И эгч хоол хийж байх зуураа энэ одоо түрүүнээс хойш ердөө хөдлөхгүй юм гээд 19 цаг 30 минутын үед Т ах дээр очсон, тэгээд л энэ амьсгалахгүй байна, түргэн дуудъя, гарч Т-г олж ир гэсэн. Тэгэхээр нь би гадагшаа гараад оринетал хотхоны гадаа зогсоол дээр байсан Т ахын машин дээр нь очтол өөрөө машин дотроо унтаж байхаар нь сэрээгээд “И эгч дуудаж байна, Т ахын бие сонин болчихоод түргэн дуудлаа, таныг ороод ир гэж байна гэсэн. Тэгсэн Т ах дотогшоо гүйгээд орсон. ... түргэний машин ирсний дараа П ах эмчтэй нь дотогшоо орсон, би жаахан айж сандраад гадаа нь үлдсэн юм. Тэгээд удалгүй П ах гарч ирээд Т ах өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ... И эгч болон Т ахын найз 2 ярихдаа Т ахыг агсам тавьсан, Т ахтай муудалцаад зодолдоод түлхэж унагаасан, Т ах хойшоо унахдаа толгойныхоо ар дагзаараа хана мөргөсөн гэж ярьж байсан” гэx мэдүүлэг /хx-ийн 22-23/

Гэрч Х.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... ажлаасаа буугаад Б бид хоёр 16 цаг 40 минутын үед гарсан энэ үед байрлаж байсан өрөөнд Л.Т, Т.Т, Д, И 4 үлдсэн. Намайг Б-тэй хамт гэрээс гарч явах үед Л.Т, Т.Т 2 хоорондоо зодолдсон зүйл байгаагүй, гэхдээ хоорондоо маргаад бие биенийгээ яв зайл гээд байсан. Б бид 2 гадуур 1 цаг хиртэй явж байгаад буцаад иртэл Т матраасан дээр унтаж байсан Т хэвтэж байгаад гадаа машин руу орсон. ... И, Т дээр очоод амьсгалахгүй байна гэж хэлэхээр нь Д бид 2 очиж үзтэл амьсгалахгүй судас нь цохилохгүй байхаар нь түргэн дуудаж үзүүлтэл энэ хүн нас бараад 30 минут болсон байна гэж хэлсэн. ... Б бид 2-ыг орой ирэхэд Т, Т-г түлхэж хана руу толгойн ар хэсгээр нь мөргүүлж унагаасан гэж Д, И 2 ярьсан” гэx мэдүүлэг /хx-ийн 24-25/

Гэрч М.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “... миний хувьд тэр хоёрын хажуунаас холдоогүй байранд хамт байсан. Тэгээд гэрт орж ирээд Т 1 шил архи гаргаж ирээд хувааж уугаад сууж байснаа Т архи ууж байсан шилэн аягаа Т рүү шидээд аягаа хагалсан. Тэгтэл П, Б хоёр гараад явсан. Энэ хоёрыг гараад явсны дараа манай нөхрийн найз Д гаднаас орж ирээд сууж байхад нь архи хийж өгтөл Д архи уугаагүй. Тэгтэл Т согтуураад Д руу чи юу юм бэ? гээд дайраад хөлөөрөө өшиглөөд байсан. Тухайн үед Д өөдөөс нь огт юм яриагүй, дуугарахгүй байтал талийгаач Д-г өмөөрч миний найзыг болохгүй, чи яахаараа ингэдэг юм бэ? гэж хэлээд босоод иртэл цээж рүү нь Т түлхтэл Т хана мөргүүлээд унагаасан, Т унах үедээ толгойн ар хэсгээрээ өрөөний хана мөргөөд саваад унасан. Т түлхэж унагаад Т, Д руу дайраад байхаар нь би дундуур нь орж салгах гээд Т-тэй зөндөө зууралдсан. Талийгаач Т түлхүүлж унаад огт босоогүй тэр чигээрээ хэвтээд хурхираад байсан ба энэ үед Т, Д руу дайрсан хэвээрээ байсан ба яг энэ үед гаднаас С эгч орж ирэх таарсан. С эгч орж ирээд наад хүн чинь өмдөндөө шээчихсэн юм уу? гэж асуухаар нь очоод хартал манай нөхөр Т өмдөндөө шээсэн байхаар нь Д бид 2 өргөж матраасан дээр хэвтрүүлээд байж байтал Б, П 2 гаднаас орж ирсэн. ... нөхрөө яагаад чимээгүй болчихвоо гээд очоод үзтэл хачин болчихсон байхаар нь хүмүүсийг дуудаад байж байтал С эгч гаднаас орж ирээд түргэн дуудсан, түргэний эмч ирж үзээд зүрх зогссон байна гэж хэлээд цагдаа дуудсан” гэx мэдүүлэг /хx-ийн 27-30/

