Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 12

 

Х.Бэд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.БатЧ даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор Э.Б,

Шүүгдэгч Х.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Х.Бэд холбогдох, эрүүгийн 201710010004 дугаартай, 1 хавтас, 71 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагч Э.Бын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Х.Б нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***д эхнэр Н.Аийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Бэд холбогдох эрүүгийн 20170010004 тоот хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Э.Б эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч Н.А, сэжигтэн Х.Б нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шалгах хүсэлт гаргахдаа хохирлын талаар маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ, Б нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Н.А нь “...Нөхөр маань гэмшиж гэм буруугаа хүлээж, надаас уучлалт гуйсан. Бид 2 хоорондоо харилцан ярилцаж сайн дураараа эвлэрсэн” гэх, Х.Бийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн "... Миний буруу. ... Би эхнэрээсээ уучлалт гуйсан, бид 2 хоорондоо харилцан ярилцаж сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг, Х.Бийн урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шалгах хуудас, хохирогч сэжигтэн нарын хүсэлт зэргийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Х.Б нь “Н.А миний куртикийг сийчин гэмтээсэн, хохирогчийн гарыг мушгиж хутгыг өөрөө авсан, Цагдаагийн байгууллагын дуудлагаар ирсэн цагдаа хутганы зургийг бэхжүүлж авсан” гэж мэдүүлдэг. Хэрэг бүртгэлтийн шатанд Х.Б нь сэжигтэнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дээрх асуудлуудын талаар огт мэдүүлэг өгдөггүй, хавтас хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 416 дугаар зүйлийн 416.2 дахь хэсэгт “... шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авна” гэж заасан байдаг. Хэрэгт хохирогч нь хохирлын талаар маргаан гаргаагүй, яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн учраас гэрчээс мэдүүлэг аваагүй болно. Иймд 27 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс хэргийг буцааж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаанд буцаасан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн зүгээс Цагдаагийн ажилтнуудын хийсэн бичлэгийг хэрэгт хавсаргах, мөн цагдаагийн ажилтнуудыг гэрчээр асуулгах, хүргэн гээд байгаа хүнийг асуулгах, машины жолоочийг гэрчээр асуулгах, куртикыг эд мөрийн баримтаар хураалгаж, шалгуулах шаардлагатай байна гэсэн учраас улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Б нь 2016 оны 12 дугаар сарын 24-нд эхнэр Н.Аийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлсныг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн боловч хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-д заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Учир нь анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, хохирогч ч мөн гомдолтой байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

 Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл нь гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй байхыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлийн 415.2-т заасан.  Энэ нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч,  хохирогч нар хэргийн бүх талаар маргаангүй байж, хэргийг хурдан хугацаанд шуурхай шийдвэрлүүлж, хуульд заасан хөнгөн ялыг шүүгдэгчид оногдуулах зорилготой ойлголт юм. 

Гэтэл прокурор энэ шаардлагыг хангаагүй хэргийг хэргийн оролцогч нар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүх рүү шилжүүлсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах ба энэ төрлийн гэмт хэрэг нь мөн хуулийн 70-73 дугаар зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх эсхүл  хялбаршуулсан журмаар шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой боловч сэжигтэн, яллагдагч, хохирогч нар хоорондоо эвлэрээгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хэргийг ердийн журмаар шүүхээр шийдвэрлүүлэх  ёстой юм.

Шүүгдэгч Х.Бэд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй ба хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.  Иймд анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаасан үндэслэлүүд нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан шаардлагыг хангасан байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Харин анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдоос нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж, хэлэлцэнэ гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.6-д заасан журмыг зөрчсөн байгааг цаашид анхаарах,  анхан шатны шүүхийн шүүгч энэ тухай захирамжийг гаргаж, хэргийг ердийн журмаар шийдвэрлээгүй нь шүүгдэгч болон хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхөөргүй байх тул энэ зөрчлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэнгүй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

АРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧ

                                       ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                            А.САЙНТӨГС