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ“... би дахиад 18 цагийн үед эргээд орох үед Т том өрөөнд ногоон гудасны хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь та нар юу болоод байгаа юм бэ? наад хүнээ дээш нь матраасан дээр хэвтүүл гэж шаардахад И, Д хоёр өргөж матраасан дээр тавихад Т өмдөндөө шээсэн өмд нь норсон мөн шал нь чийгтэй нойтон байхаар нь “та нар одоо хэтэрч байгаа юм биш үү наадах чинь шээсэн байна” гэж хэлтэл талийгаачийн эхнэр И нь шээгээгүй байх аа юм асгасан байх гэж хэлэхээр нь үгүй наад хүн чинь шээсэн байна, гадуур өмдийг нь тайлаад хар гэж хэлтэл И хараад тийм байна шээсэн байна гэж надад хэлсэн. Тухайн үед Т маш хүчтэй хурхираад байсан учраас “наад хүн чинь ингэж хурхирдаг юм уу” гэж асуутал согтохоороо ингэж хурхирч унтдаг юм гэж хэлсэн.  Би мөн тэгж байгаад гараад явсан ба 19 цаг 30 минутын үед буцаад ортол И надад хандан Т хачин болчихлоо та түргэн дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би түргэн дуудсан. Түргэний эмч ирж үзээд зүрх нь зогссон байна, хөрөлт өгсөн, хөшилт өгсөн байна, нас бараад 20-оод минут болсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2900 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “ Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 15-нд  Л.Т 43 настай эрэгтэй, шинжээч эмч д/ч Э.А гэж хаягласан цусанд 5,0 промилли спиртийн агууламж илэрсэн гэжээ /хх-ийн 51/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Амь хохирогч Л.Т-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлөгийн зулай хэсэг, дагзны баруун хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Амь хохирогчийн цогцост учирсан тархины зүүн тал бөмбөлөгийн зулай хэсэг, дагзны баруун хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Амь хохирогч Л.Т-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр зүрх томрол, зүрх өөхлөлт, архины шалтгаант элэгний хатуурал архаг хууч өвчин тогтоогдлоо.

5.Амь хохирогч Л.Т нь архины хурц хордлогын улмаас нас барсан байна .

6.Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 5,0 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

7.Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.

8.Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр зүүн тал бөмбөлөгийн зулай хэсэг, дагзны баруун хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдсон боловч энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна гэжээ. /хх-ийн 53-54/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 622 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Дорноговь аймгийн ШША-ны шинжээч эмч Э.А-н 2017 оны 04 сарын 11-ний өдрийн N918 дугаартай шинжилгээний дүгнэлтийн 3, 5, 8-р хариулттай санал нийлэхгүй байна.

2.3. Талийгаач нь архины хордлогоор нас бараагүй байна.

4.5.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 58-60/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 766 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Дорноговь аймгийн ШША-ны шинжээч эмч Э.А-н гаргасан 18 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2. ШШҮХ-н шинжээч эмч нарын комисстой гаргасан 622 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Л.Т-н бие цогцост хийгдсэн шинжилгээгээр толгойн хуйхны дотор тал дагзны баруун хэсэгт цус хуралт, эрүүн дор зулгаралт, тархины баруун зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дор цусан хураа зэрэг гэмтлүүд учирсан байна.

4. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

5. Л.Т нь тархины баруун зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дор цус хурсан хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.

6. Л.Т-н бие цогцост хийгдсэн шинжилгээгээр элэгний архаг үрэвсэл, зүрхний булчингийн томрол зэрэг эмгэг өвчин тогтоогдсон бөгөөд үхэлд нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-ийн 65-66/

Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36/

Гэрч Р.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-39/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-10/

Хэрэг учралын газрын схем зураг /хх-ийн 11-12/

Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 21, 26, 31,93/

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 43-49 /

Шүүх эд эсийн шинжилгээний илгээлт бичиг /хх-ийн 50/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2901 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51/

Шүүгдэгч Т.Т-н хувийн байдлын тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 115-120, 149-150/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121/

 Шүүх сэтгэц  эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 133-135/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 164-165/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 176/

Шинжээч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 178/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М овогт Т.Т нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Оринтел хотхоны байрны 1 дүгээр орцны тоотод хохирогч Л.Т-тай маргалдаж, найз Д-г нь хэл амаар доромжилж, зодох гэж хөөж туусны улмаас хохирогч найзыгаа  өмөөрч миний найзыг болохгүй, чи яахаараа ингэдэг юм бэ? гэж хэлээд босоод ирэхэд нь  түүнийг түлхэж, хана мөргүүлэн унагааж, амь насанд аюултай гавал тархины битүү гэмтэл, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий  гэмтэл учруулсаны улмаас амь насыг нь хохироожээ..

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.Т-н бусдыг санаатай алсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Л.У, гэрч Б.Д-н “Намайг орж ирэхэд энэ хоёр хоорондоо барьцалдаад, ноцолдоод байсан. Хохирогч босч ирсэн гэтэл шүүгдэгч Т хохирогчийг түлхсэн. Хохирогч арагшаа хана мөргөж шалан дээр унасан.  Хохирогч унасны дараа босч ирэхгүй эвхрээд газар хэвтээд байсан. Тэгээд эхнэртэй нь дамжилж матраасан дээр хэвтүүлсэн. Тэгэхэд талийгаач өмдөндөө шээсэн байсан.Ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй, юм ярихгүй, зүгээр тасарсан хүн шиг байсан. Орон дээр хэвтүүлсэний дараа унтаж байгаа юм шиг хухираад байсан гэх мэдүүлэг, гэрч М.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн үед Д өөдөөс нь огт юм яриагүй, дуугарахгүй байтал талийгаач Д-г өмөөрч миний найзыг болохгүй, чи яахаараа ингэдэг юм бэ? гэж хэлээд босоод иртэл цээж рүү нь Т түлхтэл Т хана мөргүүлээд унагаасан, Т унах үедээ толгойн ар хэсгээрээ өрөөний хана мөргөөд саваад унасан” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “бид 2-ыг ороход Т ах орон дээр унтаж байсан, харин Т ах нэлээд согтсон байдалтай шалан дээр хэвтэж байснаа юу ч хэлэлгүй гараад явчихсан. ... И эгч хоол хийж байх зуураа энэ одоо түрүүнээс хойш ердөө хөдлөхгүй юм гээд 19 цаг 30 минутын үед Т ах дээр очсон, тэгээд л энэ амьсгалахгүй байна, түргэн дуудъя, гарч Т-г олж ир гэсэн. Түргэний машин ирсний дараа П ах эмчтэй нь дотогшоо орсон, би жаахан айж сандраад гадаа нь үлдсэн юм. Тэгээд удалгүй П ах гарч ирээд Т ах өнгөрчихсөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Х.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б бид 2 гадуур 1 цаг хиртэй явж байгаад буцаад иртэл Т матраасан дээр унтаж байсан Т хэвтэж байгаад гадаа машин руу орсон. ... И, Т дээр очоод амьсгалахгүй байна гэж хэлэхээр нь Д бид 2 очиж үзтэл амьсгалахгүй судас нь цохилохгүй байхаар нь түргэн дуудаж үзүүлтэл энэ хүн нас бараад 30 минут болсон байна гэж хэлсэн. ... Б бид 2-ыг орой ирэхэд Т, Т-г түлхэж хана руу толгойн ар хэсгээр нь мөргүүлж унагаасан гэж Д, И 2 ярьсан” гэx мэдүүлэг, гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн үед Т маш хүчтэй хурхираад байсан учраас “наад хүн чинь ингэж хурхирдаг юм уу” гэж асуутал согтохоороо ингэж хурхирч унтдаг юм гэж хэлсэн.  Би мөн тэгж байгаад гараад явсан ба 19 цаг 30 минутын үед буцаад ортол И надад хандан Т хачин болчихлоо та түргэн дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би түргэн дуудсан. Түргэний эмч ирж үзээд зүрх нь зогссон байна, хөрөлт өгсөн, хөшилт өгсөн байна, нас бараад 20-оод минут болсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн “амь хохирогч Л.Т-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлөгийн зулай хэсэг, дагзны баруун хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 53-54/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 622 дугаартай шинжээчийн “Дорноговь аймгийн ШША-ны шинжээч эмч Э.А-н 2017 оны 04 сарын 11-ний өдрийн N918 дугаартай шинжилгээний дүгнэлтийн 3, 5, 8-р хариулттай санал нийлэхгүй байна. Талийгаач нь архины хордлогоор нас бараагүй байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 31-3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 58-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 766 дугаартай шинжээчийн “Дорноговь аймгийн ШША-ны шинжээч эмч Э.А-н гаргасан 18 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. ШШҮХ-н шинжээч эмч нарын комисстой гаргасан 622 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Л.Т-н бие цогцост хийгдсэн шинжилгээгээр толгойн хуйхны дотор тал дагзны баруун хэсэгт цус хуралт, эрүүн дор зулгаралт, тархины баруун зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дор цусан хураа зэрэг гэмтлүүд учирсан байна. Л.Т нь тархины баруун зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дор цус хурсан хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 65-66/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-10/, хэрэг учралын газрын схем зураг /хх-ийн 11-12/, согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 21, 26, 31,93/, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 43-49 /, шүүх эд эсийн шинжилгээний илгээлт бичиг /хх-ийн 50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2901 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Т.Т нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж бусдын амь насыг хохироосон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилсэн шинэ Эрүүгийн хуулийн өмнөх үйлдэл болох нь тогтоогдож байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д хорих ялын доод хэмжээг 10-аас дээш жилийн хугацаагаар тогтоосон бол шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д хорих ялын доод хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх бөгөөд  шүүгдэгчид холбогдох хэргийг шинэ Эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлаагүй нь буруу байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д “ шүүгдэгч Т.Т-н үйлдсэн гэмт хэрэг нь тодорхой байна. Хүнийг санаатай алах санаа, зорилго агуулаагүй, байна. Болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон нь тогтоогдож байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хүний амь насыг хохироосон биш хүнд гэмтэл учруулсан байна. Бусдын биед болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан байна” гэж мэтгэлцэв.

Энэ нь гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Т хохирогчийг хана мөргүүлж, цохьсон. Намайг орж ирэхэд энэ хоёр хоорондоо барьцалдаад, ноцолдоод байсан.  Хохирогч босч ирсэн гэтэл шүүгдэгч Т хохирогчийг түлхсэн. Хохирогч арагшаа хана мөргөж шалаан дээр унасан.  Хохирогч унасны дараа босч ирэхгүй эвхэрээд газар хэвтээд байсан. Тэгээд эхнэртэй нь дамжилж матраасан дээр хэвтүүлсэн. Тэгэхэд талийгаач өмдөндөө шээсэн байсан. Ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй, юм ярихгүй, зүгээр тасарсан хүн шиг байсан. Орон дээр хэвтүүлсэний дараа унтаж байгаа юм шиг хухираад байсан.Т талийгаачийг боогоод унагасан. Талийгаач Т-г боож унагаагүй” гэх мэдүүлэг, гэрч М.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “талийгаач Д-г өмөөрч миний найзыг болохгүй, чи яахаараа ингэдэг юм бэ? гэж хэлээд босоод иртэл цээж рүү нь Т түлхтэл Т хана мөргүүлээд унагаасан, Т унах үедээ толгойн ар хэсгээрээ өрөөний хана мөргөөд саваад унасан.Талийгаач Т түлхүүлж унаад огт босоогүй тэр чигээрээ хэвтээд хурхираад байсан. …нөхрөө яагаад чимээгүй болчихвоо гээд очоод үзтэл хачин болчихсон байхаар нь хүмүүсийг дуудаад байж байтал С эгч гаднаас орж ирээд түргэн дуудсан, түргэний эмч ирж үзээд зүрх зогссон байна гэж хэлээд цагдаа дуудсан” гэx мэдүүлэг /хx-ийн 27-30/ /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 622 дугаартай шинжээчийн “Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 31-3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 58-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 766 дугаартай шинжээчийн “Л.Т-н бие цогцост хийгдсэн шинжилгээгээр толгойн хуйхны дотор тал дагзны баруун хэсэгт цус хуралт, эрүүн дор зулгаралт, тархины баруун зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дор цусан хураа зэрэг гэмтлүүд учирсан байна. Л.Т нь тархины баруун зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дор цус хурсан хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 65-66/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Т нь хохирогчтой маргалдаж, барьцалдаад, дээр, доороо орж ноцолдоод байсан үйлдлээ удтал үргэлжлүүлээд байсан нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж, зориуд хор уршигт хүргэсэн явдал нь  санаатай гэмт хэргийн шинжийг харуулж байна.

Мөн “хохирогч нь хана мөргөж унасны дараа ямар нэгэн үйлдэл, хөдөлгөөн хийгээгүй,эвхэрээд юм ярихгүй, зүгээр тасарсан хүн шиг газар хэвтээд байсан. Тэгээд эхнэртэй нь дамжилж матраасан дээр хэвтүүлсэн. Тэгэхэд талийгаач өмдөндөө шээсэн байсан.Унтаж байгаа хүн шиг хурхираад байсан” гэх гэрч Б.Д-н мэдүүлэг, “Тархиндаа хүнд гэмтэл авсан даруйдаа хүчтэй хурхирч байна гэдэг үхэл явагдаж байгаагийн нэг шинж” гэх шинжээч эмч С.О-н мэдүүлэг зэргээр хохирогч нь гэмтэл авсан даруйдаа нас барсан гэж үзэх үндэслэлтэй байгаа болно.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 тоот шинжээч эмч Э.А-н дүгнэлтийг илтэд хууль бус дүгнэлт  гэж үзэж шүүх үнэлэх боломжгүй байна. Учир нь: Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан 189/385 тоот тушаалаар батлагдсан  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-р бүлгийн гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур шинжийн 3.1.3-д “тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл: Үүнд тархины хүнд няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрхи, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд  хамаарна” гэж заасан байхад шинжээч эмч гаргасан дүгнэлтэндээ “дагзны баруун хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа” гэмтэл үүссэн гэж бичсэн атлаа уг гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Мөн “амь хохирогч Л.Т нь архины хурц хордлогын улмаас нас барсан байна” гэж дүгнэжээ. Амь хохирогчийн ямар эрхтэн нь архинд яаж хордож үхэлд хүргэсэн талаар дурдаагүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 622 тоот, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 766 тоот шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчийн биед учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу зөв тогтоосон, нэг нь нөгөөгөө давхар нотолсон шинжтэй байх тул уг дүгнэлтүүдийг шүүх үнэлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.У гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Т-н 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Т нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал, нэхмжлэх зүйл байхгүй гэсэн зэрэг байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Т.Т-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 8 / найман/ жилийн хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 8 /найман/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-н 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Т.Т нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.Б

     ШҮҮГЧИД                                              Х.Г

                                                                     Д.Ц